Ерөнхий сайдаар  томилогдсоноосоо хойш авч үзээгүй өндөр оноог Бурхан Халдун уулнаас буух үеэрээ цуглуулсан Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг өнгөрөгч долоо хоногийн онцлох хүн болж чадлаа. Харамсалтай нь, тэр оноо хасах тал руугаа давамгайлж, Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Ерөнхий сайдыг огцруулах шаардлага гардуулах шалтгаан болсон нь жаахан тиймхэн.  Тэртэй тэргүй сөрөхийн төлөө сөрдөг гэсэн ойлголттой сөрөг хүчний хувьд яаж ийгээд шалтгаан олох нь тодорхой байсан ч Ерөнхий сайд нь өөрөө шалтаг гаргаж өгөөд байвал сайны ёр биш. Ялангуяа түүний хууль зөрчиж хийсэн, оройтож цуцалсан томилгоо, түүнийгээ хаацайлсан “Та нарын үед ч ийм л байсан шүү дээ” гэх тайлбар Ардчилсан нам, Шинэчлэлийн Засгийн газрыг Ардын намыхнаас дээрдэх юмгүй гэсэн үнэлэмжид аваачив.

­­Хэдийгээр Ерөнхий сайдыг огцруулахаар сөрөг хүчнээс тавьсан үндэслэлүүд дотор үндэслэл болчихоор зүйл цөөхөн байсан хэдий ч “Үндсэн хууль зөрчсөн” гэдэг ганц үг Ерөнхий сайдыг огцруулах хангалттай шалгаан юм. Гэхдээ зөрчөөгүй гэдгээ Ерөнхий сайд өөрөө баталж чадаагүй тохиолдолд шүү дээ.

Өнгөрөгч долоо хоногт УИХ, Байнгын хороогоор огцруулах асуудлыг хэлэлцэх үеэр Шинэчлэлийн Засгийн газар хийсэн ажлынхаа талаар урьд өмнө тавьж байгаагүй том тайлан гаргаж үзүүлсэн ч тэр нь олон нийтийн зүгээс эерэг үнэлэмж авах нь юу л бол. Яагаад гэвэл энэ мэдээллүүд үүнээс өмнө олон нийтийн сонорт оччихсон байх ёстой байлаа. Гэвч хийж байгаадаа бардсан Засгийн газар, илүү ихийг хүлээж байгаа иргэдийн хооронд мэдээллийн асар их зөрүү бий болчихоод байна. Ялангуяа эдийн засгийг эрүүлжүүлэхээр Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, салбар болгон луу налсан, самарсан санаачлагууд нь энэ Засгийн газрыг өмнөх бүх Засгийн газруудаас ч илүү популист шинж чанартай харагдуулж байгааг нуух юун.

Ерөнхий сайдыг огцруулахаар тавьсан зургаан үндэслэл дотор ”7000 төрийн албан хаагчийг хоморголон халсан” гэдэг өгүүлбэр яваа. 1996 онд халагдаж байсан 15000 төрийн албан хаагчтай харьцуулахад өнөөдрийн 7000 гэдэг нийт дүн дотроо ч бага жин дарах нь ойлгомжтой. Гэхдээ 2000 онд МАХН энэ 15000-ын хүчээр ялалтад хүрсэн гэдгийг мартаж болохгүй. Яагаад гэвэл тэдний ард тэднээс тав дахин олон тооны хүн Засгийн газрыг ажиглаж байгаа. Ерөнхий сайд тэднийг ажлаас халсан шалтгаанаа “Бид авлигачид, ажил уядаг хүмүүстэй хамтарч ажиллахгүй” гэж их тодорхой хэлсэн. Тэгээд ч халагдсан хүмүүсийн тоо 7000 мөн эсэх нь бас л тодорхойгүй. Энэ бол сөрөг хүчний зүгээс цуглуулсан, цацсан мэдээлэл. Харин Засгийн газрын зүгээс тодорхой тоо хэлээгүй байна. Гэхдээ нэг зүйл тодорхой байгаа нь төрийн албанд сэлгээ хийсэнд биш, хэнээр сэлгэсэн бэ гэдэгт хүмүүсийн анхаарал илүү татагдаж байна. Хэрвээ шинээр ажилд орсон 7000-ын тал нь “Алтангадас”-ынх байвал, эсвэл Н.Алтанхуягийн ах дүү, хамаатан садан, нутаг нуга болон түүний үгнээс гардаггүй уяаны “ноход” байх юм бол энэ томилгоо шинэчлэл авчрахгүй.

Анх Засгийн газрын танхимыг бүрдүүлэхэд Ардчилсан нам дотроос “Алтангадас” фракци хамгийн цөөн суудал авсан. Тэр үед Н.Алтанхуяг намынхаа эв нэгдлийг бодож хүчний тэнцвэрийг хадгалсан сүрхий томилгоо хийлээ хэмээн алга ташиж байсан хүн цөөнгүй. Тэр ч байтугай “Алтангадас”-ын үе үүгээр дууслаа хэмээн хөөрцөглөх хэсэг бүлэг ч мэр сэр байсан билээ. Гэвч тэр томилгоо намын эв нэгдлийн төлөө биш, зүгээр өмнөөс нь сөрдөг нөхдүүдийн амыг барихын төлөө хийгдсэн байвал үр дүн бага. Тийм л учраас Шинэчлэлийн Засгийн газар шинэлэг харагдаж чадахгүй байгаа хэрэг. Ноолуурын ченжийг Уул уурхайн сайдаар, махны наймаачинг Хөнгөн үйлдвэрийн сайдаар тавьж, тэр салбараасаа халиад дэд бүтцийн салбарыг самраад эхэлчихсэн байхад энэ Засгийн газраас эрч хүчтэй шинэчлэл хүлээхэд бэрх нь тодорхой.

Нэг ийм үг байдаг даа. Бодлогыг дарга гаргадаггүй, боловсон хүчин гаргадаг гэж. Харин боловсон хүчнийг томилохдоо зөв бөгөөд хэрэгцээтэй байх гэсэн зарчмыг баримтлах ёстой. Зөв гэдэг нь хүн чанар, ёс суртахуунтай байхыг хэлдэг бол хэрэгцээтэй гэдэг нь боловсрол мэдлэгтэй, чадвартай байхыг илэрхийлдэг. Харин Ерөнхий сайдын хувьд өөрийгөө хүрээлүүлж байгаа баг нь “өөрт нь таалагдсан, үгнээс зөрдөггүй байх” гэсэн шалгуурт илүү нийцэж байвал Н.Алтанхуягаас алдаа гарахгүй байх шалтгаан ч угаасаа байхгүй. Ядахдаа “хаан нүцгэн байна” гэж хэлж өгөх хэн нэгэн хэрэгтэй биз дээ.