Египетчүүд 2013.07.03 гэдэг түүхэн тэмдэглэлт нэг өдөртэй болоод авлаа. Хожим хэрхэн тэмдэглэхийг бүү мэд? Тэмдэглэх үү, үгүй юү гэдгийг тус улсад ажиллаж амьдарч, эрх биш гадарлах болсон хүний хувьд би энэ түүхт өдөрт нь үнэлэлт дүгнэлт өгч байна. Нийгмээ хэтэрхий ихээр лалжуулах гэсний л үр дүн шүү дээ. Лаллаг улс төрчид Египетэд толгойгоо өндийлгөхөд гол ташуур өгсөн нь мэдээж Арабын хавар, гол нь парламентын сонгуулиар Лалын ахан дүүс ялсан явдал. Парламентын сонгуулийн дараа Ерөнхийлөгчийн сонгууль зарласан. Лалын ахан дүүс-ийн төлөөлөгч Мухаммед Мурси ялахад хоёр хүчин зүйл нөлөөлсөн гэж үзэж болно. Үүнд:

  1. Лалын сургааль, үзэл номлол дээр суурилсан шударга нийгэм байгуулагдана, авилга хээл хахууль, эрх мэдлээ хэтрүүлэх явдал арилна гэсэн итгэлтэй сая сая консерватив үзэлтнүүдэд Мурси энхийн цагаан тагтаа шиг харагдсан.
  2. Либерал үзэлтэй сая сая хүн сонгуулийг бойкотолсон, учир нь исламист Мурсийн өрсөлдөгч нь очиж очиж Мубаракийн дэглэмийн төлөөлөгч генерал Ахмед Шафик байх гэж үү хэмээн гомдсон, ундууцсан, зэвүүцсэн сая  сая хүн сонгуулийн өдөр гэрээсээ гараагүй.
Ийм хүчин зүйлүүдээр исламист нь өчүүхэн зөрүүгээр ялсан бa сонгуулийн кампанийхаа явцад тэрээр жинхэнэ ардчилагч байна, бүх египетчүүдийн Ерөнхийлөгч байна, ард түмэн шаардвал би албан тушаалаасаа сайн дураараа татгалзана гэх зэргээр амлаж гарч ирсэн.

Лалын ахан дүүс парламентын ба Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр ялалт байгуулагцмаа Египетийн секуляр нийгмийг (шашинжихгүй хөгжих) хоёр хуваасан. Хуваагдлын цаана хамгийн том аюул бугшсан. Улс үндэстнээ аврах уу, лалын шашнаа мандуулах уу гэдэг асуудал босч ирсэн. Тэд арми, парламент, шүүх засаглалыг гартаа атгахыг зорьж, хэдхэн сарын дотор Мурсид бүх эрх мэдэл төвлөрсөн ба цэргийн цолноос бусад дээр Мубарактай адил бас нэг дарангуйлагч болж хувирсан. Мурси армийнхныг айлгачихна, эсвэл худалдаад авчихна гэж гэнэнээр төсөөлсөн нь нэг том алдаа. Ерөнхийлөгчдөө үнэнч байх чанарыг цэргийнхнээс худалдаж авч чадаагүй. Ингэмэгцээ Аюулгүй байдлын үндэсний зөвлөл гэж тусдаа нэг бүтэц буй болгохыг санал болгож армийг сөргүүлэхээр завдан байв. Арми өөрийн цэргийн сургуулиудаа Лалын ахан дүүс-ийнхэнд нээсэн, суралцах эрх өгсөн, гэвч сул тавьчихаагүй. Цэргийн тагнуулын байгууллагыг гартаа авах гэхэд нь цэргийнхэн Мурсид зөвшөөрөөгүй. Шийдвэртэйгээр үгүй гэж хариулсан. Арми бол үл хөдлөх хөрөнгө, үйлдвэрүүд, аэрпорт, усан боомт, супер их дэлгүүр, банкны маш их  актив гээд үнэхээр аварга том санхүүгийн бүтэцтэй. Тэгвэл Мурсид До яам, цагдаагаас өөр хүч байхгүй. Цэргийн аж үйлдвэрийн салбарын орлогыг Лалын ахан дүүс-ийнхэн авах гээд чадаагүй. Суэцын сувагт техникийн хяналт тавина гэж лалынхан хөөрцөглөхөд арми саад учруулсан.

