Энэ дэлхийд олон төр улс буй болж, түүхийн явцад олон төр улс мөхөн алга болжээ. Одоо дэлхий дээр зургаан мянга орчим хэл аялга буй гэнэ. Тэгэхээр бараг ийм тооны үндэстэн байдаг биз. Харин үүнээс 200 орчим нь өнөөгийн ертөнцөд өөрийн гэх туурга тусгаар төр улстай аж. Түүхийн явцад хичнээн улс гүрэн үүссэн, хэд нь мөхснийг хэлэх арга үгүй. Төр улс үүсэн он цагийг ч баримжаалж хэлэхэд олонхийн хувьд их л бэрхшээлтэй. Юутай ч шинэ тив гэгддэг Америк, Австралийн олон орныг яг тэдийд үүсэн хөгжсөн гэж яв цав хэлж болмоор. Гэхдээ л эртний соёл иргэншил, төр улс оршин байсан инкуудын нутаг Перуг хэзээ үүссэн гэх вэ? Яг энэ жишигээр явбал Мексик улс хэзээ буй болов? Үүнийг ацтэкчүүдээс тоолох уу, эсвэл маяачуудаас тоолох уу?
    Өнөөгийн герегчүүд мөнөөх эртний Сократэсийн Герег мөн үү? 1948 онд буй болсноор тооцогддог израилчуудын өвөг жүүд нар анхны төр улс мөнөөх л газар дээрээ одоогоос 3500 жилийн өмнө оршин байсан шүү дээ. Энэтхэг, Хятадыг анхны төр улсаа хэзээ буй болгосныг өнөөдөр хэлэх бололцоогүй. Барагцаалж л ярина уу гэхээс Хятадын анхны төр улс гэж яригддаг Шань династи бас яг анхных нь мөн үү? Өчнөөн олон хүчирхэг төр улсууд оршин мөхсөөр ирсэн Хоёр мөрний завсрын улс гүрнүүд өнөөгийн иракчуудад хамаатай юу? Константин хааны нэрээр нэрлэгдсэн хотыг хожим тэнд дайлаар очин эзэлсэн түрэгүүд хэдийгээр Стамбул хэмээн нэрийг нь өөрчилсөн ч энэхүү эртний Зүүн Ромын эзэнт улсын түүх тэдэнд хамаатай юу? Эртний мисрүүд одоогийн египтчүүд хоёрын хооронд холбоо бий юу?
    Гэтэл зарим улс гүрэн буй болсон нь тун тодорхой байдаг. АНУ 1776 оны 7-р сарын 4-нд буй болжээ гэж яг таг хэлж болно. Загалмайн шашинд орж усан баталгаа хийлгэснээр төр улсаа буй болгосон гэж үздэг Чех, Орос, Польш улсууд одоогоос яг л мянга гаруй жилийн өмнө буй болсон байна. Өнөөгийн улс гүрнүүдэд тулгар төр байгуулсан ойгоо сүр дуулиантай тэмдэглэж, үүх түүхээрээ бахархах нь нэгэн бардамнал болжээ. Наяад оны үед Болгар улс тулгар төрийнхөө 1300 жилийн ойг тэмдэглэсэн. Слав үндэстний анхны төр улс гэх аж. Бас ч түүх хөөвөл эргэлзээтэй юм их бий л дээ. Гэхдээ л сайхан тэмдэглэсэн. Далаад оны эхээр Ираны шагийн шаг Пэхлави Пэрс гүрний 2500 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэсэн билээ. Орос, Польш, Унгарын мянган жилийн ой ч нүргээнтэй тэмдэглэгдэж байлаа. Саяхнаас солонгосчууд өөрийн түүхийг ихээхэн урагш татан 4000 жилийн түүхтэй төр улсын уламжлалтай гэж албан ёсоор ярих боллоо. Бараг л хятадуудаас ах болох гээд байх шиг. Хэдийгээр ихээхэн эргэлзээтэй боловч түүхийн зарим нэг тодорхой баримт олдсон юм байгаа биз дээ.
