Монголбанкны хувилбар олон муугийн хамгийн сайн нь уу?
“Хадгаламж” банкны үйлчилгээ бусад арилжааны банкуудынхаас юугаараа ялгаатай байсан бэ? Тэтгэвэр, тэтгэмж олгох, төрийн халамжийн болон бусад үйлчилгээг иргэдэд хүргэх, орон сууц, ахуйн хэрэглээний төлбөр тооцоо гүйцэтгэх зэрэгт зохицсон олон салбар нэгжийг орон даяар тараан байгуулсан “Хадгаламж” банк нэг үгээр бол жижиглэнгийн үйл ажиллагаа эрхэлж байснаараа бусад арилжааны банкуудаас ялгарч байлаа.
“Хадгаламж” банкны үйлчилгээ бусад арилжааны банкуудынхаас юугаараа ялгаатай байсан бэ? Тэтгэвэр, тэтгэмж олгох, төрийн халамжийн болон бусад үйлчилгээг иргэдэд хүргэх, орон сууц, ахуйн хэрэглээний төлбөр тооцоо гүйцэтгэх зэрэгт зохицсон олон салбар нэгжийг орон даяар тараан байгуулсан “Хадгаламж” банк нэг үгээр бол жижиглэнгийн үйл ажиллагаа эрхэлж байснаараа бусад арилжааны банкуудаас ялгарч байлаа. Тэгвэл энэхүү онцлогийг нь хадгалж, орыг нь нөхөж ажиллаж чадах өөр банк гэвэл Төрийн банк. Өөрөөр хэлбэл, үйл ажиллагаа, бүтээгдэхүүн, үйлчилгээний хувьд уг хоёр банк ижил төстэй. Тийм ч учраас Монголбанкны шийдвэр “Хадгаламж” банкийг Төрийн банктай нэгтгэх хувилбараар гарсан нь оновчтой алхам болсон гэж хэлэх үндэстэй харагдаж буй.
Корпорэйт үйлчилгээг түлхүү хөгжүүлсэн тухайлбал, Худалдаа, хөгжлийн, эсвэл Голомт банк гэхэд дээрх хоёр банк шиг жижиглэнгийн үйл ажиллагааг орон даяар шуурхай хүргэх боломж өнөөхөндөө байхгүй. Энэ үүднээс асуудлыг харвал “яагаад заавал Төрийн банк гэж?” гэх асуултад давын өмнө хариулт олж болно.
“Хадгаламж” банкны харилцагчдын авч байсан үйлчилгээг өдөр алдахгүй үргэлжлүүлэх чадавхтай Төрийн банкинд үйл ажиллагаа шилжсэн нь иргэд, үйлчлүүлэгчдийн хувьд сандрал авчрахгүй гэсэн үг. Мөн хадгаламж эзэмшигчдийн хувьд хуримтлал нь эрсдэл, хорогдолгүйгээр Төрийн банк руу шилжиж байгаа нь банкны системийн хувьд цочрол үүсгэхгүй гэсэн баталгааг Монголбанк өгч буй. Энэхүү нөхцөл байдал нь банк, санхүүгийн салбарт цочрол өгөхгүй, харилцагчдыг үймүүлэхгүй байх хувилбараар асуудлыг шийдлээ гэсэн үнэлгээг Монголбанкинд авчирч байна. Монголбанк уг хувилбараар асуудлыг шийдвэрлэхийн тулд дөрвөн ч хувилбарыг дэвшүүлэн ярилцаж, эдгээрээсээ илүү дээрийг нь сонгосон гэж мэдэгдсэн. Бусад хувилбарууд нь юу байсныг мэдээлээгүй ч тэдгээр нь ямар арга замууд байсныг таамаглах боломжтой юм. Тухайлбал, шууд үйл ажиллагааг нь тасалан зогсоох буюу дампууруулах, худалдах, хадгаламжийн даатгалын сангаас хөрөнгө оруулалт татах, эсвэл өөр банкинд нэгтгэх гэсэн хувилбаруудыг хэлэлцсэн болов уу. Эдгээрээс хамгийн шуурхай, хохирол, цочрол хамгийн бага, улс төрийн нөлөө, үр дагавар багатайгаар хэрэгжүүлэх арга хэмжээ нь өөр банкинд нэгтгэх, тэр дундаа ижил төстэй үйл ажиллагаа бүхий Төрийн банкинд нэгтгэх хувилбар байсан гэж хэлж болохоор байгаа юм.
