Үндсэн хуулийн үзэл санаа
Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай АИХ хөдөлгөөний индэр дээрээс “Монголчууд ардчилсан хувьсгалын эгзэгтэй үед АИХ, түүнээс сонгож байгуулсан УБХ гэдэг хоёр танхимтай парламентай байж түүхэн чухал сорилтыг давсан.
Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай АИХ хөдөлгөөний индэр дээрээс “Монголчууд ардчилсан хувьсгалын эгзэгтэй үед АИХ, түүнээс сонгож байгуулсан УБХ гэдэг хоёр танхимтай парламентай байж түүхэн чухал сорилтыг давсан. Түүнийгээ шинэ Үндсэн хуульдаа баталгаажуулж чадаагүйнхээ горыг бид өнөөдөр амсаж байна” гэж хэлсэн. Алдана гэдэг хүний ёс ч алдаанаасаа суралцах нь бас хүний ёс.
65-ын бүлэгтэй шинэ парламент, Засгийн газар Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл боловсруулж байгаа тухай чих дэлсээд удлаа. Чухам ямар зорилготой ямар өөрчлөлт вэ гэдэг дээр дэлгэж ярьсан хүн нэг ч алга. 1992 онд АИХ-ын 430 депутатын 70 гаруй хоног хэлэлцэж баталсан шинэ Үндсэн хуульд 2000 онд УИХ-д 72 суудалтай МАХН дангаараа өөрчлөлт оруулсан нь түүхэнд “дордуулсан долоон өөрчлөлт” нэрээр тамгалагдаж үлдсэн байдаг. Одоо ч бас хүний олноор хүч түрж өөрчлөх гэж байх шиг.
Уг нь бүр 2004 оны парламентаас эхлээд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай асуудал дахин дахин сөхөгдөж, төслүүд боловсруулагдаж, тухай бүрт нь улс төрийн намуудыг оролцуулсан ажлын хэсэг гарч ажилласан ч яг хэлэлцүүлгийн шатанд ирээд таг зогсдог байв. Өмнөх парламентын үед ч ялгаагүй энэ сэдэв дахин сөхөгдөж ард нийтээр асуулга дээр ирээд гацсан билээ. Санал асуулга явуулах тухай хуулийг нь парламент баталсан ч санал асуулгаа явуулж чадалгүй сонгуультай золгосон. Энэ удаагийн парламент ч мөн адил Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулахын тулд эхлээд ард нийтийн дунд санал асуулга явуулж, дэмжлэг авах ёстой. Гэтэл яг ямар өөрчлөлтийн тухай ярьж байгаа талаар нийтэд мэдээлэл алга. Яагаад гэвэл өнгөрсөн 25 жилийн турш үе үеийн парламент, Засгийн газрууд зөвхөн өөрсдөө “зөв” гэж үзсэн өөрчлөлтийн төлөө л зогсдог, “хэрэгтэй” гэж үзсэн шийдвэрээ гаргадаг байлаа. Иргэд юу хүсч, юу шаардаж байгаа талаар от асуудаггүй. Өөрсдийгөө алх гэж бодсон төр иргэдээ хадаас шиг үздэг гэдэг билүү?
Харин өнгөрсөн намраас эхлэн иргэд дундаасаа “АИХ хөдөлгөөн”-ийг үүсгэн байгуулж, “Бид ийм саналтай байна. Та юу гэж үзэж байна?” гэж нэг нь нөгөөсөө асууж эхэллээ. Санал болгож буй зүйл нь парламентыг хоёр танхимтай болгож, АИХ-ыг дахин байгуулах. Дахин байгуулах гэдэг нь дахин байгуулах л гэсэн үг. Хуучнаараа АИХ гэх уу, улсын Их, Бага хурал гэж нэрлэх үү, эсвэл бүр Богд хаант засгийн үеийнх шиг Улсын Дээд, Доод хурал гэнэ үү хамаагүй.
1990 онд ард түмнээс сонгогдсон АИХ-ын 430 депутат 50 гишүүнтэй УБХ-ыг байгуулж байв. Намууд АИХ-д авсан мандатаа хувилаад УБХ-ыг байгуулахад МАХН-ын 31, МоАН-ын 13, МҮДН-ын гурав, МСДН-ын гурван гишүүн УБХ-д суудал эзэлсэн байна. Намын дарга нь УБХ-д нэр дэвшигчдээ гаргаж АИХ-аар батлуулж байв. Тухайн намын бодлогыг тээж явж чадна гэж үзсэн шилдэг улстөрчдөө УБХ-д нэр дэвшүүлдэг, тэднийг нь АИХ-аар хэлэлцэж баталдаг. Сонгогдсон гишүүн нь ёс зүйн ямар нэг асуудал гаргалаа гэхэд эргүүлэн татах эрх нь ч АИХ-д байв. Хяналт тавиад зогсохгүй Ерөнхий сайд, УЕП, УДШ-ийн даргыг АИХ-ас томилдог. Тиймээс АИХ-аас томилогдсон Ерөнхий сайд одоогийнх шиг УИХ-ын гишүүдийнхээ атганд агшиж, бодлогоо нураагаад явахгүй гэсэн үг. Ерөнхий сайд танхимынхаа сайд нарыг 100 хувь мэдэж томилох учраас одоогийнх шиг “шүд сугалах” аргаар Засгийн газрыг унагах боломжгүй. Хариуцлага ярихдаа хүрвэл АИХ зөвхөн Ерөнхий сайдтай л ярина. Энэ бол бидний нөгөө “сонгодог парламентын засаглал” гэж яриад байдаг гүйцэтгэх эрх мэдэл, хууль тогтоох эрх мэдэл хоёрыг зааглаж, хараат бусаар ажиллуулах нэг арга юм даа. Check and balance буюу хяналт, тэнцвэрийн зарчим гэж ярьдаг.