    Буриадууд Оросын бүрэлдэхүүнд орсны 300 жилийн ойгоо тэмдэглэх гээд нэлээд бэлдэж байх шиг байна. Өвөр монголчууд автономт улс болсныхоо 60 жилийг гурван жилийн өмнө нэлээд өргөн тэмдэглэсэн байх. Маогийнхан Бээжинг эзэлж БНХАУ байгуулахаасаа хоёр жилийн өмнө Өвөр Монголыг автономит гэж зарласан юм билээ. Өвөр Монгол нь Чин династийн бүрэлдэхүүнд багтан орсны 380 жилийн ой хойтон болох гэж байна. Харин туурга тусгаар Монгол улсын иргэд бид хойтон жил тусгаар тогтнолоо сэргээсний 100 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэхээр зэхэж байна. Энэ ойг тэмдэглэн өнгөрүүлэх Ерөнхийлөгчийн зарлиг санамж хэдэн жилийн өмнө гарсан билээ. Сайхан санаачлага гаргасан гуравдахь ерөнхийлөгчид дахин талархал илэрхийлмүү.
    Үүний зэрэгцээ Монгол нутаг дээр анхны төр улс үүссэний 2220 жилийн ой мөн хойтон тохиох болно. Одоогоос хорин жилийн өмнө 2200 жилийн тэгш ой нь таарч, даанч тэр үед нийтээр хувьсгал мувьсгал хийгээд тэр тухай санаж сэдсэн хүнгүй чимээгүй өнгөрсөн бололтой. Хоёр мянга хоёр зуун жилийн төр улсын түүхтэй эртний гүрэн гэж бодох, зарлах, тэмдэглэх нь маш ач холбогдолтой зүйл юм. Одоо болтол хятадууд албан ёсоор биднийг 1921 онд л эх газраасаа салж тусгаарласан улс гэж үзээд байдаг юм шүү дээ. Нүүдэлчид арай ч дэлхийн хамгийн ууган иргэншлийн нэгийг байгуулсан хятадуудаас өмнө төр улсыг байгуулсан гэж хэлэхгүй л дээ, гэхдээ хоёр мянга гаруй жилийн түүх гэдэг бахархах урт хугацаа мөн.
    Жаахан түүх яръя. МЭӨ II зуун хүртэл хятадыг нэгтгэсэн нэгдмэл төр улс гэж байгаагүй. Олон ханлигууд тус тусдаа бие даан оршиж байж. Гэхдээ энэ нь Хятад гэж байгаагүй гэсэн үг биш л дээ. МЭӨ II зуунд лавтай 4-5 бие даасан ханлиг байж. Тэдний гол дайсан нь умрын нүүдэлчид. Байнга уулгалан дайрч дээрэмдэн тонох тэднээс сэргийлэхийн тулд хил дагуугаа урт хэрэм татсан байна. Харин хэрэм нь ханлиг бүр өөрийгөө хамгаалсан шинжтэй байсан учир нэгдсэн урт хана гэж байсангүй. Нүүдэлчид ч мөн л харалдаа харалдаа газар руугаа довтолдог хоорондоо холбоо байхгүй бас л салангид аймгууд байсан бололтой. Хятадууд тэднийг зүг чигээр нь хочлон дуудаж нэрлэнэ. Дунху гэж бий, энэ нь зүүн зэрлэгүүд гэсэн үг. Хүннү гэж бий, энэ нь хятад дуудлагаараа Шюннү гэсэн үг ба Умрын зэрлэг гэсэн утгатай бололтой. Өөр олон төрлийн “ху” байжээ. Тухайн нүүдэлчид өөрсдийгөө юу гэж нэрлэж байсан нь мэдэгдэхгүй, учир нь тэд бичиг үсэггүй учир хятад бичлэг нь өдгөө үлдсэн учир тэр нэрээрээ түүхэнд үлдсэн бололтой.
    Ингээд дээр өгүүлсэн цаг үед Шихуанди хэмээх түүхэнд их том үсгээр тэмдэглэгддэг хаан гарч иржээ. Энэ хүний тухай алдарт найруулагч Жан Еимө “Баатар” гэж кино хийсэн бол түүнтэй өрсөлдөгч Кан Кэгэ “Хаан, дээрэмчин хоёр” гэж бас нэг цуутай кино хийснээр нь Шихуанди хааны тухай өнөөгийнхөн нэлээд ойлголттой болсон болов уу. Хятадын байтугай дэлхийн түүхэнд гарсан ховорхон харгис эр. Тэрээр Хятадын бие даасан ханлигуудыг цусанд үйн байж нэгдсэн нэг төрийг байгуулжээ. Энэ бол МЭӨ 221 онд буюу одоогоос 2010 нэмэх нь 221 буюу 2231 жилийн өмнө болсон хэрэг. МӨЭ гэхээрээ одоогийнхоо он дээр тэр тоог нь нэмнэ шүү дээ. Ингээд цагаан хэрмийг хооронд нь холбон нэгдсэн хамгаалалттай болжээ. Ийнхүү хятадууд анх удаа хамгаалалтын буюу нэгдсэн дэфэнсив төр улсыг байгуулав.
