Монголын шилдэг нийтлэлчдийн клубын портал-сайт дахь буландаа энэ удаа ОХУ-ын Жанжин штабын академийн төрийн удирдлага-үндэсний аюулгүй байдлын стратегийн судлаач Ж.Амгалангийн бичсэн судалгааны өгүүллийг нэмж хасч, редакц хийлгүй орууллаа. Өмнөхөн нь  Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Зэвсэг техник, инноваци судлалын төвийн дарга доктор хурандаа Ж.Цэрэнчимэдийн өгүүллийг толилуулсан. Энэ хоёр судлаач бол төвийг сахих асуудлыг олон улсын эрх зүй, геополитик, цэргийн онол, түүх, практик талаас нь хөндсөн тул танин мэдэхүй талаасаа шинэлэг, чухал ач холбогдолтой гэж үзсэн болно.

 – ГХЯ-ны төвийг сахих бодлогын асуудлаархи ажлын хэсгийн гишүүн Д.Баярхүү

        
    Бид газар нутгийн байрлалаар Ази-Номхон далайн бүсэд оршдог тул бүс нутгийн цэрэг-улс төрийн нөхцөл байдлыг товч багцалж үзье:

-    Бүс нутагт улс хоорондын болон улс доторх газар нутгийн маргаан, санал зөрөлдөөн, салан тусгаарлах үзэл, нийгмийн эмзэг асуудлууд ихтэй.
-    Бүс нутагт /БНХАУ,АНУ, ОХУ, Япон / зэрэг дэлхийн гол нөлөө бүхий орнууд, /Австрали болон АСЕАН/-ын даяаршсан өргөн хүрээтэй оролцоо бий болсон.
-    Бүс нутгийн аюулгүй байдлын нэгдсэн систем тогтож чадаагүй, санаачлагч орон цөөхөн, хамтран ажиллах идэвхи сул.
-    АНУ-тай  тогтвортой, бат бэх хоёр талын стратеги холбоотой улс /Япон улс, хугацаагүй гэрээтэй Өмнөд солонгос, Тайланд, Филиппин, Сингапур/ оршдог.
-     АНУ-ын Зэвсэгт хүчний өөрийн нутаг дэвсгэрийн гадна  цэргийн тоо, хүч хэрэгслээрээ хоёрдугаарт ордог цэргийн том бүлэглэлийн сүлжээ /группировки/ байнга байрладаг болсон.
-    Цөмийн зэвсэгтэй БНХАУ, АНУ, ОХУ, цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээнд оролцдоггүй Хойд солонгос, цөмийн зэвсэгтэй болоход ойрхон  Япон, Тайланд, Өмнөд, Хойд Солонгос, үй олноор хөнөөх  зэвсэг, түүний төрөл зүйлийн технологи дэлхий нийтэд хяналтгүй /БНХАУ/ байгаа.
-    Энэ бүс нутгийн орнууд цэрэг-техникийн хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр бүс нутагтаа болон бусад бүс нутагт идэвхитэй байр суурийг ойрын 50 жилд хадгалах, улам нэмэгдүүлэх чиг хандлагатай байгаа.
-    Хүчний тэнцвэрийн харьцааны төлөөх тэмцэл, улс дамнасан компаниудын ашиг сонирхол, байгалын баялагт эзэн суух  өрсөлдөөн, хөрөнгө-санхүүгийн урсгалыг удирдах сонирхол, зах зээл, ажиллах хүчийг гартаа авах оролдлого бүс нутагт өсөн нэмэгдсээр байгаа.
-    Терроризм, улс дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг, хар тамхи, мансууруулах бодис, хүний наймаа, шашны үзэл зэрэг глобаль аюулууд нутагшсан бүс нутагт бид оршдог тул эдгээр нь манай улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, үндэсний болон нийгмийн аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэл юм. Эдгээр аюул, эрсдэлийг уян хатан бодлогоор  зөв ашиглавал манай талд ашигтай тусах боломжууд ч бий. /Тухайлбал: газар-агаарын аюулгүйн бүс, цэрэг-техникийн хамтын ажиллагаа, зуучлал, итгэлцэл гээд/
    
Холбоотон, эвслийн орнуудын нэгдсэн бодлогын элдэв шахалт, цэргийн бус аргаар аюулгүй байдалд нөлөөлөх урт-дунд хугацааны стратеги ажиллагаа, эдийн засгийн нэг талын ноёрхол тогтоох бодлого,  иргэний, нийгмийн аюулгүй байдалд үзүүлэх далд олон талын нөлөөл зэрэг нь  манай улсыг сөргөлдөөний талбар луу аажмаар татан оруулах аюултай юм. Дээрх аюул, эрсдэлээс зай барьж явах, сэргийлэх нэг арга бол “Төвийг сахих статус”-тай байх явдал.



