Гадаадын цэрэг Афган орныг захираад 12 жилийн дараа гарах гэж байна. Хэрэв бүтээн босгож, эвлүүлж эвлэрүүлж, хүмүүжүүлж чаддагсан бол 12 жил гэдэг бол их урт хугацаа мэт. Мэдээллийн эрин зуун, даяаршил, хөгжлийн хурдаар хэмжих аваас 12 жилийг огтын үр дүнгүй өнгөрөөгөөд гарч явцгаах гэж байх шиг. Афганистаны ирээдүй хэтийн төлөвийг гэрэл гэгээтэй төсөөлж буй улс төрч, судлаач нэгээхэн ч үгүй байх шиг. Олон улсын терроризмын түшиц газар болж, тэндээс хөрш орнуудад нь террорист аюул занал учрах болно гэдэг дээр лав оросын судлаачид санал нэг байх бололтой.



Дэлхий дээр хар тамхины үйлдвэрлэлээр нэгдүгээр байрт яваа Афганистан хар тамхины наймаагаараа террористуудыг санхүүжүүлэх ба АНУ афганы хар тамхитай шийдвэрлэх тулалдаан хийгээд харин ч ялагдав хэмээн оросын эрдэмтэн Николай Бобкин дүгнэн бичжээ. ISAF буюу АНУ-НАТО-гийн хамтарсан хүчин 12 жил Афганистанд байрласны шан гэлтэй героины экспорт хар тамхи үйлдвэрлэгч гадаадын аль ч орноос илүүтэй үлэмж өсчээ. 2001 онд анх америкийн цэрэг тэнд хөл тавьж байхад хар тамхины ургамал 185 тонн, уртаашаа 8000 га талбай эзэлж байсан бол ISAF-ын өнгөн дээр ургац нь 40 дахин нэмэгджээ. Эдүгээ дэлхий дээрхи хар тамхины 80 хувийг Афганистан хангаж байна. Тэгээд тэр тамхи нь дэлхий дээр хамгийн өндөр сорьцтой. Глобал масштаб дээр авч үзвэл афганы хар тамхинаас наймаачид жилдээ 68 тэрбум ам.долларын ашиг олж байна. Афганы лалын наркобаронуудын орлого жилдээ 3 тэрбум ам.доллар хүрч, Афганистаны ДНБ-ий 10-15 хувьтай тэнцэнэ. Тариалах талбай нь Колумб, Перу, Боливын кока тариалдаг нийт талбайгаас хамаагүй давна. Афганы нутагт 40 000 тонн бэлэн хар тамхи нөөцлөгдөж байна. Бэлээхэн хар зах дэргэд нь (Орос) байгаа учраас тэгж хөгжүүлээд байгаа хэрэг. Орост жилдээ 70 тонн героин хэрэглэдэг, 1.6-1.8 сая хүн буюу ОХУ-ын хүн амын 1.3 хувь хар тамхичин болоод байгааг эрдэмтэн Н.Бобкин эшлэжээ. Түүний харьцуулалт дотор бүр ч ноцтой тоо баримт байна. Жилдээ хар тамхинд хордож 100 мянган хүн Орост үхэж байгаа нь СССР афганы мужахедуудтай 10 жил дайтаад алагдсан орос цэргийн тооноос 7 дахин давна. Н.Бобкины үзэж байгаагаар, АНУ Афганистаныг эзэлж аваад хар тамхины тариалалт, худалдааг зогсоох нь бүү хэл аль СССР-ийн үед хэрэгжүүлж байсан тэр тактикаа үргэлжлүүлэн ОХУ руу зохион байгуулалттай хар тамхи нэвтрүүлэлцэж байгаа аж.



