Мягмарын Саруул-Эрдэнэ
@SaruulerdeneM

Харийнхан монгол хэлийг ихэд сонирхох болсон өнөө үед англи хэлээр бичигдсэн монгол хэлзүй элбэг болжээ. Гэтэл англи хэлээрх анхны монгол хэлзүй харьцангуй хожим буюу 1926 онд гарч байсан байх юм. Тус хэлзүйг сонирхон үзвэл тухайн үеийн монголчуудын хэл ярианы онцлог мөн харагдах нь дамжиггүй. Тийм ч учраас энэхүү бүтээлийг олонд таниулах нь зүйтэй. Юуны өмнө монголчууд өөрсдөө монгол хэлээ тодорхойлж ирсэн товч түүхийг сөхье.

Монголчууд өөрсдөө монгол хэлзүйгээ бичиж ирсэн уламжлалаас

Монгол хэлний гол ёсыг анхлан монголчууд өөрсдөө, мөн монгол хэлэнд нэвтэрхий төвд мэргэд бичсээр ирсэн байдаг. Энэ талаар Шилийн голын чуулганы Авгын баруун этгээд, Засгийн хошууг захирагч занги Лхамсүрэн “Монгол үсгийн ёсныг тодорхойлон гаргасан “Алтан товч” хэмээгдэх оршивой” нэрт бүтээлдээ тоймлон өгүүлснээс иш татвал:

... Анх монгол үсгийг баруун газар их бандид лам Гунгаажалцаны гэгээнтэн тогтоон зохиосон “Зүрхний толт” хэмээх судраас эхэлж үүсгэн журамласан ба хойно мөн газрын Монлам ламын зохиосон “Зүрхний толтын тайлбар Огторгуйн маань” хэмээх судрыг гол болгож хэрэглэсээр...

Тэнгэрийг Тэтгэсний онд утга үнэн гүн хэмээх эрдэмтэн сайдын зохиосон “Гурван зүйлийн үг хадмал өчихүйд хялбар болгосон” хэмээгдэх нэрт бичигт монгол үсгийн журмыг их л таниулан тодорхойлж, сурах ардыг наран мэт гийгүүлжээ...

Төр гэрэлтийн онд Алшааны Чин вангийн хошууны Равжимба Дандар нэрт, мэргэдийн сууринаа эрхэшсэн нэгэн лам... зохиосон... “Хэлний чимэг” хэмээх судрыг нэн шүтэж хэрэглэсээр иржээ...


гэх мэтээр бичсэний дээр занги Лхамсүрэн занги өөрөө Алтан дэвтэр нэрт судраа Бадаргуулт төрийн 29-р оны харагчин туулай жил бичжээ.   

Барууныхан манай хэлзүйг анхлан бичсэн түүхээс

Барууны хэл шинжлэлийн уламжлалаар монгол хэлзүйг анхлан бичиж, монгол хэлийг дэлхий нийтэд таниулсан хүн бол Оросын герман үндэстэн Яков Шмидт билээ. Тэртээ 180 гаруй жилийн өмнө, 1831 онд монгол судлаач Я. Шмидт халимаг монголчуудын дунд он удаан жил ажиллаж амьдарч, хэл, утга зохиолыг нь судалсан туршлагадаа үндэслэнGrammatik der Mongolischen Sprache(Монгол хэлний зүй)хэмээх номыг герман хэлээр бичиж Санкт Петрбург хотноо хэвлүүлсэн юм. Дараа жил нь уг бүтээлээ орос хэлээр орчуулж “Грамматика монгольского языка” хэмээх нэрээр хэвлүүлснийг бодоход энэ нь мөн орос хэлээр гарсан анхны монгол хэлзүйд тооцогдож болно.

Шмидтийн орсоор гарсан хэлзүйг герман номынх нь орчуулга, жинхэнэ орос ном биш гэж үзвэл орос хэлээрх анхны монгол хэлзүйг 1849 онд Бобровников бичиж, Казань хотноо “Грамматика монгольско-калмыцкого языка” нэрээр хэвлүүлсэн байна.

