“Пэхээняан” гэж гацалгүй, “лямбда” гэж нялцайлгүй, гадаад үгийг галиглах дүрэмтэй болчихмоор байна
Өмнө миний бие сонин хэвлэлүүд, хувь хүмүүс кирилл үсгийн дүрмээр алдаатай бичиж буй талаар, зөв бичих ганц л дүрэм буй талаар нэг нийтлэл хэвлүүлсэн билээ. Энэ удаад үсгийн дүрэм, бичгийн соёлын бас нэг тулгамдсан асуудал болоод байгаа гадаад үг, нэрийг хэрхэн галиглах, монголчлох (орчуулах биш, тэр бол тусдаа асуудал) талаар хэдэн санал хэлье.
Өмнө миний бие сонин хэвлэлүүд, хувь хүмүүс кирилл үсгийн дүрмээр алдаатай бичиж буй талаар, зөв бичих ганц л дүрэм буй талаар нэг нийтлэл хэвлүүлсэн билээ. Энэ удаад үсгийн дүрэм, бичгийн соёлын бас нэг тулгамдсан асуудал болоод байгаа гадаад үг, нэрийг хэрхэн галиглах, монголчлох (орчуулах биш, тэр бол тусдаа асуудал) талаар хэдэн санал хэлье. Өөрөө ч тэгж шийдсэн юм биш, нүүр номд “Орчуулгын тухай ярилцъя” хэмээх идэвхтэй дугуйлан байдаг, тэдний хэдэн залуу орчуулагч энэ талаар нийтлэл бичиж өгөөч хэмээн хүссэн юм л даа.
Түүхэн тойм
Даяаршлын үеийн та бид л анх гадаад олон нэртэй учирч байгаа монголчууд бас биш л дээ. Эзэнт гүрний үеэс л монголчууд дэлхийг таньж эхэлсэн, тэр нь ч дурсгал бичигт нь үлдсэн байдаг. Ил хаадын бүр 1280-аад оны захидлуудад Ерусалимыг “Урислим”, Дамаскыг “Димисги”, франц буюу франкуудыг “барангуд” хэмээснээс гадна Бускарел, Саума зэрэг нэрс, Рой де Франс хэмээх цолыг монгол бичгээр хэрхэн бичсэн нь нэн сонирхолтой байдаг. Хубилай хаан дөрвөлжин үсгийг захиалан зохиолгосон нь үнэндээ хэт их гүрэн болсны тул харьяандаа байгаа бүхий л улс, хотын нэрийг зөв бичихийн тулд л хийсэн үйл гэж тайлбарлах нь бий. Хожмоо монгол бичигт гадаад үгийг тэмдэглэх нэн нарийн тогтолцоо, үсэг буй болсныг Аюуш гүүшийн галиг нэрээр хүн бүхэн мэднэ. Ийнхүү харь үгийг өөриймсүүлэх өөрийн гэсэн аргатай болсон байсан атлаа кирилл үсг авснаасаа хойш бүхий л гадаад хэлний үгийг яг орос бичлэгээр нь шууд хуулах болсон нь нэг талаар томоохон ухралт болсон юм.
Залуустай ойлголцохгүй болж ирэх нь
Орос бичлэгийг тэр чигээр нь аваад байна гэдэг нэг талаас том хөршөөс эмээсэн, хэл бичгийг нь хүндэтгэсэн аяс байснаас гадна нөгөө талаасаа их л амар байсан юм даг уу даа. Элдэв олон өөр хэлний авиа, үсгийг хэрхэн дуудагддагийг шалгах, нягтлах, монгол хэлний чухам аль үсэг, авиатай илүү ойр байна гэж харьцуулах шаардлага байхгүй, “ах нарын зөв” гээд л тэр чигээр нь авчихна. Харанхуйгаар ингэж авах нь монгол болоод цаад уг хэлнийхээ зүй тогтлыг зөрчих муу талтай боловч сайн тал бас байсан нь юу хэмээвэл нэгэнт л орос бичлэгийг стандартаа болгон, бүхий л сонин хэвлэл адил бичиж байсан учраас бас ч гэж нэг үгийг олон янз бичиж толгой эргүүлэхгүй, стандарт гээч юм тогтоод байсан юм.
