Хууль санаачлах эрх зөвхөн дарга нарт бус иргэдэд ирэх хуулийн төсөл яригдаж байна
Иргэдийн оролцоог жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэх боломжийг нээж өгөх нэгэн хуулийн төсөл ид боловсруулагдаж байгаа талаар мэдээлэл гарах болсон. Энэ талаар уг хуулийн төсөл дээр ажиллаж буй “Иргэдийн оролцоо” төслийн зохицуулагч хууль зүйн ухааны доктор Д.Сүнжид, хуулийн ажлын хэсгийн гишүүн Х.Номингэрэл нартай ярилцлаа.
-Иргэдийн санаачилга, оролцоо гэж их ярих болсон ч үнэндээ манайд хэрэгжиж байгаа хуулиудаар иргэдийн үзэл бодол, санаа санаачилга хэрэгжих боломж үгүй гэх нь бий. Өөрөөр хэлбэл иргэний гаргасан санаачилга дарга нарын зүгээс дэмжлэг хүлээхгүй бол цааш явах ямар ч боломжгүй. Харин та бүхний ажиллаж буй энэ хуулийн төсөл энэ бүхнийг өөрчлөх боломжтой гэх юм. Энэ үнэн үү?
Д.С: -Манай улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиудад иргэний оролцоо, санаачилгын талаар ямар нэг байдлаар дурдаж, агуулгад нь янз бүрийн байдлаар тусгасан байдаг ч эцсийн мөчид дарга, эрх мэдэлтний зүгээс алхам хийж түүнийг нь дэмжихгүй л бол шийдвэрт хүрэх боломжгүй тогтолцоотой хэвээр байна.
Нөгөө талаар төрд итгэх иргэдийн итгэл 25 жил байгаагүйгээр буурсан байгааг Сант марал сангийн зэрэг судалгаанууд харуулж байна. Иргэдийн улс төрийн үзэл бодлыг нэгтгэн төлөөлөх, улс төрийн эрхийг нь төлөөлөн хэрэгжүүлэх гол институт болох намд итгэх итгэл мөн их муу байгаа. Дээрх судалгаагаар иргэдийн ихэнх нь улс төрийн намууд олон түмний санаа бодлыг илэрхийлж чадахгүй байна, ер нь намуудын хэргээ гаргахгүй байна гэж үзжээ. Энэ нь цаашид төр, иргэнийг холбох, төрөөс гарч буй шийдвэрийг амьдруулах механизм бий болгох, эрэлхийлэх шаардлагыг үүсгэж байна.
Харин Ерөнхийлөгчийн өргөн барих гэж буй энэ хуулийн төсөлд тусгаснаар иргэдийн санаалчлага төрийн шийдвэр болох, тусгагдах боломж илүү бодитой болох юм. Иргэд УИХ-ын болон ИТХ-ын хуралдаанаар ямар асуудлыг хэлэлцүүлэх талаар дуу хоолойгоо илэрхийлэх эрхтэй болно. Мөн ард нийтийн санал асуулга, орон нутгийн санал асуулгыг явуулья гэж санаачилж болохоос гадна Үндсэн хуульд заасан гурван хууль санаачлагчид иргэд тодорхой хуулийн төсөл, саналаа хэрхэн уламжлахыг тодорхой болгоно. Энэ хуулиар дээр дурдсан үндсэн гурван асуудлыг зохицуулах юм.
-Өмнө хэзээ ч байгаагүй асуудлуудыг зохицуулахаар яригдаж байгаа болохоор санаанд багтахгүй байна л даа. Тиймээс нэг бүрчлэн тайлбар авах нь зөв байх. Иргэдийн чухал гэж үзсэн хууль намар, хаврын чуулган дамнан хойшлогдож, төдийлөн ач холбогдолтой биш санагдах хуулиуд батлагдаад явчихдаг. Тэгэхээр энэ хуулийг хэлэлцэж өгөөч гэсэн санаачилга гаргаж болох нь ээ, хүлээж авахгүй байвал яах вэ?