 Монголын ард түмэн бол газар нутгаа хамгаалах, эрх чөлөө, тусгаар тогтнолоо олж авах гэж хэдэн  зуун жил тэмцэж, хүнд бэрхийг туулж  ирсэн гашуун боловч үнэн түүхтэй ард түмэн. Аугаа эх орны дайн бараг эхэлсэн өдрөөс шахам  “Бүхнийг ялалтын төлөө”, “Бүхнийг фронтод”  уриаг  манай ард түмэн үнэн яагаад  тэгж их өргөн хүрээтэй үнэн сэтгэлээсээ дэмжсэн юм бэ?. Юу байна түүгээрээ гэдэг шиг үндэсний баялаг болох  хэдэн мянган агт морьд, 300 хол илүү  кг алт, 1 сая гаруй америк долларыг хөөрөг даалингаасаа, авдарнаасаа бэлнээр , олон мянган тонн мах махан бүтээгдэхүүн, хэдэн зуун вагон дулаан хувцас, хүнс  гээд сэтгэл харамгүй их туслалцаа дэмжлэг үзүүлж, олон эрчүүд дайнд оролцох хүсэлтээ гаргаж байсан нь түүхэнд тод томруунаар бичигдсэн байдаг. Тэр үед бидний өвөг дээдэс, төр улсын зүтгэлтнүүд маань энэ   дайны дараа эх орныхоо тусгаар тогтнолыг бусдаар хүлээн зөвшөөрүүлэх далим, боломж олдоно гэж тооцсон алсын бодол агуулж байсан нь тун бахархалтай хэрэг юм.

Тэгж бодож тооцоолсноор л тусгаар тогтнол маань анх бусдаар хүлээн зөвшөөрөгдөж, бид өдий болтол гаднаас дайн дажин, айх аюулгүй аж төрж байна.

Орчин үед том гүрнүүдийн  хүчний харьцааны аажим өөрчлөлт, эдийн засгийн ноёлсон өсөлт, геополитик дагасан  холын сонирхол, техник технологийн үсрэнгүй  хөгжлийн өрсөлдөөн , байгалын баялаг, түүхий эдийн төлөөх тэмцэл  гээд даяаршил дагасан хүчин зүйлүүдээс шалтгаалж  ямарч орны гадаад  бодлого эерэг сөрөг  хоёр талтай л явж байна.

 Өвөрмөц амьдралын сонголтын хэв маягаараа үлгэр жишээ болсон Швейцарь улс гэхэд /Наполеоны шахалт орсон нь үнэн гэдэг/ 1815 оноос төвийг сахих үзэлтэй орон болж  2 том  дайнд татагдан оролгүй улсаа бүтэн авч үлдэж чадсан байдаг. Дэлхийн ямар ч асуудлыг том гүрнүүд Женевт очоод шийдье гэдэг нь тэнд итгэлцлийг бий болгож  болдог, үнэмшил төрүүлдэгт байна.  
Тухайлбал: Цэрэг-улс төр, аюулгүй байдлын талаар Олон улсын түвшинд зохицуулсан Женевын 14 конвенцыг судлахад зарим нь бүр 1864 онд гарсан одоо ч үзэл санаа нь хадгалагдаад явж байдаг, сүүлийн 120 гаруй жилд давхардсан байдпаар 78 улс хамрагдсан дайн, зэвсэгт мөргөлдөөн, маргаан бусад глобаоль асуудлыг зохицуулах, хоорондын гэрээ байгуулахад оролцсоноос харахад энхтайванч гадаад бодлогын асар их туршлагатай, итгэл хүлээсэн улс болж чадсан байна.

