Монголд ардчилсан хувьсгал ялаад 23 жил болж байна. Үүнтэй зэрэгцэн чөлөөт хэвлэл хөлд ороод одоо идэр насандаа очжээ. Сайнтай муутай сав дүүрдгийн адилаар алдаж оносон олон жишээ бий. Харин өдгөө удаан хүлээсэн (мөн ч их хүлээсэн дээ) Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль төрөх гэж байна. Хуулийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс өргөн барьж ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн М.Батчимэг ажиллаж байгаа. Ирэх долоо хоногт УИХ-ын байнгын хороодоор хэлэлцэж эхэлнэ. Хэрэв энэ хууль үнэхээр төрөх  аз, од нь гийсэн бол 2013 оноос өмнө бид Эрх чөлөөний хуультай болж “башийх” нь.  Гэхдээ баярлах уу, барайх уу гэдэгт учир их бий. Тухайлбал, редакцийн хараат бус байдлыг хангах тухай нэг заалт бий.  Уг хуулийн сүнс нь юм, энэ заалт. Өдгөө үйл ажиллагаагаа явуулж буй хэвлэл мэдээллийн хэрэгслийн жинхэнэ эздийн 90 хувь нь улстөрчид байдаг гэсэн судалгаа бий. Үнэн. Үгүйсгэж болдоггүй үнэн гэж энэ.  Улстөрч эзэнтэй хэвлэл мэдээлэл олшрохоор иргэдэд үнэн мэдээлэл хүрэхээ больдог. Улстөрч эзнийхээ эрх ашгийг хамгаалах, тэдний өрсөлдөгчийг гутаан доромжлох ажиллагаа идэвхждэг. Өнөөдөр Монголын хэвлэл мэдээллийн орчин яг л ийм байгаа. Салбарын нэр хүнд үүнээс болж бүхэлдээ уначихаад байгааг бид хүлээн зөвшөөрөх ёстой. Үүнийг хэрхэн өөрчлөх вэ. Одоогоор бодож олсон гаргалгаа бол эздийн тулган шаардалтыг редакциас тусгаарлах явдал. Мэдээж бусад орны жишээнээс харж гаргаж авсан шийдэл энэ. Хөрөнгө оруулагч буюу эзэд редакцийн уран бүтээлчидтэйгээ гэрээ байгуулж тэдэнд шууд зааж зааварлахыг хуулиар хориглоно гэсэн үг. Хэрэв эзэн энэ гэрээг зөрчвөл сэтгүүлч, сурвалжлагчид нь эзнээ шүүхэд барьж өгөх хэрэг гарах нь. Энэ нь ариун явдал болж таарна. Хэрэв үнэхээр ийм байж чадаж гэмээнэ сэтгүүл зүйн салбар нэг алхам ч болов урагшаа алхах нь тодорхой. Хууль гарангуут л шажигнатал хэрэгжээд бүх хэвлэл цэвэр ариун болно гэж юу байхав. Гэхдээ энэ зүг рүү ямар ч байсан алхах ёстойг ойлгож байна. Гэвч... Цаанаа үлдэцтэй дуугарахын учир бас байна. Бүх хэвлэлийн ард улстөрчид зогсож байгаа юм бас биш ээ.. Сэтгүүлч эзэнтэй хэвлэлүүд бас байна. Тэд яах вэ. Жишээ нь “Өдрийн сонин”, “Үндэсний шуудан”, “Өнөөдөр”, “Улс төрийн тойм”, “The Mongolian Mining Journal” , “UBS” , “25 дугаар суваг”, “Шонхор суваг” телевиз, “Соронз” сэтгүүлийн эзэд бол жинхэнэ сэтгүүлчид. Ж.Мягмарсүрэн, Б.Ганболд, Б.Нандинтүшиг, Л.Балх­жав, З.Алтай, Л.Болормаа, Л.Мөнхбаяс­галан.  Тэд бол эзэд. Тэд мэргэж­лээрээ ажиллаж өдөр тутмын гал тогоондоо зууралдаж суугаа. Тэд сэтгүүлчдээ удирдаж яваа. Тэгэхээр одоогийн хуулийн төслөөр бол эдгээр эзэн сэтгүүлчид өдөр тутмын үйл ажиллагаанаасаа холдож, редакциа  удирдлагаар хангаж чадахаа болих нь байна.  Бүр цаашлаад нийтлэлээ  бичиж болохгүй, нэвтрүүлгээ хөт­лөж чадахгүйд хүрвэл яах вэ. Дээрх хууль нэг талдаа улстөрчдийн шууд оролцоог хэвлэл мэдээллээс тусгаарлаж өгөх ач холбогдолтой боловч нөгөө талдаа мэргэжилдээ хайртай, чадварлаг хэдэн сэтгүүлчид хохирч мэдэх хор нөлөө дагуулах гээд байна. Оргүй хоосноос эхлэн зүтгэж нөр их хөдөлмөрөөр  босгосон  хэвлэлээсээ холдвол загасыг уснаас нь гаргаад тавьчихсанаас юуны ялгаа байх вэ. Яг мэргэжлээрээ ажиллаж байгаа, тэгсэн атлаа эзэн болсон сэтгүүлчдийн эрх ашиг хохирч магадгүй боллоо. Улс төр, бизнесийн бүлэглэлийн эрх ашгийг хэвлэлээс тусгаарлах нь зөв.  Ардаа улстөрч, бизнесмэн эзэнтэй хэвлэлүүд энэ хуулийг алга ташин хүлээн авах нь гарцаагүй. Харин сэтгүүлч эзэнтэй хэвлэлүүдэд энэ хуулийн дээрх заалт  баяр биш гуниг дагуулна.  Тиймээс зөв гарцыг олох ёстой. Хуулинд тэр, тэр гэдэг хүмүүст энэ хууль үйлчилэхгүй ээ гэж бичиж болохгүй нь мэдээж. Хуулийн тэгш үйлчлэх зарчим алдагдахыг бид хэнээр ч хэлүүлэлтгүй ойлгож байна. Харин зөвхөн олигархуудын савраас хэвлэлийн эрх чөлөөг тусгаарлах бодлогоор энэ хуулийг батлах гэж байгаа бол олигарх биш эзэнтэй хэвлэл нь яах вэ гэдэгт л гол зангилаа бий. Мэдээж тийм хэвлэл цөөхөн. Олонхийн эрх ашгийн төлөө цөөнх хохирдог байх ёсгүй.  Бид хуулийн санаачлагчид болон ажлын хэсгийнхэнтэй нэг бус удаа уулзаж санал бодлоо солилцсон. Хамтдаа гаргалгааг хайх ёстой  гэдэг дээр санал нэгдсэн. Гэвч галт тэрэг нэгэнт хөдөлчихөж. Ирэх долоо хоногоос байнгын хороодоор хэлэлцэж эхлэх энэ хуульд бид санаа оноогоо тусгах боломж нь хаагдаж байна гэсэн үг. Тэгэхээр одоо яах вэ. Дуугүй хараад суух уу... Эс бөгөөс лобби бүлэг байгуулж ажиллах уу. Хэвлэлийн гал тогоонд олон жил “буцалсан” та хэд минь үгээ хэлж үзэл бодлоо илэрхийлээч... Оройтсон хойно нь мянга хашгираад дэмий, тийм биз дээ андууд аа.