Х.Н: -Манайд иргэд орон нутгийнхаа иргэдийн төлөөлөгчдийн хуралд, УИХ-ын гишүүддээ аливаа нэгэн хуулийг баталж өгөх талаар санал хүсэлтээ хүргүүлдэг ч тэр нь заавал асуудал болж орох, хэлэлцэгдэх эсэх нь ерөнхий Өргөдөл гомдлыг хүлээж авч шийдвэрлэдэг явцтай адилхан. Харин энэ хуулийн төслөөр иргэд хоорондоо саналаа нэгтгэж, УИХ-д бол сонгуулийн эрх бүхий 20 мянган иргэн 90 хоногийн хугацаанд, ИТХ-д тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн сонгуулийн эрх бүхий нийт иргэний 1 хувьтай тэнцэх тооны иргэд гарын үсгээ 45 хоногийн дотор цуглуулсан тохиолдолд УИХ, ИТХ-аас тухайн хууль, асуудлыг чуулган, хурлын хуралдааны дэгийнхээ дагуу заавал хэлэлцэж шийдвэрлэх байдлаар зохицуулсан. Харин хэрхэн шийдвэрлэх нь УИХ-ын өөрийнх нь бүрэн эрхийн асуудал байх юм.
-Тэгэхээр өнгөрсөн намаржин иргэд сошиалаар шуугиж, нийгмийн шаардлага гэж тайлбарлаж байсан Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийг хэлэлцэх ёстой талаар албан ёсны зохион байгуулалтад орж, хүсэлтээ уламжилж болохоор болох нь ээ?
-Тийм ээ, жишээ нь, Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийн төсөл Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн. Тиймээс иргэдээс энэ намрын чуулганаар зайлшгүй хэлэлцэх хэрэгтэй байна гэдэг дээр санаачилга гаргаж, УИХ-д хэлэлцүүлэх эрхтэй болно гэсэн үг. Гарын үсгээ зураад байр сууриа илэрхийлээд эхлэхээр ямартай ч иргэд маань энэ хуулийг хүсч байна, нийгмийн эрэлт хэрэгцээ байна гэдэг дээр хууль тогтоогчдод мэдээлэл очиж, хууль тогтоогчдын нүд чихийг нээх албан ёсны сэрүүлэг болж байна гэж ойлгож болно. Харин аль нэг хууль санаачлагчаас УИХ-д албан ёсоор өргөн мэдүүлээгүй хуулийн тухайд бол иргэд энэ УИХ-ын чуулганы хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд оруулах санаачилга гаргах боломжгүй. Энэ зөвхөн өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн тухайд боломжтой зохицуулалт. Харин хэн ч УИХ-д өргөн мэдүүлээгүй хуулийн төслийн санал байгаа бол иргэд дараагийн нэг механизм болох 5000 иргэн хамтраад хуулийн төслийн тухай саналаа хууль санаачлагчдад уламжлах эрхээ хэрэгжүүлэх боломжтой.
-Ард нийтийн санал асуулга явуулах хууль манайд батлагдсан байдаг ч нэг ч удаа хэрэглэж байгаагүй гэдэг. Гэтэл иргэдийн дунд ямар нэг асуудлаар санал асуулга явуулах ёстой гэсэн яриа гарсаар л байдаг. Тухайлбал, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёстой, үгүй гэсэн маргаан хууль тогтоогчдын дунд ч байдаг. Тэгэхээр иргэд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэх дээр санал асуулга явуулья гэвэл ямар үе шатыг туулах вэ?