 Мөн дэлхийн 2 дугаар дайны дараа    Австри улс 1955 оноос, Коммунизм нуран унаж ардчилал зах зээл эхэлж Туркменистан улс 1995 оноос  байнга төвийг сахих статустай орон болж  бусад улсад   үлгэр жишээ болоод явж байна. Эдгээр орнууд өөр өөрийн онцлогтой, маш хүчирхэг батлан хамгаалах тогтолцоотой,  дотоод аюулгүй байдлаа нэгдсэн байдлаар хангах нийгмийн тогтсон үзэл баримтлалтай, өөрийн эдийн засгийн  суурь боломж нь амьдрах дархлааг бий болгожээ.

Манай улсын газар зүйн байрлал бол бүс нутагтаа болон Ази, Европыг холбосон том зуучлагч, баталгаажуулагч орон болох боломжтой бөгөөд торгоны зам, эдийн засгийн коридор, хуурай газар- агаарын дамжин өнгөрөх аюулгүй бүс гээд яригдаж судлагдаж байгаа асуудлуудыг “Төвийг сахих  статус”-тай холбоод үзэхэд нааштай  үр дүн гарахаар харагддаг.

  Мөн гадны нөлөөнд татагдан орохоос эхлээд манай улсад ямар нэг аюул эрсдэл бий болж /эрсдэл бий болно гэдэг нь урьдчилан харна гэсэн үг /  улс орны тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх нөхцөл байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх, аюулыг холдуулах зорилгоор “Төвийг сахисан статустай орон” гэж зарлаад  явж чадах уу гэвэл бид бүрэн чадна, тийм боломж дүүрэн байна.

 Хамгийн наад зах нь гэхэд газар нутгийн маргаангүй, гадны илт мөргөлдөөн, санал зөрөлдөөн үүсэх проблемгүй байна гэдэг бол одоо энэ дэлхий дээр байгаа ховорхон боломжуудын  нэг.

 Цаг хугацаа, дэлхийн хөгжил биднийг хэзээ ч хүлээхгүйн учир бид дэлхийн хэмжээнд сэтгэж, хүчээ төвлөрүүлэн бодлогоо цэгцэлж зүтгэж байж л бусадтай хөл нийлүүлэх  нь мэдээж хэрэг.



Тухайн орон өөрөө  төвийг сахих статустай байна гэсэн л бол бусад улсууд төвийг сахих статусыг нь Олон улсын хууль тогтоомжийн хүрээнд хүндэтгэж, /позитивны нейтралитет/-г үндсэн шинжээр нь:
- НҮБ-ын дүрмийн зарчим, зорилгод нийцсэн энхтайваны төлөөх тэмцлийг идэвхтэй дэмжих.
- Бүх нийтээр болон бүрэн хэмжээгээр зэвсэг хураахад идэвхитэй дэмжиж оролцох.
- Арьсны өнгө бусад байдлаар  ялгаварлан гадуурхахтай тэмцэх
- Олон улсын санал зөрөлдөөн, үүссэн  маргаааныг  тайван замаар шийдвэрлэхэд идэвхтэй дэмжигч байх явдал юм гэж үздэг.

 Хүйтэн дайны үед бол жижиг орнууд төвийг сахих байдлаар тусгаар тогтнолоо хамгаалах, дотоод эдийн засгаа шийдвэрлэх болон хоёр системийн хямралд хавчуулагдахгүй байх  их эвтэйхэн арга гэж  үзэж байжээ.

Орчин үед  жижиг орнуудыг уламжлалт төвийг сахисан статустай  юу эсвэл байнга төвийг сахих статусын тухай шинээр ярьж эхлэв үү  гэдэгт бусад улс ач холбогдол өгөх нь бага, харин тухайн улсын батлан хамгаалах чадварын түвшин, эдийн засаг-нийгмийн аюулгүй байдлын  баталгаа ямар байгааг их анхаардаг нь ажиглагддаг.

Төвийг сахих статустай орнууд “Төвийг сахих статусаа”-аа  Олон улсад улс төр-дипломат, эдийн засаг, мэдээлэл-сэтгэл зүй, хууль- эрх зүй, уламжлалт стратегийн түншлэлийн  аргаар баталгаажуулан аюулгүй байдлаа хангах талаар ихээхэн ахиц олж, Олон улсад дээрх аргуудыг “Аюулгүй байдлыг  цэргийн бус аргаар хангах арга” гэж хүлээн зөвшөөрч, эдгээр аргуудыг цуст дайны аргаас илүүд үзэх  чиг хандлага гарч байна.  