    Нүүдэлчдийн уулгалан дайрдаг Хятад ингээд нэгдсэн хамгаалалттай болохоор нүүдэлчид бас юм бодохгүй бол болохгүй. Нүүдэлчдийн бишгүй нэг олон аймаг байсан дотор хамгийн хүчирхэг нь тухайн үедээ Хүннү, Дунху хоёр байж. Хүннүгийн хааныг шаньюу гэнэ. Хаан л гэсэн үг. Яг “хаан” гэдэг үгийг хожим хэдэн зууны дараа жужуаньчууд анх хэрэглэж эхэлсэн юм гэнэлээ. Шаньюу нь Түмэн гэж хүн байж. Харин төр улс барихад зөөлдөөд байдаг байсан учир түүний хүү Модун домогт өгүүлснээр бол эцгээ алж хаан ширээг булаан аваад хажуу хавирганы аймгуудаа цохин МЭӨ 209 онд Хүннүгийн нэгдсэн гүрэн байгуулсан байна. Ийнхүү нүүдэлчид анх удаа төр улс байгуулсан төдийгүй мөнөөх нэгдсэн дэфэнсив улсын эсрэг довтолгоон хийж чадахуйц нэгдсэн офэнсив төр байгуулжээ. Ингээд 2011 дээр 209-ийг нэмэхээр хойтон жил Монгол нутагт тулгар төр үүссэний 2220 жилийн ой тохиогоод байгаа юм.  
    Хүннүчүүд чухам ямар угсаатан байсан талаар эрдэмтэдийн хооронд их маргаан бий. Тэд өнөөгийн монгол түрэг тунгус угсаатны нийтлэг эх байсан байж болох юм. Олонхи эрдэмтэд тэднийг түрэг угсаатан байсан гэж үздэг. Учир нь өнөөгийн Монгол орны газар зүйн маш олон нэр түрэгээр тогтжээ. Хэнтий – их хөвч, Байгал – баян нуур, Увс – гашуун ус, Отгон – голомт, Туул – дүүрэн, Алтай –алаг уул, Хөвсгөл – Хөх ус нуур гэх мэт. Цаана нь Орхон, Онон, Идэр, Байдраг, Тайшир гээд хаа мундах билээ. Гэхдээ энэ нь өнөөгийн Анкара нийслэлтэй Түрэг улс юм уу, эсвэл хасаг, хиргис, чантуу, түркмэн, хархалпак, татаар гэх мэтийн түрэг угсаатнуудад шууд хамааралтай, тэд нарын өвөө нь гэсэн үг биш л дээ. Угсаатны задрал нэгдэл энэ хоёр мянга гаруй жилд маш төвөгтэй урт замыг туулсан. Хүннүчүүд Хар шаараас Хянганы нуруу хүртэл, Байгал далайгаас цагаан хэрэм хүртлэх өргөн уудам нутаг буюу өнөөгийн монгол угсаатны амьдран байгаа газар нутаг дээр нүүдэлчдийн анхны тулгар төрийг байгуулжээ гэдэг нь гол юм.  Заавал маргаантай, шийдэгдээгүй асуудал руу орж ач холбогдол багатай юм руу хальтах хэрэг юун. Өвөг монгол, өвөг түрэг хэл нэг байсан байж ч болох шүү дээ. Дээр дурьдсан түрэг овогтнууд ба мөн өнөөгийн тунгус овогтны өвөг болов уу гэх дунху нар бүгдээрээ Хүннүгийн төрт ёсноос үүдэн залгамжилсан гэхэд буруудах юу байхав. Хүннүгээс хойш гарцаагүй түрэг үндэстэн нь батлагдсан Түрэг, Хиргис, Уйгар гарцаагүй монгол угсаатан болох нь батлагдсан Жужуань, Кидан гээд олон гүрэн байсан. Тодорхойлоход хэцүү Сяньби, Того, Дунху ч гэж гүрнүүд байлаа.
