Ханилсан ханиа гол­сон, хая­сан, сольсон хүн өөдөлдөггүйг олон хүн мэднэ. Тэгээд ч уулнаас өндөр улиас гэж байдаг­гүй, учирснаас илүү хань гэж байдаггүй хэмээн ухуулан, аргадан дуугаар хүртэл сургадаг биз дээ. Үзэл бодлоороо нэгдэн тэмцэж явсан зорилго, зовлон нэгт намын нөх­дөө хаяад голоод солиод давхисан улстөрчид бас адилхан өөдөлдөггүй юм байна. Энэ бол онол монол биш ч гэсэн харж байгаа амьдралд сонгол­тоор баталгааждаг юм бай­на. Хамгийн сүүлчээс нь эхэлье. Д.Энхбат гэж уг нь гайгүй улстөрч залуу л даа. Ухаантай, өөрийн бодолтой, өндөр боловс­ролтой. Улс төрд дэндүү хурдан ахихын тулд  "Но­гоон нам" гэдэг айлын гэрт орж,  хоймор нь суу­чихаад бас тэгээд болоо­гүй ээ, өөр намтай нэгдчи­хээр нь журмын нөхөд нь "Ногоон нам" гэдэг гэ­рээсээ хөөгөөд явуул­чихлаа. Одоо Д.Энхбат гэдэг эрхэм гишүүн орох оронгүй болов. Харин Ногоон нам бол ардчил­лын үеийн улс төрийн намуудын бараг ууган нам. 1992 оны сонгуу­лиас хойш ардчилалд үнэнчээр зүтгэж, Ардчил­сан намыг бараадаж эв­сэж хавсаж явдаг байсан.

Ням даргатай ногоон нам, Басандорж даргатай ногоон нам, УИХ-ын олон сонгуульд орж, төрийн алба хашилцаж Ардчил­сан намын ялалт, ялаг­далд адилхан баярлаж гутарч явсан түүхтэй. Уул­наас өндөр улиас бай­даггүй гэдэг шиг жижигхэн ч гэсэн "намаас том, на­мын нөхдөөсөө том" УИХ-ын гишүүн ч байдаг­гүй гэдгийг харууллаа. Одоо Д.Энхбатад на­муу­дын хаалга хаалттай, гэр­тээ оруулахгүй, гэрт нь орсон ч доогуур сууж дорой дуугарах хувь заяа оногдоно. Харин жижиг ч гэсэн ногоон намынхан хаашаа явахаа сайн мэднэ.

О.Бум-Ялагч нартай­гаа бужиг­нуулаад явна даа. Ард­чилсан нам, Ногоон нам хоёрын байгуулсан нэг гэрээ байдаг. Тэр гэрээнд 2013 он хүртэл Ардчилсан намтай эвсэнэ гэсэн заалт байгаа.  Үүнийг дарга асан Д.Энхбат нь мэдэхгүй ч гэсэн  гудамжинд байгаа Ногоон намын хууччуул гэрээгээ мартаагүй байгаа байх. Цаашдаа зүг чигээ ч мэднэ байх. Ногоон нам яах вэ. О.Бум-Ялагч бужигнуулаад явахад болоо. Тэд Монгол нутгийн­хаа сайхан байгалийг хамгаала­хын төлөө анхнаасаа тэмцэж тэр­сэж явсан хүмүүс. Бүрэн хамгаалж чадахгүй юм гэхэд сүйдлүүлчихгүй хүмүүс.

 М.Энхсайхан гэж бас нэг ганган жишээ байна. М.Энхсайханыг толгой сайтай, төрд хэрэгтэй зай­ран гэж магтах бол илүүц. Түүнийг эрдэмтэй, ухаантай болохоор нь Ардчилсан намын мянга мянган гишүүд итгэж хүндэлж одоо хүртэл хир халдаахгүй хүндэлж ажиж байдаг юм билээ. Ардчилсан на­мын нөхөд нь тэмцэж олсон ялал­тын хишиг, идээ ундааныхаа дээж, сүүнийхээ бол  өрөм, ногдсон бялуунаасаа хамгийн томыг нь М.Энхсайханд өгдөг байсан. Ерөн­хийлөгчийн Тамгын газрын дарга, Улсын бага хурлын гишүүн, Улсын Их Хурлын гишүүн, намын дарга гээд. Гэтэл Энхсайхан сонгуулийн дүн гарсан нэг харанхуй шөнө, ханилсан хань болох намын нөх­дөө хаяад гарч одсон. Хоёр гурван зуун мянган журмын нөхдөөсөө хоёр гурван хүн дагуулаад, өрсөл­дөж байсан Энхбаяртайгаа хөтлөл­цөөд өөр нам байгуулна гээд явчихсан. Ардчилсан нам Энхсай­ханаар дутаж хохирно гэж тооцсон байх л даа. Шинэ ханьтай болсон  М.Энхсайханыг Их хуралд нэр дэвшихэд дэмжиж санал өгөх Ард­чилсан намын нөхөд нь байтугай жирийн сонгогчид бараг олдсон­гүй.

