Бүх нийтийн хоол хүнсний боловсролд
 

Хүн төрөлхтөн эрт дээр үеэс хүнсний нэмэлтийг хэрэглэж иржээ. Анхны хүнсний нэмэлтийн тоонд давс зүй ёсоор орно. Эртний римчүүд  давсалгааны хольц бэлтгэн мах, загасыг удаан хугацаагаар хадгалахад ашиглаж байсан түүхтэй.  Мөн нэлээд эртнээс чинжүү, задь, лиш, цагаан гаа, шанц мэтийн халуун ногоонуудыг бүтээгдэхүүнд анхилуун сайхан үнэрийг бий болгоход хэрэглэхийн зэрэгцээ гэмтэж муудсан бүтээгдэхүүний эвгүй үнэрийг дарах зорилгоор ашиглаж  байжээ.

Хожим хүнсний бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлэх, хадгалалтын хугацааг уртасгах зорилгоор үйлдвэрлэлийн тодорхой үе шатанд зохих хэмжээгээр нэмдэг байгалийн гаралтай болон химийн аргаар нийлэгжүүлж гарган авсан олон тооны химийн бодисууд бий болж эдгээрийг бүхэлд нь ХҮНСНИЙ НЭМЭЛТ гэж нэрлэх болжээ.  Өөрөөр хэлбэл, хүнсний нэмэлт нь хүнсний бүтээгдэхүүн дахь гадны бодис юм. Хүнсний нэмэлтүүд нь тэжээллэг чанаргүй бөгөөд зөвхөн технологийн зорилгоор багаар хэрэглэдгээрээ хүнсний бүтээгдэхүүнээс ялгаатай юм. Сүүлийн үед өндөр хөгжилтэй орнуудад үйлдвэрлэсэн биологийн идэвхт хүнсний нэмэлтүүдийг сүлжээний бизнесээр дэлхийн олон оронд борлуулж сурталчилгаа идэхжсэнээр хэрэглэгчдийн тоо түргэн хурдацтай өсөх хандлагатай байна.

Харин сувиллын болон хүүхдийн зориулалттай хоол хүнсэнд хүнсний нэмэлт хэрэглэхийг хориглодог. Мөн түүхий эдийн боловсруулалтын буруу ажиллагаа, доголдлыг нуун далдлах, бүтээгдэхүүнийг хуурамчаар үйлдвэрлэх, биологийн үнэт чанарыг нь бууруулахад ашиглахыг хатуу хориглосон байдаг. Үүнээс гадна сүү, мах, гурил, талх зэрэг гол нэр төрлийн хүнс, хүнсний бүтээгдэхүүнд хүнсний будгийг хэрэглэхийг хориглосон байна.

Одоогийн байдлаар дэлхий дээр 580 гаруй нэр  төрлийн хүнсний нэмэлт бүртгэгдсэний дотор 49 төрлийн химийн гаралтай нөөшлөгч бодис байна. Дэлхийн эрүүл мэнд (WHO), хүнс хөдөө аж ахуйн байгууллага (FAO)-ын    хүнсний нэмэлтийн чиглэлээр байгуулсан  тусгай хорооноос гаргасан баримт бичигт хүнсний нэмэлтийг дараах зорилгоор хэрэглэж болохыг зөвшөөрчээ. Үүнд:

  • Хүнсний бүтээгдэхүүний өнгө үзэмжийг сайжруулах
  • Хүнсний бүтээгдэхүүний тэжээллэг чанарыг алдагдуулахгүй байх
  • Хадгалалтын хугацааг уртасгах
  • Түүхий эд материал, бүтээгдэхүүний алдагдлыг багасгах
  • Боловсруулалтын технологийг хөнгөвчлөх, өртгийг хямдруулах
  • Технологи ажилбарыг хурдавчлах

Хүнсний бүтээгдэхүүний үнэр нь хамгийн мэдрэмтгий эрхтнүүдийн нэг болох салст бүрхэвчийг цочроож шүлс, ходоодны шүүсийг ялгаруулж дотоод шүүрлийн булчирхайнуудад нөлөөлөх замаар хоол боловсруулах эрхтэн системийн үйл ажиллагааг идэвхжүүлдэг.  Иймд хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлд  төрөл бүрийн үнэрт бодисуудыг байгалийн гаралтай түүхий эдээс гарган авсан охь, ханд, эфирийн тос, өтгөрүүлсэн шүүс болон зохиомлоор нийлэгжүүлж  гарган авсан химийн нэгдлүүдийн хэлбэрээр өргөн хэрэглэж байна.