    Хүннү бол тухайн үедээ байтугай бүхий л түүхэнд ч томоор бичигдэх хүчирхэг гүрэн байсан. Өрнөдийн сурах бичиг атлас зэрэгт “Хүннү эмпайр” буюу Эзэнт гүрэн гэж тэмдэглэдэг. Харамсалтай нь Зөвлөлт Монголын марксист түүхчдийн гуйвуулгаар Хүннүг манай урьдын сурах бичигт “аймгуудын холбоо” байсан мэтээр жижигрүүлэн авч үздэг байлаа. Өнөөгийн Монгол улс бол 2200 гаруй жилийн төр улсын түүхтэй нэн эртний гүрэн улс билээ. Бүх юм 1921 оноос эхэлсэн гэдэг худлаа. Чингисийн Их Монгол ч эзгүй газар мэндлээгүй, Хүннүгээс уламжилсан тэр их өв соёл түүхэн улбаан дээр гарч ирсэн ээлжит нэгэн хүчирхэг төр билээ. Тусгаар тогтнолоо сэргээсний 100 жилийн ойтой давхцуулаад тэмдэглэчихвэл уг нь тун зүгээрсэн.
    Богд уулан дээр хот руу харуулаад “Хувьсгалын 89 жилийн ой мандтугай” гээд шохойгоор бичсэн үсэг бий. Монгол үсгийг устгаж байхгүй болгосон тэр жилүүдэд ганц үлдсэн нь учраас сайхан л харагддаг байсан. Аль 1951 онд анх ингэж  бичсэн юм билээ. Байсан юм байснаараа л байж л байг л дээ. Гэхдээ энийг “Тулгар төрийн 2220 жилийн ой мандтугай” гээд яльгүй засаж сэргээгээд жил тойрон чийдэнтэй болгочихвол улам ч илүү утга төгөлдөр, хүн болгон төр улсынхаа урт түүхээр бахархах нэгэн сэдэл болмоор санагддаг юм. Ингэж засахад тун яльгүй өөрчлөлт орно. Ажил гэхээсээ санаа л юм даа.  
    Түүхийн олон он сар өдөр цагийн эргэлтээр яг таг хэлэх аргагүй тодорхой бус болсон байдаг. Ардын хувьсгалын ой гээд л тэмдэглэдэг нь саяхны огноо, гэтэл 1921.7.11 гэдэг огноог сүүлд зохиож онолдуулсан болохоос яг тэр өдөр ямар ч онцлог үйл болоогүй. Ийм саяхны юм хүртэл будилаантай. Ардчилсан хувьсгалын ой хэзээ вэ? Уг нь бүх нийтийн сонгууль болсон 1990 оны 7-р сарын 23. Гэхдээ л олон хүн өөр огноо хэлдэг. Байсан юм байснаараа л байг. 7 сарын 11-ний өдөр буюу Наадмаар Их Монгол улс байгуулагдсаны болон Тулгар төр байгуулагдсаны баярыг давхардуулан тэмдэглэж  болох. Наадам гэж нэрлэж байгаа нь сайхан утга учиртай болоод явчихана. 11-р сарын 26 бол Бүгд найрамдах улсын өдөр. Үүнийг “улс тунхагласны” гэж жил болгон мэдээллийн хэрэгслэлээр нааж байх юм. Улсаа 2220 жилийн өмнө тунхагласан юм байна шүү дээ, бид чинь. Энэ өдрөөр Ардын хувьсгал ба Ардчилсан хувьсгал ялсны ойг давхардуулан тэмдэглэж ч болох. Учир нь 1924 оны энэ өдөр Хаант засгийг халж МАХН-ын III их хурлын шийдвэр амьдралд хуульчлан хэрэгжиж эхэлсэн. 1989 оны мөн энэ өдөр Ардчилсан холбоо байгуулагдах суурь тавигдсан. 12-р сарын 29-ийг шинэ жилтэй дамналдуулаад Тусгаар тогтнолоо сэргээсний ой болгон жил бүр хүндэтгэн тэмдэглэдэг бол ямар? Төсөөтэй талууд байгаа биз? Эхнийх нь төр улс байгуулагдсан хүрээнийх. Дараагийнх нь засаглал солигдсон асуудал. Харин Тусгаар тогтнолоо сэргээсэн нь хөдөлшгүй огноотой, үүнтэй хэн ч маргахгүй. Аль ч тусгаар улсын тэмдэглэдэг, хүндэтгэдэг ойнууд юм шүү дээ.

2010.8.15.