Д.С:-Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуулийг 1995 онд анх баталж, 2016 онд засч сайжруулсан ч нэг ч удаа хэрэглэж байгаагүй гэдэг нь эргээд тэр шийдвэрийг хууль санаачлах гурван эрх бүхий этгээдээс буюу дээрээс санаачилдаг тогтолцоотой холбоотой. Энэ хугацаанд иргэдийн дунд энэ ч асуудлыг тэр ч асуудлыг ард нийтийн санал асуулгаар шийдчихдэг бол гэсэн яриа гардаг л байсан. Гэвч нэг ч удаа зохион байгуулж байсангүй. Харин энэ хуулийн төслөөр дээрээс санаачлахаас гадна иргэдээс санал санаачилга гаргах боломжийг хангаж өгч байна. Иргэд чухал гэж үзсэн, орон нутагт нь тулгамдсан, үндэсний хэмжээнд тулгамдсан шийдвэрлүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа асуудлаар санал асуулга явуулья хэмээн санаачилж болно. Үндсэн хууль дээр гэхэд өөрчлөх эсэх эсвэл яг энэ заалт дээр өөрчилмөөр байна гэж санаачилгыг эхлүүлж болно. Гэхдээ нарийн шалгуур, үйл явцыг хангах шаардлагатай. Эхлээд санаачлагчдын бүлгээ байгуулаад, бид ийм зорилготой, энэ хуулийн ийм зүйл заалтыг ард нийтийн санал асуулгаар ингэж өөрчлөх хүсэлтэй байна гэдгээ яг хуулийн төсөл яаж бичигддэг тэр стандартаар гаргана. Зүгээр санаа гаргаад яваад байх биш, хуулийн төсөл яаж бичигддэг тэр жишгээр боловсруулаад, СЕХ-нд бүртгүүлж гарын үсэг цуглуулж эхэлнэ гэдгээ зарлуулна. ХЗЯ-аар хянуулна. Орон нутгийн санал асуулга явуулахаар иргэдээс санаачилсан тохиолдолд ч тодорхой шаардлагууд бий. Санал асуулга явуулах иргэдийн санаачлагыг дэмжиж улсын хэмжээнд сонгуулийн эрх бүхий иргэдийн 4 хувьтай тэнцэх тооны гарын үсгийг зургаан сарын хугацаанд, орон нутгийн хэмжээнд тухайн орон нутгийн сонгуулийн эрх бүхий иргэдийн 2 хувьтай тэнцэх тооны иргэдийн гарын үсгийг гурван сарын дотор цуглуулсан тохиолдолд санал асуулга явуулах шийдвэрийг холбогдох төрийн байгууллагаас гаргана гэж байгаа. Хэрэв Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар санал асуулга явуулах бол сонгуулийн эрх бүхий иргэдийн 8 хувьтай тэнцэх тооны гарын үсгийг 12 сарын хугацаанд цуглуулсан тохиолдолд санал асуулга явуулах шийдвэрийг гаргана гэж заасан байгаа.
-Шалгуур нэлээд өндөр байна гэж хэллээ. Мэдээж хэдэн хүн нийлээд хүссэн хуульдаа өөрчлөлт оруулахаар, дурын асуудлаар санал асуулга явуулаад байхгүй байх л даа...
Х.Н:-Санал асуулга явуулахдаа ийм ийм асуудлаар боломжгүй гэдгийг нэлээд нарийн гаргаж өгч байгаа. Улсын бүрэн эрхэт байдал, төсөв, батлан хамгаалах, татвар бууруулах, өршөөл болон уучлал үзүүлэх, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарь, хилийн цэс өөрчлөх асуудлыг өөрчилнө гэж иргэд санал гаргах эрхгүй. Тэгэхгүй бол энэ аймаг сумын иргэд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарийг ингэж өөрчилнө гээд санал асуулга явуулж, тэнд ч нөгөө талд зөрүүлж гаргаад асуудал үүсч болно. Тиймээс санал гаргахгүй хүрээг нарийн тогтоож өгсөн байгаа. Нөгөө талаар энэ үйл явц тодорхой хугацаанд тодорхой шалгуураар үргэлжилж, тодорхой цаг, зардал гарна. Санаачилгын бүлэг буюу санаачлагыг эхлүүлж байгаа бүлэг хүмүүс өөрсдөө тухайн зардлаа даах учиртай. Тэр олон хүнд саналаа хүргэж, тэр бүх хүмүүсийнхээ гарын үсгийг авахад тодорхой хөлс хүч, хөрөнгө мөнгө ч зарцуулагдана. Бас хуульд заасан хугацаандаа хүмүүсийнхээ гарын үсгийг авч чадахгүй бол зогсоох болно. Нөгөө талаар санал асуулгаар нэгэнт шийдчихсэн асуудлаар дахин дахин санал асуулга явуулахгүй байхаар зохицуулж байгаа.
