Бүх нийтийн хоол хүнсний боловсролд

Монгол оронд аньс, гүзээлзгэнэ, нэрс, хад, үхрийн нүд, чацаргана, нохойн хошуу, мойл, цангис, морин улаагана, долоогоно, тэс, бөөрөлзгөнө, тошлой, улаалзгана, хармаг, бүйлс, өрөл зэрэг 30 гаруй төрлийн зэрлэг жимс жимсгэний зүйл ургадаг..

Ойн жимсгэнийг ургамлын төрлөөр нь гүзээлзгэнэ, аньс, нэрс, цангис зэрэг өвслөг ургамлын жимсгэнүүд, үхрийн нүд (хар хад, улаан хад), бөөрөлзгөнө, чацаргана зэрэг мод, сөөг ургамлын жимсгэнүүд гэж хоёр хэсэгт ангилна.

Өл шим, ашиг тус

Ойн жимсгэнэд хүний биед зайлшгүй шаардагдах С, В, А, Р аминдэмүүд, саахар, эрдсийн давс, хүчил, уураг, өөх тос зэрэг олон чухал бодис агуулагдана.

Хоолны зориулалт

Ойн жимсгэнийг шинэ байдлаар нь хэрэглэхээс гадна үйлдвэрийн аргаар болон гэрийн нөхцөлд боловсруулж архи, дарс, ундаа, шүүс, чанамал зэрэг бүтээгдэхүүн хийнэ.

Үхрийн нүд

Хар, улаан, цагаан жимст гэж ялгагдана. Үхрийн нүд нь С аминдэмийн агууламжаар ургамлын гаралтай хүнсний дотроос нохойн хошуу болон киви жимсний дараа ордог хамгийн үнэт чанартай бөгөөд түүний найрлаганд каротин, Р, е, В1 аминдэм их хэмжээгээр агуулагдана. Мөн төрөл бүрийн органик хүчил, нүүрс ус, пектин, кали, фосфор, манган, зэс зэргийг агуулна.

Шинээр нь хэрэглэхээс гадна хүнсний үйлдвэр, гэрийн нөхцөлд янз бүрийн ундаа, чанамал, шүүс, бэлтгэх, түүнчлэн дарсны үйлдвэрлэлд ашиглана. Амьсгалын замын эрхтний үрэвсэл, зүрх судасны болон хоол боловсруулах эрхтний өвчинд үхрийн нүдний шүүсийг хэрэглэнэ.

Гүзээлзгэнэ

Гурвалсан навчтай, ягаавтар улаан өнгөтэй маш амтлаг жимсгэнэ.

Нүүрс ус, нимбэг, салицил, алимны г.м органик хүчлүүд, азотот бодис, пектин, эслэг, С, В1, В6, К аминдэм, каротин, фолийн хүчил агуулна. Цус багадах, судас хатуурах, элэгний өвчин зэрэгт гүзээлзгэнийг хэрэглэнэ. Мөн гүзээлзгэний навчийг хандлан ходоодны шархлаа, цусны даралт ихсэх, зүрхний өвчний үед хэрэглэж иржээ.

Хавдар, өмөн өвчнөөс сэргийлж, зүрхний үйл ажиллагаа, ой ухааныг тэтгэж, стресс тайлах үйлчилгээтэй.

Долоогоно

Долоогоны жимсэнд нүүрс ус, каротин, идээлэгч болон пептиний бодис, органик хүчил, С аминдэм  агуулагдана. Мөн флавоноид, сапонин, эфирийн тос зэргийг агуулах тул зүрхний булчингийн агшилтыг эрчимжүүлэх, тархи болон зүрхний цусан хангамжийг сайжруулах, цусны даралтын хэмнэлийг хэвийн түвшинд байлгах зэрэг олон эерэг нөлөөлөлтэй. Долоогоныг шинэ байдлаар хэрэглэхээс гадна царцмаг, чанамал, чихрийн зүйлд хэрэглэнэ. Түүнчлэн түүнийг хатааж цай аагшуулах, төрөл бүрийн нарийн боов бэлтгэхэд хэрэглэнэ.



