Сэгсгэр ч ээждээн, сиймхий ч эх орондоон би хайртай
Малын сайн бэлчээр, ус хайж нүүгчдийн удам болох бид эдүгээ цалин, амьдралын мөр хөөж нутаг сэлгэсээр л явдаг. Суурин амьдралд аль эрт шилжсэн атлаа гэр орноороо нүүж суух явдал нь манайд хэвийн үзэгдэл. Тэрнээс гадна өрхийн гишүүд гэртээ бас тогтдоггүй. Хэрмэл цыгань аятай мөн ч их тэнэсэн байна. Одоо бараг яваагүй газар ч алга.
Далайн давалгаа мэт ар араасаа үргэлжилсэн их нүүдэл, аян замд “Сэгсгэр ч гэсэн ээждээн, сиймхий ч гэлээ гэр , эх орондоон хайртай” үзэл минь л хаягдаж гээгдэлгүй өдий хүрчээ. Коммунист нийгмийн үед ганц дээлээрээ хичнээн жил гоёсон, олигтой ажил хийж үзээгүй ядуу зүдүү ижий минь хийгээд өвлийн шөнийн үүрээр тэс хөлддөг дөрвөн ханатай орон гэрт минь бусдад бахархаж гайхуулах юу л байхав дээ. Надтай нэг газар цуг төрсөн шувууд амьтас, хамтдаа ургах ой модыг мэдрэхүй, ээж аавтайгаа элэг бүтэн өсч торнисон, түрээсийн байранд амьдарч үзээгүй ахуй орчин маань хожим гэр амьтай улмаар эх оронсог болгосон бололтой. Эх орондоо аль хэр хайртайгаа илэрхийлэх шаардлага ер тохиолдож байгаагүй л дээ. Цаашид ч манийг хэн тоож тагнуул магнуулд явуулав л гэж.
Орон гэр, Монгол улс, аав ээжийн алинд ч гайхуулж бахархах юм байхгүй байхад яагаад би тэр бүгдэд хайртай байдгийм бол. “ОО”-ын өрөөний татуурга гацаж ус тасралтгүй шожигнохыг тэвчиж чаддаггүй. Тэр байгууллагад усны төлбөр өндөр гарах нь гэж сэтгэл зовоогүй. Эх орны минь ус дэмий урсаж буй нь л дэндүү хайран санагддаг. Нойтон мод огтлоод хот руу зөөж байгаа нөхрийг цагдаад матаад хүнтэй дайсан болж байлаа. Өөрөө л хулгай хийгээгүй бол дуугай л өнгөрвөл барав биз дээ. Бусдыг коммунист хэнхэгээр нь шүүмжилдэг минь яалаа. Эх орныхоо төлөө тулалдах хэрэг гарвал аягүй бол гүйгээд ирж мэднэ шүү.
Бусдыг ажаад л байхад гэртээ оронгуутаа өөрийгөө юун түрүүн додомдож, хооллож ундлан дараа нь диван дээрээ тарайн зурагтаа асаадаг бол би эхлээд орон гэрээ жаахан ч болтугай янзалж аяга тавгаа угаахаас нааш санаа амардаггүй. Тэглээ гээд гэрийнхээ хамаг ажлыг хийлээ гэж авгай хүүхдэдээ нэг ч ялархаж гоморхож яваагүй. Угаасаа л сурсан зан минь тэр. Хобби ч юм уу. Өөрийн гэсэн хаяг нутаг, гэр оромж, төрөл төрөгсдөөсөө хагацвал баларна гэсэн итгэл үнэмшил ухамсар төлөвшихөөс түрүүлээд тархинд суучихсан аж. Монгол хүн бүр өөртөө ийм гурван үүрэг тээж явдаг. Тэр нь тансаг, ядуу, их бага янз бүр л байх. Бүл дутахын эрхэнд ижий аавынхаа аль нэгтэй хамт байх хүсэл, өвөл осгочихгүйн тулд өөрийн оромж эс хүссэн ч зайлшгүй босгох хэрэг гардаг байжээ. Нэгэнт овоохой босгож дотор нь сүрэг үүсгэсэн бол түүнээ байршуулах нутаг дэвсгэрийн асуудал босч ирнэ. Энийгээ жаахан томруулсан үйлдэл хийх төдийд нөгөө мундаг эх оронч болчих нь тэр. Тэрнээс биш улс төрийн академид суралцаадч юмуу намд элсээд эх оронч болон хүмүүжсэн юм биш. Харин хувь хүнд дээрх гурвын аль нь ч байдаггүй, аль нэг нь дутуу бол эх оронсог гэхээсээ бэртэгчин зан илүү төлөвшдөг. Өөрийн гэр оронгүй хүн гэхэд л зөвхөн нүүрээ гоодож гутлаа тослохоос өөрийг хийдэггүй. Байгаа газартаа буудалд хонож, ресторанд хооллож буй мэт хөндий зан гаргадаг. Тэгвэл эх оронгүй хүн дотроо юу бодож явдгийг эх оронгүй байж үзээгүй болохоороо ёстой хэлж мэдэхгүй юм.