Итали хэлээрх анхны монгол хэлзүй 1878 онд мэндэлжээ. Пуини гэж хүний бичсэн “Elementi della grammatical mongolica” хэмээх ном тэр жил Флоренцэд хэвлэгдсэн гэх юм билээ. Мажар хэлээрх анхны монгол хэлзүйн бүтээлд Буденцийн 1890 оны номыг тооцож болох байх. Францчууд харин 1903 онд анх монгол хэлтэй танилцсан нь M.G. Soulie гэж хүний “Elements de grammaire Mongole (dialecte Ordos)”, Paris бүтээлээс тодорхой байна.

Ийнхүү баруунд монгол хэлний зүйг герман, орос, итали, мажар, франц хэлээр биччихээд байхад харьцангуй хожуу буюу 1926 онд анх удаа англи хэлээр бичиж гаргасан тухай өнөөдөр миний бие тухайлан өгүүлэх болно. Угаас УБИС, МУИС-ийн монгол хэлний ангиудад Шмидт, Бобровников, Рамстедт, Владимирцов Поппе нарын хэлзүйг хангалттай, бүр цээжилтэл нь заадаг, харин Невилл Уаймант гэж хүний англи хэлээр бичсэн хэлзүй байдаг гэж оюутнууд сонсдог ч үгүй төгсдөг учир үүнийг заавал бичих ёстой хэмээн үзэв.

Зохиогчийнх нь тухайд


“This, the first Mongolian grammar in English tongue…” хэмээн эхлэх энэхүү номыг А. Невилл Ж. Уаймант (A. Neville J. Whyamant) гэдэг судлаач бичиж Лондон хотноо хэвлүүлжээ. Номын дотор хавтас дотор зохиогчийг нэлээд дэлгэрэнгүй танилцуулснаас харахад тэрбээр дорно дахины судлалаар Litt. D. буюу Их Британи, Австрали, Энэтхэгт олгодог Litterarum Doctor, мөн Ph.D. цолтой, Токиогийн Даи Ичи Кото Гакко-д профессор, Оксфордын Их Сургуульд судлаач, Лондоны Их Сургуульд Хятад, Япон судлалын багш хийж байсан, Японы Азийн Нийгэмлэгийн гишүүн, Полинезийн Нийгэмлэгийн гишүүн байсан ажээ.

Уаймант 1894 онд Английн Ротвелл хотод төрсөн, харин хэдэн онд насан өөд болсон нь тодорхойгүй, лавтайяа 1964 онд бол амьд байсан гэх. Түүнийг дор хаяж 30 хэл мэддэг байсан гэж гэрчүүд батлан өгүүлдэг. Хэл шинжээч докторын олон нийтэд алдаршсан түүх нь харин их сонирхолтой. 1926 онд Монгол хэлнийзүйгээ хэвлүүлснийхээ дараахан Уаймант Нью-Йоркод айлчилжээ. Тэнд нэгэн нэр хүнд бүхий гэр бүлийн хүсэлтээр гадаадын олон хэлт хүмүүсийн сүнсийг биедээ оруулан, үгийг нь дамжуулан ярьдаг гэх Валентиан хэмээх авгайн сүнс дуудах явцын шалгагч гэрч болон 12 ч удаа харилцсан байна. Сүнс дууддаг авгай хэл шинжээчтэй хятад, хинди, перс, баск, самгарди, араб, португали гэх мэт 14 хэлээр ярилцсан байдаг. Хууран мэхлэгч байсан бол үнэхээр боловсролтой гэмт этгээд байсан гэдэг нь тодорхой, гэвч энэ тухай үл өгүүлээд цааш нь өгүүлэх нь:   

Номын бүтэн нэр нь A Mongolian Grammar (Outlining the Khalkha Mongolian with notes on the Buriat, Kalmuck, and Ordoss Mongolian)буюу “Монгол хэлний зүй (Буриад, Халимаг, Ордос Монгол хэлний зарим ишлэлтэйгээр Халх монгол хэлийг тоймлох нь)”.Номоо анх Японд хэвлүүлэхээр тохирсон боловч алдаа ихтэй гарна гээд дорно дахины хэл соёлын талаар ном хэвлэж дадсан Кеган Паул хэвлэлийн газрыг сонгосон байна.

