Битльз Монголд айлчлан тоглолт хийлээ. Мэдээж ориг нь биш л дээ, бололцоо ч байхгүй. Гэхдээ тэртээ жар далаад оных нь сайн копи. Ориг Битльзтэй хачин адилхан. Ленон бол тэр чигээрээ дээ. Амилаад босоод ирсэн юм шиг. Маккартин ярьж байгаа нь түгдчээд мөөн мөн. Бат-Үүл өөрийн биеэр тэднийг онгоц буудалд тосон авчээ. “Намайг багад Монголд хоёр л багш байсан юм. Нэг нь дарга нарын шүтдэг Ленин, нөгөө нь бидний багачуудын багш Битльз” гэж Үүл ярьлаа.

Үнэндээ жар далаад оны хүүхдүүд бид Битльзийг Ленинээс илүү шүтдэг байсан юм. Лениний 100 жилийн ойгоор албадуулан байж дуртай дургүй шүлэг уншдаг байсан бол тэр жил Битльз хамтлаг тарахад бүгдээрээ гашуудан Ёко Оно гэгч шулам шиг япон авгайг жигшин ярилцдаг байлаа. Битльзийн тухай яриа болгон домог, бахархал, шүтээн. Тэгээд хичнээн амттай гээ. Хүүхэд болгон тэдний тухай илүү олон домог олж сонсох гэж хичээнэ. Өчнөөн гар дамжин хуулагдсаар бараг танигдахаа больсон битльзийн зураг бол эрдэнэ. Гуйж авч аппаратаар дахин татаад түүнээ шөнөжин угаадаг байлаа. За тэгээд пянзтай хүүхэд бол шууд л хадандаа гарчиж байгаа нь тэр. Пянзыг нь сонсох гэж, гадна хавтсыг нь барьж үзэх гэж хадандаа гарагчийг царайчлан даган гүйлдэнэ. Хамгийн гайгүй олдоцтой нь Орост 1969 онд хэвлэсэн жижиг пянз. Царай муутай гэж жигтэйхэн. Польш, Унгарт хэвлэсэн том пянз бол нүдний гэм. Ориг Англи пянзтай хүүхэд нэг хоёр байсныг хотоороо мэднэ. Тийм хүүхэд Монголдоо л Леннон болчиж буй хэрэг. Ханш нь 500-600 төгрөг хүрнэ шүү дээ. Багын багшийн цалин 450 төгрөг байсан үе. Ориг пянз хэнээс хэнд худалдагдсан буюу булаагдсан нь маргааш нь л хот даяар тарна. Дипломатууд голдуу микрт гэртэй, тэнд Англи Америкт байхдаа Битльзийн кино үзсэн хүүхэд хүртэл гарч ирдэг байгаа. “Хэлп”, “Елоу сабмарин” киног нь яриулсан хүүхэд цааш нь өнгөт өргөн дэлгэцээр дамжуулан ярьж, бүр гурав дамжсан яриаг нь орцонд бараг шөнөжин яриулан амтархан сонсож билээ.
   
Шүтээнээ нийтээр дуурайж гарлаа. Баруун солгойгүй дууг нь тогтоон дуулна. Анхны англи хэлтнүүд тэндээс төрсөн. Муруй хазгай ч гэсэн дууны нэрийг англиар нь хэлнэ, сонсголоороо “монголчлоно”. Жар далаад оны Монголын эстрадын сюпэр од нь Рэнцэнханд гэж эгч байлаа. Гэтэл Битльз маань “рэнцэнханд” гэж дуулаад болж өгдөггүй. Бүр гарцаагүй л тэгэж байсан юм даа. Сүүлд мэдэхнээ “A hard day`s night” альбомд байдаг “Any time at all” гэсэн үг л бидэндээ рэнцэнханд гэж сонсогдоод байсан юм билээ. Анхны эстрад хамтлаг Соёл Эрдэнээс хамаагүй өмнө 40, 50 мянгат, 120, микрт бараг байшин болгонд битльзийг дуурайсан орцны хамтлагууд байгуулагдсан юм. Галсанбат, Баяраа нар бол тэдний л нэг. Битльз гэдэг нь цох гэсэн үг болохоор шинэ хамтлагууд өөртөө шавьжны нэр өгөх нь их түгээмэл. Эндээс гитар хөгжим нийтийн соёл болон орж ирсэн юм. Хүүхэд залуусын хувцаслах маягт ч хүчтэй өөрчлөлт орлоо. Юун түрүүн үсээ ургуулах нь залуу хүний зайлшгүй дагах соёл мөн. Цаашлаад өргөн шуумагтай бариу өмд, урт захтай дотуур цамц, олон товчтой хүрэм, өргөн бүс гэх мэт.

