Түүхэн өдөр рүүгээ түүхий өндөг шидэх нь гэж айлаа
Өнөөдөр Монголчууд бидний хувьд чухал өдөр. Бүтэн зургаан жилийн турш нийт монголоороо хэлцэж, нийгэм даяараа шүүж байж энэ өдөрт ирлээ.
Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ ийнхүү шийдвэрлэгдсэнээр нэн түрүүнд монголчууд бидний сэтгэлийн хүлээс тайлагдаж байна. Маргааш цоо шинэ нар мандчихгүй ч маргаашаас эхлээд бидний сэтгэл дүүрэн байх болно. „Эрдэнийн хувь”,”Эх орны хишиг”-ийн талаарх итгэлтэй бодлууд ирэх болно гэсэн гэгээн сэтгэгдлүүд энэ өдрийн өнгийг тодорхойлж байна. Өнгөрсөн жил монголчууд бид сонголтоо хийхдээ популист гэж цэрвэлгүй өнөөгийн эрх барьж буй хоёр том намын амлалтыг дугуйлсан. Одоо хийсэн сонголтынхоо үр шимийг хариуцлагатай, соёлтой иргэний ёсоор хүртэх л үлдлээ. Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ XXI зууны шинэ монголыг цогцлоох хөгжлийн шав билээ. Энэ шавыг хэрхэн яаж тавихаас ирээдүй маань ихээхэн шалтгаална гэж ихэнх хэсгээрээ итгэж байгаа.
Гэвч зарим нь гэрээнд талууд гарын үсэг зурч ёсчилсон энэхүү түүхэн өдрийг түүхий өндөг, улаан лооль ханцуйлж угтлаа. Саарал ордны баруун талд чанга яригч зоож, „Эх орноо худалдагсдыг түүх өршөөхгүй”, „С.Баярцогт оо чамтай бидний ирээдүй үеийнхэн тооцоо хийнэ”, „С.Баяр, Д.Зоригт,С.Баярцогт нар монголыг худалдлаа” гэх зэрэг сүржин лоозонгууд байршуулснаар тэдний тоглолт гадаа эхэлж, ордны ёслол дотор эхлэсэн. Төрийн ордонд болсон ёслолын ажиллагаанд 800 зочин уригджээ. Ирсэн зочдын заримыг манай жагсаалд оролцож буй хөгшид хэд гурваараа ойртон очиж замд нь хөндөлсөөд „Эх орноо худалдах ёслолын ажиллагаанд оролцож байгаагийн чинь төлөө сүнс чинь чамайг хожим өршөөхгүй шүү” гэж ирээд загнаж байх юм. Цаадуулынх нь нүд орой дээрээ гарах шахсан ч бушуухан алхан орцгоож байхыг харах хөгжилтэй ч юм шиг. Гэхдээ л сэтгэлдээ ичээд ч байх шиг, өөрсдийгөө өрөвдөөд ч байх шиг таагүй мэдрэмж төрөөд байх нь хачин. Иргэний нэр барьсан хөдөлгөөнүүдийн нэр хүнд манай нийгэмд цагтаа хаданд гарч байсан сан. Одоо харин навс унажээ. Анх тэд авилгачидтай тэмцэж гарч ирэхдээ гоё байсан. Ард түмэн нэрээ ч харамлахгүй дэмнэж байхад хүчтэй байсан. Одоо харин авах юм алга харагдана.
Мэргэжлийн жагсагчид, мэргэн жараахайнууд гэх нэр хочийг зүүгээд зогсохгүй, хөлсний ажилчид болж хувирсан тухай харамсалтай дүгнэлт газар авсан байна. Улс төрийнхний бохир тэмцлийн зэр зэвсэг болон улаан хоолойгоо цахирттал хашгирах биш улс монголынхоо жинхэнэ эрх ашгийн төлөө бурууд хурц чигээрээ явсан бол өнөөдөр ийм эмгэнэлтэй байдалд орохгүй байсан нь ойлгомжтой. Хэн нэгний хорслоо тайлах хэрэгсэл, хонзонгоо авах жад нь иргэний хөдөлгөөн болж хувирсан нь манай нийгмийн хамгийн том эмгэнэл. Гурван жилийн өмнө жагсах хөлс хүн тус бүрт хоногийн хоёр мянган төгрөг байсан бол энэ удаа зургаа дахин өсч 12 мянган төгрөг хүрснийг хүн бүгд ярьж байна. Оюутны байруудаар хүмүүс эргэлдэж „ганц л цаг жагсаад хөлсөнд нь 12 мянгыг авна ш дээ” гэсэн тохироог санал болгож явсан мэдээлэл ирж байна. Гэхдээ оюутнууд энэ удаа хүлээж авсангүй. Маргааш яахыг хэн ч мэдэхгүй. Хамгийн ядуу, хамгийн даруу тэдний залуу насыг ингэж үймүүлэх хэрэг байна уу.
Иргэний хөдөлгөөнүүд гэх энэхүү хөлсний босогчдоор хүссэнээ хийлгэн залуурдаж байдаг улсууд манай улс төрд бий. Хөшигний арын ноёд хөөрхий тэднээр барам хийлгэн шатаалгаж, цагдаа хүчнийхэнтэй мөргөлдүүлж ёсөн жорын юм хийлгэж байсан. Засгийн газруудыг унагах ажиллагаанд хүч хавсарч, нэр бүхий хүмүүсийн нэр нүүрэнд шавар цацуулж, алтны уурхай руу довтолгуулж, радио телевиз рүү дайруулж юу хүссэнээ хийлгэж ирсэн. Өнөөдөр ч гэсэн Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг эсэргүүцэж, өнөөгийн Засгийн газрыг нервтүүлэх гэсэн жортой хорыг долоолгочихоод намрын жихүүн өдөр гадаа хашгируулж байгаа эзэн хаа нэгтэй сууж л байгаа. Гэхдээ монголын заяа их. Санаанд нь юу ч нийцдэггүй, сайн муу бүх юмыг л эсэргүүцэж байдаг савнаасаа хальсан энэ мэт бохир араншин удахгүй арилах биз ээ.
ЙЛ