Олон улсын практикт “Цэргийн бус аргаар гадаад аюулгүй байдлаа хангах” арга жил ирэх тусам өргөжин хүрээгээ тэлж байна.  Улс төр-дипломатын арга, эдийн засгийн арга, мэдээллийн арга, хууль  эрх зүй-гэрээний арга гээд  асуудлыг шийддэг гарц, боломжуудыг сайн хөршийн харилцаа, харилцан итгэлцэл, найрсаг харилцаа, стратегийн түншлэл зэрэг дээр тулгуурлан хэрэглээд явах  бүрэн боломжтой.

Орчин үед байнгын идэвхитэй ажиллагаа, цэрэг-улс төр, эдийн засаг-нийгмийн тогтвортой байдал,   сайн бэлтгэгдсэн боловсон хүчин, бусдын итгэл даах чадвараас олон юм хамаарч байна. Тухайлбал: НАТО гэдэг эвсэл яагаад ийм хүчирхэг бодлоготой вэ заримдаа НҮБ-аас ч илүү нөлөөтэй болчих гээд байдгийн учир бол ерөөсөө л маш сайн бэлтгэгдсэн боловсон хүчинтэй, шилдэг бизнесмэнүүдийн баг байдагт байна гэдгийг олон орны судлаачид хүлээн зөвшөөрдөг

Төвийг сахих статустай орнуудад сөрөг хүндрэлтэй асуудлууд байнга  үүсдэг, дотоод, гадаад аюулгүй байдлаас шалтгаалан гэнэтийн хүнд асуудал /хил дамнасан дүрвэгсэд, халдварт өвчин, байгалийн гамшиг гэх. мэт/ тулгарч мэдэх юм. Ялангуяа  улсын нийгэм-эдийн засаг, гадаад харилцаа, Батлан хамгаалах салбарын хүрээнд тодорхой хүндрэлүүд байнга шахам гарч байдаг.

 Ийм учраас дараахи асуудалд  тэргүүн эгнээнд анхаарч байдаг.

А.Гадаад талдаа:

·    Твийг сахих статусыг хөрш зэргэлдээ болон аюул учруулж болзошгүй орнуудаар улс төр- хууль эрх зүйн хүрээнд хүлээн зөвшөөрүүлсэн хоёр болон олон талт гэрээ хийх.
·    Стратегийн түншлэл бүхий болон уламжлалт харилцаатай орнуудаар баталгаа гаргуулсан, батлан даалгасан гэрээ хэлэлцээр хийх.
·    Байнга төвийг сахих статусын тухай өөрийн зүгээс баталгаажуулсан үндэсний хууль тогтоомж гаргаж Олон улсад баталгаа гаргаж өгөх.
·    Олон улсын хүмүүнлэгийн ажиллагаа, энхийг дэмжих ажиллагаа, хүч дэмжих ажиллагаа, авран гаргах ажиллагаа зэрэг Олон улсын ажиллагаанд өргөнөөр оролцох замаар аюулгүй байдлаа бэхжүүлэх бодлого гаргах болон бусад олон талт ажиллагаа.
·    НАТО-ийн “Партнерство ради мира” /Partnership for Peace/, Европын “Расширенная безопасность”, ОХУ-ын тэргүүлдэг “ОДКБ” зэрэг цэргийн болон аюулгүй байдлын холбоодуудтай харилцах мөн “Panels” зэрэг өндөр технологи, агаар сансарын программ ашиглах  шинэ арга замыг судалж гаргах.
·    Хуурай замын дайны үд төвийг сахисан улс, этгээдийн эрх, үүргийн тухай болон бусад 1907 оны Гаагийн 13 конвенцид нэгдэн орох асуудлыг судалж шийдвэрлэх. Манай улс нэгдэн ороогүй байгаа ердийн зэвсгийг хязгаарлах олон улсын гэрээний заалттай нийцүүлсэн шийдвэрийг дотооддоо зохицуулж гаргах.

