Чой. Лувсанжав гуайн “Бодоог Элбэгдорж Ренчино егүүтгэсэн” гэсэн нийтлэл гарчээ. Гарчигтай ч санал нийлж байна. Харин дотор буй өгүүлэмж нь миний бичсэн “Монголчууд: Нүүдэл суудал” түүхийн ном руу хандсан бололтой. “Баабар гэгч” гээд баахан зүхснийг үзэхэд лав л шүүмж биш бололтой. Би алив эрүүл саруул шүүмжийг талархан хүлээж авах болно, яагаад гэвэл энэ нь хүлээн зөвшөөрөгдсөн мэтгэлцээн юм. Мэтгэлцээнээс алив үнэн тодордог. Би энэ бүтээлийг туурвихад амьдралынхаа 15 жилийг зарцуулсан. Лавтай 10 мянга гаруй эх сурвалж үзсэн ба ашигласан мянга гаруй эх сурвалжаа номын ард огноо болон хуудастай нь ил тавьж өгсөн билээ. Би хэд хэдэн гадаад хэл гадарлана, монгол бичиг багадаа сурсан, түүхийн ухаанд ухаангүй дуртай, тэгээд ч 1990 оны хувьсгалаар олж авсан миний хамгийн том олз бол өөрийн үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлэх эрх бөлгөө. Бүтээлийг хийх явцдаа маш олон гэрч болон түүхч эрдэмтэдтэй уулзан байнга зөвлөлгөө авч байсныг зохиолын эхний нүүрэнд “талархал” хэмээн нэрсээр нь жагсаасан болно. Эхний бүлгийг академич Бира гуай үзэж өгсөн ба хоёр, гурав дугаар бүлгийг нэрт түүхч Бат-Очир гуай, академич Ширэндэв гуай редакторлон засамжилсан. Мөн Сүхбаатар судлаач Пүрэв гуай, Гомбосүрэн гуай нартай ч тухайн сэдвээр олон удаа уулзсан. Идшинноров, Болдбаатар, Батбаяр, Баясах, Болд, Даш-Ёндон, Лхагваа, Өлзийбаатар, Энхсайхан, Батсайхан, Султан зэрэг олон түүхч эрдэмтэн зөвлөсөн ба тэдний тусгүйгээр би энэ нөр бүтээлийг дуусгаж чадахгүй байсан. Энэ бүтээл нэлээд хэдэн хэлээр орчуулагдсанаас гадна АНУ, Унгар, Орос, Польш, Англи, Японд зориулсан шүүмж гарсан билээ. Хятадад энэ бүтээл хориотой, Төв хорооны дотоод хэрэгцээнд зориулсан хаалттай орчуулга байдаг гэж нэг өвөр монгол хүн надад дуулгасан. Харамсалтай нь манайд нэг ч шүүмж гараагүй. 

    Бүтээлийг би илүүтэй академик байх талыг нь бодоод хувь хүнтэй холбоотой явдлыг аль болох бага оруулж өгсөн. Хувийн харилцаа холбоо зэрэг нь төрийн бодлого тодорхойлох хэмжээнд хүрсэн зүйлээс нь ишилсэн дүгнэсэн тал бий. 2010 онд “Өдрийн сонин”-д дараалж тавьсан “МАН-аас МАХН хүртэл” хэмээсэн дөрвөн цуврал өгүүлэлд 1920-1928 он хүртэлх энэ улс төрийн намын түүхийг товчлон хялбаршуулж бичсэн ба тэнд урьд олсон хувь хүнтэй холбоотой нэлээд баримтыг шинээр дэлгэсэн болно. Хувь хүнтэй холбоотой өөр олон баримт олсон боловч тэр болгоныг дэлгээд байх нь зарим талаар зохимжгүй юм уу гэж боддог шүү.

    Лувсанжав гуайн нийтлэлд миний биеийг жанжин Сүхбаатарыг зориуд гутаан доромжлохын тулд элдэв юм зохиож гүтгэсэн талаар өгүүлжээ. Үнэндээ би шинжлэх ухааны салбарын хүн, алив зүйл үнэн бодит байх талыг хэлбэрэлтгүй баримталдаг. Факт баримтыг хооронд нь холбож, байж болох магадлалд дүн шинжилгээ хийдэг. Гэрчийн мэдүүлэг, эх ноорог зэрэг нь хоорондоо авцалдахгүй, логиктой зөрчилдөх тохиолдолд тухайн эх сурвалжид итгэлгүй ханддаг. Үзэл суртлын үед хэд хэдэн ботиор гарсан партизаны дурсамжууд болон Сүхбаатар, Чойбалсангийн намтар дахь баримтыг хэрхэн хуурамчаар зохион буй болгодог байсан талаар Бат-Очир гуай, Ширэндэв гуай нар надад тодорхой ярьж механизмыг нь тайлбарлаж өгч байв. 

