УИХ-ын болон Орон нутгийн сонгуулийг хамтад нь явуулах эсэх асуудлаар өмнөх парламентыг бүрдүүлж буй гол хоёр хүчин санал зөрөлдөж нэлээд маргалдсаны эцэст МАН буулт хийснээр АН-ын боловсруулсан төслийн дагуу сонгуулиа явуулсан. Маргалдах, санал зөрөлдөх нь зүйн хэрэг байв. Ерөөс энэ асуудал улс төрд ч, сонгогчдын хувьд ч нэн шинэ асуудал байсан. Тийм болохоор бусад энгийн асуудал шиг шууд нэгдмэл байр суурьт хүрчих боломжгүй байлаа.
 
Тухайн үед хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа Үндсэн хуулийн зарим зүйл заалтыг зөрчсөн нь үнэн. Үүнээс болж зарим нь Үндсэн хуулийн Цэцэд хүртэл хандсан. Тэд орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуулийн 8.2 дахь заалт, Үндсэн хуулийн зарим заалтыг зөрчсөн гэж үзсэн юм.     

Тэр үед АН-ынхан санаагаа өнгөн талдаа ингэж тайлбарлаж байсан. Хоёр сонгуулийг нэг дор явуулбал зардал хэмнэнэ. Бас сонгогчдын идэвх өндөр байна. Улс төрийн хийрхэл багасна. МАН-ынхан орон нутгийн эрх мэдлийг алдахгүй гэсэндээ гүрийж байна гэх мэтээр. Үнэн хэрэгтээ Улаанбаатарын захиргааны байшин­гийн оройд тугаа хатгахыг хамгийн их хүсэмжилж байсан нь Ардчилсан нам. Тэд асар том зорилго тавьж, бодлого боловсруулж байж ялалт байгуулав. Тугаа хатгав. Туг хатгахын төлөө явж байгаа хүчин зорилгодоо хүрэхийн тулд зарим нэг золиос гаргах, бусдыг хохироох мэт нь байх ёстой зүйл ажээ. 



Аймгуудын дарга нарыг бөөн бөө­нөөрөө хэрэг төвөгт холбогд­чихсон гэх мэт мэдээллээр нэлэн­хүйд нь түрэн нийтийн сэтгэл зүйг жигшээж, заримыг нь айлгаж, хүчээр хэдэн шат­ны шүүхээр “барьж” байгаад сон­гуульд орсон.  Ийнхүү АН хүч хаяж байж “Хот”-ыг гартаа орууллаа. Нийс­лэлийг “авах” зорилго бол яах аргагүй улс төрийн зорилго. АН улс төрийн зо­рилгоо биелүүлсэн байна. Харин улс төрийн зорилгоор хорьж, саа­туулж, шалгаж, түүн дээрээ дөрөөлөн өрсөлдөгч МАН-ынхаа нэр төрийг газарт буулгаж авсан ч хэлмэг­дүүл­сэн хувь хүмүү­сийн нэр хүндийг ца­гаат­­гасангүй. Эрдэнэтийн Д.Оюун­ба­таас аль ч хүчний байгууллага уучлал гуйсан­гүй. Ц.Анандбазарыг нэр дэв­ших ман­датаа аваад гарч ирэнгүүт нь барьж хориод сонгууль дуусангуут сулла­чихсан. Үүнийхээ төлөө хэн ч уучлал эрээгүй. Улс төрийн зорилго гэдэг юм үнэхээр том аж. Хүний эрх, ёс сурта­хуун, шударга ёс гэх мэт бүх ойл­гол­туудаас том юм байна. За, энэ ч яахав. Ялсан хүчин улсаа хөг­жүү­лэхийн төлөө зүтгэнэ. Ганцхан ялсан нь ч биш ялсан ялаагүй бүгд л зүт­гэнэ. Хамгийн гоё нь энэ. 

Одоо ахиад орон нутгийн сонгуу­лийн өмнө улс төрийн хүчнүүд үзэж бай­на. Шинээр анхаарал татаж буй нэг юм нь сонгогчдын үүрэгтэй хол­боотой хачирхалтай заалтууд орж ир­жээ. Үнэхээр хачирхалтай заалтууд юм. Энэ бол цоо шинэ зүйл. Сон­гуульд саналаа өгөөгүй иргэн сон­уу­лийн үр дүнтэй холбоотой асуудлаар гомдол гаргахгүй гэнэ. Тэр битгий хэл са­налаа өгөөгүйн төлөө дараагийн сон­гуульд оролцож саналаа өгтлөө тө­рийн албанд ажилд орох боломжгүй гэ­нэ. Ийм хачин заалтууд оруулж иржээ.

Уг нь бол сонгуульд оролцох эс орол­цох нь тухайн иргэний өөрийнх нь эрх. Оршин суудаг сум дүүрэгт нь өөрийнх нь дэмждэг, үзэл бодлыг нь талархдаг тийм нэр дэвшигч дэв­шээ­гүй бол тэр иргэн сонгуульд оролцож саналаа өгөхгүй байх эрхтэй. Яагаад бид хүчээр өөрийн дэмжих сонир­хол­гүй нэр дэвшигч­дийн аль нэг нэрийг дугуйлсан болж өөрийгөө хуурах, цаа­шилбал үнэт зүйлээсээ ухрах, тө­рийн буулганы дор албан шаард­лагаар очиж зогсох ёстой юм бэ.

Үндсэн хуульд тусгагдаагүй ийм харгис үүргүүдийг иргэдийнхээ толгойд манай төр углаж байна. Ийм дарангуйллын нийгмийг бид хүсч мөрөөдөөгүй. Сонгуульд оролцоогүй, саналаа өгөөгүйн төлөө төрийн албанд ажиллах эрхээ хасуулна гэж байж болох уу. Сонгуульд оролцоогүй, саналаа өгөөгүй иргэдийг торгох хүр­тэл зохицуулалт хийдэг улс орон олон бий. Манайх бол шууд л ажлаас нь хална гэнэ. Төрийн албанд ажилд орох гэж байгаа иргэдээ сонгуульд санал өгсөн өгөөгүйгээр нь ялга­варлах юм байна. Өгөөгүй бол “Та баяртай, танд төрийн албанд ажилд орох хувь дутлаа” гээд л хөөж гаргаад байх юм байна. Аймшигтай юм.

УИХ-ын дэд дарга С.Баярцогт “Төрд ажиллах хүсэлтэй хүн бол тө­рийг бүрдүүлэхэд идэвхтэй оролцох ёстой” гэж хэлж байна. Энэ зөв. Гэх­дээ төрийн зүгээс иргэддээ ямар нэ­гэн хүчиндсэн шахалт үзүүлж байж өөр­төө мэхийлгэх ёсгүй. Төр өөрөө иргэ­дийнхээ хайр хүндэтгэлийг хү­лээх замаар өөртөө ёслуулдаг, өөрий­нхөө сүр хүчийг босгодог байх ёстой юм биш үү. Иргэддээ тулгаж, шахаж хавчиж, сүрдүүлж байдаг Төрийн төлөө бид саналаа өгөхгүй байх ч эрхтэй. Иргэддээ эрх нэмж өг­дөг, иргэдээ айдас хүйдэст автуулах биш амаржуулж амирлаадаг, хүчийг нь хүчээр биш өөр арга замаар нэгт­гэдэг тийм л төрийг бид хүсдэг. Түү­нээс биш иргэдийнхээ эрхээс хурааж авдаг, эрх чөлөөн дээр нь гишгэж бай­даг, дарангуйлан тулгаж байдаг тө­рийг хүсэхгүй.