Гэхдээ бас бүх үг ч маргаангүй байсангүй ээ. “Ах ах” л гээд байдаг ч өнөө орсууд чинь өөрсдөө бас будилна аа, будилна. Багаасаа хөлбөмбөг сонирхож өссөний хувьд, миний санаж байгаагаар Баруун Германы Rudi Vцller гэж мундаг довтлогч 1982 онд гарч ирэхдээ Веллер байснаа 84 оны Европын аваргаар Вёллер гэж ё-той болж ирээд, 1986 онд Мексикт Фёллер болчихсон юм даг. Шүтдэг баг маань болохоор сайн мэдээд байна л даа. Миний ахын шүтдэг Аргентины нэг нөхөр анхандаа Гисти байснаа сүүлд Жисти болчихож байж билээ.
Одоо бол харин мань мэтийн эртний балиашгууд хуучин орсоос авсан янзаараа яриад байдаг, залуус олон өөр гадаад хэлний боловсролтой болсон учраас цаад уг хэлээр нь хэлээд байх. Би бол Бавари Мюнхен гэнэ, өөр нэг нь Байерн Мүник гэнэ. Байерн гэж хэлэхийг сонсохоороо би Бавари багаас илүүтэй Байер Леверкузенийг ойлгох. Удахгүй орчуулагчтай нэвтрэлцэх нь л дээ.
Хүний бөөлжис идэх хэрэг байна уу?
Анхнаасаа л орос хэлний бичлэгийг сохроор аваад байснаас л бүх асуудал үүссэн байгаа юм. Хар Дорж багш энэ талаар тээр жил надад мөн айхтар зүйрлэл хэлж байж билээ. Дэлхийн 2-р дайны үед Оросын цэрэг орж ирснээс хойш Унгарт амьдрал хүндэрч, өлсгөлөн гарсан гэнэ. Тэгээд нэг удаа төв талбай дээр хүний бөөлжсийг өөр нэг хүн идэж байхыг аав нь харсныгаа тийм хэцүү цаг байсан юм шүү гэж багшид ярьж өгсөн аж. Хар Дорж багшийнхаар бол аливаа хэл гадаад үгийг дотогш нэвтрүүлнэ гэдэг бол хоол тэжээл боловсруулахтай адил өөриймсүүлж байгаа юм байх. Тэгээд уг нь хэл бүр өөр өөрийнхөөрөө л боловсруулах хэрэгтэй юм аа даа. Гэтэл манайхан орос хэлээр “боловсруулчихсан”, өөрөөр хэлбэл орос хүний дотор ороод гарсан зүйлийг тэр чигээр нь идэж байгаа нь яг л мөнөөх хүний бөөлжис идэж буйтай адил хэмээн ярьж билээ.
Арай хэтэрхий хатуу зүйрлэл санагдаж байна уу? Тэгвэл илүү тодорхой жишээ баримтаар тайлбарлах гээд үзье.
Гавана биш Хавана юм.
Орос, слав хэлтнүүдийн зарим аялгуу, ялангуяа Киевийн аялгуунд Г, Х-г солин хэрэглэх ёс байдаг байна. Михайл Горбачев дандаа “Я ховорю (орсоор бол говорю)…” хэмээдэг байсныг манайхан санаж байгаа. Үүнээс гадна Орос хэлэнд кирилл үсгийг анх хэрэглэхдээ Г үсгээр зөвхөн дуутай Г гийгүүлэгчийг тэмдэглэхээс гадна үгийн эцсийн дуугүй гийгүүлэгчийг мөн тэмдэглэж заншсан байна. Тиймээс Бог, Благ гэх мэт үгсийг цэвэр тод Г-тэй бус, Бох, Блах хавьцаа дуудна. Энэ мэт орос хэлний авиазүйн дотоод онцлогоос шалтгаалан барууны хэлнүүдийн шүргэх Х (h) авиа бүхий үгсийг Орос хэлнээ Г үсгээр буулгах болжээ.
Монгол хэлний хувьд Киевийн аялгуу огт хамаагүй учир Х үсгээр тэмдэглэх нь зөв юм. Хаанахын ямар ч дарга, хэл шинжээч хэлээгүй атал аяндаа цэгцрэн, хүмүүс өөрсдөө Харвард, Холливүүд, Хонг-Конг гэхчлэн бичдэг болсон нь сайшаалтай. Гэвч одоог хүртэл Гитлер, Гавана, Стокгольм хэмээн бичсээр байна.
