Гэмт хэрэгтэнд ч гишгэх газар хэрэгтэй
Өнгөрсөн долоо хоногийн эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хуулийн байгууллагынхантай хийсэн уулзалтаар эхэлсэн “Шударга ёсыг хамгаалах тогтолцооны шинэчлэл” хэлэлцүүлэг долоо хоногийн төгсгөл руу Мөрдөх албаны тухай хууль, Гэмт хэргийн тухай хуулийн төслүүдээр үргэлжиллээ.
-Монголын
байгаль орчинг нум сум агссан, гартаа гранаттай нөхөд хамгаалах бус,
хуулиар хамгаалж, хуулийн хүрээнд хариуцлага ярьдаг болно-
Өнгөрсөн долоо хоногийн эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хуулийн байгууллагынхантай хийсэн уулзалтаар эхэлсэн “Шударга ёсыг хамгаалах тогтолцооны шинэчлэл” хэлэлцүүлэг долоо хоногийн төгсгөл руу Мөрдөх албаны тухай хууль, Гэмт хэргийн тухай хуулийн төслүүдээр үргэлжиллээ. Монголын үндэсний олон нийтийн телевизээс намрын чуулганаар хэлэлцэгдэхээр УИХ-д өргөн баригдсан хоёр хуулийн төслөөр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсан нь яригдаж буй асуудлыг олон нийтийн анхааралд оруулав.
Өөрөөр хэлбэл хууль, эрх зүйн салбарт хийгдэж буй шинэчлэл энэ удаа эдгээр хуулиудаар үргэлжилж байна. Засгийн газраас боловсруулсан Мөрдөх албаны тухай хуулийн төслийг УИХ хэлэлцэж дэмжээд өргөтгөсөн ажлын хэсэг гаргасан бол Гэмт хэргийн тухай хуулийн төсөл энэ долоо хоногт хэлэлцүүлэгт орно.
Мөрдөх алба гэж юу вэ?
Цагдаагийн байгууллага Эрүүгийн хуульд заасан 200-гаад төрлийн гэмт хэрэгтэй тэмцдэг. Үүний 93 хувийг нь ил үйлдэгддэг, хохирол болон хохирогч нь тодорхой, богино хугацаанд шалгаж шийдвэрлэх боломжтой, ахуйн шинжтэй гэмт хэргүүд эзэлдэг байна. Хулгай, дээрэм, булаалт, хүний амь нас, эрх чөлөөнд халдах гэх мэтчилэн.
Харин үлдсэн долоон хувийг хар тамхи, мансууруулах бодисын наймаа, хүн худалдаалах, “цагаан захтны” хэмээгддэг эдийн засгийн гэмт хэрэг, цахим гэмт хэрэг зэрэг өндөр зохион байгуулалттай, далд үйлдэгддэг, нууцлаг гэмт хэргүүд эзэлдэг. Эдгээр гэмт хэргүүдийн хувьд эдийн засгийн өндөр үр ашигтай байдгаас эрх мэдэлтнүүд, албан тушаалтнуудын хамгаалалтад орсон, эсвэл зэвсэглэн хамгаалдаг, гэрч, ул мөрөө устгадаг гэх мэтийн нөхцөл байдлаас болж гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсооход хуулийн байгууллагуудаас өндөр ур чадвар, техник технологийг шаарддаг. Өөрөөр хэлбэл, энэ төрлийн гэмт хэрэгтэй цагдаагийн байгууллага одоо байгаа бүтцээрээ, халаасны хулгайтай тэмцдэг арга барилаараа тэмцэнэ гэдэг боломжгүй юм. Тиймээс үндэстэн дамнасан, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх тусгай бүтцийг бий болгохоор хуулийн төсөл өргөн барьсан нь Мөрдөх албаны тухай хууль.
Хэдийгээр энэ төрлийн гэмт хэргүүд далд хэлбэрээр үйлдэгддэг ч хэсэг хугацааны дараа нийгмээрээ, нийтээрээ хэргийн хохирогч болдог. Үүгээрээ ил үйлдэгддэг, ахуйн шинжтэй гэмт хэргүүдтэй харьцуулахад хор уршиг нь хамаагүй их. Мөрдөх албыг цагдаагийн байгууллагаас тусгайлан авч үзэх, ач холбогдол өгөх болсон шалтгаан ч бас энэ.
