Төрийн албаныхан бужигнаж байна. Яам агентлагуудыг хольж сольж, татаж буулгасан хөл толгойгүй үймээний хөлд төрийн албан хаагчид сандралд оржээ. 600 хүн цомхотголд өртөж болзошгүй гэсэн аранга шиг мэдэгдэл унаснаас хойш тэд айдас хүйдэст автаад байна. Төр амгалан байвал улс амгалан байна. Төр үймээнтэй байвал улс үймээнтэй байна. Бүх сайн цагийн суурь амар амгалан дээр суурилдаг. Гэвч бид бужигнаж л байх үйлтэй ажээ. 

Төр дээд төвшин дэх үл ойлголцол, зөрчилдөөнөөсөө ч салж чадаагүй байхад дунд төвшинд ийнхүү санаа сэтгэлийн үймрэл нүүрлээдхэв. Шинэ Засгийн газар 15 агентлагийг татан буулгах замаар төрийн албан хаагчдыг цомхотгож эхэлж байгаа нь энэ. Яамнаасаа том шахуу данагар давхардсан эрх мэдэлтэй, сул зардлын хүүдий болсон агентлагуудыг татан буулгаж салбарын яамдад хавсаргах нь зөв шийдвэр байж болно. Гэхдээ ямар ч бэлтгэлгүйгээр шууд  төрийн албаа бужигнуулж, төрийн албан хаагчдаа сэтгэл зүйн дарамтад оруулж байгаа нь зохисгүй бөгөөд ойворгон ажил болж байх шиг. Зөвхөн авто замын газар, Төмөр замын газар хоёроос гэхэд 300 гаруй төрийн албан хаагчийг ажлаас нь халах шийдвэр гарсан байна. Энэ эрчээрээ бол цомхотголд хамрагдах төрийн албан хаагчдын тоо 600-гаар тогтохгүй бололтой. Хоёрхон газраас 300 хүн ажлаас чөлөөлж байхад 15 агентлагаас хэдэн хүнийг гудамжинд хөөж гаргах нь тооцошгүй юм болж байна.

Төрийн албаныхан бол хувийн хэвшилд ажиллаж байгаа бидэнтэй харьцуулшгүй бага цагаар ажиллаж, харьцуулшгүй өндөр цалин авч байдаг нь үнэн. Гэхдээ нөгөө талдаа сэтгэл зүйн хүнд дарамтад ажилладаг. Эрх чөлөөгүй, үргэлж халагдах солигдохоос, тушаал буурахаас дагжиж амьдардаг. Бид бол тийм биш. Хэн илүү нь хөдөлмөрөө илүү үнэлүүлдэг. Төрийн буулган дороос ирдэг учир утгагүй тэгшитгэл хөдөлмөрийн маань үнэлэмжинд байхгүй.

Төрийн албанд ажилладаг хүмүүс дарамтаас хичнээн их залхаж байгаагаа, сэтгэл зүйн түгшүүртэй орчинд ажиллаж байгаагаа, шударгаар ажиллах бололцоогоор хомс байгаагаа үргэлж ярьдаг. Амьдрал нь ийм баяр жаргалгүй, ажилгүй болчихвол яаж амьдарна даа гэсэн айдас хүйдэс дунд алхаж яваа төрийн албан хаагчаас тэгэхээр чанар нэхэх утгагүй . Зүй нь манай төр хүмүүсээ золигт гаргахгүйгээр төрийн албаны ажилд өөрчлөлт шинэчлэлтийг хийх ёстой. 

Хамгийн энгийнээр хэлэхэд бид зөв нийгмийг байгуулах гээд л яваад байгаа улс. Зөв нийгмийн үндсэн эд эс нь ердөө л ажилтай, орлоготой, амар амгалан амьдралтай иргэд шүү дээ. Зорилго нь зөв атлаа тэр зөв рүү хүрэх арга зам нь иргэдээ зовлонд унагадаг зам байж болохгүй. “Төрийн албан хаагчид одоо болноо, даварсан ямбаны хөрөнгөнүүдийг халж цөөлж, цомхотгох нь зүйтэй” гэсэн үгсийг зарим нь амнаасаа унагаж байна. Тэдний ард байгаа гэр орон, үр хүүхдэд нь энэ шийдвэр ямар хүнд тусч байгааг бид бодохгүй байна. Би л биш бол тэд яасан ч яахав гэдэг суртахуунаар нэг нэгэндээ хандсаар л байх юм бол бид нөгөө хүрэх гээд яваа “зөв”-ийн арал дээрээ хэзээ ч очиж чадахгүй. Нийгэм илүү хүнлэг агаарт сүлэгдэж байж  зөв нийгмийн зан суртахуун, зам харгуй тавигдана. Харгислал хатуурхал, увайгүй явдлаар сүлбэгдээд л байвал бид гадагшаа гоё мөрөөддөг, гоё тэмүүлдэг дотуураа харанхуй улс орон хэвээрээ л үлдэнэ.