-Хэрэв иргэдийн санал асуулга явуулах гэсэн санаачилга амжилтад хүрч, хуульд заасан хугацаанд гарын үсгүүдээ цуглуулж чадсан бол үйл явдал хэрхэн үргэлжлэх вэ?
-Нэгэнт иргэдийн санаачилга бодит болоод ороод ирж байхад УИХ хуралдаж шийдвэр гаргах ёстой болно. Дор хаяж зургаан сарын хугацаанд санал асуулгын талаараа олон нийтэд мэдээлэл хүргэх боломжийг гаргах ёстой. Иргэний танхимуудыг ашиглах, олон нийтийн телевиз, радиогоор мэдээллээ хүргэх гээд төр өөрт байгаа боломжоороо санал асуулгын агуулгын талаар иргэдэд мэдээлэл өгөх ёстой. Нөгөө талаас иргэдийн гаргасан аливаа саналыг төр бодлогоороо дэмжихгүй байх талтай. Төсөвт хүндрэл учрах ч юм уу, ямар нэг байдлаар төрийн бодлого тухайн асуудалтай нэгдмэл биш байхад хоёр тал өөрсдийн байр сууриа тэнцвэртэй гаргаж мэдээлэл тараана. Тэгэхээр аль аль тал нь өөрсдийн байр сууриа хамгаална, эцсийн бүлэгт тал бүрийн мэдээлэл авсан иргэд саналаа өгөх боломж гарч байгаа нь чухал юм.
-Санал асуулга явуулахаар боллоо гэхэд хэдийд хийх вэ. Бусад сонгуулиудтай хамтран хийх үү?
Д.С:-Ард нийтийн санал асуулгыг хуулийн төсөлд заасанчлан Сонгуулийн ерөнхий хороо зохион байгуулна. Ерөнхийдөө УИХ, Ерөнхийлөгч, ИТХ-ын ээлжит сонгуультай хугацааны хувьд ойр байгаа бол хамтран зохион байгуулж, хугацаа хол байвал тусад нь зохион байгуулна гээд хуульд нарийн заагаад өгч байгаа.
Хуулийн төсөлд иргэдээс санаачлагаа бүртгүүлэх, санал асуулгыг товлох, зарлаж мэдээлэх, зохион байгуулах үе шат, журмыг улсын болон орон нутгийн түвшинд ялгаатай тодорхойлж нарийвчлан зааж өгч байгаа. Санал асуулгыг иргэд биечлэн санал өгөхөөс гадна шуудан, цахим хэлбэрээр өгөх боломжийг судалж, оруулж байгаа. Үүнтэй зэрэгцээд манай шуудангийн салбар ч илүүтэй хөгжих боломж байна гэж ажлын хэсэгт ажиллаж байгаа бид харж байна.
Нөгөө талаас ард нийтийн санал асуулга санаачлах бол иргэдийн талаас цаг, мөнгө, ажил их зарцуулах хувилбар учир наана нь бусад арай хялбар механизм болох өргөн мэдүүлсэн хууль байвал чуулганаар хэлэлцүүлэх санал гаргах, эсвэл шинэ төслийг хууль санаачлагчид уламжлахыг хэрэглэх боломжтой. Хэрэв үнэхээр энэ хоёр санаачилга нь амжилтанд хүрэхгүй тохиолдолд ард нийтийн санал асуулга санаачлах эрхийг хэрэгжүүлэх боломжтой.
-Та бүхний ажиллаж байгаа энэ хуулиар УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газраас гадна хууль санаачлах эрх ард иргэдэд ирэх юм уу?
