Хүний эрэлт хэрэгцээ, дур сонирхолд  нийцсэн сайхан хоол ундаа хийнэ гэдэг бүхэл бүтэн урлаг юм. Энэ урлагт суралцаж түүнийг жинхэнэ ёсоор эзэмших шаардлага, хэрэгцээ амьдралаас урган гардаг  болохоор хоол хийх арга ухааныг зөвхөн мэргэжлийн тогооч төдийгүй янз бүрийн хүмүүс сонирхон судалж, хөгжүүлж ирсэн түүхтэй.

Энэ талаар зарим нэгэн жишээ татаж ярья. Эртний дэлхийн их сэтгэгч, соён гийгүүлэгч Плиний, гүн ухаантан Жан Жак Руссо, Оросын их зохиолч Н.В. Гоголь нар хоол ундааг гайхамшигтай сайхан бэлтгэж чаддаг байжээ. “Монте Кристо гүн”, “Шадар гурван цэрэг” зэрэг гайхамшигт бүтээлүүдээрээ дэлхий дахинаа танил болсон нэрт зохиолч А. Дюма манай гарагийн олон орноор аялан явахдаа тухайн улс орон, үндэстний хоолны жор, бэлтгэх арга, зан заншил, үйлчилгээний ёс горимыг тэмдэглэн авч судалдаг байжээ. Тэрбээр амьдралынхаа нэлээд хэсгийг “Хоол бэлтгэх арга ажиллагааны нэвтэрхий толь” номоо бичихэд зориулсан байна.

Анх сүмсийг махан хоол дээр цутгаж өгдөг шингэн амт оруулагч гэсэн утгаар  XYIII-XIX зууны үед гарсан ном сурвалжид бичсэн байдаг. Хамгийн алдартай сүмсүүд XYII-XYIII зуун, XIX зууны эхээр Францад бий болж улмаар дэлхийн бусад улсуудад дэлгэрсэн гэж үздэг.  Тэгвэл сүмсийг зохиогчдын дотор язгууртан хүмүүс олон байсан бөгөөд тэд хийсэн сүмсээ өөрсдийн нэрээр нэрлэдэг байжээ. Тухайлбал, дэлхийд түгээмэл тархсан  бешамель сүмсийг XYII зууны сүүлчээр амьдарч байсан Францын нэрт дипломатч, угсаатны зүйчийн хүү Луи де  Бешамель зохиож өөрийнхөө нэрээр нэрлэжээ. Гэхдээ хүн төрөлхтний хүнс, хоолны түүхэнд жирийн тогоочийн оруулсан хувь нэмэр асар их билээ.

Одоогоос 200 гаруй жилийн тэртээ францын тогооч Николай Франсуа Аппер сайтар ариутгасан төмөр болон шил саванд шөл, жимсгэнэ, түүнчлэн чанасан, шарсан мах савлаж нягт таглаад усанд удаан хугацаагаар чанаж туршжээ. Ингээд 8 сарын дараа савыг онгойлгоход бүх бүтээгдэхүүн шинэ хэвээрээ хадгалагдсаныг олж илрүүлсэн байна. Ийнхүү махан нөөш буюу бидний олон жилийн турш хэлж заншсанаар “консерв” бий болсон түүхтэй. Хоол хийх урлагийг эрт дээр үеэс ихээхэн үнэлдэг байсан Францын засгийн газраас тогооч Апперыг “Хүний төлөө буян үйлдэгч” гэсэн цолоор өргөмжилж олон мянган франкаар урамшуулан шагнасан гэдэг.

Тогооч нь өнө эртний, бас хамгийн түгээмэл тархсан мэргэжил. Өөрөөр хэлбэл хүн бүрт хамгийн ойр, бас хэн ч хийж болмоор мэргэжил.  Гэхдээ нэг айлын хоол хийх, нийтэд зориулсан хоол бэлтгэнэ гэдэг ихээхэн ялгаатай. Иймд хоолны газрын гол хөдөлгөгч хүч болсон тогооч, түүний мэргэшил, ур чадварт тавих шаардлага  өндөр байдаг.