Б.Дотоод талдаа:

·    Улс төр-нийгмийн тогтвортой байдлыг байнга хангах хууль эрх зүйн орчны болон эдийн засгийн тогтолцоог бүрдүүлж, төр улсын нэгдмэл бодлогыг хэлбэрэлтгүй сахих.
·    “Нийгмийн аюулгүй байдлын үзэл баримтлал”-ыг өөрийн онцлог, алс хэтийн зорилгод нийцүүлэн гаргаж, үе шаттай хэрэгжүүлсэнээр дотоодын тогтвортой байдлыг хангах.
·    Зэвсэгт хүчин, хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагааг нэг зорилгод чиглүүлж , үйл ажиллагааг нь  чадваржуулах замаар Зэвсэгт хүчин, дайчилгааны нөөцийн цуваажилттай болгосноор батлан хамгаалах чадварыг нэмэгдүүлэх.
·    Улсын хил орчим, орон нутгийн хамгаалалтын тогтолцооны үзэл баримтлалыг гаргаж бүх түвшин / баг, сум, аймаг, бүс, онц чухал объект, онцгой объект, орд газар, үйлдвэр/-д хэрэгжүүлэх.
·    Зэвсэгт хүчин, хууль сахиулах байгууллагуудын зэвсэглэл, техникийн хангалтын нэгдсэн бодлого, системтэй байх.
·    Байнгын  идэвхитэй олон тулгуурт бодлогыг Олон улсын хууль тогтоомжид нийцүүлэн шинээр гаргах. /Гадаад бодлогын үзэл баримтлал болон бусад/
·     Батлан хамгаалах салбарын  цэрэг-техникийн хамтын ажиллагааг хөгжүүлэх,  цэргийн эвсэл, холбоотон орнуудын Батлан хамгаалах салбартай харьцах арга тактикийг сонгож, бодлогын баримт бичигтэй болох.
·     Зэвсэгт хүчний нэгдсэн бодлогын номлол, Улсын батлан хамгаалах стратеги-удирдлага, төлөвлөлт, Орон нутгийн хамгаалалтын зохицсон аргачлал, Нутаг дэвсгэрийн батлан хамгаалах төхөөрөмжлөлт, Төрийн болон төрийн бус байгууллагуудын  дайчилгааны  бодлого гаргах.
·    Улсын батлан хамгаалах чадварыг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд хүүхэд залуучуудын талаар баримтлах бодлого гаргах.
·     “Аюулгүй байдлын цэргийн тухай хууль”-тай болох замаар орон нутгийн хамгаалалтын цэрэгтэй болох. /Аймаг бүрд олон талт үүрэгтэй аюулгүй байдлын цэргийн салбар. нэгж байгуулахад Олон улс, хөрш орнууд ч ойлгохоос гадна алба хаагчид нь тухайн орон нутагтаа дайчилгааны бэлтгэгдсэн нөөц болж үлддэг/

Зэвсэгт хүчин дотоод аюулгүй байдлыг хангахад оролцох замаар өөрийгөө хамгаалах чадварыг нэмэгдүүлэх арга ялангуяа тодорхой биш ажиллагаа  /Гибридная агрессия/-тай тэмцэх чиглэлээр их анхаарах шаардлага гарч байна. Зэвсэгт хүчинд цэрэг-аюулгүй байдлаар стратегийн түвшинд бэлтгэгдсэн удирдах болон төлөвлөх бүрэлдэхүүнийг тоог нэмэгдүүлэх нь чухал юм.

Яагаад гэвэл аль оронд орчин үеийн дайны шинж чанар эрс өөрчлөгдөж “неконвенциальная” /unconventional warfare/”, нерегулярная” /irregular warfare/ “смешанная” /compound warfare/ эсвэл гадны тэтгэлэгтэй гибридные войны /state-sponsored hybrid/ нэртэй болж ийм аюулыг хэрхэн даван туулах талаар цэрэг-улс төрийн мэргэжилтэнүүд  их судалж, шийдэл олж чаддаг, хэрэгжүүлдэг болж  байна.

Улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, үндэсний  болон нийгмийн аюулгүй байдлыг хангах талаар улс төрийн шийдвэр гаргах түвшинд нэгдсэн бодлоготой болох, Батлан хамгаалах тогтолцоог бүрдүүлэх,  цэргийн байгуулал болон Зэвсэгт хүчинээ өөрийн орны онцлог, эрх ашигт нийцүүлж бүрэн байгуулах, нэгдмэл чадавхитай болгож бэлтгэх, зэвсэглэл-техникээ орчин үе, ирээдүйтэй уялдуулан сайжруулах ажлуудыг нарийн судалгааны үндсэн дээр нэгдсэн бодлогоор хийхгүй бол бусад улстай харьцуулахад манай санаачилга, идэвхи энэ чиглэлээр бага байгаа нь ажиглагддаг. Зэвсэгт хүчний байгууллыг  25 жил яриад одоог болтол хийж амжаагүй байдаг.

 Тогтвортой улсын цэрэг-улс төрийн нөхцөл байдлаас үзэхэд Үндэсний аюулгүй байдлын нэг бүрэлдэхүүн хэсэг болсон  улсын дотоод аюулгүй байдлыг хангах нэг том багц асуудал байна. Энэ бол “нийгмийн аюулгүй байдлыг хангах” асуудал байна. Гадаад, дотоод аюулгүй байдал харилцан хамааралтай болсон энэ үед нийгэм  тогтворгүй бол хэзээ ч хаана ч юунд ч очоод  нөлөөлөөд далим үүсгэчихэж  мэднэ.
 
 Анх удаа гадны оролцоогүй өөрсдийн оюун ухаанаар Олон улсын жишигт нийцүүлж хийсэн 1992 оны Үндсэн хуулийн  11 дүгээр зүйлийн 11.1-д “Нийгмийн дэг журам хангах нь төрийн үүрэг мөн” гэж зааж баталгаажуулж өгсөн атал  хэрэгжилт нь  ямар байна, юу руу яваад байна гэдгийг олж  харах нь судлаачдад чухал байна.

Улс дотооддоо “Нийгмийн аюулгүй байдлын үзэл баримтлал”-тай болсноор дараах үр дүн гарна гэж тооцож үздэг байна. /Дэлхийн 140 гаруй оронд ил далд байдлаар язгуур үзэл гэмээр ч юм шиг ийм үзэл баримтлал байдаг/

1.Улс оронд дотооддоо улс төрийн тогтвортой байдал хадгалагдах боломж бүрдэж, нийгмийн асуудлын шийдлийн баталгаа бий болдог.
2.Нийгэмд хууль эрх зүйгээр тогтоосон  дэг журам бэхжиж, иргэдийн, нийгмийн ёс суртахуун дээшилснээр эх оронч үзэл, үндэстэн байх, бахархах итгэл үнэмшил тогтдог.
3.Нийгмийн аюулгүй байдлыг хангах  цаашдын хөгжлийн суурь бий болж, залгамж чанарын холбоос бий болж бэхждэг.
4.Иргэний, нийгмийн аюулгүй байдлыг хангахад төрийн үүрэг роль нэмэгдэж,  чанга цэгцтэй байж, төрийн алба соргог болж, төрд итгэх итгэл бий  болдог.
5.Нийгэмд бугшиж, хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнд хүрсэн гэмт хэрэг /хээл хахууль, халаас, орон байр, малын хулгай, танхай балмад үйлдэл, хар тамхи, халдварт өвчин гэх мэт/ -ийн түвшинг бууруулах, хууль сахиулах байгууллагын ажлыг иргэн, нийгмийн зүгээс хянах, шаардах орчин бүрддэг.
6. Нийгмийн аюулгүй байдал хангагдснаар иргэдийн зүгээс эх орноо хайрлах, хүн амын гадагшлал багасах, батлан хамгаалах нөөц бэлтгэх тогтолцооны эх үүсвэрийн  боломж хадгалагддаг талтай.
  
 “Нийгмийн аюулгүй байдлыг хангах үзэл баримтлал”-тай байна гэдэг бол “Төвийг сахисан статус”-тай орны хувьд дотоод аюулгүй байдлыг тогтвортой байлгаж гадаад, дотоод орчинд үүссэн алив аюулд татагдан орохгүй байх, түүнээс урьдчилан сэргийлэх, цаг хугацаа хожиж зайлсхийх нэг арга юм .        
     
–о0о-