МАН-ын даргаар батламжлах нь Л.Оюун-Эрдэнийг “ганцаардлаас аврах” уу
-Намын даргыг батлах, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, Хүний эрхийн талаарх тусгай бодлого тэргүүтэн 30 дугаар хурлын сэдвүүд байх нь-
МАН-ын 30 дугаар Их хурал энэ сарын 30-нд болно. Хурлын гол “зорилго” Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг Монгол Ардын Намын даргаар томилох асуудал байх нь. Энэ сэдвийн хүрээнд сонин хачин цөөнтэй, тус намын Удирдах зөвлөл болон УИХ дахь МАН-ын бүлгийн хэмжээнд түүнийг Намын даргад дэмжинэ гэдгээ илэрхийлээд байгаа аж. Харин “ардчилал үүсгэх”-ийн тулд танхимаас УИХ-ын дарга Г.Занданшатарын нэр дуулдаж мэдэх юм гэсэн мэдээлэл бий. Тэгэхээр жинхэнэ “коммунист намын” санал хураалт болох магадлал өндөр байна. Болгоомжлох зүйл гэвэл энэ үеэр элдэв хөдөлгөөнүүдийн жагсаал цуглаан болж мэдэхээр сурагтай байгаа ч тухайн намын дотоод эв нэгдэл, намын дэргэдэх хөдөлгөөнүүд нь “турхирах, эс турхирах”зэргээс шалтгаалах болов уу.
МАН-ын 100 жилийн ойн төгсгөлд болох 30 дугаар Их хурлын дараагийн нэг асуудал гэвэл Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэх асуудал халуун сэдвийн нэг байх болов уу. Тухайлбал,Үндсэн хуульд ахиад нэмэлт өөрчлөлт оруулахыг УИХ-ын гишүүд ч, Ерөнхий сайд ч, Ерөнхийлөгч ч дэмжиж буй нь анзаарагдах болсон. Эндээс Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгодог байх, УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх, давхар дээлтэй сайд нарын тоог нэмж ийм арга замаар ажлыг сайжруулах, сонгуулийн пропорциональ тогтолцоо, улс төрийн намуудын санхүүжилтийн ил тод байдлыг сайжруулах зэрэг өөрчлөлт орох юм. Мөн үүнийг шийдсэний дараа Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах боломж үүснэ. Үүсэх бус “үүсгэнэ”. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт гэхээсээ Засгийн газар бүтэц, бүрэлдэхүүнээ өөрсдөө өөрчилж яам, агентлагийн тоо нэмэгдэхээр албан тушаалд очихоор зэхэж байгаа “цүнх барьсан залуус”-ын хүлээлт Төрийн ордон, Намын цагаан байрыг бүччихээд байна. Энэ байдал нь МАН-ын даргаар томилогдохоор “бараг” бэлэн болчихоод байгаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн “ганцаардал” дуусч, түүний Засгийн газрын “насжилт” сунгагдах юм.
Улсын Ерөнхий сайд, эрх баригч намын даргын эрх мэдэл нэг хүний гарт төвлөрснөөр “Хэрэв хөгжлийн бодлого нь сайн бөгөөд эрх ашгийн эрэмбээ зөв ялгаж ажилладаг бол” сайн шийдэл мөн. Энэ талаар Ерөнхий сайд бөгөөд МАН-ын даргаар ажиллаж байсан С.Баяраас твийтр хаягаар нь буюу олон нийтийн сүлжээнд ил тод асуухад “Хийе гэвэл хамтад нь л хийх ёстой. Парламентын засаглалтай улсын гол онцлог. Намайг салангид хийлгэх гэж их үзсэн. Хагас бие минь харвасан хүн шиг л болох байсан биз. “Үүрэх хариуцлагатай минь дүйх эрх мэдэл өг” гэсээр байгаад аль алиныг нь авч байв. Тэгээгүй бол балрах байсан” гэж хариуллаа. Сайхан ил тод, часхийсэн хариулт авсандаа түүнд талархая. Түүний хариулт болон “Л.Оюун-Эрдэнийг дарга болгох эсэх”-ээ МАН-ын Их хурлыг гишүүд болгоох биз ээ. Болгох ч биз.
Хурлаар хэлэлцэх дараагийн нэг асуудал нь МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн санаачилгаар хүний эрхийг хамгаалах дэвшилтэт бодлогыг иргэд, олон нийт болон эрх баригч намын гишүүдээр хэлэлцүүлэх ажлыг эхлээд байгаа бөгөөд 30 дахь Их хурлаараа онцгойлон хэлэлцэж тусгайлсан бодлого гаргана гэж мэдэгдсэн. УИХ-ын сонгуульд 65, 62 суудалтайгаар томоохон ялалт байгуулсан МАН үүргээ биелүүлэх явцдаа хариуцлагаа ухамсарлах, нийгэмд өөрчлөлт шинэчлэлт авчрах олон нийтийн хүлээлтийг мэдэрч ажиллахын тулд “реформ” хийхийг эрмэлзэж байгаа нь энэ. Өнөөдөр эрх баригч намын гаргаж буй алдаа, үүсгэж буй асуудал, иргэдийн сэтгэлийг өвтгөж, шархдуулж, бухимдуулж байгаа бүхэн хүний эрхийн зөрчил, авлига хүнд суртал, хариуцлага үл тооцох шударга бус байдалтай холбоотой байгааг ухаарсан л бол одоо гаргах бодлого, хийх ажлаас нь харъя.
Яагаад МАН гэнэт хүний эрхийн тухай ярих болов гэдгийг хардаж сэрдэж чамгүй хугацааг өнгөрүүлсэн. НҮБ-аас гаргасан судалгааны тайланд дурдсанаар манай улс хүний эрхийн талаар 189 орноос 92-т эрэмбэлэгдэж байгаа нь энэ талаар анхаарал тавьж улс орны хэмжээний асуудал болгож бодлого гаргадаггүй байсных гэж НАМЭХ-ны тэргүүлэгч байр сууриа илэрхийлсэн байна лээ. Мөн энэ асуудлаар бодлого гаргахдаа “Тогтвортой хөгжил - 2030”-тай заавал уялдуулах ёстойг Хууль зүйн дэд сайд асан В.Удвал онцолж сануулсан юм. Дашрамд дурдахад МАН-ын дэргэдэх “Стратеги академи”-ийн захирлаар хүний эрхийн чиглэлээр мэргэжлээр мэргэшсэн, эрх зүйч Б.Болорсайханыг өнгөрсөн долоо хоногт томилсон. Тэрбээр энэ ажилд томилогдохоосоо өмнө НҮБ-ын суурин зохицуулагчийн газар, Хүүхдийн сан, Хүний эрхийн дээд комиссарын газар, “Бүх нийтийн боловсролын төлөө” Иргэний нийгмийн үндэсний эвсэл, Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс зэрэг төрийн болон төрийн бус байгууллагуудад ажиллаж байсан туршлагаар Монголын анхны үндэсний хэмжээний тинк-танк байгууллага болох “Стратеги академи”-ийг удирдахаар болжээ.
Ийнхүү МАН-ын 30 дугаар Их хурал “галгүй ч цогтой“, “хүлээлт, хүлцэнгүй-г хослуулсан намуухан болж өнгөрөх бололтой. Үр дүн нь ”Бүтэн эрх, бүрэн хариуцлага” гэх биз ээ.