Ийм жишээг би өөрийн өвөг эцгийн намтраас ч олсон. Өвөг эцэг Ганибадын Гэлэгдорж нь Сайн ноён ханы хамжлага байсан бөгөөд 1924 онд МАХН-ын III их хуралд орж үг хэлжээ. Сайн ноён ханыг нас барсны дараа хөрөнгийг нь дуртай хүмүүс шамшигдуулан эзэнгүйдүүлж байгааг хэлээд энэ талаар цэгцэлж өгөхийг хүсэмжилж. Харин сүүлд нь түүхчид үгийг гуйвуулан баячуудын хөрөнгийг хураахыг санал болгосон хамжлага ард Гэлэгдорж болгон түүхэнд “сайнаар” оруулжээ. Яаж ч бодоод хорь ч хүрээгүй хамжлага зарц тэр залуу тэгэж хэлэх “ухаан” суугаагүй байсан. Тэгээд ч хэлсэн үг нь жинхэнээрээ архивт байдаг юм билээ. Өдгөө ил болсон Оросын архивын эх сурвалжаас үзэхүйд 1921.3.18-нд Хиагтын тулалдаанд үхсэн гамин бараг байдаггүй ба тэднийг зөвлөлтүүд өөрснөө хил рүүгээ оруулан Читагаар дамжуулж нутаг руу нь явуулсан байдаг. Гэтэл партизаны дурсамжуудад нэг бүрчлэн үнэмших юм бол лавтай хэдэн арван мянган гамин алагдсан болж таараад байна. Халх голын тулалдаан, Чөлөөлөх дайны тухайд ч иймэрхүү хүн үнэмшимгүй тоо гарч ирдэг.

Миний бодлоор Сүхбаатар бол манайд ноёрхож байсан үзэл суртлын машины маш том хэлмэгдэгч юм. 2011 оны эхээр “Өдрийн сонин”-д хэвлүүлсэн “Түүх бол шинжлэх ухаан мөн” гэсэн өгүүлэлд бичсэнээ энд дахин ишлье. “ Сүхбаатар жанжныг муучлах, нэр төрийг нь гутаах, гүтгэх хүсэл үнэндээ хэнд ч байхгүй байх. Монголын ард түмний хувь заяагаар олдсон аугаа эх оронч. Цэргийн гайхамшигт том зүтгэлтэн. Гарцаагүй эх эцгээсээ жинхэнэ монгол үндэстэн (Барга, үзэмчин, харчин, цахар нар нь яах аргагүй Чингисийн удмын жинхэнэ монголчууд, үүнтэй маргаад яах юм бэ!). Үүнийг хэн ч үгүйсгэхгүй. Гэхдээ амьдралынхаа сүүл үед болоод үхсэнээсээ хойш улс төрийн суртал нэвтрүүлгийн асар том золиос болсон. Үүнд мэдээж тэр өөрөө буруугүй. Үхсэн хүнээр тоглож хамтран зүтгэгч нарыг нь, багш удирдагч ивээгч нарыг нь гүтгэхэд ашигласан. Богд хааны итгэлт дотно хуурай хүү байсан түүнийг чухам Богддоо хорлогдож үхсэн мэтээр үзүүлсэн. Үүнд манай түүхчдийн “гавъяа” хэмжээлшгүй. Хэлээгүй үгийг нь хэлсэн болгож доромжилсон...