Лалын ахан дүүс ба салафитуудын хамтран боловсруулсан Үндсэн хуулийн төслийг авч үзвэл шашны догмаар сууриа хийсэн, лалынхан эрх мэдлээ байнга бэхжүүлж, мөнхөд оршиж байх тухай хөтөлбөр аятай болсон байв. Тэд олонхиороо хүч түрэн батлаж амжаагүй нь нэн сайн. Сөрөг үзэл бодолтой улс төрчид, нийгмийн зүтгэлтэн, сэтгүүлчдийг хяхаж хавчиж, ард түмнээс сонгогдсон байлаа ч тийм улс төрчдийг гишгэх газаргүй болгохоор завдсан нь Лалын ахан дүүс-ийн гол алдаа байлаа. Шашны гэмээр, нийгмээ гайхшруулсан, этгээд марзан олон ажил тэд сэдсэн дээ.



Ардын Хурлын чуулганы хуралдааны дундуур хурлын дэг зөрчин шашны мөргөлийн дуу унзад хоолойгоор шүлэглэн удтал дуулсан хэрэг мандуулсан. АНУ-ын 1.3 тэрбум ам.долларын тусламжаас татгалзахыг уриалсан мэдэгдлийг өөрийн номлогч Мохаммед Хассан гэдгээрээ дамжуулан хийлгэсэн. Түүний хэлснээр АНУ бус Аллах Египетэд тусалсаар ирсэн болж таарав. Аялал жуулчлал хөгжсөн, хоёр далайн эрэгт байрлах Египетэд усанд орох наран шарлагын газруудыг эр, эм гэж хуваав. Архи дарсны худалдааг тас хорив. Гэр бүлийн хоёр гэж батлахгүй л бол эр эмээрээ зочид буудалд байрлах эрхгүй болов. Эмэгтэйчүүд ба христианчуудыг удирдах ба төрийн албанд ажиллуулахгүй байх, христианчуудыг татвараар дарамтлан эх орноос нь явуулах буюу эсвэл мусульман болгох, лалын үнэт зүйлс, лалын соёлтой харшилж байгаа тул эртний фараоны үеийн урлагийн бүтээл, хөшөө дурсгал, уран баримлыг хаах буюу нураах санал дэвшүүлэв. Христосын олон сүмийг эзлэн авч мечеть, эмнэлэг нүүлгэн байрлуулав. Египетийн ТВ-ээр олон ангит цуврал кино гаргахгүй, банзал өмссөн, даашинз өмссөн эмэгтэйг ТВ-ээр харуулах ёсгүй болж таарав.

Францын нэг судлаачийн ажигласнаар, шашны консерватизмаа орчин үеийн эдийн засгийн бүтэцтэй хэрхэн холбох талаар Лалын ахан дүүс-ийнхэнд эдийн засгийн программ, удирдлагын арга барил гэж огт байхгүй байж ирсэнд гол алдаа нь оршиж байв. Эдийн засаг цэцэглээд лалжилт нь давхар явагдсан бол ардчиллыг түр хойшлуулж болохсон. Гэтэл тэгээгүй, коран судар, хадисын зохиолуудыг нэвт мэдлээ гээд египетчүүд ядуурал руугаа бүр гулссан.

Шашнаар дарамтлан нийгмээ талцуулсны гайгаар Лалын ахан дүүс-ийн нэр хүнд унасан. Мурси болон бусад улс төрч исламистууд лидер байх чадвараа алдсан.  Ер нь ямар арга барилаар улс орноо удирдаж байгаагаа ч мэдэхээ больсон. Залгуулаад эдийн засаг, нийгэм нь дампуурсан. Ардчилсан сонгууль явуулаад амьдрал сайжирна гэсэн нь баларсан. Оршин байх, өдөр хоногийг өнгөрөөх хэлбэрээр нийгэм нь, хүн ам нь 2 жил тарчиллаа. Ирээдүйн тухай төсөөлөл бүдэг бадаг, баргар. Макро эдийн засгийн гол бааз үзүүлэлтүүд бүгд хасах заав. Улсын өр, төсвийн алдагдал, инфляц, ажилгүйдэл огцом өсөв. Хямрал нүүрлэмэгц Мурси эдийн засгийг төрийн хатуу зохицуулалтаар хөгжүүлнэ гэж үзэв. Сулхан эдийн засагт хатуухан гар оруулчихвал үр дүн гарна гэж тооцов. Эсрэгээр шатахуун, эрчим хүч, ус, гурил, талх гамбирны үнэ өсөв. Алтан валютын нөөц нь экспорт, өсөлтөөс бүрдээд байж болдог байсан бол одоо тэр нь Персийн булангийн баян хаант улсуудаас өгдөг эдийн засгийн тусламжаас бүрддэг болов. Хэдий ядарсан ч Ливи Египетэд тусалдаг болов.

