Стратегийн орд газар дээр лиценз эзэмшигчид Засгийн газрын шийдвэрт хүндэтгэлтэй хандаж, өнөөдрийг хүртэл зөвхөн зардал үйлдвэрлэсэн, талбайгаа цаашид хэрхэн хамтран эзэмшихээ ярилцахаар хүлээж байгаа. Харин энэ хооронд Монголын компаниудаас тэрхүү лицензийг нь булааж авах захиалга өрнөж эхэллээ.

Бүрэнхааны фосфоритын орд газар Хөвсгөлөөс Завхан аймгийн нутаг хүртэлх асар уудам зайд тархсан тогтоцтой. Энэ хирээр уг орд газарт олон арван компани лиценз эзэмшиж, дор бүрнээ хайгуул судалгаа хийн зарим нь фосфор олборлохоос боловсруулах, улмаар эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх төсөл, ТЭЗҮ бичээд байлаа. Харин Бүрэнхааны фосфоритын орд газрыг төр стратегийн ордод бүртгэн авснаар гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын хайгуулын болоод олборлох, боловсруулах гээд бүх шатны төслүүд хүлээлгийн горимд шилжсэн юм. Тэд Засгийн газартай тохиролцож, хэдэн хувиар яаж эзэмших, хөрөнгө оруулалтын зардлаа хэрхэн хуваах асуудлаар хэлэлцээрт орохоор зэхэж буй. Засгийн газрын энэхүү шийдвэрт лиценз эзэмшигчид хүндэтгэлтэй хандаж, өнөөдрийг хүртэл зөвхөн зардал үйлдвэрлэсэн Х ба А зөвшөөрлийн талбайгаа цаашид төртэй хамтран эзэмшинэ гэдэг хувь тавилантайгаа эвлэрчээ.

Харин энэ хооронд Бүрэнхааны ордод лицензит талбай эзэмшигч Монголын компаниаас тэрхүү тусгай зөвшөөрлийг нь бараг л булааж авах тоглоом өрнөж эхэллээ. Эхний шатанд тухайн компанийн тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгож, өнөөдрийг хүртэл хайгуул, судалгааны ажилд зарцуулсан хөрөнгө оруулалтыг нь салхинд хийсгэнэ. Хоёрдугаарт, эзнийг нь ийнхүү хөөсөн талбай дээрээ дахин тендер зарлаж, дараагийн хүнд тусгай зөвшөөрлийг нь олгоно. Ийм зарчмаар лицензийн дахин хуваарилалт хийлгэж, одоогийн эздээс нь юутай ч хурааж аваад хожим өөрийн болгохыг санаархаж буй захиалагчид нь харин хэн байж болох вэ?!

Тодорхой харагдаж байгаа нэг зүйлийг энд онцлон хэлэхэд захиалгыг гүйцэтгэдэг гоцлол “хөгжимчид” нь монголчууд юм. Эх орон, байгаль дэлхийгээ хамгаалах ариун зорилгыг өмнөө тунхаглах атлаа ар хударгандаа огт өөр зүйл хийж явдаг “эх оронч” төрийн бус байгууллагынхан!

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутагт, Хөвсгөл нуураас 90-120 км зайд байршилтай нөөц газарт хайгуулын болон ашиглалтай тусгай зөвшөөрөл эзэмшдэг “Талст маргад” компанийн дээрх лицензүүдийг өнгөрсөн зургадугаар сарын 24-ны өдрийн шийдвэрээрээр Улс дээд шүүх хүчингүй болгож орхив. Нийт 1.8 тэрбум тонны нөөцтэй гэж тодорхойлсон Хөвсгөлийн бассейнд дөрвөн компани лиценз эзэмшдэгээс 3 нь хятадын компани, нэг нь “Талст Маргад” компани байв. Тус компанитай зэргэлдээ талбай дээр Хятадын хөрөнгө оруулалттай компани ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Уг талбайгаа 70 сая ам.доллараар худалдсан хятадууд амтшсан хэрээ 13 дахив гэгчээр хажуу дахь “Талст Маргад” компанийн талбайд санаархаж байгаагаа 2008 оноос хойш илэрхийлж, “Талст Маргад” компанийнхнаас лицензийг нь худалдан авах санал тавьжээ. Хоёр тал хэдэнтээ уулзсан ч Хятадуудын тавьсан санал дээр цааш яриа хэлэлцээ өрнөх боломжгүй болжээ. Яагаад гэвэл монгол залуус өөрсдийн тусгай зөвшөөрлөө хятад компанид өгөх сонирхолгүй байсан хэрэг. Харин дэд бүтэц байгуулах талаар хамтарч ажиллах саналыг тэд Хятадуудад зөрүүлэн тавьжээ. Ингээд хоёр талын сонирхол зөрчилдөж, Хятадуудын саналыг барьж ирсэн зууч бүсгүй монголчуудаа харааж зүхээд салсан явдал 2008 онд болжээ. “Та нарын сайн явахыг харна аа” гээд салсан тэр эмэгтэй өнөөдөр төрийн бус байгууллага толгойлон эх орончийн дүрд хувилан санаагаа үргэлжлүүлэн сайн яваа аж. Харин тусгай зөвшөөрлөө хөрш хятадуудад худалдахгүй гэж гүрийсэн “Талст Маргад”-ынхан шүүхээр хэдэнтээ орж, эцэстээ лицензээ хураалгаж хоосон хоцров.