Энэ удаад сонгогдоогүй хувилбарууд яагаад муу байсан бэ гэдгийг ч төвөггүй таамаглаж болно. Хэрэв банкийг дампууруулсан бол харилцагч, хадгаламж эзэмшигчид хохирч, хохирлыг өмнөх гашуун туршлагуудын нэг адил татвар төлөгчдийн мөнгөнөөс төр барагдуулах байсан. Бас банкийг хэн нэгэнд худалдах болбол нөхцөл, шалгуур нь хүндээс гадна төвөгтэй, үүнээс болоод хугацаа алдах төдийгүй хэн худалдан авснаас шалтгаалаад улс төрийн нөлөөлөл үүсч, хардлага сэрдлэгэ гаарах байсан болов уу. Нөгөөтэйгүүр хадгаламжийн даатгалын сангаас мөнгө гаргах тохиолдолд зардал нь илүү өндөр тусахаар байсан гэдгийг Монголбанк мэдэгдэв. Эдгээр үндэслэлүүдийг тооцоолж үзвэл Монголбанкны энэ удаагийн алхам үйл явцын хувьд шуурхай, эрсдэл багатай, төвийг барьсан гэж хэлэх боломжтой юм. Үр дагаварт нь банк, санхүүгийн зээлд цочрол бага үүсч, харилцаг, хадгаламж эзэмшигчдийн хуримтлал “төрийн хамгаалалтад” очив. Хаа очиж энэ удаад хадгаламж эзэмшигчдийн мөнгө рүү банкны хувьцаа эзэмшигч хуруугаа дүрэхээс өмнө Монголбанк бодлогын арга хэмжээ авсан нь хорин жилийн туршлагад байгаагүй алхам гэж зарим ажиглагчид хэлж буй. Хадгаламж эзэмшигч, харилцагчид хөрөнгөөрөө хохирсны дараа холбогдох байгууллага нь асуудлыг илрүүлдэг, тэдний хохирлыг төр татвар төлөгчдийн мөнгөөр барагдуулдаг жишиг сүүлийн хорин жилд хөл алдсан банк бүр дээр давтагдаж байсан гэх.
Гэхдээ Монголбанкны хувьд “Хадгаламж” банкны үйл ажиллагаа, үзүүлэлт доголдож байгааг мэдэхийн дээдээр мэдэж, сүүлийн хоёр жилийн турш арга хэмжээ авч байсан юм бол хувьцаа эзэмшигч нь эх үүсвэрийг зориулалтын бусаар ашиглаж, зээл олгох хэвийн хэмжээ алдагдаж байгааг яагаад таслан зогсоогоогүй юм бол гэдэг асуулт олон хүнд төрж байна. Өнгөрсөн хугацаанд эх үүсвэр, эргэлтийн мөнгөөр дэмжиж байснаа Монголбанк нэгэнт мэдэгдсэн. Энэ хэрээрээ төв банкны зүгээс итгэл үзүүлж, найдвар тавьж байсан нь эцэстээ хувьцаа эзэмшигч Ш.Батхүүгийн бас бус хууль бус үйлдлээс болоод гор тасрахад хүрсэн гэх өмгөөллийг ч хэлэх нэгэн байна. “Хадгаламж” банкны өөрийн хөрөнгийг хэтрүүлэн зарцуулсан, 162 тэрбум төгрөгийн чанаргүй зээлийг хувийн компаниуддаа авсан зэрэг үйлдлийнхээ хариуцлагыг Ш.Батхүү хүлээх нь тодорхой. Уг чанаргүй зээлийг өр барагдуулах албандаа авч, эргэлтийн хөрөнгө болох 100 тэрбум төгрөгийг Төрийн банкинд нэмж олгох дараагийн арга хэмжээг Монголбанк хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа юм байна.
Банкны системийн хэмжээнд тавдугаарт бичигдэж байсан арилжааны банкны асуудлыг системийн хэмжээнд цочрол багатайгаар шийдвэрлэх оролдлогыг Монголбанкны өнөөгийн удирдлагууд амжилттай туршлаа гэж хэлж болохоор төлөв шийдвэр гарсны дараах өдөрт ажиглагдлаа. Гэхдээ ойрын нөлөө, үр дагавар нь цочроо багатай тусч байгаа ч холын төлөв юу байх нь хараахан тодорхойгүй. Энд басхүү онцлох ёстой нэг зүйл гэвэл бодлого, шийдвэр гаргагчид л гагцхүү сайн гэвэл эндүүрэл. Банк, санхүүгийн салбар чөлөөт зах зээлийн зарчмаар үүсч, хөгжсөн хорин жилийн түүхэнд банкуудаас гадна хэрэглэгч, үйлчлүүлэгчид шинэ төвшинд боловсорч байгааг “Хадгаламж” банкны жишээ харуулж байх шиг байна. Юу юугүй хадгаламжийн хүү өндөр амласан банк, хоршоо руу гүйхээ азнаж, юу юугүй зээл авахаар хошуурдагаа хазаарлаж, банкны сонгодог үйлчилгээ, өдөр тутмын хэрэгцээгээ харгалзан сонголт хийдэг харилцагчид олширсон байна. Бас нөгөөтэйгүүр банкны салбар дахь аливаа хөдөлгөөн өөрчлөлтөд хүлээцтэй байж, бодлого, шийдвэр гаргагчдад итгэл үзүүлэх хандлага хэрэглэгчдийн хүрээнд бий болсон байна. Энэ бол банк оршин тогтнох хамгийн гол үндэс итгэлцлийн нэг илрэл юм. Банк бол хувьцаа эзэмшигчийн хувийн хөрөнгө биш, харилцагч, үйлчлүүлэгчдийн мөнгө байдаг гэдгийг хэзээ ч хэн ч мартаж болохгүй гэдгийг л дээрх жишээ харууллаа.
DR. ADITY