Хүний эрхийг хамгийн их дээдэлдэг хүчин маань бидний амьдрах эрхэнд шууд халдаж эхэллээ. Машинаа унах, явах суух, амралтын өдрөөрөө амрах зугаалах бүх эрхүүдийг маань хамаж авч байна гэж иргэд бухимдаж эхэллээ. Энэ юу болж байна вэ.

АН хүнээр бол үргэлж тарчиг явсан, мөрөөдөлдөө хүрч чадаагүй, тэрнийхээ бурууг бусад амжилттай яваа хүмүүсээс хайдаг, үргэлж атаархаж, тэлчилж явдаг тааруухан хүн шиг хорсолтой ааш аягийг үзүүлж байх юм гэж саяхан нэгэн иргэн сэтгүүлч надад илгээсэн захидалдаа бичжээ. Энэ үг ерөнхий утгаараа бол муу засаглал тогтоодог хүчин л гэж дүгнэсэн хэрэг. Гэхдээ ардын, амьдрал үнэртсэн, хүншүүлж байгаад хэлсэн айхтар үг санагдсан. Сонгогчдын олонхийн саналыг авч гарч ирсэн хүчнийх нь хувьд АН-д бид хүндэтгэлтэй хандах ёстой. Харин тэдний явууж буй бодлогынх нь араас тааруу ёс суртахуун ханхлаад байна гэж л энэ хүн хэлээд байгаа юм. Тэр ч бас сонгогч биз ээ. Ер нь аливаа юмнаас ёс суртахуун нэхэх нь өөрөө эрүүл үзэгдэл. Энэ үүднээс нь би нэгэн уншигчийнхаа сэтгэдлийг ишлэсэн юм.  



Монголын хоёр том хүчний нэг бол яах аргагүй АН. Үндсэндээ 12 жил “байлдаж” байж арай гэж энэ удаа 31-үүлээ болж гарч ирж байгаа юм. Гэвч 39 гэдэг алтан тоо тэднээс нүүр буруулан дайжиж хамгийн адармаатай нөхцөлд ханилхад хамгийн халтай нөхдүүдтэй айл гэр болж тоглоход хүргэж байна. Одоо “Өө, тэд гарч ирэхээрээ л халдаг, хоморголдог, сольдог, оронд нь АН гэсэн шошготой л бол хэнийг ч хамаагүй аваачиж чихдэг. 1996 онд засгийн эрх аваад хичнээн мянган төрийн албан хаагчийг гудманд түлхэж гаргалаа даа” гэсэн дургүйцэл дүүрэн яриа монгол орон даяар нисч эхэллээ. Уг нь нийгмийн зүрхэнд хадгалагдсан ийм хуучин шархыг сэдрээж хэрэггүй байсан юм. Энэ бол тэдэнд очиж буй хасах оноо. Энгийн ахуйн төвшинд хэлэхэд өнөөдөр цомхотголд өртөж байгаа зуу зуун төрийн албан хаагч бүгд ардаа гэр бүлтэй. Үүрч яваа ачаатай улсууд. Улс төрийн жижигхэн тооцоо бодоод хэлэхэд өнөөдөр цомхотголд өртөж байгаа хүмүүсийн тоог нэг нугалаад тооцоход хичнээн сонгогч болох билээ.  Бүгд АН-д дараагийн сонгуулиар эсрэг санал өгнө. АН л биш бол юу нь ч яахав гээд л дугуйлаад байна. Үнэн хэрэгтээ 1996 онд ажлаас халагдаж гудамжинд гарсан, үүний балгаар амьдрал ахуй нь баларсан бүх хүн ах дүү амраг садантайгаа нийлээд хичнээн мянган эсрэг санал болсон бол. АН-ыг 12 жил гансруулсан хүчин зүйлсийн дотор нэлээдгүй жин дарсан байхыг ч үгүйсгэхгүй. Улс төрийн нам гэдэг бол нэг айл шиг дотор гаднагүй нэгдмэл бодлоготой, алсын хараатай, нягт тооцоотой явбал илүү амжилтад хүрдэг сонин бүтэц. Салаад л, хагаралдаад л, хэрэлдээд хэмлэлдээд явбал тараад тарамдаад л байдаг тийм сонин бүтэц.