Бага байхад дунд сургуулийн маань нэг багш хас тэмдгийг тайлбарлахдаа дөрвөн тийшээ харсан Г үсэг, тэр дөрвөн Г бол Гитлер, Геббелс, Гиммлер, Геринг нар хэмээн хэмээн итгүүлж байж билээ. Одоо бодоход энэ дөрвийн хоёр нь Г-гээр биш Х-гээр (Hitler, Himmler, Goebbels, Goering) эхэлж байж. Дөрвүүлээ Г-гээр эхэлсэн байлаа гэж бодоход юу гэж л германууд кирилл Г үсэг дөрвөн тийш нь тавиад сууж байх вэ дээ.
Х-Г андуурагддаг зарим байнгын хэрэглээний нэрсийг жагсаавал:
Хамбург, Холланд, Хавана, Харри (Поттер), Хюго, Хэйне, Хумболдт, Хонолулу, Херманн (Уэллс), Хайти, Хондурас, Ханнибал, Харолд, Хэктор, Хэлиос, Хэраклес…
Диграфыг зөв хэрэглэх нь.
БНАСАУ-ын нийслэл юу вэ? Эргэлзэн бодох шаардлага ч байхгүй байх. Монголчууд газарзүйн мэдлэгээрээ дэлхийд дээгүүр орох үндэстэн. Даа ялангуяа хуучин соц улсын нийслэлийг бол миний үеийнхэн гаргаахгүй.
Тийм ээ, Пхеньян. Та зөв хариуллаа. Харин энэ үгийг хэрхэн дуудсан бэ? Эхний хоёр үсгийнх нь завсар эгшиг оруулан Пэ-Хэ-Ньяан хэмээн дуудсан бол (зууны ерөн хувь нь тийн дуудсан байх магадлалтай) буруу хариуллаа гэсэн үг.
Юу нь буруу байсныг хэлэхийн өмнө хэл шинжлэлийн диграф хэмээх ойлголтын талаар товч өгүүлсү.
Аливаа цагаан толгой тухайн хэлнийхээ болон гадаад хэлний бүх авиаг бүгдийг тэмдэглэх боломжгүй байдаг. Тиймээс зарим нэг авиаг хоёр үсэг нийлүүлэн тэмдэглэхийг үсэгзүйд диграф гэнэ. Ди гэдэг нь “хоёр”, граф нь “үсэг” гэсэн үг. Роман цагаан толгойн h үсгийг диграфд хэрэглэх нь элбэг. S + Н = Sh буюу Ш-ээс эхлээд ph, ch, gh, ph гэх мэт диграфууд олон.
Эрт цагт монгол бичигт ч бас латины h – тэй дүйцэх хөөмийн X авиаг тэмдэглэх үсгийг диграфд хэрэглэж байжээ. Монгол бичигт Д үсэг мэт урагш этийлгээд буцаан татахдаа онгорхой гэдэс гарган нуруундаа нийлдэг тэр үсгийг хэлж байна. Энэ үсгийг Лхагва, Лхас гэх мэт төвд үгийг зөв тэмдэглэхэд хэрэглэдэг байв. Мөнөөх хөөмийн авиаг тэмдэглэх үсэг кириллд байхгүй тул нэлээд хатуу X үсгээр тэмдэглэх болсон тул төвдийн нийслэлийг одоо болтол зарим хүн Ил-Хас, Ла-Хас гэх мэтээр хоёр үе бүхий үг болгон дуудаад байдаг гэм бий.
Яг дээрхийн нэгэн адил солонгос хэлний амьсгалын түрэлттэй, хүчтэй П авиа нь орос хэлний зөөлөн П-ээс ондоо сонстох тул мөнөөх хотын нэрийг илүү зөв дуудах үүднээс диграф хэрэглэн ПХ хэмээн тэмдэглэсэн байна. Гэтэд тэр нь Монголд орж ирэхдээ “нуухыг нь авах гээд нүдийг нь сохлохын” үлгэр болж, Пөн-Яан хавьцаа хэлэгдэх хоёр үе бүхий үг нь Пэ-Хээ-Няан гэсэн гурван үетэй болж, анхлан тэмдэглэсэн орсууд байтугай ардчилсан Солонгосынхон ч нийслэлээ танихын аргагүй болчихжээ. Энэ нь үлгэрлэвэл, англичууд Phone хэмээх үгийг Пи-хоүн, China хэмээх улсыг Си-Хайна хэмээн дуудаж буйтай агаар нэгэн буй. Тиймээс нэг бол Пх хэмээн тэмдэглээд амьсгалын түрэлттэй П-ээр дуудах, үгүй бол ерөөс солонгос, монгол хэлний П авиа нэг их зөрөхгүй гэж үзвэл заавал оросоос диаграф авснаас дан П-ээр тэмдэглээд явсан нь ч дээр байж болох.