Хуулийн төсөлд тусгаснаар Мөрдөх албыг одоо байгаа Эрүүгийн цагдаагийн газар болон Улсын мөрдөн байцах газрыг түшиглэн байгуулахаар болсон. Ингэсний дараа цагдаагийн байгууллага дээр хэлсэнчлэн нийт гэмт хэргийн 93 хувийг эзэлж байгаа ахуйн шинжтэй, түгээмэл үйлдэгддэг гэмт хэргүүдтэйгээ тэмцэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах үндсэн үүргээ биелүүлэхэд хүн, хүчээ дайчлах боломжтой болох юм.
Харин АТГ болон тагнуулын байгууллагын хувьд одоо гүйцэтгэж байгаа чиг үүргээ үргэлжлүүлэх үү, огт өөр чиг үүрэг, зохион байгуулалтаар ажиллах уу гэдэг нь Мөрдөх алба байгуулагдсаны дараа дахин яригдах биз.
Гэмт хэрэгтэнд ч гишгэх газар хэрэгтэй
2002 онд УИХ-аас баталсан Эрүүгийн шинэ хуулийн дараа Монголын нийт хоригдлын тоо 6500-5000, 5000-7000 болон өсч, буурч ирсэн байдаг. Хоригдлын тоо буурсан шалтгаан нь тухай бүр УИХ-аас Өршөөлийн хууль гарган, хөнгөн, хөнгөвтөр гэмт хэрэг үйлдсэн хоригдлуудыг ялаас чөлөөлж ирсэнтэй холбоотой. Өнөөдөр ч гэсэн хорих ангиудад ял эдэлж буй нийт хоригдлын тоо 7000-аас давж УИХ-ын зарим гишүүд Өршөөлийн хуулийн төсөл боловсруулан өргөн бариад байгаа. Дээр нь хуулийн байгууллагуудаас гаргаж өгсөн судалгаанаас үзвэл нийт ял эдэлж буй хоригдлын 40 гаруй хувь нь давтан гэмт хэрэг үйлдэж, ял эдэлж байгаа хүмүүс байна. Товчхондоо, одоо үйлчилж байгаа Эрүүгийн хууль болон ялын бодлого маань гэмт хэргээс урьдчилан сэргийлэх гол зорилгоо биелүүлж чадахгүй байна аа л гэсэн үг.
Хуулийн байгууллагын ажилтнуудын дунд нэгэн төрлийн “нэр томъёо” саяхан болтол хэрэглэгдэж байсан тухай Хууль зүйн сайд Х.Тэмүүжин хуулийн салбарын оюутнууддаа уулзах үеэрээ хэлж байсан. Хоёр хуульч нэг хэрэгтний тухай ярьж байна гэнэ. “Ингэхэд энэ нөхрийг гахай болгох уу, үнээ болгох уу” гэж. “Гахай” гэдэг нь дор нь нядлаад, ашгаа аваад, шорон луу нь илгээнэ гэсэн үг. Харин “Үнээ” гэдэг нь нэг удаа хэргээс мулталчихаад насан туршид нь, байнга “сааж” ашиг олохыг хэлдэг аж. Ийм маягаар хуулийнхан өөрсдийнхөө халаасыг зузаатгаж, “хөрөнгөжсөн хурандаа нар”-ын бүхэл бүтэн нэг үе гарч ирсэн тухай Хууль зүйн сайд олонтаа хэлж байсан.
Үүнд нь гол хөшүүлэг болдог зүйл нь хуулийн хоёрдмол утга. Тодруулбал, одоо үйлчилж байгаа Эрүүгийн хууль болон Захиргааны хариуцлагын тухай хуульд ижил төрлийн гэмт хэрэгт хоёр өөр хариуцлага ногдуулахаар заасан байдгаас хуулийнхан хариуцлагын хоёр өөр шийдэм гартаа барьчихаад дуртай нэгнээ шийтгэдэг, дуртай нэгнээ хариуцлагаас чөлөөлж, өөртөө ашиг олдог нөхцлийг хуулиар бүрдүүлсэн аж.
Харин одоо яригдаж буй Гэмт хэргийн тухай хууль болон Зөрчлийн тухай хууль нь гэмт хэрэг болон зөрчлийг бүгдийг нэг шугам дээр тавиад, хаанаас хаа хүртэл зөрчил гэж үзэх, хаанаас хаа хүртэл нь гэмт хэрэгт тооцохыг нь нэг бүрчлэн хэмжиж, ямар хариуцлага хүлээлгэх вэ гэдгийг нэг мөр шийдэж өгснөөрөө ялгаатай. Өөрөөр хэлбэл, хуулийн давхардал байхгүй болно оо гэсэн үг.