Одоог хүртэл олборлоогүй, ширхэг чулууг нь ч хөдөлгөөгүй орд газрыг “хамгаалагчид” байгаль орчин сүйдлээ гэдэг гомдлоор эхлээд шүүхэд ханджээ. Явсангүй. Дараагийн удаад хайгуулын ажлын зардлын доод хэмжээнд хүрээгүй ажил хийсэн тул лицензийг нь цуцалж өгнө үү гэж хүсчээ. Хуулиар бол хайгуулын лицензтэй компаниуд хайгуулын ажил хийхгүй, хүнд ч өгөхгүй хав дараад хэвтэхээс сэргийлсэн ийм заалт бий нь үнэн. Байгуулагдсанаасаа хойш хайгуулд хөрөнгөө зарж, улсад тэрбум тэрбумаар нь, орон нутгийн төсөвт жилдээ 60 гаруй сая төгрөг тушаадаг компаниас “юу ч хийгээгүй” гэдэг үндэслэлээр лицензийг нь хураах боломж байсангүй. Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хангасангүй.Эцэст нь Улсын дээд шүүх гомдол гаргагч талын нэхэмжлэлдээ заагаагүй үндэслэлийг хүчингүй болсон хуулиас татан авчирч, “улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн талбайд дахин хайгуул хийсэн” шалтгаанаар тусгай зөвшөөрлийг нь цуцлах шийдвэрийг гаргажээ. Нэгд, шүүх нэхэмжлэлд заагдаагүй үндэслэлийг хэлэлцэж шийдвэр гаргах ёсгүй, хоёрт гэвэл хүчингүй болсон хууль эргэж үйлчилдэггүй тул шүүх хэрэглэдэггүй. Шүүх ийм алдаа гаргасан нь санаатай явдал уу, эсвэл санаандгүй хэрэг үү? Ямартай ч гомдолд заагдсан асуудлыг л шүүх таслан шийдэх ёстой атал ямар ч болов үндэслэл олж байгаад лицензийг хураах зорилго өмнөө тавьж ажилласан мэт харагдаж байна. Шүүхийн гаргасан шийдвэрийг зөв гэж үзвэл Хятадын хөрөнгө оруулалттай дээрх гурван компанийн лицензүүд ч бас цуцлагдах биз ээ. Гэтэл тэдгээр лиценззд хүчинтэй хэвээр үлдээд байгаа.

“Захиалагч” тал зорилгодоо хүрлээ. Монгол компанид өөрсдийнх нь саналд татгалзсан хариу өгсний горыг амсуулав. Мөнгөөр авья гээд байхад өгөхгүй гэж харамласан лицензийг чинь хүчингүй болгочихлоо. Дараагийн төлөвлөгөөгөөр бол “эзэнгүй” болсон танай талбайг бид авна...

Хэзээ мөдгүй төртэй хамтран эзэмшиж, олборлох боловсруулах үйлдвэр байгуулах гэж байсан монгол залуусын боловсруулсан төсөл, босгосон хөрөнгө оруулалт салхинд хийсэн одлоо. Орон нутгийн иргэдээс дэмжлэг хүлээлтлээ олон жил зүтгэсний хэрэг ч гарсангүй. Хотод амьдардаг хэдэн хүн орон нутгийнхны нэрээр гарч ирж “тэмцээд” л гүйцээ, суманд жилд төвлөрдөг байсан 60 гаруй сая төгргөгийн орлогын эх  үүсвэрийг хааж орхив. Нэг компаниас авсан 60-аад сая төгрөгийн эх үүсвэрээр сум юу хийж болох вэ? Хөдөлгөөн, төрийн бус байгууллагынхны ариун зорилгынхоо ард нуудаг “бизнес” нь энэ. Үнэн нүүр царай нь гэх үү дээ.

Харин цаашдаа стратегийн гэх орд газрууд дээрээ Монголын Засгийн газар хэн нэг монгол захирлын нэр дээр данстай ч Хятад болон бусад улсын хөрөнгө оруулалттай компаниудтай хамтын ажиллагааны хэлэлцээр хийх болно. Ийм зорилго өвөрлөсөн “захиалагчид” дотоодын хөрөнгө оруулагчдаас лицензийг түүж авах кампанит ажлыг хэдийнэ өрнүүлээд эхэлжээ. Уг нь стратегийн орд гэж хатуу тогтоосны учир шалтгаан нь юу билээ. “Бүх ашгаа гадныханд өгөхгүй, ядаж талыг нь өөрсдөө авч үлдье” гэдэг шаардлага биш бил үү? Харин одоо талыг нь гадныхан, талыг нь Засгийн газар авах юм байна. Нэг талыг нь Засгийн газар, нөгөө талыг нь Монголын компаниуддаа үлдээчихвэл Монгол Улсдаа хэрэгтэй баймаар л санагдах юм. Еэвэнгийн нөгөө тал... бүүр нөгөө тал гэдэг шиг л зүйл стратегийн ордуудын эргэн тойронд өрнөж эхэлсний жишээ энэ.