Түүнчлэн ихэнх хүнсний бүтээгдэхүүний найрлага дахь будагч бодисууд нь гол төлөв тогтворгүй нэгдлүүд байдаг учир дулааны боловсруулалт хийх, хадгалах явцад амархан хувирч өөрчлөгдөн улмаар бүтээгдэхүүний гадаад өнгө үзэмжийг муутгадаг.  Иймд будагч бодисуудыг хэрэглэх шаардлага гарчээ. Гэхдээ будагч бодисуудыг аюулгүй болохыг нь нотолгоожуулсны дараа хүнсэнд хэрэглэхийг зөвшөөрдөг. Ер нь эрүүл ахуйн үүднээс будагч бодисуудыг огт хэрэглэхгүй байх нь зүйтэй гэж үздэг.    

Ундаа, чихэр, жимсний чанамал, компот, хуурай кисель, хүнсний концентратууд, ногоо, жимсний нөөшний үйлдвэрлэлд хүчиллэг, аятайхан амтыг бий болгох зорилгоор  органик болон органик биш хүчлүүдийг хэрэглэдэг.

Мах, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хадгалалт, нөөшлөлтөнд хамгийн өргөн хэрэглэдэг хүнсний нэмэлтүүдэд сонгино, саримс, чинжүү, гич гэх мэт ургамлаас гадна нитрат, нитрит, пропионы хүчил, сорбины хүчил, сульфидууд орно.

Хүнсний нэмэлт бүр англи хэлний “Хүнсэнд хэрэглэж болно” гэсэн утгыг илэрхийлэх  “Е” үсэг, 3-4 орон бүхий тоон кодтой байх ба энэ нь бүтээгдэхүүний шошго дээрх мэдээлэлд заавал бичигдсэн байх ёстой.

Өнөөгийн байдлаар хүнсэнд хэрэглэж байгаа хүнсний нэмэлтүүдийг дотор нь:

  • Будагч бодисууд (Е 100-199 индекстэй)
  • Нөөшлөгчүүд (Е 200-299)
  • Исэлдэлтийн эсрэг болон хүчил тохируулагчид (Е 300-399)
  • Өтгөрүүлэгчид, тогтворжуулагчид, цийдмэгжүүлэгчид (Е 400-499)
  • Хөөлтийн эсрэг бодисууд, рН тохируулагчид (Е 500-599)
  • Амт сайжруулагчид (Е 600-699)
  • Бусад нэмэлтүүд (Е 900-999)
  • Нэмэлт бодисууд (Е 1100-1599) гэж ангилдаг.

Эдгээрийн дотроос дараах орц бүхий бүтээгдэхүүний хэрэглээнд их анхаарахыг  сануулж байна. Үүнд:

Сэжигтэй: Е 104, 122,141, 150, 171,  173, 241, 477

Аюултай: Е 102, 110, 120, 124, 127, 129, 155, 180, 201, 220, 222, 223, 224, 228, 242, 400, 401, 402, 403, 404, 405, 501, 502, 503, 620, 636, 637

Маш аюултай хэрэглэхийг хориглох: Е-123, 510, 513, 527

Хэрэглэхийг хориглох: Е 103, 105, 111, 121, 125, 126, 130, 152, 952

Үүнээс  гадна хэтрүүлж буюу буруу хэрэглэвэл өвчин эмгэгт хүргэж болох нэмэлтүүд ч байдаг.  Эдгээрийн тоонд хүүхдэд аюултай Е 270, ходоод, гэдэс өвтгөх даралт ихэсгэх E 154, 250, 251, 338, 339, 340, 341,343, 450, 451, 452, 453, 454, 461, 462, 465, 466, 626, 627, 628, 629, 630, 631, 632, 633, 634, 635, хавдар үүсгэх  E 131, 142,  153, 210, 211, 212,213, 214, 215, 216, 219, 230, 240, 249, 252, 280, 281, 282, 283, 330, 954 г.м хүнсний нэмэлтүүд орно.

Иймд  “Е” тэмдэглэгээ бүхий хүнсний бүтээгдэхүүнийг сонгохдоо бүтээгдэхүүний сав баглаа боодол,шошго дээрх мэдээлэлтэй заавал урьдчилан танилцаж байхыг танд зөвлөе.

Нөгөө талаар импортоор оруулж ирж байгаа хүнс, биологийн идэвхт хүнсний нэмэлтийн найрлага, жор, хэрэглэх заавар, эерэг, сөрөг тал, үйлдвэрлэгчийн талаарх мэдлэг манай хэрэглэгчдийн хувьд  төдийлөн сайн биш байгааг хүнс импортлогчид зориуд анхаарах цаг болсон байна.