Хүйтэн дайндаа ялахын тулд хар тамхи мэтийн зүйлийг нүдэн балай өнгөрүүлж, харин ч афган-пакистаны хил орчмыг героины ургацын хамгийн том район болгож хувиргаснаа ТТГ-ын захирал Чарльз Коган 1995 онд хүлээн зөвшөөрсөн ба Зөвлөлтийн нөлөөг тогтоон барихын тулд Афганистан дахь хар тамхийг АНУ-ын эрх ашигт нийцүүлж, харин ч өөгшүүлж байсныг Висконсины их сургуулийн профессор Альфред Мак-Кой одоо дэлгэж байна. Зөвлөлтийн эсрэг байлдсан жилүүдэд афганы мужахедуудад АНУ-аас олгосон тусламжийн хэмжээ 5-6 тэрбум доллараар үнэлэгдэх ба тэр дотор хар тамхины гүйлгээ орсон байх магадлалтай юм. Эдүгээ ч энэ сэдэв АНУ-ын хувьд хаалттай, няцаах зөвшөөрөхийн алин нь ч байхгүй байгаа нь ерөөсөө тэд талибанчуудыг бүрэн ялъя, хар тамхины үйлдвэрлэлийг устгая гэх чин санаа зорилго байхгүйн нотолгоо, АНУ-ын дотоодын зах зээлд л нэвтрэхгүй байвал афганы героин Төв Ази, Орос, Европ руу зарагдах, зөөвөрлөгдөх нь падгүй хэмээн Н.Бобкин бичжээ. АНУ өөрсдийнхөө хамар дор Латин Америкт буй хар тамхи–кокийн тариалангийн 75 хувийг зөвхөн 2008 онд өлхөн устгачихаж чадсан бол Афганистанд мөн тэр жил 3-хан хувийг нь устгаж байсан харьцуулалт байх юм.



Хаа очиж талибанчууд төр барьж байсан жилүүдэд хар тамхины бизнесийг хүчээр багасгаж чадсан бол Карзайн өнгөн дээр  Афганистаны эдийн засаг нь нарко-эдийн засаг болж хувирсан. Талибанчуудад очдог ашиг нь хар тамхины нийт үйлдвэрлэлийн 5-10 хувь буюу 200-400 сая доллар жилдээ байдаг бол үлдэх нь буюу ихэнхи нь албан ёсны Засгийн газрын бизнес болж хувирсан. Афганистаны 3 сая тариачин энэ үйлдвэрлэлээр өл залгана. Эдэнтэй ISAF дайн хийх сонирхолгүй, тэд нь ч амар жимэр 2014 оныг угтаж, 2014 оныг хар тамхины тариалалт, ургац хураалтын рекорд жил болгохоор ажиллана.

2014 оны 4 дүгээр сард Афганистанд явагдах Ерөнхийлөгчийн сонгууль хар тамхины дуулиан дунд, түүнийг бүтээн байгуулалтын лоозон болгон явагдах нь ч тодорхой болж байна. Жишээ нь ялах хамгийн өндөр магадлалтай нэр дэвшигч Абдул Расул Сайяф бол зөвлөлтийн эсрэг үл эвлэрэгч мужахедын нэг лидер төдийгүй, хар тамхины зартай наймаачин аж. Хар тамхины борлуулатын авилга хахууль энэ оронд цэцэглэсэн. Хойшдоо бүр дийлдэхээ болино. Хэрэглэгч орнуудаас эргээд Афганд орж ирэх 65 тэрбум долларын ашиг, түүний 80 хувь нь хахуульд явдаг гэхлээр 2014 оноос энэ улсаас аюулын өөр, цоо шинэ харанга дэлдэхээр байна.



Хар тамхи, мансууруулах бодистой тэмцээд тэмцээд ямар ч үр дүн гардаггүй дэлхийн цорын ганц орон бол Афганистан юм. Монголчууд бид тасарсан мах–хазаар монголчуудтайгаа ихээхэн зууралдах аваас хар тамхины зөөврийн цуваа Монгол руу минь зүглээд зогсохгүй, хянаж зогсоож хүчрэхгүй их сүйрлийг авчрах магадлалтайг бас мартаж үл болно!