Субуди ийн өчив: “Ирээдүйд таван зууны эцэс, таван мөчлөгийн төгсгөлд дээдийн ном сарних үест эл судрын үгсийг үнэн зөвөөр ойлгох төрөлтөн гарах болов уу?” (Очир огтлогч судраас)

Та нар гайхаж магадгүй. Субуди яг та нарын тухай асууж байна. Тэр цагаас хойш хоёр мянга таван зуун жил өнгөрчээ. Будда номын хүрдээ эргүүлсэн. Энэ хүрд эргэн эргэсээр нэгэн цагт зогсоно гэдгийг ч тэр хэлсэн. Хүрд эргүүлээд үз. Эрч нь саарсаар байгаад зогсдог биз. Буддагийн эргүүлсэн хүрд таван таван зуун жил эргэх настай. Таван зуун бүхэн нэг мөчлөг болно. Мөчлөг бүрийн эцэст эрчим саарна. Ийнхүү саарсаар таван мөчлөгийн эцэст бүрмөсөн зогсоно. Тэр үед өөр Будда номын хүрдийг эргүүлэх учиртай. Субудийн асуулт үнэхээр сонирхол татам.

Ялгуусан багш хариу өгүүлрүүн: “Субуди, тэгж бүү ярь! Адаг тэр үед ч эл судрын үгсийг үнэн зөвөөр тайлж ойлгох бодисадва нар гарах болно. Субуди, тэдгээр бодисадва ганц Буддад өргөл хүндлэл үйлдэж, ганц Буддагаас буяны үндэс үүсгэх бус, түг түмэн Буддад өргөл хүндлэл үйлдэж, түг түмэн Буддагаас буяны үндэс үүсгэнэ. Эл судрын үгст нэгээхэн төдий ариун сүсэг үүсгэснээр тэд бүгд цаглашгүй, хэмжээлшгүй их буяны чуулган хураахыг Түүнчлэн ирсэн бээр будда-мэлмийгээр толилж байна.”

Хоёр мянга таван зуун жилийн дараа та нар энэ судрыг уншиж байна. Субуди та нарын тухай асууж, Будда ч та нарын тухай ярьж байна. Та нар дундаас олон бодисадва төрнө, олон гэгээнтэн мэндэлнэ. Субуди ийм асуулт тавьсан нь хачирхалтай. Буддагийн хариулт түүнээс ч хачирхалтай. “Хорин таван зууны дараах тэр хүмүүс чамаас дутуу биш, харин ч илүү хувь заяатай.”

Яагаад вэ? Би та нарыг өнө эртний аянчид гэж хэлдэг шүү дээ. Энэ гараг ертөнцөд та нар өчнөөн удаа хөл тавьсан. Дээдийн номыг анх удаагаа сонсч байгаа юм биш. Өмнөх олон амьдралдаа та нар олон Буддатай учирч байсан. Заримдаа Кришна, заримдаа Христ, заримдаа Махавира, заримдаа Мухаммэд гэхчлэн өдий төдий гэгээрэгсэдтэй таарч байсан. Тийм олон Буддаг таньда гболохоороо та нар илүү хувь заяатай юм. Жаахан сэргэг байх юм бол өнгөрсөн үеийн олон Будда нарын өр зүрхэнд чинь суулгасан үр соёолж, цэцэглэх болно.

“Тэд бүгдийг...Түүнчлэн ирсэн бээр будда- мэлмийгээр толилж байна.”

Итгэмээргүй боловч энэ боломжтой зүйл. Будда ирээдүйг толилж чадна. Билгийн мэлмий нь цагийн мананг нэвтэлдэг. Будда та нарын “Очир огтлогч” судар сонсч суугааг харж байна. Та нарын төвшнөөс харахад үлгэр домог шиг санагдах нь лавтай. Одоог ч харж чаддаггүй хүн ирээдүйг харах боломжид яаж итгэх вэ. Та нар зөвхөн өнгөрснийг хардаг. Ирээдүйн тухай бодол чинь ирээдүйг харсан зөн биш, зүгээр л өнгөрсөн цагийн хүүшилсэн тусгал юм. Өчигдөр идсэн чихрээ маргааш ч идэхийг хүсдэг. Өчигдөр учирсан дурлалаа маргааш ч учрахыг мөрөөддөг. Энэ бол ирээдүй биш, нэгэн хэвийн хуулбар төдий. Та нар одоог мэдэхгүй болохоор ирээдүй гэж юу болохыг ч мэдэхгүй. Одоо цаг ивилхэн байсаар атал түүнд нүдэн балай ханддаг. Хэрвээ нүдээ нээж чадах юм бол илийг байтугай далдыг ч тольдоно. Эхлээд одоог харж сурах хэрэгтэй. Туйлын одоо цагт оршдог хүн ирээдүйг харах боломжтой...

Будда хоёр мянга таван зуун жилийн хойдхыг харжээ. Түүний эргүүлсэн номын хүрд энэ үед зогсоно. Номын хүрд дахин эргэх ёстой. Бидний амьдрал үйлсийн утга учир үүнд бий. Номын хүрд нэгэнтээ эргэвэл дахиад хоёр мянга таван зуун жил орчино. Эрч хүч нь сааран саарсаар зогсох цаг ирдэг. Энэ бол байгалийн хууль. Дээдийн ном Дхамма ч гэсэн байгаль жамаар мэндэлж, бас нөгчдөг.

Гэвч Будда Субудид “Тэгж битгий ярь!” гэж байна. Субуди “Бид л хувьтай хүмүүс. Бид Буддатай амьдарч, амьсгалж, түүнийг сонссон. Хоёр мянга таван зуун жилийн дараа номын хүрд зогссон үед хүмүүс яах бол доо!” гэж бодсон нь лавтай. Тэр та нарыг азгүй хүмүүс гэж хөөрхийлжээ. Энэ бол маш нарийн эго. Будда тэр даруй Субудийн амыг таглаж, “Зөвхөн өөрсдийгөө хувь ерөөлтөн гэж бодох хэрэггүй” хэмээн анхааруулж байна.
    
“Адаг тэр үед ч эл судрын үгсийг үнэн зөвөөр тайлж ойлгох бодисадва нар гарах болно.”

Тиймээ, үнэнийг ухаарсан хүмүүс энд байгааг би мэддэг. Аажмаар шөнийн харанхуй сэмэрч, үүрийн гэгээ ургаж байна. Та нарын зүрхэнд булаастай үр сэм сэмээр өндийж нахиалж байна. Илүү жаахан хичээж, илүү жаахан хайлж, эрч хүчээ бясалгал руу юүлэхэд олон олон бодисадва нар мэндэлнэ. Та нар бол хувьтай хүмүүс...

Эх сурвалж: “The Diamond sutra” by Osho.