Нэрс


Хар нэрс, хөх нэрс гэж бий. Нэрс нь нүүрс ус ихтэй бөгөөд усанд уусдаг аминдэм, үүний дотор рутины хүчлээр баялаг. Түүнчлэн каротин, В төрлийн аминдэм, аскорбины хүчил, флавоноид болон таннин, пектин зэрэг идээлэгч бодис агуулна. Зүрхний үйл ажиллагаа, ой ухааныг тэтгэх, хавдар өмөн, өтгөн хатахаас сэргийлэх, цусан дахь саахрын хэмжээг тогтворжуулах үйлчлэлтэй.




Жимс, жимсгэний шүүс, чанамал бэлтгэх арга

Гэрийн нөхцөлд жимс, жимсгэний шүүсийг гарган авч цэврээр болон чихэрлэсэн, холимог шүүс байдлаар хэрэглэнэ. Шүүс гаргаж авах жимс, жимсгэнэ нь гүйцэд боловсорсон, гэмтэж муудаагүй байх шаардлагатай. Жимсийг сайтар цэвэрлэж, усаар зайлж угааж сэврээнэ. Шүүс гаргахдаа зориулалтын машин, хэрэгсэл (шүүс шахагч) ашиглахаас гадна махны машиныг ашиглаж болно. Харин гүзээлзгэнэ, бөөрөлзгөнө, үхрийн нүд, нэрс зэргийг машиндаж жижиглэх шаардлагагүй, зориулалтын саванд хийж модон нухуураар жигд няцална. Янз бүрийн аргаар гаргаж авсан жимсний цэвэр шүүсийг цэвэр самбайд шүүж паалантай буюу галд тэсвэртэй шилэн саванд хийгээд сайн халаасны дараа ариутгаж бэлтгэсэн шилэн саванд хийж сайн таглан 85 градусын температурт халааж ариутгана. Ингээд  хөргөгчид хадгална.

Шилэн савыг ариутгахдаа савантай бүлээн усаар сайтар угааж дараа нь халуун усанд 5-7 минут буцалгана. Тагийг мөн ариутгаж цэвэрлээд саваа таглах хүртэл халуун усанд байлгана. Шил саваа жимс, чихэрлэг шүүсээр дүүргэсний дараа битүү таглаж савтай халуун усанд хийж нэг цагаас багагүй хугацаанд сулхан буцалгана. Халуун устай саван дотор шилтэй жимс, шүүсээ байрлуулахдаа ус буцлах үедээ жимстэй сав руу орохооргүйгээр усны түвшинг тохируулах хэрэгтэй. Хөргөөсөн шил савтай жимс, шүүсийг тагийг нь доош харуулан тавьж тасалгааны температурт 6-8 цаг байлгасны дараа хөргөгчид хадгалдаг.

Чихэрлэг шүүс (сироп) бэлтгэх жор

1 л усанд орох элсэн чихэр, грамм

Чихэрлэг шүүсний концентрац,%

Ундаа бэлтгэхэд ашиглагдах жимс, жимсгэний төрөл зүйл

400

500

600

28

33

37

Бүрэн боловсорсон чавга, бөөрөлзгөнө, алирс, нандин чавга, хар үрт тэс, гүзээлзгэнэ болон бусад жимс, жимсгэнэ

700

800

900

41

44

47

Боловсорсон хад, улаалзгана, үхрийн нүд, алим, бөөрөлзгөнө, нэрс, тошлой, чацаргана, бусад жимс, жимсгэнэ

1000

1200

1400

50

55

58

Бүрэн боловсроогүй тошлой, үхрийн нүд, чацаргана, хар үрт тэс, бусад жимс

2000

2500

3000

66

71

75

Жимс, жимсгэнээр өтгөрүүлсэн чихэрлэг холимог (цукат) бэлтгэхэд



Уншигчдын анхааралд:

Ж.Октябрийн бичсэн “Хүнсээ таньж зөв боловсруулж, зохистой хэрэглэцгээе” нэртэй хоол, хүнсний  тайлбар толь ном  удахгүй хэвлэгдэн гарна. Хүн төрөлхтний хэрэглэж буй үндсэн хүнсний өл шим, ашиг тус, хоолны зориулалтын талаар тодорхой тайлбарлаж, өнгөт зураг, зөвлөмж оруулсан энэ номын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 99182318, 98113630 утсаар холбоо барина уу