Бухуутто биш Путто юм
Диграфыг салгаж дууддаг, Пэхээ-няантай төстэй өөр нэг алдаа байна. Пакистаны Ерөнхий сайд асан Беназир Путто алагдсан даруй дэлхийн бүх мэдээллийн хэрэгсэл ярьж бичсэн билээ. Манайхан ч бас мэдээллээс хоцрогдсонгүй. Бхутто гэж бичиж байгааг харахад авиазүйн хувьд нэлээд дөхүүлсэн мэт санагдаж байв. Учир нь энэ нэрний эхний гийгүүлэгч нь дуутай Б –гээс арай дуугүй, П-тэй харьцуулахад амьсгалын түрэлтгүй, тийм гийгүүлэгч юм. Тиймээс Б-ын ард Х нэмж өгсөн хэрэг. Гэтэл санамсаргүй Монгол ТВ-үүд энэ мэдээг хэрхэн цацаж байгааг сонстол бүр долоон дордуулсан нь тодорхой болж билээ. Манайхан бүгд Х-г нь маш тодоор Бу-Хуут-То хавьцаа дуудаж байв. Энэ нь яг л миний өмнө бичсэнчлэн Лхагва хэмээх нэрийг иЛ-Хагваа гэж дуудаж байгаатай ижил. Нэгэнт авиазүйн хувьд их дөхүүлэх гэж оролдвол тэгж хамаагүй зөрсөнд орвол Бутто, эсвэл Путто хэмээн бичсэн нь хавьгүй дээр юм. Ер нь хоёр үсгээр нэг авиаг тэмдэглэхэд хэрэглэдэг тэр h бол манай Хар гэдэг үгэнд ордог Х биш л дээ. Гэтэл Ханд гэдэг нэрийг Khand хэмээн Kh –ээр галигладаг гадаад паспорт хийгч нөхөд Лхагва гэдэг нэрийг яг адил хэмээн бодоод Lkhagva хэмээсэн нь бас л томоохон алдаа болжээ. Лх чинь L+ Kh биш, Lh гэж өөрөө нэг өвөрмөц авиа л даа.
Дижанибеков биш Жанибеков юм
Дэлхийн олон хэлнүүд дэх Ж, З гийгүүлэгч хоёр өөрөөр дуудагддаг. Зарим нь хамжин шүргэж хэлэгддэг бол зарим нь зөвхөн шүргэнэ.
Жаахан тодруулъя. Ямар нэг гийгүүлэгчийг хэлэхэд өгүүлэхийн эрхтнүүд хоорондоо хүрч, наалдвал “хамжих” гэдэг. Жишээ нь Т авиаг хэлэхэд хэлний үзүүр шүд, түүш хавьцаа хүрэлцэн бүтэж байгаа тул хамжих гийгүүлэгч мөн. Харин С авиаг хэлэхэд өгүүлэхийн хоёр эрхтэн яг хүрэлцэхгүй боловч агаарын урсгал эгшиг шиг бас шууд чөлөөтэй гарчихгүй, өөрөөр хэлбэл шүргэж байгаа хэрэг. Тэгвэл Ц гийгүүлэгчийг дуудахад эхлээд Т мэтээр хамжаад, дуусахдаа С мэтээр шүргэдэг тул “хамжин шүргэх” гийгүүлэгч хэмээнэ. Тийм ч учраас Ц авиаг галиглахдаа барууны олон улс TS гэдэг нь цаанаа учиртай аж.