Авиазүйн талаар

Монгол хэлний зүйг бичсэн нэрт эрдэмтэд эгшиг авианы тухайд 7 богино, 7 урт гэдэг дээр ерөнхийдөө санал нэгтэй, харин хэдэн хос эгшигтэй вэ гэдэг дээр өөр өөр саналтай байдаг. Гэтэл Уаймантын үзсэнээр монгол хэл нь долоон богино эгшигтэй, харин урт, хос эгшиг байхгүй ажээ. Урт эгшгийг жинхэнэ урт эгшиг биш харин өргөлт бүхий эгшиг гээд хос эгшгийн тухайд бол нэн зоригтойгоор “there are no diphthongs in Khalkha Mongolian…” хэмээн бичсэн байна. Гийгүүлэгчийн тооны хувьд Уаймант харин Поппе, Санжеев нартай адил саналтай, өөрөөр хэлбэл монгол хэл 20 гийгүүлэгчтэй хэмээн үзээд тус бүрд нь тодорхойлжээ.

Нутгийн аялгуу, олон монгол хэл хоорондын ялгааг нэлээд анхааралтай ажигласан байна. Жишээлбэл, зөвхөн Халхад л гэхэд “уул” гэсэн үгийг ula, ull, тэр ч байтугай зарим газар бүр ol хэмээн дууддаг гэжээ.

Ерөнхий хэл шинжлэлд “эгшиг зохицох ёс”-ыг vowel harmony хэмээн нэрийддэг тогтсон уламжлал бий. Уаймант харин монгол хэлний эр эм эгшиг нэг үгэнд хамт үл орох ёсыг vowel attraction, vowel mutationхэмээн нэрийдсэн нь их сонирхолтой юм.



Үгзүйн талаар

Жинхэнэ нэрийн хувилал, олон тоо, тийн ялгал, төлөөний үгсийн талаар онцгой өөр санаа бараг үгүй. Уншигчдад зүгээр сонирхуулахад монгол хэлний тооны нэрсийг Уаймант сонсоод өөрийнхөөрөө галигласныг үзүүлбэл:

nige, h’oir, g’orba, durbe, tabu, jorga, dolo, naimu, isu, arba

гэсэн байна. Энэ нь нэг талаас гадаад хүний чихэнд буруу сонстсон байх магадлалтай ч нөгөө талаас монгол бичгийн хэлний нөлөө ярианы хэлэнд хэвээр байсан, хориод оны үед монголчууд хэрхэн дууддаг байсныг үзүүлэх сонирхолтой баримт болох юм.

Ярианы хэлний сонирхолтой жишээнээс

Уаймантын хэлзүй дотор нутгийн иргэдээс сонссоноороо бичиж авсан хар ярианы үг хэллэг, мөн зүйр цэцэн үгс олон байна. Өнөөгийн монгол хэлтэй харьцуулан заримыг нь толилуулбал:

Erhim obok hen bolun? – What is your name? (Эрхэм овог хэн болно. М.С.)

Bolhi obok Erlek gene. - My name is Erlek (Өөрийгөө “болхи” хэмээн харилцагчаа хүндэтгэсэн найруулгаар хандсан байна)

Murguye – Thanks very much (“Баярлалаа” гэсэн хэллэг хэрэглээнд ороогүй байж. Харин “мөргөе” хэмээдэг байжээ)

Халимаг ардын оньсого

Aaghada alk makhan– Vari-coloured meat in a bowl (“Аагад алг макан” гэж яг ойрд дуудлагаар нь тэмдэглэж авчээ, хариултыг нь nudn буюу “нүд” гэсэн байна)