М.Энхсайхан аргаа барахдаа өөрийнх нь Ардчилсан намын дарга байх үед хэрэглэж байсан МҮАН (Монголын үндэсний ард­чилсан нам) гэдэг нэрийг авчихаад тууж явна. Энэ үйлдлээрээ Ард­чилсан намын жирийн гишүүд ардчиллыг дэмждэг үе үеийн сон­гогчдын толгойг эргүүлэх юм гэнэ. М.Энхсайхан ухаантай, Ардчилсан намын гишүүд, дэмжигчид тэнэг байж болно. Гэсэн ч  МҮАН АН гэсэн дөрвөн үсгийг ялгахтайгаа. Ард­чилсан намын гишүүдэд нэг сайхан чанар байдаг юм. Хэн нэг нь гом­доод гарч л байдаг. Өөр нам бай­гуулаад явж л байдаг. Уучлаарай гээд эргээд ирж л байдаг. Начиг­натал зодолдож л байдаг, тачиг­натал хэрэлдэж л байдаг. Харин сонгууль болохоор цуг явж л ха­рагддаг. М.Энхсайхан Ардчилсан намын энэ агуу чанарыг мэддэг юм уу, үгүй юм  уу, бүү мэд.

Өөрийгөө намаасаа том, намын олон нөхдөөсөө илүү гэж бодоод баларч яваа эр хүн бол Н.Энхбаяр байна. МАХН бараг ганц гишүүнтэй юм шиг байсан үе байсан. Түүүнийг оройн дээд хэмээн тахин шүтэж байсан цаг саяхан. Юм л бол Н.Энхбаяр. Намын дарга, УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Монгол Улсын Ерөнхийлөгч гээд Монгол төрийн бүх өндөрлөгт хүрч чадсан. Хүн хоолонд цаддаг бол албан тушаалд бол цадаж ханадаггүй юм байна. Ерөнхий­лөгчийн сонгуульд унасан уур унтуу, хор шараа намын нөхөд,  ард түмэн, тэдний сонгож байгуул­сан төрд  гаргав. Уг нь өөрөө унасан хүүхэд хүртэл уйлдаггүй юм. Ардчилсан нийгмийн түүхэн шаард­лагаар коммунист МАХН,  Монгол Ардын нам /МАН/ болж нэрээ өөрчилсөн. Тэгсэн чинь Н.Энхбаяр яаж жүжиглэв ээ. МАХН гэдэг нэрэнд нэг их хайртай хүн болж тэмцэж гарч ирэв. Хамгийн түрүүнд МАХН гэдэг нэрийг  өөр­чилье  гэж явсан хүн бол өөрөө байсан гэдгийг улс төр ажиглаж явдаг хүн бүр мэднэ. Энэ эрхэм бас л өөрийнхөө толгойг намаасаа том гэж бодож, ард түмний тархийг угаахад  амархан гэж андуурч явна. МАН-ын гишүүд дэмжигчдэд Н.Энх­баяр шиг орос, англи хэлтэй, Утга зохиолын дээд сургууль төгссөн, ийм том албан тушаал хашиж байсан мундаг хүн байхгүй л дээ. Иргэд сонгогчид ухаан, бодлого, боловсролоороо хоёр Энхээс дутуу дутуу гэхэд үг үсэгт хууртах нь юу л бол.

Нам гэдэг уг нь юу ч биш зүгээр л олон зуун мянган хүн  эвсэж, нэгдэж улс төр явуулах эрх авсан аж ахуйн нэгж байхгүй юу. Нам, банк хоёр зөвхөн итгэл дээр л оршин тогтдог болохоос хэн нэгэн ухаантай хүн дээр мөнх оршин тогтнодоггүй, тэднээр ч дутдаггүй юм байна. Ханиа голсон, сольсон эр хүн өөдөлдөггүй шиг намаа голсон, сольсон улстөрч өө­дөлдөг­гүй юм шив дээ.