Нам засаг Битльзтэй өргөн фронтоор дайн зараллаа. Юун түрүүн үс толгойтой ноцолдож гарах нь тэр. Тоглоом биш шоглоом боллоо. Энд тэндгүй хайч барьсан эвлэлийн мангарууд сургуулийн танхимд, албан газарт, тэрбатугай гудамжинд хүний үс хайчилж орхино. Үсээ ургуулсан залуусыг нам засаг нэг нүдээр үзэхгүй шахан хавчина. Өмсөж яваа өмдний шуумгийг гудамжинд хайчилж орхино шүү дээ. Оёдлын газрууд 26 см-ээс илүү өргөн шуумагтай өмд оёж өгөхийг хориглосон Эвлэлийн төв хорооны тогтоол гардан авчээ. Үүний буянаар гар урлал хөгжлөө. Гэртээ машинаар сайхан өмд цамц оёдог залуус зөндөө гараад ирлээ. Пионер халимагтай шараа болсноос мулзан байсан нь илүү дээр болохоор үсээ хуссан хүмүүс ч олширсон. Манай ангийн эдлэлийн даргаас бусад бүх эрэгтэй хүүхэд 9, 10 дугаар ангидаа тувтан мулзан толгойтой явдаг байсандаг. Өмднийхөө шуумнийг ойсмон дотроо чихэнэ. Эсэргүүцэл! 



Залуус дээрээс хүчээр тулгах үзэл суртлыг эсэргүүцэх процесс монголчуудын хувьд эндээс эхлэлтэй байхаа. Эвлэлийн нэр хүнд ч навс уналаа, ялангуяа төлөөлөгч нь болох сэнтэг юмнуудыг нийтээр шоолж хардаг болсон юм. Дайсагнал биш юм гэхэд залуусын дунд үзэл суртлын хоёр фронт хар аяндаа үүсч эхлэв. Сонин хэвлэл Битльзийн эсрэг суртал нэвтрүүлэг хүчтэй явуулна. Үүнд ялангуяа “Утга зохиол урлаг” гэх долоо хоног тутмын сонин манлайлна. Тэднийхээр Битльзийн дууны үг нь ямар ч утга авцалдаагүй, ая нь замбараагүй ноотны цуглуулга, хэв маяг нь гоо сайхны наад захын шаардлага хангаагүй аж. Цахилгаан хөгжмийн чанга ая хүнийг мансууруулж бэлгийн дур хүслийг нь өдөөдөг гэнэ. Ингээд хөрөнгөт орны ажилчин анги ингэж мансуурснаас болж дарлагч ангийн эсрэг тэмцлээ сулруулдаг юм байна. Ажилчин анги бослого гаргах гэхээр нь л хөрөнгөтнүүд нь Битльзд мөнгө төлөөд дуулуулахаар өнөө хөөрхий ажилчин анги мансуурч унаад бослогоо мартчихдаг гэнэ. Хажуугаар нь модернист уран зураг, завхай зайдан кино бас мансууруулах ажиллагаанд ордог. Капитализм ингэж ялзарч байгаа тухай их бичнэ. Итгэх хүн улам цөөрч байв. Дэлхий дээр аз жаргалтай хүн ганцхан Орос Монгол хоёрт л байдаг гэж боддог байсан бол ямарчиг байсан баруун Европ, Америк манайхаас дээр гэсэн үзэл алхам алхамаар хүмүүст сууж байлаа. Битльз тарсны дараа харин тэднийг магтах болсон. Алдаршсан гол шалтгаан нь Ливерпүүлийн ажилчин ангиас гаралтайнх гэнэ. Вьетнамын дайныг эсэргүүцсэн нь бахархалтай гэнэ. Хатан хааны одонг буцааж өгсөн нь хөрөнгөтний эсрэг үзэлтэйнх гэнэ. Үсээ ургуулсан нь нийгмээ эсэргүүцэж байгаагийн бэлгэ тэмдэг гэнэ. Харин манай залуус үсээ ургуулж нийгмээ эсэргүүцэж болохгүй, цаад нарийн учрыг нь ойлгоогүй савсаг залуус гэнэдэж байгаа хэрэг, одоо дахиж битгий ингээрэй!