Халимаг, буриад, цахар, казах, барга, цахар, урианхайн хязгаарт очиж ажиллаж амьдарч ч үзсэн. Элэг нэгтэн монгол туургатан минь өнөө цагт зовж зүдрэхээ больсон байна билээ. Өндөр цалинтай ажил, жаргалтай амьдрал, машин байртай, гадаад дотоодод аялж зугаалцгаана. Харин тэдний өссөн төрсөн нутаг нь харийнх эсвэл харийн мэдлийнх. Тийм болохоор эднийг цаад гүрэн нь илт хавчихгүй ч итгэж найддаггүй. Өөрсдийн нутаггүйн зовлон гаднаас нь харахад мэдэгддэггүй. Нэлээд халаад эхлэхээрээ “Муу эрд халдага дараа” гэгчээр ялихгүй үндсэрхэг үзэл гаргаж цор цор хийгээд дараа нь хорхой лугаа няц даруулсан дуулддаг. Бусад үед улсынхаа төлөө санаа зовох, ямар үзэл сурталтай нам засаг төрийг жолоодох энэ тэр ёстой падлий ч байхгүй. Нэг бодлын санаа амар ч юм уу. Мөн яг энэн шигээ өрх гэрээ босгож авгай хүүхэд аван аав ижийгээ асран тэтгэхийг ямагт хойш тавина. Залуучууд нь хань ижил авахгүй ганц биений жаргал хөөн орон сууцны хуримтлал цуглуулах боломж байсаар атал дургүйцах юм билээ. Нийтийн газар хог тарихгүй соёлтой ухамсартай байгаа нь тэдний эх оронч зангийн илрэл л лав биш дэг. Оршин байгаа газраа бусдад их л сайндаа зочны хэмжээний үнэ цэнэтэй насан турш амьдарна гэдэг гутамшиг. Сэгсгэр ч гэсэн ижийг минь, сиймхий ч гэлээ орох оронг юу ч орлохгүй. Таван одтой зочид буудалд янаг хүүхэнтэй хамт байрлан жаргах нь хугацаа хэмжээтэй. Орох оронгүй, элгэн садангүй хүн буудлаас гараад дараа нь нутаг руугаа биш ажил руугаа сажилна.
Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо дахин эргүүлэн авсны тэмдэглэлт өдөр өнөөдөр болж байна. Энэ дэлхий дээр эх оронгүй хүн байхгүй. Гагцхүү амьдран буй газраа там болгосон нь дэндүү олон. Тийм газрыг эх орон гээд эх оронч үзэлтэй байгаад ч яах юм. Сайтар тонож аваад маргааш аль нэг тийш арилаад өгнө. Дэлхий дээр олон үндэстэн улс орнууд энэ мэтчилэн ээлж дараалан үүсээд мөхсөөр л ирж.
Харин бидний амьдран буй Монгол эх оронд төрт ёс мянган жил оршивч өөрчлөгдөөгүй, өөрчлөх ч шаардлага гараагүй. Өнөөгийн Егийпт зэрэг олон орон эрт цагт өөр үндэстэн байсан. Тэгвэл Хүннү Сүннүгийн үеийнхэн бидний удам угсаа. Яг л бидэн лугаа нүүр царайтай, бидний энэ л хэлээр хоорондоо ярьж, мах идэн, нүүдэл хийн энэ уул талаар аж төрж сайн сайхан алдар цуутай явцгаасан. Тэд бол бид юм. Энд өөр газраас ирсэн харь үндэстэн байхгүй. Цаашдаа мөн л мянга мянган жил үргэлжлэн амьдарсаар л байх болно. Урьд одоо ирээдүй гурван цагт биднийг тайлагдахааргүй уясан учир хичнээн хол нүүлээ ч буцаад ирдэг. 2222 жил түүнээс ч олон жил Монголтойгоо хамт амьдарсан би эх оронч байхгүй яадгийм. Монголчууд хэдий цөөхүүлээ ч онц эрх, тусгаар байдлаа бусдад тун цөөхөн мэдүүлж явсан уламжлал минь биднийг улам эх оронч, өөриймсөг, эзний ёсоор ханддаг болгожээ. Эх орондоо хайртай байсны шанд мөнхийн тусгаар тогтнол бурхнаас заяагдсан мэт ээ.