Америкийн Foreign Policy сэтгүүлд сөрөг хүчний нэг лидер эль-Барадейн илгээсэн нийтлэлээс хэдхэн тоо баримтыг эшлэе. Мурсийн төр барьсан нэг жилийн үр дүн, хэр  оновчтой зөв ажиллаж вэ гэдэг нь эндээс харагдахаар “Чи шариатаар хооллох гээ юү?”, арай хатуухнаар бол “Шариат чамайг хооллохгүй!” (You can’t eat Sharia) гэж тэрээр гарчиглажээ. Египет нь дампуурч буй улс гэсэн индекстэй ба тэр индексээрээ 45-аас  31 дүгээр байр руу урууджээ. Эрүүгийн нөхцөл байдал үлэмж хүндэрчээ. Санаатай аллага 130 хувиар, дээрэм тонуул 350 хувиар, хүн хулгайлах гэмт хэрэг 145 хувиар өсчээ. Залуу 4 хүн тутмын нэг нь ажилгүй, гадаадын хөрөнгө оруулалт зогссон, гадаад өр өссөн, аялал жуулчлал зогссон. Санал асуулгаар Лалын ахан дүүс-ийг дэмжих нь хүн амын 20 хүрэхгүй хувь, ийм нөхцөлд арми засгийн эрх авах, эсвэл өлсгөлөн ядуусын аймшигт самуун дэгдэх ийм л хоёр зам  хүлээж байна хэмээн  эль-Барадейн бичиж байв.



Эдийн засаг сүйрлээ гэдгийг Мурси болон Лалын ахан дүүс  хүлээн зөвшөөрсөнгүй. Эдийн засаг нь хүндрээд ирмэгц улс төрдөө эргээд сөргөөр нөлөөлсөн. Сөрөг хүчний маш том хөдөлгөөн буй болж, шашинжихгүй хөгжих үзэлтнүүд, өмнөх дэглэмийнхэн, өш хонзон өвөртлөгчид нэг том фронт болжээ. Эдийн засаг дампуурч, сөрөг хүчин хүрээгээ тэлмэгч Лалын ахан дүүс  шал ондоо тэс хөндлөнгийн суртал нэвтрүүлэг хийж эхлэв. Нийгэм дэх ислам шашны үүргийг ой тойндоо суулгах, хэдэн зуунаар хэмжигдэх шашны үнэт зүйлс, уламжлалыг хадгалах уриалга гарган, сөрөг хүчнээ ёс суртахуунгүй, моральгүй, дэггүй хэмээн яллав. Амьдрал нь доройтож байгаа дундчуудыг шашны ийм хийрхэл бүр цааш нь түлхэв. Исламистууд Мубаракийн үед нууц байдалд нуугдан байсан бол засгийн эрх авмагцаа тансаг байр сууц, офис, машины эзэд болсонд хүн амын ихэнхи нь эгдүүцэв. Лалын ахан дүүс-ийн төв офис, намынх нь байрыг юу ч үгүй болтол нь шатааж, тоносон нь үүний илрэл биш гэж үү? Түүхнээ “2013.06.30” гэсэн тэмдэглэлт нэг өдөр гарч ирсэн байхыг үгүйсгэхгүй.

Ингээд Мурсийг огцруулахын төлөө олон сая хүн гарын үсгээ зурж, хугацаанаас өмнө сонгууль явуулахыг шаардав. 2012 онд Ерөнхийлөгчийн сонгуулиар Мурсийн төлөө 13.23 сая хүн саналаа өгч байсан бол энэ удаа огцруулахын төлөө 22 сая хүн саналаа өгчээ. Лалын фундаментализм руу Египетийг түлхсэний гай ингэж илрэв. 2011 оны 2 дугаар сарын эхний 10 хоног ямар байсан, түүнээс ч хурц өргөн хүрээтэй бослого тэмцэл Мурсийг огцруулахын өмнөх хэдхэн хоногт аюулын харанга дэлдэж байв. Мубаракийн өөрийнх нь зөвшөөрснөөр, түүнийг огцруулахын төлөөх 2011 оны тэмцэл 2013 оны энэ үйл явдлын дэргэд тун өчүүхэн юм байна. Засгийн газраас сайд нар дараа дараалан гарч, мужийн губернаторууд ч сайн дураараа огцорч, Мурсид Лалын ахан дүүс–ээс нь өөр хэн ч үлдсэнгүй, 4-хөн өдөрт болсон үйл явдал шүү дээ. Ийнхүү цэргийн бус, бүх ард түмнээсээ сонгогдсон иргэний анхны Төрийн тэргүүн үхлээ өөртөө бэлтгэжээ. Мухаммед Мурси Ерөнхийлөгчийн тангараг өргөснийхөө яг нэг жилийн ой дээр улс төрийн үхдэл болов оо.  Энэ явдлын логикийг их өвмөрцөөр харж болох мэт. Хүн амын 90 орчим хувь нь мусульманчууд гэгддэг Египетэд тэд өргөн фронтоор исламистуудынхаа эсрэг босчээ. Каир, Александриа хот гэлтгүй,  Мурси ба Лалын ахан дүүс-ийнхэнд ялалт хангаж байсан консерватив бүс нутгууд ч энэ өргөн фронтод нэгджээ. Ийнхүү мусульманчууд исламистуудынхаа эсрэг босч, Египет орон исламистуудаасаа саллаа. Нийгэм дэх үзэл суртлын (лалын шашны) хямрал, эдийн засгийн уналт, салан тусгаарлах үзэл бодол нийлж  тэсрээд исламистуудад ялагдал авчирлаа.