Тэртэй тэргүй шинэ Монголын түүхэнд мөнхийн гавъяа байгуулсан Сүх жанжныг зориуд гутаах гэж байгаа юм шиг заавал Данзангийн дарга, Бодоогийн удирдагч болгож 1922 онд л гэхэд 112 тулалдаанд оролцож бүгдэд нь ялж байсан мэтээр хүн үнэмшимгүй юм ярьж байх хэрэг байна уу? Өнжөөд л нэг байлдаад байсан хэрэг үү?... Эх оронч түүнийг заавал коммунист болгон харуулах хэрэг юун? Коминтерний Эрхүү дахь салбарын Монгол Төвдийн тасгаас эрхлэн хэвлүүлсэн “Монголын үнэн” сонинг заавал цэргийн зүтгэлтэн Сүхбаатараар санаачлуулж хөөрхийг гүжирдэх ямар хэрэгтэй юм? Энэ болгон чинь жанжны нэрийг өргөх биш, харин ч хүн үнэмшимгүй болгож гутаагаад байгаа хэрэг юм. Л.Бат-Очир, О.Пүрэв зэрэг манай нэртэй эрдэмтэн түүхч нар насаараа Сүхбаатарыг судласан, жанжинд үнэн сэтгэлээсээ хайртай, үргэлж өмөөрч явдаг, судлагдахуунаа хамгаалж хүндэлдэг хүмүүс байсан юм. Хэдэн арван жилийн турш Сүхбаатарыг тойрсон гүтгэлэг гүжирдлэг, нуухыг нь авах гээд нүдийг нь сохолсон худал хуурмагийг илчилж түүхийн үнэнийг сэргээсэн гавъяатай эрдэмтэд. Эрдэмтэн хүн үнэнээс айх ёсгүй. Тэр дундаа үнэнийг худалддаггүй“.

Өнгөрсөн жил хэвлүүлсэн “Түүхийн шинэ хэлмэгдүүлэл” өгүүлэлдээ дэлгэцэнд шинээр гарсан нэгэн киног түүхийн талаас нь шүүмжилсэн билээ. Уг кинонд Ренчиног ямар ч утга учиргүйгээр монгол хүн буудаад явдаг зэрлэг амьтан болгож харуулсан нь арай ч хэтэрч байна гэсэн юм. Ренчиног магтан сайшаасан хоёр гурван товхимол үзэл суртлын үед хэвлэгдсэн. Тэгснээ гэнэт буу барьсан мангас болгож сурталдах нь нөгөө тийш нь мушгисан хэлмэгдүүлэл биш гэж үү? Ренчино үнэндээ 1921-25 онд албан тушаалаараа, хувь аашаараа ч Монголд хамгийн том эрх мэдэлтэй байсан хүн. Үүнийг батлах дэндүү олон баримт сүүлийн 20 жилд ил болсон. Цаад хүн нь царай муутай, дургүй хүргэм хүн байж болно л доо, гэхдээ арав хориод оны тусгаар тогтнолын төлөөх ээдрээтэй сүлжилдсэн тэмцэл үйл явдлаас Ренчино, барон Унгерн нарыг салгаж “ямар ч хамаагүй” гэх нь ядахнаа л түүхийн шинжлэх ухааны үүднээс дэндүү нүнжиггүй дүгнэлт юмуу даа. Утга санаанаас нь хэдхэн үг таслан авч гуйвуулахад хялбар ч увайгүй арга юм. Капитализмыг алгасах онолыг Ренчино бодож олсон гэж би хэлээгүй, Ленин хоёр удаа хуралд хэлсэн үгийг л тэр анх удаа практикт нэвтрүүлсэн гэсэн. Ер нь онол мөн байсан юм уу? Энэ талаар лав л Маркс нэг ч үг хэлээгүй. Энэхүү онол гэгчийн эх сурвалжийг хайсан тухай “Нүүдэл суудал” бүтээлд нэлээд хэдэн хуудас бий шүү. Ренчино большевик болохоороо алж хядах онолыг шүтэгч байсан ба Данзан, Бодоо нарыг цааш харуулах ажиллагааг удирдсан. Бодоог хөнөөх ажиллагаанд Данзан, Сүхбаатар нарыг татан оролцуулсан нь түүхэн үнэн.

