“БНМАУ-ын Хүндэт иргэн”-ий аугаа цол буй болгосон ой
Бид жил бүрийн 11 дүгээр сарын 26-нд улс vндэснийхээ төрийн нэгэн их баярыг тэмдэглэдэг уламжлалтай. 1974 оноос эхлэн 5 жил тутамд нижгэр (шагналын хур буулган, бөх барилдуулах, бүх нийтээр амрах гэх мэт) тэмдэглэж байгаа энэ ойн баярыг чухам юуны учир тэгтлээ тэмдэглэх ёстой, тvvнд улс төрийн ямар агуулга буй вэ?
1924 онд Богд гэгээн нас нөгчсөн, нөгөө талаас Бээжинд СССР, ДИУ-ын хоорондын хэлэлцээрээр Монголыг ДИУ-д 1915 оны Хиагтынх шиг эгүүлж оруулсан шалтгаанаар Улсын анхдугаар хурлыг хийж, Богдын хойд дүрийг тодруулахгvй нөхцөлтэйгээр БНУ-ыг тунхаглах түүхэн шаардлага бүрджээ. Нэгэнтээ хаан, шашны тэргүүн дахин төрүүлэхгvй түүхэн нөхцөл бүрдсэн, иймээс засаглалын хэлбэр солигдсон ба МАХН-ын III их хурлаас “хөрөнгөтний бус хөгжлийн зам” сонгосон тул БНУ-ын Үндсэн хуулийг батлах ёстой. Өнөөдөр бидний тэмдэглэж буй баяр тийнхүү нөхцөлджээ. Дээр нь Нийслэл хүрээг “Улаанбаатар” хэмээн нэрлэжээ. Уг нь социализмын vед “Нийслэлийн өдөр” хэмээн давхар тэмдэглэж байсансан. Олон улсын жишгээр бол “Republic Day” хэмээх энэ өдөр үндэсний баяр маань мөн. Харин БНУ-ын энэ өдрийн баярыг төдийлөн тэмдэглэж байсангүй. Гэтэл 1974 онд Л.И.Брежневийг зориудаар урин 11 дүгээр сарын 26-ны энэ баярыг “гэнэт гаргаад” иржээ. Тэгж урих шалтаг шалтгаан нь ч тэгж нөхцөлдсөн хэрэг.
Леонид Шинкарев. Цэдэнбал, түүний цаг үе: Хайр дурлал, эрх мэдэл, эмгэнэл, УБ, 2006
Боть II, “К.Катушев. Ганцаараа үлдэхээсээ айж байсан” дэд бүлгээс:
- Тухайн үед Брежнев байнга хүндлүүлж, ялангуяа шагнуулж байвал сэтгэл нь ханадаг гаж буруу зантай болсон байлаа.
- Леонид Ильич зусарч бялдууч туслахуудтай байсан болохоор тэд нь хэнд ч илтгэлгүйгээр тухайн улс орнуудад өөрсдөө очдог, тэгээд төдөлгүй араас нь ээлжит шагнал өгөх тухай шийдвэр ирдэг байлаа. Леонид Брежневт ая тал засахыг хичээдэг хүмүүсийн нэг бол Монголыг хариуцаж байсан бөгөөд урьд нь тэнд Элчин сайдаар ажиллаж байсан К.В.Русаков байв. Леонид Ильичийн хүслийг биелүүлэхийн тулд тэрээр Цэдэнбалыг Брежневт Монгол Улсын Баатар цол олгож, алтан од гардуул гэж шахаж байлаа. Цэдэнбал, тийм алхам хийх юм бол эерэг гэхээсээ илүү эсрэг үр дагавар гарч өөрийнх нь нэр сүрэнд муу юм болж, ард түмнийхээ ч өмнө, дэлхийн улс төрийн элитийн ч өмнө эвгүй харагдана гэдгийг ойлгож байв. Тэгээд их өвөрмөц арга олсон. Өөрийн шийдвэрээр Монгол Улсын Хүндэт иргэн гэдэг цол, тусгай одон тэмдэг бий болгосон. Ямар ч гэсэн тэр чинь Монгол Улсын Баатар цол биш шүү дээ. Энэ бол хэнтэй ч харилцаагаа хурцатгалгүйгээр юмыг санаснаараа хийсэн ухаантай мэргэн хүний шийдвэр байв.
К.Катушевыг няцаах тайлбар:
Монгол Улсын Баатар цол Брежневт олгож, тэр нь эсрэг үр дагаварт хүргэж, Цэдэнбалын өөрийнх нь нэр сүрэнд муугаар тусч, ард түмний өмнө, дэлхийн улс төрийн элитийн өмнө базаахгүй харагдана гэснийг няцаамаар байна. Тэр үед, социалист хатуу диктатурын дор “орос ах”-ын удирдагчид нь “Баатар” байтугай цол шагнахад эсэргүүцэх монгол хүн гарлаа гэж үү дээ? Тэгэх тусмаа Сталинд “БНМАУ-ын Баатар” цолоо харамгүй өгчихсөн хэрнээ Брежневт өгөх болохоороо л дэлхийн улс төрийн элитийн өмнө шившиг болчих юм гэнэ. Хэрэв тэгж шившиг болох байсан юм бол хоёрхон жилийн дараа Брежневт “БНМАУ-ын Баатар” цол, дахиад 5 жилийн дараа “БНМАУ-ын Хөтөлмөрийн баатар” цол яах гэж олгосон хэрэг вэ? Тэр хоёр том цолыг олгон, энгэрт нь Сүхбаатарын одон нийт 4-ийг зүүж өгсөн нь дэлхийн улс төрийн элитийн өмнө манай орныг шившиглэчихлээ гэж үү дээ?
Нөгөө талаас “хэнтэй ч харилцаагаа хурцатгалгүйгээр юмыг санаснаараа хийсэн ухаантай мэргэн хүний шийдвэр” гэснийг нь бас няцаамаар байна. “БНМАУ-ын Хүндэт иргэн”-ий тэр аугаа цол эхний болоод эцсийн удаа зөвхөн Брежневт л олгогдсон. Өөр хэнд ч ногдоогүй. Бусад нь тийм цол хүртэх гавьяагүй. Цорын ганц гавьяатан нь Брежнев. Тийм л ухаалаг мэргэн шийдвэр байсан юм бол цаашдаа олгоод байхгүй яасан хэрэг вэ? Харин ч ийм цол, тэгээд бүр дэлхий дээр “тийм улсын хүндэт иргэн” гэх цол өөр хаана ч байдаггүй (хот, тосгоны хүндэт иргэн бол ердийн үзэгдэл) нь жинхэнэдээ дэлхийн улс төрийн элитийн өмнө биднийг шившиг болгосон хэрэг бус уу?
Тухайн үеийн төрийн ёслол хүндэтгэлээс сонирхоё. Эдгээр зургийн автор нь төрийн ёслолын гэрэл зурагчны нэг байсан миний ээж юм. Ээжийн минь өв сан надад бий, зарим зургийг Ж.Батмөнх гуайн гэргий А.Дариймаа гуай өгч, би хувилаад уншигч үзэгчдийн хүртээл болгож байна. Өнөөгийн өндөрлөгөөс ажвал, өнөөгийнхөө тансаг хэрэглээтэй харьцуулбал дэлхийн томхон гүрний их удирдагчийг цайлж дайлж байгаа нь нэн даруухан байж уу дээ гэх бодол төрнө. Ширээн дээр болгарын ВТ гэх тамхины хайрцгийг нээж тавьжээ... Одоо энэ тамхийг хийхээ больсон байх аа?
Чимэддорж