Лалын ахан дүүс гар мухардлаа. Одоо яах вэ? 1928 оноос намтраа дуурсгасан түүхэн хөдөлгөөн хаачих вэ? Египет дэх ээлжит өнгөт хувьсгалаар АНУ-ын ТТГ-ын зуучлагч Мурси зайлуулагдлаа, тэгэхлээр ТТГ-ын дараагийн нэг тэжээсэн бяруу Аль-Каеда байж байна. Тэдэнд хандахад юуны нь буруу аж. Аль-Каеда–гийн одоогийн дарга  нь Айман Завахири гэж египет хүн бий, түүний дүү Мухаммед Завахири египетдээ салбарынх нь дарга хийж байна, тэрээр тусламжийн гараа сунгаж болох юм гэсэн санаагаар Veto Gate хэмээх араб хэл дээрхи сайтад бичжээ. 2011 оны Тахрирын хувьсгалын дараа Мухаммед Завахирийг шоронгоос суллаж,  Аль-Каеда–гийн египетийн салбарыг де-факто хүлээн зөвшөөрчихсөн учраас хариу тус үзүүлэх өртэй, үүрэгтэй. Дээрхи Veto Gate–гийн мэдээ анзаарахгүй өнгөрөмгүй мэдээ байна. Зөвлөлтийн интервэнцийг эсэргүүцэхийн тулд америкчууд анх эл террорист байгууллагыг Афганд байгуулж байсныг нь “ТТГ-ын” гэдгээр ойлгож болох юм. Америкийн нэр хүндтэй их сургуулийн профессор асан Мурсийг “ТТГ-ын” хэмээн ёжлож нэрлэсэн байх.

Мурсийг зайлуулсны дараа Аль-Каеда Египет даяар хариу арга хэмжээ авахаар төлөвлөж буй тухай мэдээ энд тэнд үзэгдэх боллоо. Арми ба шашинжихгүй хөгжих талынхны эсрэг халдлага үйлдээд байх бололтой юм. Тийм объект ч тоймгүй олон байгаа л даа. Хоёр дахь Ирак болгож хувиргана гэж байна. Эрдэмтэн Раймонд Ибрахим өөрийн сайтдаа тавьсан нэгэн ноцтой мэдээлэл байна. Мурси 2012 оны 12 дугаар сард Улс үндсээ аврах фронтынхонд буулт хийж Үндсэн хуульд оруулсан засвараа эгүүлэн татаж байх үедээ л мөхлөө урьдчилан олоод харчихсан байж. Арми өөрийнх нь эсрэг гэдгийг ч мэдчихэж. Ингээд Афганистан, Чечень, Босни, Сомали, Иранаас 3000 жихадистыг татаж лалын арми байгуулан Египетийн арми цагдаад өрсөж цохилт өгөхөөр төлөвлөж байжээ. Ерөнхийлөгчийн тангарагаа өргөөд албан тушаалдаа очоод бараг маргааш нь л Мурси өршөөлийн зарлиг буулгаж Лалын жихад, Лалын бүлэг хэмээх террорист хоёр байгууллагын ялтнуудыг суллажээ.

Бүр ч ноцтой баримт. Лалын жихад-ын дайчин Айман аль-Завахири 1980-аад онд ТТГ-аас мөнгө аван, америк паспорт өвөртлөн АНУ орж, мөнгө босгож явахад нь Египетийн армийн хошууч ТТГ-ын агент Али Мохамед гэдэг нөхөр халамжилж байжээ. Лалын бүлэг-ийн толгойлогч лалын шашны лам Омар Абдель-Рахман АНУ-д чөлөөтэй очин, Нью-Йоркт Аль-Кифах хэмээх цагаачдын төвийн дарга болж, хамгийн гайхалтай нь тэр төвийг нь нэг үе Осама бен Ладен удирдаж байсан болж таарав. Гэтэл энэ төвийг ТТГ-аас байгуулан өгч, чиглүүлж,  Афганистан дахь зөвлөлтийн цэргийн эсрэг дайнд ашиглаж байсан баримтыг судлаач Ибрахим сайтдаа дэлгэжээ. Нью-Йоркт Аль-Кифах, Махтаб аль-Хидамат нэрээр ажиллаж байсан цагаачдын төв маань АНУ-аас хөөгдөж гараад хожим нь Аль-Каеда нэртэй болчихоод явж байгаа нь одоогийн энэ террорист сүлжээ юм байна.