Монгол хэлний Ж авиа нь хамжин шүргэх гийгүүлэгч мөн. Англи, түрэг хэлнийх ч мөн адил. Харин орос хэлний Ж, З нь зөвхөн шүргэж хэлэгддэг авиа. Тийм ч учраас англи, түрэг хэлнүүдийн хамжин шүргэх гийгүүлэгчийг орсууд зөв тэмдэглэхийн тулд өөрийн шүргэх Ж авианы өмнө хамжих Д авиаг нэмж Джордан, Джанибеков гэдэг ажээ. Энэ хоёр нэрийг нэг хэсэг монголчууд яг орсуудын бичдэгийн адил бичдэг байгаад харин ч аяндаа зөв бичих болсон юм. Гэтэл олны танил бус нэрсийг ялангуяа орос хэлнээс орчуулан бичиж байгаа сэтгүүлчид буруу бичсэн хэвээр аж. Жишээлбэл, саяхан хөлбөмбөгийн дэлхийн аваргын түүхийн талаар нэгэн сэтгүүлчийн бичсэн маш сайн цуврал нийтлэлүүдийг шимтэн уншиж байгаад миний бие орос хэлний орчуулга болохыг нь гэнэт мэдэж билээ. Учир нь тэрбээр Дзофф, Каниджа, Дзола гэхчлэн бичсэн байлаа. Нэг талаар авиазүйн дүрэм мэдэхгүйгээсээ болж өөрөө бичсэн бус орос хэлнээс орчуулсан нь “баригдаж” байна гэх үү дээ?
Аляска биш Аласка юм
Зөөлөрсөн Л авиан тухайд асуудал бас их байна аа. Оросууд Wales (англиар) гэж улсын нэрийг Уэльс, Belgien (германаар) улсыг Бельгия, эртний Лиао улсыг (хятадыг нь галигласнаар Liao) Ляо гэж бичиж, дууддаг. Эхний хоёр улсын нэрний Л үсгийн ард зөөлний тэмдэг тавьж тагнайшуулсан бол Лиао улсын Л-ыг мөн л Я авиагаар хэт зөөлрүүлжээ. Үүний учрыг товч хэлбэл, эртний слав хэлэнд хатуу, зөөлөн хоёр янзын Л авиа байсан байна. Тэр ч бүү хэл зөөлөн Л авианд зориулан ардаа зөөлний тэмдгийг нь хавсаргасан тусгай үсэг хүртэл зохиож байж. Л авиаг тэгж ялган мэдэрч, тэмдэглэж заншсан ёсоор орос хүний чихэнд гадаад хэлний, ялангуяа барууны хэлнүүдийн жирийн Л авиа ихэд зөөлөн, тагнайшсан мэтээр сонстдог аж. Нэгэнт өөрийнх нь хатуу Л авианаас өөр, зөөлөн сонстож байгаа учраас хэлэндээ нутагшуулан авч, тийм авианы ард зөөлний тэмдэг тавьдаг, хэрэв үгийн эхэнд, мөн А мэт эгшгийн өмнө орсон бол Я-гаар зөөлрүүлдэг юм. Аласка тэгэхээр орост Аляска болно гэсэн үг.
Орос хэлний онцлог тийм, онцлогоо дагаад үсгийн дүрэм нь бас тийм, харин монгол хэлэнд Л авиа хэрхэн зөөлөрдөг вэ? Эртний монгол хэлэнд бол хатуу, зөөлөн Л гэж байсангүй. Харин хэлний хөгжлийн явцад эр үгэнд зарим гийгүүлэгчийн ард орох огцом И авиа өмнөх гийгүүлэгчээ тагнайшуулах болсон байна. Толи > толь гэх мэт. Эм үгэнд байгаа Л угаасаа зөөлөн юм чинь дахиж зөөлөрнө гэж ер үгүй.
Гэтэл бид эртний слав хэлнээс орчин цагийн орос хэлэнд уламжилж ирсэн зүй тогтлыг эх монгол хэлэндээ огт анзааралгүй буулгасаар, эм үгийн угаасаа зөөлөн авиаг давхар зөөлрүүлсээр сууна.
Уэльс, Бельги, Мендель (Mendel), Кельн (Koln), Дель Пьеро (Del Piero), Льюис (Lewis), Чарльз (Chalres), Лярусс (Larousse), Тель-Авив, Цельс гэх мэт мянга мянган улс, хот, хүний нэрс дэх Л авиа бидний хувьд учиргүй зөөлөрч сонстохгүй, монгол хэлний Л авиатай л төстэй, тийм ч учраас зөөлний тэмдэг бичиж байх шаардлага уг нь огт байхгүй юм. Даанч олон арван жилийн туршид ингэж бичсээр нүдэнд ихэд дассан учир засахад бас л амаргүй. Амаргүй гээд харь хэлний дүрмийг дагаад байх ч тоогүй.
Энэ хэвээрээ яваад байвал удалгүй барууныхны дуу аялахдаа La-la-la-la гэдгийг орсууд ля-ля-ля-ля хэмээдэг шиг, баахан зөөлөрсөн Л-тэй, “нялганасан” авиатай улс болох вий!
