-Газрын баялаг байхад өөр юугаа хийх вэ гэсэн өөгшил хаа сайгүй газар авснаас гайгүйхэн шиг хөлөө олж байсан салбарууд бодлогогүй хаягдсаны гороор өнөөдөр гадаадын бадарчин, жуулчдыг татаж, валютын орлого олдог нэг эх үүсвэр юу юугүй хаагдах дөхөж байна-

Монголыг чиглэх гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж, эсвэл буурч байгаа талаарх яриа эцсийн дүндээ уул уурхайн салбарын өсөлт, уналтыг л илэрхийлэх болов. Харин бидний мөнгөний хэмжээг нэмж, хасч шоглох тэрхүү уул уурхайн салбар нь үйлдвэрлэл гэхээс илүүтэй хүй нэгдлийн үеийнх гэмээр хэт болхи загвартай. Газрын хөрснөөс эрдсийн хуримтлалыг ил гаргах, эцэст нь түүхийгээр нь хил давуулан худалдах төдий хөгжлийн шатанд яваа энэ салбар эдийн засгийн ганц тулгуур нь болчихоод буй. Ганц хөлтэй ийм эдийн засаг хэтэрхий эмзэг учраас олон бүтэцтэй болгон солонгоруулж, шинэ салбаруудыг хөгжүүлэх тухай төрийн томчууд ярих боловч шинэ нь мэндлэх битгий хэл хуучин нь нүд анисаар. Уул уурхайн халууралтай зэрэгцэн улам бүр нүд аньж яваа тийм салбаруудын нэг нь аялал жуулчлал.

Эх газрын эрс тэс уур амьсгалтай, онгон дагшин байгальтай Монгол оронд Азийн Швейцарь гэдэг “цаасан малгай” тохож, гадаадаас ирэх жуулчдын тоог эдийн засгийн өсөлт болгон хөөргөж явсан 2000 оны эхэн үе ард хоцорчээ. Сонины цаасаар хийсэн малгай төдөлгүй хийсч, “Монгол Улс бол Азийн Кувейт”, агуу их баялагтай, одоохон бид хөгжлөөрөө Арабыг ардаа орхиж, хүн ам маань катарчууд шиг ажил хийхгүйгээр ам тосдох болно гэсэн сэрчихгүй бол сайхан зүүдээр хооллох болсон юм.

Анхнаасаа л ямар нэг мөрөөдлөөр чигээ тогтоож, социализмаас коммунизмд хүрэх гэж хөглөснийхөө шанг мартчихаад Азийн бар, Азийн Швейцарь, Азийн Кувейт болох гэж ярьж явсаар өнөөдөр  юу ч үгүй, “Чингисийн Монгол”-оос өөр наачих шошгогүй үлдсэн нь энэ. Архи, ундаа, хивс, онгоцны буудал, төв талбай, төрийн ордон гээд “шошголж” болох бүхнээ “Чингис” гэж нэрлэж дуусаад сүүлдээ газрын баялгаа барьцаалж авсан зээлээ тийн нэрийдэж санаа амарсан.  

Газрын баялаг байхад өөр юугаа хийх вэ гэсэн өөгшил хаа сайгүй газар авснаас гайгүйхэн шиг хөлөө олж байсан салбарууд бодлогогүй хаягдсаны гороор өнөөдөр гадаадын хөрөнгө оруулагчаа байг гэхэд гадаадын бадарчин, жуулчдыг татаж, валютын орлого олдог байсан нэг эх үүсвэр юу юугүй хаагдах дөхөж байна. Аялал жуулчлалын компани, тур операторууд захиалга олж авах гэж өрсөлдөн үнээ унагасаар нийт салбарын үнэ цэнэ гэж зүйл шалдаа бууж буй юм байх. Энэ бол уг салбарт олон жил ажилласан гайд-мэргэжилтний үг юм. Нэг зах зээл дээр ижил төстэй үйлчилгээ эрхэлж буй компаниуд үгсч тохирон үнээ хөдөлгөхгүй байж болох ч эсрэгээрээ үнэ, хөлсөө унагаж байж өрсөлддөг нь юуных вэ?