Сүхбаатарын боловсрол ойлголт сонирхолын тухай тодорхой бичиж үлдээсэн хүн бол түүнтэй олон удаа уулзаж ярилцсан Першин ба тэрээр энэ тухайгаа “Хүрээ, Хиагт, Алтанбулаг” номондоо дурдсаныг би ишилсэн. Сүхбаатар Ленинтэй уулзсан байлаа ч яалаа уулзаагүй байлаа ч яалаа, энэ нь түүний нэгэнт байгуулсан гавъяа зүтгэлд ач холбогдолтой юм уу? Лениний нарийн бичиг асан Фотиевагийн тэмдэглэл гэгч нь зохиомол гэх юм билээ. Берлин профессорт уулзалтын талаар бичиж үлдээсэн зүйл байхгүй. Тэр байтугай суут жанжин Жуков хүртэл дайны үед өөрийн биеэр офицер Брежневийн байгаа газар орчиж стратегийн асуудлаар зөвлөлдөж байсан хэмээн шахалтаар дурсамждаа бичиж байсан дэндүү гэмээр хатуу үе шүү дээ. Ер нь манай ихэнх түүхчид Ленин Сүхбаатарын уулзалтын тухайд домог гэх юм билээ. Харин жанжин мөрийтэй тоглодог, өрөнд орсон тухай нь илэрхий баримт бол бий шүү. Гэхдээ өнөөгийн улс төрчид шиг мөрийнд улс орноо тавьж байгаагүй байхаа. Тоглоомд дуртай хүн байдаг шүү дээ, тэгээд яачихаав. Сүхбаатарыг заавал эрдэмтэн ухаантан, коммунист байлгаж яах гэсэн юм бэ? 100 жилийн дараах өнөөгийн УИХ-ын гишүүд, сайд нарын дийлэнх нь улс төрийн тухай тун ч дулихан ойлголттой байгаад болж л байна шүү дээ. Сүхбаатар бол цэргийн жанжин, эх оронч, зоригтой хүн, авъяаслаг зохион байгуулагч, Монголын түүхэнд үл балрах гавъяа байгуулсан. Энэ чинь л хангалттай аугаа юм шүү дээ. Сүхбаатар бол хүн байсан. Хөөрхий хүнээрээ л үлдэг л дээ. Хүүхэд ч итгэх аргагүй Жангар, Гэсэр болгон, гоёж байна гэж гутаах хэрэг байна уу? Сүүлдээ энэ чинь онигооны баатар Чапаев болчихоно гэж бодогдохгүй байна уу?

Сүхбаатарын эцгийн тал үе дамжсан хуяг байж. Мэдэгдэж байгаагаар Элбэгээс эхлээд Дамдин хүртэл. Эх нь Сэцэн ханы Хатиганы гурван хүшууны нэг болох Ёст бээсийнх. “Халх Монголын хатиган овгийн” гэж Дамдинсүрэн гуайн шүлэглэдэг. Монгол гэдэгт Чингисийн удмын олон ястан хамаарна. Монголын тусгаар тогтнолын төлөө 1910-1921 онд тэмцэж явсан олон эх орончид бий. Дамдинсүрэн, Хайсан нарын баргууд алс хол Хайлаараас ирээд л тэмцэж явлаа. Сумъяа ноён, Баяр гүн, Найдан ван гээд тал талаас л цугласан. Хичнээн ч олон буриад, ойрд байв. Социализмын үед энэ болгоныг нуудаг, эсвэл гуйвуулдаг байж. Ялангуяа Сүхбаатар, Чойбалсангийн тохиолдолд. Лувсанжав гуайн нотлож буйгаар Дамдиныхан цагаач хятадуудтай үзэлцэн бичиг баримтыг нь шатааж хөөж явуулж байжээ. Бүр 1889 онд. Тэгвэл 1762 онд гарсан “Монгол цааз” хэмээх Манжийн хааны хуульд Гадаад Монголд хятад хүн цагаачлах нь байтугай зөвшөөрөлгүйгээр орж ирэх нь хатуу хориотой байсан. Энэ хууль 1907 он хүртэл чанад мөрдөгдөж байв. Худалдаа хийх гэсэн хятад хүн зөвхөн Бээжингээс хятад үсэгтэй нэг жилийн хугацаатай пайз авах ба үүнээ Хиагтад очиж монгол үсэгтэй үнэмлэхээр солиулна. Байх хугацаандаа монгол эмэгтэйтэй ойртох, монгол айлд хонохыг хориглож, журмыг зөрчвөл  даруй арагш татан эрхийг хүчингүй болгож байв. Энэ хууль Өвөр Монголд үйлчилдэггүй байжээ. 1907 оны Шинэ засгийн бодлого гэгчээр энэ хууль ерөөс хүчингүй болсноор л хятад цагаачдын асуудал Гадаад Монголд анх удаа төвөг болон үүссэн юм. Би халх хүн, гэхдээ халх байж л жинхэнэ монгол, халх байж л эх оронч, халх байж л манай тал гэж түүхийн асуудалд шинжлэх ухаанч биш байдлаар увайгүй хийрхүү хандмааргүй байна.