Цаашид яах вэ?
Энэ мэтээр ихийг бичиж болно. Гэвч түр завсарлаад яавал дээр вэ гэдгээ ярилцах уу? Надад бол бүх юм өнгөрсөн, хоцорсон гээд тавиад туучмааргүй л санагдах. Тун удахгүй залуустайгаа орчуулагчаар дамжуулан хэлэлцэж эхлэх гээгүй л юм бол тодорхой хэлнүүдийн үг, үе, үсэг, авиаг монголд буулгах стандарт дүрэмтэй болох хэрэгтэй байна. Нэг үеэ бодоход манайд чинь гадаад хэлтэй залуус олон боллоо шүү дээ. Дэлхийн бүх хэлийг тэгж тогтооно гэдэг мэдээж бүтэхгүй. Англи, франц, герман, япон, солонгос, хятад, орос хэл тус бүрээр нэг нэг баг гаргаад, төслийн хүрээнд ажиллуулчихад сүрхий цэгцрээд ирэх биш үү? Гарч ирсэн стандартыг нь хэвлэл мэдээллийн байгууллагуудад тараагаад, сэтгүүлчдийн дунд сургалт семинар зохиогоод л. Гадаад улсын хүний нэр, хот мужийн нэр зэргийн бичлэгийг стандартчилсан толь бичиг гаргаад л. Сэтгүүлчид юм бичихдээ тэр толийг нэг сөхчихдөг.
Зохицуулах юм бүр дээр заавал засгийг хараад суугаад байлгүй, хувийн хэвшлийнхэн ч идэвх зүтгэлээ оруулмаар байна. Ухаан нь нэг томоохон ТВ, нэг гайгүй сонин, бас нэг хэвлэлийн газар нийлж, хөрнгө мөнгө дундаасаа гаргаад, судалгааны баг бүрдүүлэн ажиллуулж, аль нэг хэлний үгсийг монголд буулгах стандарт боловсруулчихвал, за тэгээд өөрсдөө хариуцлагатай байж, хэвлэж буй, үзүүлж буй зүйл бүртээ яг түүнийгээ дагаад байвал олон нийт бол амархан дагана даа. Иймэрхүү төслийн багийг чухам хувийн хэвшлийнхэн л зохион байгуулсан тохиолдолд мөнгөө өөрсдөө гаргаж байгаа улс хойно, чанартай бүрдүүлэх байх. Улсын төсөлд бол мэдээж танил талаа л оруулаа шүү дээ.
Хот улс, хүн юмсын нэрийг буруу бичсэн бол уучлал гуйдаг, залруулдаг соёл ч манайд үгүйлэгдэж байна. Гадаад үгэнд ганц үсэг алдах байтугай монгол үгээ зөв бичиж чадахгүй, дээр нь элдэв зальтай, галзуу улсыг хүртэл нийгэмд сурталчилж байгаа газруудаас хариуцлага нэхэх ч одоохондоо биелшгүй санаа байх л даа. Гагцхүү эхлээд тэр нь зөв, энэ нь буруу гэдгийг нь шалгачих дүрэм, стандарттай л болоод авбал...
Жич: Яг чухам тийм дүрэм гаргах дээрээ тулбал үгийг үсэгчлэн галиглах, үгчлэн галиглахын ялгаа (транслитерац - тарнскрипц), уламжлалыг ямар хэмжээнд баримтлах (боломжийн юмыг бол хэвшсэнээр нь үлдээх нь зүйтэй), диграфыг хэрхэн ойлгох, хатуу зөөлний тэмдгээ яаж хэрэглэх гээд илүү нарийн асуудал олон бий, энэхүү нийтлэлд оруулах боломжгүй болно.
.
Данзан
Адъяаболд
эрдэнэ
Зочин
Зочин
DEM center
tr
Зочин
OTO
puujee
www.tuurgatnytuv.com
oto
oto/zalruulga
oto
oto
Зочин
Дэндэв
жиргээч
Зочин
Мягмар
сайхан юм аа
Зочин
bat
Haliun
нано
Mongol
Зочин
Зочин
Зочин
uugii
Зочин
Баярлалаа
NYAM
Зочин
Зочин
Зочин
...
Зочин
Зочин
Зочин
hangal
guest
Sudlaach
Зочин
Mongol
nasan
Зочин
би
zz
СУДЛААЧ
bi
Зочин