Удахгүй сургалтын төлбөр нэмэхийг эрс буруушаасан элдэв хийрхүү оюутан залуусын холбоодын тэмцэл үргэлжилнэ биз. Угаас хичээл сурахаас илүү улс төржиж тэмцэх нь арай таатай, юм олж долоодог хойно. Өмнөх сайд хэтэрхий улс төржиж, хар мааст таалагдах гэсэндээ сургалтын төлбөр нэмүүлэхгүй байх захирамж гаргасан. Харахад олон оюутнаа харж үзсэн, таатай санагдах ч улсын их сургуулиудын ирээдүйд асар хортой шийдвэр. Одоогийн сайд харин үүнд хэрхэн хандах бол?

Саяхандаа, Чили улсын оюутнууд маш томоохон эсэргүүцлийн жагсаал хийсэн. Гэхдээ манай оюутнуудаас ялгаатай нь төлбөрийн асуудлаар биш сургалтын технологийн шинэчлэлт шаардаж тэмцсэн юм. Дэлхий дээр “сургалтын төлбөр хас” гэж жагсч, тэмцдэг оюутантай улс манайхаас өөр хаана ч байхгүй. Зах зээлийн нийгэмд төлбөр нь дийлмээргүй бол өөр газар очоод л сурчихдаг юм. Заавал буяны байгууллага мэт жаахан хэдэн төгрөгөөр улсын сургуулиудын төлбөрийг тогтоох нь утгагүй ч юм шиг. “Үнэхээр төлбөр нэмэгдээд, сургалт таалагдахгүй бол яагаад МУИС, ШУТИС-д сурсаар байгаа юм бэ” гэж олон оюутнаас асуухад “хувийн хямд сургуулийн диплом нь үнэлэгдэхгүй” гэж хариулна. Эвтэйхэн аргаар, хямдхан шиг мөнгөөр гайгүй диплом авах нь л гол зорилго учраас тэр.

Латин Америкийн үлгэр жишээ Чили улсын их сургуулиудын сургалт манайхаас дор л байв гэж дээ, гэтэл оюутнууд нь чанар дээшлүүлэх гэж тэмцдэг. Дөрөв таван жилийн өмнө өөрөө оюутан байсан, багшлаад дөрвөн жил болж буйн хувьд нэг зүйлийг сайн мэдэж байна. Манай их дээд сургуулиудын сургалтын чанарыг сайжруулбал түүнийг нь дийлж сурч чадах оюутан мааш цөөхөн. Ер нь оюутнууд маань сургалтын чанар, орчин гэж нэг их дуугардаггүй мөртлөө 70 мянга, автуусны билет энээ тэрээ мөнгөтэй холбоотой асуудал гараад ирмэгц л орилолдоод эхэлдэг нь гоё.

Угаас их сургуульд элсэх “зориулалтгүй” хүмүүс нийтээрээ дээд боловсролтон хэмээх сайхан нэр зүүх гэж оюутан болно. Даанч төгсөгчдийн ердөө 30 – 40 хувь нь ажилтай, тэр 40 хувийнх нь тал нь л яг үндсэн мэргэжлээрээ ажилладаг. “Олон улсын эдийн засаг” “Бизнесийн удирдлага санхүү” энээ тэрээ тансаг мэргэжил “эзэмшээд” хэн нэг хамаатныхаа PC –ний газрыг ажиллуулж буй хүнийг ч ажлын байранд очсонд тооцно. Авто засварыг нь Вьетнамчууд хийж, зам барилгыг нь хятадууд босгоно. Харин олон ч Монгол залуус толгой нь хоосон, карма нь хоосон мөртлөө нээг л их худлаа ярваганасан, ажил голсон, дэмий хэвтсэн шоудсан гарууд. Хөдөөнөөс мянга мянган залуус огт дургүй зүйлээ “сурах” гэж хотод ирж байхад зөрөөд мянга мянган хятад ажилчид нутагт нь шавна. Ид бүтээн байгуулалт хийх хайран сайхан залуучууд шал дэмий зүйлийн төлөө дөрвөн жил хотын түгжрээнд нэмэр нэмнэ.

Хувийн дунд сургуулиудын төлбөр хамгийн багадаа 1000 доллар. Хувийн цэцэрлэгүүд бол бүүр ч үнэтэй. За бараг гайгүйхэн фитнес клубын жилийн төлбөр МУИС –ын сургалтын төлбөртэй тэнцэж буй. Оюутнуудын бараг тал нь чамирхаж буй Самсунг галакси S3, I Phone 4S нтр нь МУИС –ын төлбөртэй адилхан үнэтэй. Их сургуулийн багш нар ажилдаа зуун хувь хүчээ дайчилдаггүй, учир нь өөр цаг гаргаж мөнгө олох хэрэгтэй. Оюутнууддаа цаг гаргахгүй байдал нь ч оюутнуудад таалагддаг, тэдэнд боловсрол биш диплом л хэрэгтэй. Төлбөр ийм бага хэвээр байсаар байвал удахгүй улсын их сургуулиуд хамгийн хоцрогдсон, сайхан нэр төдий газрууд л болж үлдэнэ. Энэ хэнд, юунд ашигтай гэж. Улсын сургууль гээд сайхан сэтгэлийн үүднээс хямд, чанартай боловсрол өгөх гэсэн юм бол багш нарынхаа цалинг гайгүйхэн нэмчих л дээ, улсаас хянаад байгаам бол улсаасаа санхүүжүүлэх хэрэгтэй биз.

Facebook.com/aanxaa.scenario

twitter.com/aanxaa