-Шууд тэгж ойлгож болохгүй. Үндсэн хуульд зааснаар УИХ-ын гишүүн, Засгийн газар, Ерөнхийлөгч хууль санаачлах эрхтэй бөгөөд энэ хуулийн төслөөр тодорхой хуулийн төслийн саналаа иргэд уламжлах харилцааг илүү тодорхой, ойлгомжтой зохицуулж байгаа юм. Одоо бол иргэд тойргоос сонгосон гишүүддээ эсвэл өөр хууль санаачлагчид энэ хуульд ийм өөрчлөлт оруулмаар байна, ийм хууль батлуулах хэрэгтэй байна гэж уламжилдаг ч тэрийг нь авч үзэх эсэх нь гишүүний үзэмжийн асуудал байдаг. Харин энэ асуудлыг нарийвчлан хуульчилснаар байдал өөрчлөгдөнө. Нийт гурван сарын хугацаанд 5000 хүн гарын үсгээ зурж, СЕХ-гоор шалгуулаад бэлэн боллоо гэхэд УИХ-ын гишүүнд эсвэл Засгийн газар, Ерөнхийлөгчид уламжилж хүргүүлэх юм. Ингээд ирсэн хуулийн төслийн саналыг албан ёсоор санаачлаад явж болно, хэрвээ хууль санаачлагч үгүй гэж байвал үүнийгээ олон нийтэд үндэслэлтэйгээр тайлбарлах ёстой болно.
-Энэ хууль батлагдах нь ямар, ямар сайн тал дагуулахыг дүгнээд хэлж өгнө үү?
Х.Н: -Энэ хууль үндсэндээ иргэдийн Үндсэн хуульд үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх, сонгуулиар сонгосон төлөөлөгчөөрөө дамжуулах улс төрийн эрхээ бодитойгоор хэрэгжүүлэх хууль зүйн бас нэг баталгааг бий болгох юм.
Иргэд хуулийн төслийн талаарх саналаа хууль санаачлагчид уламжлах, УИХ эсвэл ИТХ-аараа өөрсдийн асуудлуудаа хэлэлцүүлэх, бүүр болохгүй бол ард нийтийн эсвэл орон нутгийн санал асуулга явуулах замаар иргэд өөрсдийн дуу хоолойг төрд, төлөөллийн байгууллагуудад хүргэх боломжийг бий болгож байгаа юм.
Мэдээж аль ч тохиолдолд иргэд хуулийн хугацаандаа багтаж тодорхой тооны гарын үсгээ цуглуулж чадаагүй амжилтад хүрэлгүй үлдэж болно. Гэхдээ тухайн сэдвээр нийгэм даяар хэлэлцүүлэг өрнүүлснээр магадгүй иргэдийн хүсэл эрмэлзэл ийм байна гэдгийг хууль санаачлагчид анхааралдаа авах боломжтой. Бид бас энэ хуулийн гол ач холбогдол үүнд байх болов уу гэж харж байгаа. Заавал санал асуулга болж эцсийн шат хүртлээ явалгүй иргэд өөрсдийн төлөөлөгчидтөйгөө ойлголцох, зөвшилцөх байдлаар асуудлыг шийдэх боломж нээгдэнэ гэж бид харж байгаа.
Цаашлаад иргэд өөрсдийнхөө санаачилсан шийдвэр гаргах үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, тэр хэмжээгээрээ иргэний боловсрол дээшилж, асуудлыг шийдвэрлэхэд нухацтай хандах, нийтийн ашиг сонирхлын төлөө санаа тавих байдал сайжрах учиртай. Иргэдийн санаачилга, санал асуулгын үр дүн нь хууль зүйн үр дагавар бүхий албан ёсны шийдвэрээр баталгаажих болно. Хамгийн гол нь зөвхөн төрийн байгууллагын санаачилгаар буюу дээрээс доош чиглэсэн байдлаар бус иргэдийнхээ санаачилгаар дороос дээш чиглэх урсгал бий болж байгаагаараа чухал.