Битльз бол коммунист үзэл суртлын гол дайсан гэдгийг оросууд зөв олж харсан юм. Тиймээс аль ч коммунист оронд тэднийг урьж тоглуулаагүй. Энэтхэг нисч байхдаа Ташкентийн онгоц буудал дээр онгоцны хаалгаа онгойлгоод дотроос нь дуулж өгсөн гэх домог байдаг. Үнэн эсэхийг нь мэдэхгүй. Битльзийн хүчтэй нөлөөллийг дарж чадаагүй учраас коммунист орнуудад нам засгийн хяналт хараан дор эстрад хөгжим хөгжиж эхэлсэн юм. Мэдэхээс Орост “Весёлые ребята”, Польшид “Чэрвоны гитары”, Чехословакт Карел Готт, Болгарт Иванова, Монголд “Баян Монгол”, “Соёл Эрдэнэ” үүсэн байгуулагдсан. Нарийн хяналтан дор барууны зарим хамтлаг болон дуучдыг ч коммунист орнуудад зориуд алдаршуулан урьж авчирч, пянзыг нь хэвлэн, зурагтаар гаргадаг боллоо. Оросийн телевиз жилд нэг удаа шинэ жилийн үдэш тэр шилмэлүүдээ зурагтаар гаргана. Тэр нь манайд үүрийн дөрвөн цагт таарна. Чухам тэрийг үзэх гэж улс даяараа шөнө унталгүй хүлээгээд хэвтчихдэг байсан юм даа. Үнэндээ Москвагаас шилсэн тэдний ихэнх нь баруунд бол хитэд багтдаггүй байсан юм билээ. “Смоуки” хамтлагийн нэр Английн эстрадын түүхэнд төрсөн шилдэг 100 хамтлагийн жагсаалтад алга байна билээ. Барууныхан Дэмис Роусусыг таньдаггүй юм билээ. Данийн хэвлэлийн ажилтнуудаас асуугаад Лениний шагналт шог зураач Хэрлүф Бидстрүпийн нэрийг сонссон хүн олдоогүй. АББА мундаг л даа, гэхдээ тухайн цагтаа хөгжмийн ертөнцийн хамгийн сүүлчийн дүн тавьдаг Америкт хүлээн зөвшөөрөгдөөгүй өнгөрсөн. Эцсийн бүлэгт коммунист үзэл суртлыг хэн унагасан юм бэ? Бохь, коко кола, жинс, эстрад, онигоо, өргөн өмд, урт үс. Нээрэн шүү. Тагнуулын төв газар, НАТО, цөмийн пуужин, Фантом онгоц коммунизм унахад огт оролцоогүй. Хар аяндаа өөрөө бутран унасан. Унасан цаад шалтгаан нь Ливэрпүүлийн дөрвөн залуу. Коммунизмыг унагая гэсэн зорилт эдэнд байгаагүй. Бараг мэддэг ч үгүй байсан байх. Тэд ердөө л хүмүүний эрх чөлөөг тунхагласан. Нэг үеийнхэн байтугай зуун зууны хүмүүсийн нандин шүтээн. Бахархал. Бэлгэ тэмдэг.

Битльз бол манай үеийн Моцарт, Бетховен, Чайковский. Өнөөдөр дэлхийд радиогоор хамгийн их давтагддаг дуу бол “Естүдэй”. Битльзийн аясыг симфони, дагшаа, ардын хөгжим гээд бүхий л төрлөөр тоглодог. Манайд саяхан Долгион монгол ардын хөгжмөөр тоглуулсан. Долгион чи тэрийгээ хэзээ нийтэд сонсгох гээд байна? Бид хотынхоо төвд Битльзийн хөшөөтэй болсон. Битльз шүтэгсэдийн холбоотой. Шар айргийн Ганхүү толгойлдог. Чухам тэдний зүтгэл санаачлагаар сая Бүүтлэг Битльзийг урин авчирч төв талбай дээрээ тоглууллаа. Хэдэн зуун залуус бидний үеийхнийг бодвол ориг англи аялгаар цээжээрээ даган дуулж байна. Байгуулагдаад 50 жил, тараад 40 жил болсны дараах үеийнхэн шүү дээ. Бид бүгдээрээ Битльзийн хүүхдүүд.

2012.9.10