Тэгэхлээр энд нэгэн сонин сүлжээ логикоор үүсч байна. Египетийн иргэд–Лалын жихад– Лалын ахан дүүс –салафитууд–Аль-Каеда гэж нэгэн том сүлжээ болж таарлаа. Ийм том сүлжээний эзэд амархан буугаад өгнө гэж үү? Түүх илтгэж байна. Юу гэвэл жихадистууд хэзээ ч тэмцлээ зогсоодоггүй, гянданд яс цоожинд үүрд хаягдах, эсвэл үхвэл эрхбиш тэмцэл нь зогсдог. Тэмцэл гэдгийг нь ариун дайн гэж ойлгоорой. Аль-Каеда-гийн египетийн салбарын дарга Мухаммед Завахири: бидэнд алдах юм юу ч байхгүй гэж мэдэгдчихсэн. Буулгаж авна гэж ярилтгүй болсон юм биш үү?

Оросын цэргийн түүхч Вячеслав Зверевийн бас нэг сонин дүгнэлт байна. Тэрээр 2013 оны эхээр бичиж байсныг би уншсан. Аль-Каеда сүүдэрт орж, харин Лалын ахан дүүс дэлхий дээр № 1 экстремист, террорист байгууллага боллоо хэмээн бичсэн байв. Энэ нь лалын ногоон туг барих эрх Аль-Каеда-гийн гараас Лалын ахан дүүс-ийн гарт шилжиж, үл итгэгчдийн эсрэг дайныг Лалын ахан дүүс толгойлох боллоо гэсэн санаагаа тэгж илэрхийлсэн хэрэг байв. Үнэхээр ч 80 сая хүн ам бүхий, цэрэг–стратегийн хүчирхэг гүрний засгийн эрхийг бараг зүгээр сууж байгаад авчихсан учраас тэр ногоон туг аяндаа шилжээд очно гэж тооцоолжээ. Зверевийн мэдээллээр бол 2012 оны 12 дугаар сард Аль-Каеда-гийн төв штаб байрладаг пакистаны Пешавар хотод Лалын ахан дүүс, Аль-Каеда-гийн нууц уулзалт болж, уулзалтыг Мухаммед Бади, Айман Завахири нар удирдан явуулжээ.

Раймонд Ибрахимын сайтаас энэ тухай бүр ч дэлгэрэнгүй өөр нэг мэдээлэл авч болно. Мухаммед Бади, Айман Завахири нарын байгуулсан түүхэн хэлэлцээр гэж байна. Уг хэлэлцээрээр бол энэ хоёр байгууллага нэг байгууллага болж нэгдэх, гэхдээ Аль-Каеда нь Лалын ахан дүүс–тээ уусч орохоор болсон байв. Хамтарсан 6 жигүүр байгуулна гэсэн заалт байна. Тэр нь:

  1. Дээд командлал
  2. Нутаг дэвсгэрийн бүс нутгууд дахь бүрэн эрхт төлөөлөгчид
  3. Биеийн тамирын хүмүүжил олгох бүлгүүд
  4. Мужахедуудын бүлгүүд (амиа золиослогчид, идэвхтэй дайчид, тусгай салбарууд)
  5. Ар тал, хангалтын бүлгүүд
  6. Лалчлалыг хүчээр явуулах бүлгүүд байх аж.

Нэгдэн нийлж байгаагаа лалын жинхэнэ үнэт зүйлсийг энэ ертөнцөд шингээх Аллахын хүслээр болсон гэж үзжээ. Завахирийн өөрийнх нь үгээр бол, ингэж нийлэхийн өмнөхөн Аллах өөрөө тэнгэрээс түүнд хандаж, хүн төрөлхтөнийг идэвхтэй лалчлахыг уриалан, үүнийг зөвхөн лалын энэ хоёр хүчин нэгдэн нийлсэн тохиолдолд л хэрэгжүүлж, нийгмийг зөв замд нь оруулна хэмээн айлдсан болж таарав.

Осама бен Ладеныг устгасаны дараа Аль-Каеда суларч, санхүүгийн хувьд хүнд байдалд орсон ба Персийн булангийн баян хаант улсуудаас Лалын ахан дүүс-т олгосон мөнгөнөөс хувь хүртэж цуст хэргээ үйлдсээр өдий хүрчээ. Сирид нусристуудаа тулалдуулах болсноор Катараас тойруу замаар мөнгө авдаг болсон. Ер нь л ядраад ирсэн тул засгийн эрх барьж буй египет анд нартаа хандсан бололтой. Мухаммед Мурсийг Ерөнхийлөгч болсны дараахан Завахири Каирт очиж Бадитай уулзаж, анхныхаа ил хэлэлцээг хийсэн ба Бадигийн экстремист мэдэгдэл Аль-Каеда-д урам зориг өгсөн аж. Бади ярихдаа:

-Лалын бус Засгийн газруудыг түлхэн зайлуулах, “Аугаа их лалын халифат” байгуулах замаар эхний ээлжинд мусульман хүн ам давамгайлсан бүс нутгуудад, дараа нь лалын биш орнуудыг оролцуулан бүх дэлхийн хэмжээнд лалын засаглал тогтоох хэрэгтэй.
-Одоо лалын суртал нэвтрүүлгийг даян дэлхийд идэвхтэй хийж байна. Мечетүүдэд маш олон хүн элсүүлж байна. Сирийн нэгдсэн сөрөг хүчинтэй хавсран Асадын Засгийн газрыг түлхэн унагасны дараа ойрын ирээдүйд Сирийн нутагт лалын төр–улс байгуулахаар төлөвлөж байна. Тэр нь “Лалын ахан дүүс”-ийн хяналтанд байх болно, яваандаа Египетэд түүнийг нэгтгэнэ гэжээ.