Үүнд мэдээж олон шалтгаан байгаа ч аялал, жуулчлал үүнээс цааш хөгжих үнэ цэнэтэй зүйл алга байгаа нь л асуудлын гол болов уу. Монголд жуулчид таван одтой буудал тухлах, далайн эрэгт амрах, брэнд хайж шопинг хийх гэж ирдэггүй нь лав. Нүүдэлчин ахуй, монголчуудын ёс заншилтай танилцах, онгон байгалийг нь үзэх гэсэн өвөрмөц сонирхолтой аялагчид л ирэхээс биш дээрх нийтлэг хэрэгцээтэй хэсэг нь наашаа зүглэх шаардлага байхгүй юм. Тэгвэл Монгол орон, нүүдэлчдийн ахуй соёл, түүх, заншлыг илтгэх үзвэр, цогцолбор, үнэ цэнэтэй гэхээр юм юу байна? АПУ-тай газрын маргаантай яваа Богд хааны ордны нурах дөхсөн барилга, тал талаасаа шилэн байшинд шахуулсан Чойжин ламын сүм, Гандан хийд, Байгалийн түүхий музей, хотоос гарвал хаа байсан Хархорин, Хамарын хийд, за тэгээд Цонжин болдог хүрэх юм биз дээ. Тэгээд энүүхнийг үзэх гэж газрын холоос онгоц, эсвэл галт тэрэг хөлөглөн ирсэн жуулчин сэтгэл ханамжийн баталгаа хэдэн хувьтай буцдаг бол? Хөвсгөл, Хүйтний оргил, Потанины мөсөн гол, Мэнэнгийн тал, говийн Их, Бага, Дархан цаазат газар, Улаан цутгалан, Хоргын тогоо, Уран уул гэх зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудаар аялуулж болох ч дэд бүтэц, үйлчилгээ нь юусан билээ. Орон нутгийн нислэг үйлддэг хувийн авиа компаниуд ад шоо үзэгдсээр байгаад дампуурах дөхөж байгаа. Дараа жил ирэхэд нь дампуурчихсан байх биз... Ингээд энэ удаад Хөвсгөл, замаараа Хоргын тогоо дайраад гарсан жуулчин дараа жил ирж, Шилийн Богд, Алтан Овоо, Мэнэнгийн тал үзэх төлөвлөгөө замхрах тийшээ хандлаа... Аялал жуулчлалын компаниуд амлаж болно л доо, автомашинаар аваад явж болно. Гэхдээ хоног, хугацаа алдахын хэрээр зардал нэмэгдэх учраас жуулчдад нэг их сонингүй л болов уу. Энэ бол амьдрал дээр байгаа бодит бэрхшээл.



Аялал жуулчлалаас валют олоод эдийн засгаа өөд нь татахаа байг гэхэд энэ салбараар дамжуулан Монголыг гадаад ертөнцөд сурталчлах, ойлгон таниулах нь гадаад харилцаанд чухал нөлөөтэй стратеги юм. Энэ үүднээс нь гадаадын жуулчдыг урин дуудаж, өөрсдийнхөө өв хөмрөг, үүх түүх, өнгөрсөн, өдгөөгөө үзүүлж таниулах нь чухал. Гэтэл энэ салбар дахь төрийн бодлого, зохицуулалт гэж юу байдгийг сонирхвол гадаадын хоёр байгууллагын тээр жил хийж өгсөн мастер төлөвлөгөөнөөс өөр зүйл алга. Одоо бол бүхэл бүтэн яамтай, сайдтай болсон салбар мастер төлөвлөгөөнөөс илүүг хийх байлгүй гэж найдъя.

Уг нь Монголд бизнес хийж ашгаа хуваая гэж ирдэг гадаадын хөрөнгө оруулагчдаас илүү үнэ хүндтэй хүмүүс бол Монголыг үзээд мөнгөө төлөөд явъя гэдэг сэтгэлтэй аялан жуулчлагчид юм. Тэднийг урьж залах битгий хэл урилгагүй ирсний чинь хохь гэсэн шиг араас нь хаалгаа саваад үлддэг муухай араншингийн маань нэг илрэл нь төрийн өмчийн музей, үзэсгэлэнгийн ялгавартай үнэ тариф. Хувийн хэвшлийнхний нэр нүүр, хичээл зүтгэлээр Монголыг зорьж ирсэн хэдэн жуулчинд тэр үзмэрүүдээ дэлгэхгүй юм бол өөр хэнд гэж хадгалдгийг нь үл ойлгоно. Монгол хүнд 1000 төгрөгөөр үйлчлэх боловч тэрийг нь үнэгүй байсан ч үзээд өгье гэх монгол хүн ховор. Тэгсэн атлаа газрын холоос зорьж ирсэн жуулчинд өнөөх тасалбараа арав, хорин ам.доллараар үнэлнэ. Биднийг гадаадад аялж, зугаалж, нүд тайлж авахад "Өө энэ гадаад хүн байна" гээд илүү төлбөр нэхдэггүй. Гэтэл манайд эсрэгээрээ соёл, аялал жуулчлал гээд монголоо таниулах цөөхөн хэдэн салбар нь дэндүү алагчлалтай. Зундаа ганц жуулчдад үйлчилдэг гэх урлагийн тоглолтууд нь мөн л монгол хүн биш бол илүү үнэ санал болгосон хэвээр. Үнэгүйгээр нь "Батаар"-ыг үзүүлж болно л доо... Бодлого нь тийм хойно. Ер нь маркетинг, менежмэнт байхгүй, байгаа бол тэр нь жуулчдыг татах биш, түлхэхэд чиглэсэн энэ салбарыг тэгээд хөгжүүлэх юм уу, яах юм?!