 “Дархан хүн бурхан ухаантай” гэсэн мэргэн үг бий. Үүнтэй нэгэн адил тогооч хүн бас бурхан ухаантай. Монгол улсын Худалдааны гавьяат ажилтан, анхны мастер тогооч нарын нэг Б. Дашзэвэг агсны санаачилсан зарим хоолны тухай энд дурдахгүй байхын аргагүй. Түүний санаачилсан “Зуун мод” хэмээх нэртэй нэгэн  хоолыг гадаад, дотоодын олон зочин гийчин ихэд үнэлж байсан гэдэг. Үнэн хэрэгтээ энэ хоолны жор, орц, хийх технологи нь бидний өдөр тутмын лапшатай адил. Гэтэл элдсэн гурилыг хэрчих биш модны дүрс бүхий хэвээр хэвлэж, Богд хан ууланд ургадаг зэрлэг анхилуун ургамлаар амт тохируулсанд л хамаг нууц нь оршсон байдаг. Гадаадын зочдыг дагаж үйлчлэх явцдаа үхрийн гол махыг нимгэн зүсч давтаж зөөлрүүлэн амт оруулагч нэмж улмаар ил галд улайсгасан хоёр хавтгай чулууны завсар хавчуулж бор цаасанд боогоод Элсэн тасархайн шижир элсэнд булж бүгнэж болгосон энэ хоолны тухай ярих бүрийд хамар цоргисон үнэр, шүлс асгарам амт нь одоо ч  мэдрэгдэх шиг болдог  юм. Энэ мастер тогоочийн хүрэн, шар манжинг зорж хийсэн самрын боргоцой, алтан зул цэцгийг жинхэнээс нь ялгахын аргагүй байдагсан.

Улаанбаатар хотын 355 жилийн ойн нэрэмжит аварга тогооч шалгаруулах уралдааны үеэр миний бие Монголын тогооч нарын холбооны тэргүүний хувьд  нийслэлийн тухайн үеийн удирдлагуудыг  урьж тогооч нарын урлан хийсэн хоол, зуушны үзэсгэлэнг үзүүлсэн юм. Энд  үнэхээрийн гайхамшигт хоол унд байсны дотор Монгол улсын нэгэн мастер тогооч хонины бүтэн хаа, сээр, хүзүү, бусад ногоо цагаа оруулан Үндэсний түүхийн төв музейд байдаг аварга том үлэг гүрвэлийг дүрслэн хийснийг хараад барилгын архитектур, төлөвлөлт, дизайныг сайн  мэддэг хотын дарга, ерөнхий архитекторч нар  мэл гайхаж билээ.

1997 он. Нар хиртэлтийн үеэр манай орны бизнесийн олон газрууд Дарханыг зорьж тэр орчимд жуулчны түр  хотхон байгуулан хээрийн нөхцөлд жуулчдыг хоол ундаагаар үйлчилсэн билээ. Энэ үеэр Монгол улсын мастер тогооч Н.Цэрэнпунцаг агсны хийсэн замын таван салаа ургамалтай хуурга, мөнгөлөг цаасанд ороож битүү хайрсан цагаан загас зэрэг нь үнэхээр гайхамшигтай байсныг гадаадын жуулчид шагшин магтаж үнэ хаялцуулан худалдан авч байсныг санаж байна. Монголын тогооч нарын холбооноос жил бүр уламжлал болгон явуулдаг улсын аварга тогооч шалгаруулах уралдааны үеэр манай зарим тогооч нар   сүүлний Царцаасан тосоор  Төрийн ордныг Чингис, Өгөдэй, Хубилай  хаан, баатруудын хөшөөний хамт дүрслэн хийж Хөвсгөлийн тогооч нар цаатан ард түмний ахуй амьдрал, урцыг урлан, Говь-Алтайн тогооч нар Ээж хайрхан , Өмнөговийнхон Говь Гурван сайхан уулыг харуулсан хоолны иж бүрдлийг хийж тавьсан нь үнэхээрийн гайхамшигт урлаг байсан.

Энэ бүхнийг дурдахын учир нь Хамаг Монголын үеэс буурчи хэмээн нэрлэгдсэн монгол тогооч нарын ур чадвар дэлхийн түвшинд ойр байгааг харуулах баримт мөн. Энэ мэт олон жишээг дурдаж болно. Монголын тогооч нарын холбоо 2008 онд Дэлхийн тогооч нарын холбоо (WACS)-нд гишүүнээр элсэж үүнээс хойш монгол тогооч нар тив, бүс нутгийн чанартай уралдаан тэмцээн амжилттай оролцож нийт 30 шахам медаль хүртээд байна. Ингээд  олон улсын  уралдаанаас медаль хүртсэн  зарим тогоочийн урласан хоол, зуушны зургийг уншигч танд толилуулж байна.

Уншигчдын анхааралд:

Ж.Октябрийн бичсэн “Хүнсээ таньж зөв боловсруулж, зохистой хэрэглэцгээе” нэртэй хоол, хүнсний  тайлбар толь ном  удахгүй хэвлэгдэн гарна. Хүн төрөлхтний хэрэглэж буй үндсэн хүнсний өл шим, ашиг тус, хоолны зориулалт, боловсруулах арга, хугацаа, харилцан зохицлын  талаар  тодорхой тайлбарлаж, өнгөт зураг, зөвлөмжийг энэ номонд оруулжээ.