Бади үнэхээр ийм юм ярилаа гэж үү?


Бадигийн ярьсан дараагийн үгс үнэхээр гайхмаар, сүрдмээр. XXI зуунд соёлжсон томхон  оронд төр барьж байгаа намын лидерийн үг гэхэд итгэмгүй. Лалын террорист байгууллагын шийдчихсэн амиа золиослогч л тэгж ярьдаг болов уу. Тэрээр:
 
-Араб ертөнц энэ нэг мухар олгойноосоо салж авах хэрэгтэй. Ялангуяа энэ Израилийг зүйл дуусгах хэрэгтэй. Түүний эсрэг цэргийн ажиллагаа явуулъя. Манай зорилго бол зэвсэгт жихад явуулах, ямар нэг нутаг дэвсгэрээр бид хязгаарлагдахгүй, энэ дэлхий дээр лалын бус алга дарам газар ч үлдэх ёсгүй. Энэ бол сул үг биш, заналхийлэл биш. Манай шашны итгэл үнэмшлээс татгалзаж байгаа бүхэнтэй тэмцэж ханалаа. Одоо эдэнтэй Аллах л ажиллаг, бид зүгээр л ийм хүмүүсийг үхлийн зам руу нь илгээчихнэ.




Байн байсаар бүх дэлхийг бүрхэх ... Тэмцэж ханалаа!


Үнэхээр аугаа афоризм. Хэлэх ч үг алга. Энэ афоризмд тохирох хоёр зураг олоод тавьчихлаа. Уншаад харьцуулаад, бодоод үзээрэй.

Мухаммед Бади, Айман Завахири нараар эхэлсэн жихадист түншлэл дээшээ шат ахин Төрийн тэргүүний хэмжээнд хүрсэн байх магадлалтай тухай бас мэдээлж байна. Иран, израилийн эх сурвалжаас энэ тухай олж үзэж болно. 2013 оны 3 дугаар сарын 18-нд Исламабадад Египетийн Ерөнхийлөгчөөр ахлуулсан улс төр-эдийн засгийн томхон хэмжээний төлөөлөгчид очсон нь сүүлийн 50 жилд АБНЕУ-ын Төрийн тэргүүн анх удаа Пакистанд очсон хэрэг байв. Америкийн проф. Мурсид Пакистаны үндэсний шинжлэх ухаан, технологийн их сургууль философийн ухааны хүндэт доктороо олгож, түүнийг нийгэм-улс төрийн давхар мэргэжилтэй болохыг нотлож өгөв. Тэрээр Исламабадад маш чухал хэлэлцээ хийсний сацуу Аль-Каеда–гийн удирдагчидтай нууцаар уулзаж, тэдэнтэй жинхэнээсээ дотносон, Египетдээ урин залж үүд хаалга ямагт нээлттэй байх болно хэмээн батлан илэрхийлжээ. Үйл явдал яг энэ хүрээд зогссон, Египетэд одоо өөр төр–засаг оршиж байна. Лалын хоёр том хүчин бие биедээ уусч амжсангүй.

Гэвч Лалын ахан дүүс-ийнхэнд сүүлчийн голомт үлдсээн. Хөрш оронд нь улс төрийн хоёр дахь том хүч болоод байж байна. Ливи дэх Лалын ахан дүүс-ийн улс төрийн жигүүр болох Шударга ёс бүтээн байгуулалтын нам намын жагсаалтаар парламентэд хоёрдугаар эгнээнд баталгаатай явж байна. Чухам хөрш Египетдээ хэрхэн нөлөөлдөг юм бол? Ливи хөршөөсөө ялгарах нэг онцлог нь тэр улс нэгдмэл ганц үндэстэн болж бэхжиж хэзээ ч чадаагүй, ливичүүдийн  85 хувь нь отог–омгийн гаралтай, омог аймаг хооронд зөрчилтэй, тэр байдал нь парламент дэх Лалын ахан дүүс-ийнхэнд нь таатай нөлөө үзүүлэхгүй, тэд Египет дэх анд нөхдөө ивээлдээ авах нь юу л бол?

Египетэд Эрх чөлөө шударга ёсны нам, Ливид Шударга ёс бүтээн байгуулалтын нам, Туркэд Шударга ёс хөгжлийн нам – сонин юм шүү, нэршлийн санаандгүй давхцал уу?