Бидэнд сургуульд зааж сургаж, цээжлүүлж, шалгалт авч байсанчлан Монголын ХХ зууны түүх, тэр дундаа 1921 оны үйл явдал тийм байгаагүй юм билээ шүү. Сүхбаатар Чойбалсан нар тууштай эх орончид мөн боловч мөнөөх хувьсгалчдын гэх хоёр дугуйланг санаачлан байгуулж, удирдан авч явж, чиглүүлэн довтлогосон гэдэг нь худал юм билээ. Энэ бол 1940-өөд оны үед анхлан зохиогдож улмаар хөгжин дэвжсээр хүн үнэмшихэд бэрх “Жангарын домог” болж хувирчээ. Энэ худал хуурмаг суртал нэвтрүүлэгтээ талийгч болсон жанжин Сүхбаатарын нэрийг гутамшигтай муухайгаар ашигласан болох нь илэрхий болсон. МАХН байгуулагдсан гэгдэх 1921.3.1-ий зөвлөлгөөнд ч Гадаад Монголын харъяат гурав дөрөвхөн хүн оролцсоны нэг нь Сүхбаатар. Бусад нь гадны харъяатууд. Сүхбаатар улаан цэргийн ангид цэргийн сургалт хийж байгаад таарч зөвлөлгөөнд орсон болохоос манай түүхчдийн олон жил сурталдсан шиг Монголд улаан хувьсгал хийж коммунизм байгуулж, хаант засгийг халж, хөрөнгөтнийг устгаж, “Дорно дахинд хувьсгалын түймэр тавьж”, суртлыг дэлгэрүүлэх гэсэн хорон муухай санаа агуулж байгаагүй. Тэр бол Богд хааны хайртай шавь нь байсан. Орж ирсэн орос улаан цэргүүд дээрэм тонуул хийгээд байхаар нь тэднийг хөөсөн хэрэгт орж хамаг албан тушаалаасаа хусагдсан. Магадгүй түүнийг хорлосон ч байж болох. Гэхдээ яг таг нотолгоо алга, би таамаглахдаа хорлогдсон гэж боддог.

Үхэнгүүт нь түүний нэрийг ашиглаж улс төрийн тоглоом болгох санаа анхлан Ренчиногоос төрсөн. Тэрээр түүнд сайндаа биш халамжлан хүмүүжүүлэгч удирдагч дотны хүн нь байсан Данзанг нь авлахын тулд үхсэн Сүхбаатарын нэрийг ашигласан юм билээ. Хорин хэдхэн настай энэ залуу эх орон ард түмэндээ мөнхийн гавъяа байгуулсан. Би түүнийг ихэд хүндэтгэдэг. Гэхдээ хүндэтгэж байна гэж голгүй муухайгаар гүтгэж “янаглан хорлож” чадахгүй. Түүний алдар суу “коммунист байгаагүй”, “МАХН-ыг санаачлаагүй”-гээрээ улам ч цэвэршинэ. Тэрээр улс төрийн ойлголт тааруутай байсан, эцгийн талаас халх биш байснаар нэр нь гутаад байхаар өчүүхэн хүн биш. Энэ эх оронч залуугийн нэр өнөөдөр дахин эрх мэдлийн төлөө тэмцэлдэгч улс төрийн бүлэглэлүүдийн үзэл суртлын тулааны золиос боллоо. Дундуураа хуваагдсан махнистууд түүнийг яс булаалдсан нохой аятай архиран өмчлөх явцдаа түүхийг мушгиж, үнэнийг гуйвуулж, “янаглан хорлож”  байна. Сүхбаатар бол үнэндээ тэдний хувьд хүндэтгэвэл зохих түүхэн баатар гэхээсээ өнөө маргаашийн эрх мэдлийн төлөөх маргаан тэмцэлд ашиглагдах тоглоом юм. Тэдэнд Сүхбаатар гэдэг түүхэн хүн биш, Сүхбаатар гэдэг үзэл суртлын домогон баг хэрэгтэй.

2012.2.2