Дэглэм солигдсоны ердөө нөгөөдөр нь Москвад  РИА Новости агентлагийн байранд араб судлаач  экспертүүд цуглаж, “Египет: Цэргийн эргэлт үү, эсвэл 7 дугаар сарын хоёрдугаар хувьсгал уу?” сэдэвт эрдмийн бага хурал хийснийг египетийн сайт эшлэжээ. Түүн дээр ОХУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх эрдэмтэн Александр Игнатенкогийн өгсөн тодорхойлолт анхаарал татлаа.

-    Ерөнхийлөгч Мухаммед Мурсийг түлхэн унагасан явдал бол шинэ төрлийн хувьсгал юм. Иргэний нийгэм нь хүчний байгууллагадаа хандаж хүсэлт тавьсны дагуу хийгдсэн хувьсгал. Батлан хамгаалахын сайд генерал Абдель-Фаттах ас-Сисийн танилцуулсан, цэргиийхнхний боловсруулсан “замын зураг” бол иргэний нийгмээс тавьсан хүсэлтийг хүчний байгууллага хүлээж авсны үр дүн гэжээ.

Сирийн Ерөнхийлөгч Башар Асадын бас нэг лут афоризмыг эшлэе. Мурсийн уналтыг тэрээр:

-    Улс төрийн ислам гэгч төгсгөл болсны илрэл. Мурситэйгээ хамт улс төрийн исламын үзэл суртал нурлаа. Шашинжаагүй төрийг шашны зүтгэлтнүүд хянах гээд бүтэлгүйтсэнийг Египетийн жишээ харууллаа.
-    Шашныг улс төрийн зорилгоор, эсвэл ямар нэг бүлгийн эрх ашгийн төлөө ашиглах гэвэл хаана ч ялгаагүй ингэж түлхэгдэн унана гэжээ.

Арабын хавар-ын парадокс, бүр түүний гол уриа нь гэе. Сүүлийн үед араб жагсагчид амны уншлага болтлоо хашгичдаг Ашшааб юрид искату низам гэдэг хэллэг. Хөрвүүлбээс Ард түмэн дэглэмийг зайлуулахыг хүсч байна! – Мубаракийн дэглэм, Асадын дэглэм, одоо бол Лалын ахан дүүс-ийн дэглэм. Дэглэм гэдгээр бүтэц, тогтолцоо, оройд нь суугаа бие хүн бүгдийг ойлгож болно.



Египетийн “7 дугаар сарын хоёрдугаар хувьсгал”, “Тахрирын хоёрдугаар хувьсгал” юуг харуулав гэхлээр Араб ертөнцийн үлэмж том орон хөгжингүй, аж үйлдвэржсэн, ардчилсан нийгмийн төлөө юү, эсвэл Лалын ахан дүүс-ийнхний тулгасан дундад зууны үзэл суртал, лалжсан нийгмийн байгууллын төлөө юү гэдэг дээрээ эцсийн сонголтоо хийлээ гэж үзэж болно. Египетчүүдийн лав тал нь эх орноо шашны теократ улс болгохыг хүсэхгүй байгааг харууллаа. Лалын ахан дүүс засгийн эрх бариад XXI зууны соёлжсон, харьцангуй европжсон, нээлттэй, үйлдвэржсэн Египетэд тэртээх дундад шашны зууны үзэл суртал – лалчлал, шариатчиллаа тулгаад  ялагдлаа.