Боловсрол бүгдийг аварна
Африк гэхээр бидний ихэнх нь ядуу буурайгийн туйл болсон бүтэлгүй жишээ бүхий улсуудыг төсөөлдөг. Үнэхээр ч хэдэн зууны турш бусдын колони байж, арьс өнгөний үзлийн хохирогч болсон тивийн хувьд БОЛОВСРОЛ хамгийн чухал гэдгийг тивээрээ хүлээн зөвшөөрч стратегитай ажиллаж байна.
Африк гэхээр бидний ихэнх нь ядуу буурайгийн туйл болсон бүтэлгүй жишээ бүхий улсуудыг төсөөлдөг. Үнэхээр ч хэдэн зууны турш бусдын колони байж, арьс өнгөний үзлийн хохирогч болсон тивийн хувьд БОЛОВСРОЛ хамгийн чухал гэдгийг тивээрээ хүлээн зөвшөөрч стратегитай ажиллаж байна. World Economic Forum - Young Global Leaders -ийн хувиар Wits - University of the Witwatersrand -д манлайлал, реформ, фундаментал өөрчлөлтийн Африк тивийн туршлага судлахаар ирээд курсынхаа талдаа орж байна. Тэсэлгүй дундаас нь зарим нэг бодлоо та бүхэнтэй хуваалцахаар маргаашийн даалгавараа хийнгээ бичиж сууна.
Манлайлал буюу лидер хүн гэж хэн бэ, жинхэнэ манлайлал (authentic leadership), resilience, Африкийн жишээнүүдийг хэлэлцэж байгаад Йоханесбург хотын хамгийн аюултай дагавар хотуудын нэг болох Клиптаунд зочлов. Манайхаар бол гэр хороолол бөгөөд зөвхөн энэ тосгонд л Монголын хүн амтай тэнцүү буюу нэн ядуу 3 сая хүн амьдарч байна. Бидний зочилсон гол зорилго нь хүмүүсийн ахуй амьдралтай танилцахаас гадна хүүхдүүдэд боловсрол, боломж, хүмүүжил олгож буй ТББ-ийн үйл ажиллагаатай танилцсан юм.
Боловрол л биднийг аварна гэдгийг маш сайн ойлгожээ. Тив дамнасан мундаг төслүүдийг эд нар эхлүүлж байна. Өмнөд Африкт ялангуяа арьс өнгөний үзлээс болж тухайн үедээ цагаан арьстнууд 100% боловсрол эзэмшинэ, ази, энэтхэгүүд 50%, хар арьстнууд 10% нь боловсрол эзэмших эрхтэй байжээ. Өнөөдрийн байдлаар бага сургуульд нийт суралцах ёстой хүүхдүүдийн 80% элсэж ордог бол, дунд сургуульд энэ хувь нь 36%, ахлах сургуульд дөнгөж 8% болж эрс буурдаг байна. Энэтхэг улсад ахлах сургуулийн элсэлтийн хувь нь 24% байдаг ба Энэтхэг улстай зэрэгцэнэ гэдэг зорилгыг энэ тив тавин ТББ, корпорациуд хамтран ажиллаж байна. Үүний тулд Африк тив ирэх 15 жилд жил бүр 200 сургуулийг шинээр барьж, 10 000 багшийг жил бүр шинээр бэлдэх ёстой. Боловсролын системийн уламжлалт аргаар ийм боломж огт байхгүй бөгөөд онлайн болон группээрээ хослон суралцах шинэ системийг туршин 2 ч улсад сургуулиа нээгээд байна. Энэ нь оюутан залуус арван жилийн сурагчдад хичээл долоо хоногт 1-2 удаа заах ба хүүхдүүд өөрсдөө 4-5 хүний бүрэлдэхүүнтэй багаар ажиллана.
Жил бүр Африк тивд 30 сая сурагчид ахлах сургуулиа төгсдөг боловч маш цөөн хувь нь их дээд сургуульд орж чаддаг. Гол нь санхүүгийн асуудал. Энэ асуудлыг нь сургууль төлбөрийг нь хөнгөлөхөөс гадна боловсролын зээл өгч шийдэж байна. Төлбөрийн талд нь зээл өгөх бөгөөд оюутан сургуулиа төгссөний дараа ажилд ороод цалингаасаа сар бүр 10%-ийг эргүүлж төлж энэхүү зээлээ дуусгана. Зээлийн нэгдсэн системд мэдээллийг нь оруулах бөгөөд энэхүү боловсролын зээлээ төлөөгүй ямар ч хүнийг ажил олгогчид цаашид ажилд авахгүй, банкууд нэмж зээл өгөхгүй, тэр байтугай гэрлэхийн нь өмнө сүйт залуу, бүсгүй нь шалгаж гэрлэх эсэхээ ч шийддэг нээлттэй систем рүү орж байна. Зээлээ эргэж төлсөн мөнгөөр нь сан байгуулж дараа дараагийн амьдралын боломжгүй залуусын сургалтын төлбөрийг хөнгөлөх жишээтэй.
Профессор багш нараас илүү бизнес эхлэгчид, салбарын мэргэжилтнүүдээр хичээл заалгаж байна. Акедемик хүмүүс судалгаагаа илүү анхаарахаас гадна хичээл заах дадал чадвар, сэтгэл нь тэр бүр хангалттай байдаггүй аж. Олон улсын судалгаагаар мэргэжлээрээ ажиллаж буй хүмүүс нийт судалгаанд орсон хүмүүсийн дөнгөж 20% нь байсан тул яг мэргэжил гэхээс илүүтэйгээр зорилго дээрээ суурилсан өөртөө таарсан хичээлийн модуль гарган сурах эрхийг нь нээжээ. Дипломын хувьд Санхүү, Маркетинг гэхээс илүү Амьдралын Их Сургуулийн Бакалавр (Bachelor of Global Challenges) гэдэг цол өгнө. Энэ хурдацтай өөрчлөгдөж буй нийгэмд нэг мэргэжил эзэмшинэ гэдэг өөрөө утгагүй зүйл болж буйг нарийн анзаарсан байна. Өөрөөр хэлбэл ажил хийх дадал чадвар, харилцааны урлагийг л голлон заах стратегитай ажээ.
Би өмнө мундаг багш профессорууд, шилдэг бизнесменүүд, тэрбайтугай Нобелийн шагналтай эрдэмтэдтэй уулзаж лекц хичээлд нь сууж байсан боловч манлайлалтай холбоотой хамгийн чухал санаа, өнцгүүдийг Өмнөд Африкийн хамгийн ядуу тосгоны арван хэдтэй хүүхдүүд, тэдний менторууд хэлж байна.Ухаантай юм яриад байгаа юм бол тэд яагаад сайхан амьдрахгүй байгаа юм бэ гэж та бүхэн асуух байх. Тэр асуултын хариуг нь дараагийн бичвэрээр оруулна аа.
2016 оны 12 сар. Өмнөд Африк
Зочин
цолмон