МАН-ынхан АН-ыг фракциудынхаа зөрчилд идэгдсэн сэтглэгдсэнийг үргэлж шагшдаг.  Гэвч өнөөдөр өөрсдөө бүлэглэлүүдийнхээ хөлд үрэгдэж байна. АН улам нягтарч, нэгдэхийг эрхэмлэж байгаа бол МАН энэ талд доголдож эхэллээ. Жишээ нь, МАН-ын дотор хамгийн олон жил хүчээ хадгалсан фракц бол хотын бүлэг. Гэвч хотын бүлэг задрахын ирмэгт тулсныг хэдхэн хоногийн өмнө болсон нийслэлийн намын хорооны хурал нь харууллаа. Хотын бүлэг саяны хотын сонгууль дээрээ бараг хөдлөөгүй. Намдаа ялагдал “захиалдаг” бүлэг гэж байх юм.

Манай улс төр хов жив, атаа жөтөөнд идэгдэж гүйцжээ. Бидний хамгийн том гэж хардаг, хүндэтгэж нэрийг нь дугуйлдаг нөхдүүдийн дотоод жижиг чанар дээр улс төрийн маш том зөрчлүүд үүсч байдаг гэвэл хүмүүс гайхах байх. Үнэн хэрэгтээ тунгалаг төр энэ тэр гэж ярих нэг хэрэг. Өөрсдөө дотуураа тунгалагших, зүрхээ угаах болсон гэдгийг тэд маань бодох цаг иржээ.

Улс төрд бүлэглэлүүд засаглах, хэт эрхшээх аюултай ч бүлэглэл задрах нь тийм ч ашигтай зүйл бас биш. Ер нь бол нам хамаарахгүй бүлэглэл чухал. Жишээлбэл, хотын бүлэгт АН-ын хүмүүс ч байсан. Алтангадас фракцид анхандаа МАН-ын хүмүүс ч нэгдэж л байсан.

Бидэн шиг жижиг оронд задрал огт хэрэггүй. Жишээ нь, Н.Энхбаяр МУНН-ыг Базарсадын Жаралсайхантай нь хамт ашиглаж ашиглачихаад сонгуулийн өмнө хөөж явуулаагүй бол өнөөдөр мянган Баянсэлэнгэтэй жишишгүй том дарвуулт завин дээр хөвж явах байлаа. Манайхан нэгдэж чадахгүй юм даа. Б.Жаргалсайхан парламентад ороод ирчихсэн бол МАХН-ынхныг ингэтэл давраахгүй. АН-тай илүү ашигтай хэлэлцээр хийж чадаж байыхыг үгүйсгэхүй. Хэрэв М.Энхсайханаас АН ингэтэл болгоомжлоогүй бол АН& МҮАН гэсэн тасархай эвсэл төр барьж болох байлаа. Манайхан өшөө хорслоосоо ангижирч чадахгүй юм. Хэрэв М.Зоригтын мөрөөдөж зүтгэсэн түүхэн үүрэг биелж  Иргэний зориг намыг АН-д нэгтгэж чадсан бол ардчилсан хүчин улам л цул болох байлаа. С.Оюун жаахан зоримог, монголоо гэсэн сэтгэлтэй байсан бол өөрөөсөө өөр лидергүй гэр бүлийн шинжтэй жижиг нам чирч, сонгууль болгонд гурван хувьтай ингэж үйлээ үзэхгүй байх байлаа. Манайхан хувиа л хичээгээд байх юм. Сонгуульд намаасаа мандат авч орсон хүмүүс нь тойрогтоо очоод бие биетэйгээ дайсагнаж, өөр зуураа эсрэг ажиллахад хамаг пиараа зориулдаггүй байсан бол монголын улс төр, намууд ингэтэл эе эвээ алдахгүй байхсан. Намуудын олон суудал улстөрчдийн хувиа хичээсэн увайгүй суртахууны хөлд хийссэн. Бид нэгдмэл байж чадахгүй байна. Нийтээрээ нэмэх оноо цуглуулж, нэг баг болж чадахгүй байна. Одоо бидэнд энэ л чухал биш гэж үү.