Ингэхдээ гэмт хэргийг одоо байгаа Эрүүгийн хуульд заасан шиг хүнд, хөнгөн, хөнгөвтөр гэж ерөнхийлөн хувааж, ялыг хавтгайруулан /хөнгөн гэмт хэрэгт 1-5 жил, хүндэвтэр гэмт хэрэгт 5-10 жил, онц хүнд гэмт хэрэгт 10-15 жил гэх мэтчилэн/ оноохгүйгээр гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болоод гэм буруугийн хэмжээ, хохирлоо нөхөн төлсөн эсэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж, тухай бүрт нь тохирсон ял шийтгэл ногдуулахаар, энэ эрхийг нь шүүхэд олгохоор болсон байна.
Үүний тулд ялын олон төрөл зүйлийг бий болгохоор хуулийн төсөлд тусгажээ. Гол нь одоо хамгийн ихээр хэрэглэгдэж байгаа хорих ялын хэмжээг бууруулж, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эргээд нийгэмших, засрал хүмүүжил олох болон учруулсан хохирлоо нөхөн төлөх боломжийг нь хангасан байхаар ялын бодлогыг өөрчилсөн байна. Тухайлбал, эрх чөлөөг нь хязгаарлах, гэрийн хорио, электрон гав, нийтэд тустай ажил хөдөлмөр эрхлүүлэх гэх мэт шинэ төрлийн ялыг түлхүү хэрэглэх бололтой. Мэдээж үүн дээр “Шүүхийн шийдвэр хэрэгжихүйц байх ёстой” гэдэг үндсэн зарчим үйлчилнэ. Шүүх өөрөө гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал болон орон нутгийн онцлог нөхцлөөс шалтгаалж аль үр ашигтай гэж үзсэн ялын төрлийг альтернатив байдлаар сонгож ашиглах боломжтой.
Үүгээр өмнөх нийгэмд үйлчилж байсан, өнөөг хүртэл уламжлагдаад явж байгаа “Гэмт хэрэгтэнд гишгэх газар байхгүй” гэдэг зарчим өөрчлөгдөж, гэмт хэрэгтэнд ч гэсэн гишгэх газар хэрэгтэй болж байна.
Гэхдээ энэ нь гэмт хэрэгтнийг өөгшүүлж байгаа хэлбэр биш. Эсрэгээрээ түүний засрал хүмүүжил олох, нийгэмших, бусдад учрууулсан хохирлоо арилгахад нь ялын бодлогыг чиглүүлж, нөгөө талаас хохирогчийн ч гэсэн эрх ашгийг хамгаалж байгаа хэрэг юм. Одоо үйлчилж байгаа хуулиар бол гэмт хэрэг үйлдсэн хүн ялаа аваад явчихдаг, хохирогчид нь хохирсон хэвээрээ л үлддэг шүү дээ. Мэдээж хэрэг хүн амины, хүчингийн гэх мэт онц хүнд гэмт хэргүүд дээр ийм ял хэрэглэх боломжгүй нь тодорхой. Харин бусдын өмч хөрөнгө, эрүүл мэнд, эрх чөлөөнд халдсан гэх мэт хөнгөвтөр хэргүүд дээр хорих ялыг хэрэглэхээс илүү эрх чөлөөг нь хязгаарлах /бизнес эрхэлдэг хүн байлаа гэхэд зөвхөн албан ажлаа явуулах, ажил гэр хоёрын хооронд явахаас бусад эрхийг хязгаарлаж, маршрутыг нь хатуу тогтоож өгөх гэхчилэн. Үүнд электрон гавыг хэрэглэх жишээтэй/, нийтэд тустай ажил хөдөлмөр эрхлүүлэх замаар нийгэм, хувь хүнд учруулсан хохирлыг барагдуулах боломжтой юм.
Эсвэл эхнэр, хүүхдээ байнга дарамталдаг, зоддог нөхрийг гэр бүлээс нь тусгаарлаж, тэдэндээ 500 метрээс илүү ойртохыг нь тэдэн сарын хугацаатай хориглоно ч гэдэг юм уу. Өөрөөр хэлбэл, тэр хүн ялаа эдэллээ ч гэр бүлээ тэжээх үүргээ орхигдуулахгүй байх ёстой. Үүнийг тодорхой төрлийн эрх чөлөөг нь хязгаарлах ял гэж нэрлэж байна. Гэтэл одоогийн хуулиар бол нөхөр нь хүн зодоод шоронд орсны төлөө гэр бүлийнхэн нь давхар яллагдаж, эхнэр хүүхэд нь тэжээгчээ алдан амьдралаараа хохирч байгаа жишээ маш олон бий шүү дээ.