Толь бичиг

Номын хавсралтад монгол хэлний хамгийн түгээмэл хэрэглэгддэг үгсийн толийг оруулж, англи, орос, хятад, япон орчуулгатай нь хадсан нь тухайн үедээ бол маш хэрэгцээт материал юм. Одоо ч зарим үгийн тэмдэглэгээ нь эрхгүй анхаарал татна. Жишээ нь, “шоргоолж” – ийг siroolji гэсэн нь монгол бичгийн хэлний “шурга - sirgu” гэсэн язгууртайгаа ихэд ойр байна.Одоо бол “шоргоно” гэж яадаг билээ хэмээн оюутан сурагчид мэдэхгүйд хүрсэн байгаа. “Гүүр”-ийг “hurge” хэмээн тэмдэглэсэн нь мөн л “хөөрөг, хөхүүр” гэх мэт уг язгуурт үгстэйгээ ойр хэлэгдсээр байсны жишээ болно. Bowl – ыг “будааны аяга”, cup-ыг харин “цайны аяга” гэж тун эвтэйхэн салган нэрлэчихсэн байжээ.

“Загас”-ыг jaasu гэснийг харахад хоёр эгшгийн дундах Г гээгдээд, “хаган > хаан” болсонтой адил хувьсал дүрмийн дагуу явагдсан мэт харагдавч өнөөгийн бидний хэлэнд тэрхүү Г буцаад гараад ирсэн нь гайхалтай. Үүний учрыг “Сонирхолтой хэл шинжлэл” номдоо бичсэн байгааг минь уншина биз ээ.

Олон монгол хэл аялгууг ангилсан нь

Монгол хэл аялгуудыг монголч эрдэмтэд янз бүрээр ангилан, мэтгэлцсээр ирсэн байдаг. Гол маргаан бол жишээ нь халимаг хэлийг тусгай хэл гэж үзэх үү, баруун монгол нэг аялгуу гэж үзэх үү гэх мэтээр хэл, аялгууны тал дээр байдаг юм. Уаймант профессор монгол хэлийг 5 бүлэг, 55 хэсэгт ангилан үзсэн байна.

Нэгдүгээр бүлэг нь Халх Монгол, дотроо Зүүн халх, Өргөө, Баруун халх, Сайн ноён аймаг, Зүүн-Өмнөд Халх гэсэн 5 хэсэг, өөрөөр хэлбэл салбар аман аялгуутай гэжээ.

Хоёрдугаар бүлэг нь Зүүн Монгол, дотроо 19 хэсэгтэй, үүнд ар хорчин, баарин, горлос... гэх мэтээр Өвөр Монголын бүхий л салбар аялгуудыг багтаасан байна.

Гуравт Буриад Монгол, дотроо Эрхүүгийн, Аларын, Баргужин, Сэлэнгийн гэх мэтээр 18 салбартай.

Дөрөвдүгээр бүлэг нь Халимаг Монгол, дотроо Халимаг дахь халимгууд, Астраханий халимаг, Ховдын дөрвөд гэсэн 3 салбар аялгатай.

Тавдугаар бүлэг нь Баруун Өмнөд Монгол, энэ нь дотроо Алшаа, Цайдам, Шар уйгар, Бао- ань, Сан-чуан, Дуншаан, Уяанбу, Широнгол, Афганистаны Могол, Өмнөд Монгол гэсэн 10 салбартай.

Эцэст нь зарим монгол аймаг, иргэд өөр харь улсын хэлээр ярьдаг гээд үүндээ хятад, манж, орос, самгарди, төвд хэлийг дурдсан байна. Самгарди хэлний тухайд дээд зиндааны лам нар самгарди, монгол хэлээр үг хэллэг хэрэглэдэг хэмээжээ.

Бас нэгэн анхдагч болсон ийм нэг сонирхолтой ном энэхүү өгүүллийг тэрлээчийн хувийн цуглуулгад хадгалагдаж буйг өргөн олонд сонирхолтой болов уу хэмээн тоймлон бичсэн нь энэ бөлгөө.