Дээр нь нэг удаагийн хэргээр шоронд орсон хүн шоронгоос гарахдаа өр нэг төрлийн гэмт хэрэгт суралцаад гардаг, үүнээс болж давтан гэмт хэрэг үйлдсэн ялтнуудын тоо нийт хоригдогсдын тал шахам хувьд хүрээд байгаа гэдгийг өмнө хэлсэн.
Тиймээс ялын бодлого гэмт хэргийн нөхцөл байдал, гэм буруугийн хэмжээ болон гэмт хэрэгтний хувийн байдалд тохирсон, нийгэмшихэд нь тус дөхөм болохуйц байх ёстой гэдэг нь Гэмт хэргийн тухай хуульд тавигдаж байгаа нэг гол шаардлага.
Хуулийн этгээдэд ч ял онооно
Гэмт хэргийн тухай хуулийн наймдугаар зүйлд “Хуулийн этгээдэд хүлээлгэх хариуцлага” гэж шинэ бүлэг орж ирсэн. Энэ тухай өдөр тутмын нэлээд олон сониноор нэлээдгүй сайн “сурталчилсан” болохоор уншигчид лав санаж байгаа байх.
Хуулийн утга нь байгаль орчинд хохирол учруулсан болон “цагаан захтнуудын” гэгддэг эдийн засгийн гэмт хэрэгт хувь хүнээс гадна хуулийн этгээдэд хариуцлага хүлээлгэхээр болсон. Буёдадд учруулсан хохирлыг нь нөхөн төлүүлэхийн тулд компанийн хөрөнгийг хураах, хувьцааг нь худалдаалах, татан буулгах хүртэл арга хэмжээ авна. Энэ нь уг хэргийг үйлдсэн хувь хүн буюу компанийн захирал, холбогдох этгээдүүдийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан байгаа.
Гэмт хэргийн тухай хуулийн хэлэлцүүлгийн үеэр зарим хуульчдын зүгээс энэ тал дээр “Чөлөөт өрсөлдөөнийг боомилсон, бизнесийг устгасан, бие биенээ татан унагахад түлхсэн үйл ажиллагаа болчих вий” гэдэг болгоомжлолыг хэлж байна лээ. Мэдээж болгоомжлох ёстой зүйл мөн. Гэвч хууль санаачлагчдын зүгээс хуулийн энэ зүйл нь харин ч чөлөөт өрсөлдөөнийг хамгаалах зорилготой гэдгийг хэлж байна.
Саяхны жишээ бий шүү дээ. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөөх газрын дарга О.Магнай нефть импортлогч зарим компанид 17 тэрбум төгрөгийн торгууль ногдуулсан. Шийтгэвэр нь хэрэгжилгүй жил тойрон шүүхээр явсан энэ маргааны эцэст О.Магнай уг компаниас уучлал гуйж, “Торгууль ноогдуулсан шийдвэр зөв боловч тооцоо буруу байна аа. Тус компани зөвхөн үнэ нэмсэнээс олсон орлогыг нь хураах ёстой байтал үндсэн орлого руу нь орчихжээ” хэмээн залруулсан билээ.
Өөрөөр хэлбэл, хэрвээ хуулийн этгээдийн хариуцлагыг ингэж хуульчилж өгснөөр ял шийтгэл, торгуулийн хэмжээг зөвхөн шүүхийн журмаар шийдвэрлэнэ гэсэн үг. Харин шүүхийн шийдвэр зөвхөн нотлох баримтад үндэслэх ёстой. Хэн нэгэн албан тушаалтан, эрх мэдэлтэн бизнесийн байгууллагын эрхэнд халдаж, санаандаа орсноор торгууль төлбөр тавьдаг зүйл шинэ хуулийн үйлчлэлээр байхгүй болно гэсэн үг.
Гол нь өнөөг хүртэл хуульгүй юм шиг явж ирсэн Монголын компаниуд хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг болох нь хамгийн чухал. Одоогийн хуулиар бол хувь хүн гэмт хэрэг хийхээр гэмт хэрэг болоод, хуулийн этгээд гэмт хэрэг хийхээр хэрэг биш болчихоод байгаа шүү дээ. Хамгийн наад захын түгээмэл жишээ гэвэл уул уурхайн компаниудын Монголын байгаль орчинд учруулсан хохирол. Одооноос Монголын байгаль орчинг морь унаж, нум сум агссан, эсвэл гартаа гранаттай нөхдүүдээр хамгаалуулах бус, хуулиар хамгаалуулж, хуулийн хүрээнд хариуцлагаа ярьдаг л болох нь байна.
МОНГОЛ
Уншигч
Зочин
Зочин
Зочин
unshigch
Зочин