АИХ-ын үед УЕП хүн УБХ-ын гишүүнтэй хувиараа уулзах хориотой, уулзалтаа заавал протоколд тэмдэглүүлдэг, хувиараа уулзсан тохиолдолд ямар шалтгаанаар уулзсанаа АИХ-ын өмнө үндэслэлтэйгээр тайлбарлаж чадахгүй бол албан тушаалаасаа огцрох хуультай байв. Хуулийнхнийг улстөрчдийн савраас, улстөрчдийг хуулийхний шантаажаас салгах бас нэг арга зам.
Мэдээж парламентыг хоёр танхимтай болгож, АИХ-ыг дахин байгуулах тохиолдолд Үндсэн хуульд өөрчлөлт орох нь зайлшгүй. Харин манайхан иргэдийн эрх ашигтай хамаатай үед “Үндсэн хуульд гар хүрч болохгүй” гээд дараад хэвтчихдэг, харин өөрсдийнх нь эрх ашиг хөндөгдөхөөр хулгайгаар ч хамаагүй хууль баталчихдаг. “Дордуулсан долоо” бол нэг жишээ. Үндсэн хуулийн “эцэг” гэгддэг гавьяат хуульч Б.Чимид гуай энэ тухай “Үндсэн хуулийг юу юугүй өөрчлөхийн оронд хохирол багатай буюу хор хөнөөлгүй арга замыг хайж олох хэрэгтэй. Үүний тулд Үндсэн хуулийн үг бүрийн утга, үзэл баримтлалыг гүнзгий ойлгох ёстой. Үндсэн хуулийг ямар нэг хэрэглээний заавар, дэг журам, процедур шиг ойлгож гоочилдгоо болих цаг болсон” гэж хэлж байв.
Тэгвэл Үндсэн хуулийн үзэл санаа юу юм бэ? Хамгийн энгийнээр юуг яаж эрэмбэлсэн бэ гэдгээр нь Үндсэн хуулийн үзэл санааг ойлгож болно. Манай Үндсэн хуулийн эхэнд,
“-Улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж,
-Хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж,
-Төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж,
-Хүн төрөлхтөний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж,
-Эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно” гэсэн байна. Яг энэ эрэмбэ дарааллынхаа дагуу нэгдүгээр бүлэгт улсын бүрэн эрхт байдал, хоёрдугаар бүлэгт хүний эрх, эрх чөлөө, гуравдугаар бүлэгт төрийн байгуулал буюу тогтолцоог бичсэн. 3.1-д “Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ”, 10.9-д “Монгол улсын иргэн дараах дараах эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ гээд “шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа дамжуулан төрийг удирдах, төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй” гэсэн байна. Эдгээрийг нийтэд нь уншвал “Төрийн үндэс нь иргэн юм, иргэн бүр сонгох сонгогдох эрхтэй, иргэний эрхийг баталгаатай эдлүүлэхийн тулд төр буюу тогтолцоо бий болсон” гэсэн үг. Нийгмийн гэрээний онолд ч гэсэн “хүний эрх бол анхдагч бөгөөд үндсэн эрх, төр бол түүний төлөө бий болсон үүсмэл зүйл” гэж үздэг. Гэтэл үүсмэлээр бий болсон зүйл нь анхдагч эрхээ үгүйсгэж болохгүй биз дээ.
Тэгэхээр иргэний буюу анхдагч эрхийг хамгаалах, баталгаатай эдлүүлэхийн тулд төр буюу тогтолцоонд өөрчлөлт оруулж болно гэсэн үг. Үүнийг Үндсэн хуулийн үзэл санаанаас гажсан гэж үзэх боломжгүй юм.
Учир нь өнөөдөр манайд хэрэглэж байгаа нэг танхимт парламентын тогтолцоо иргэдийн сонгох, сонгогдох эрхийг баталгаатай эдлүүлж чадахгүй байна. Парламент энэ тогтолцоонд шилжээд 15 жил өнгөрөхөд сонгуулийн системээ хэд хэдэн удаа сольсон ч сонгогчдын санал гээгддэг, сонгуулиар гаргаж ирсэн төлөөлөгчид сонгосон иргэдийнхээ эрх ашгийг төлөөлдөггүй, түүнийх нь төлөө хариуцлага тооцох боломжгүй гээд олон сул талууд байсаар байна. Зайсанд амьдарч байгаа Улаанбаатарын иргэн Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын иргэдийг төлөөлнө гэдэг угаасаа ойлгомжгүй зүйл. Намын нэр барьсан нэг танихгүй нөхөр ирээд “Аав минь, ээж минь Хөвсгөлийн хүн билээ. Хүү чинь, хүргэн чинь нутаг орноо хөгжүүлнэ” гэж баахан бүлтэрч байгаад сонгогдоод явна. Үсрээд жилд хоёр удаа чуулганы завсарлагаар тойрогтоо нэг очино. Очоод “УИХ, Засгийн газар ямар мэргэн шийдвэр гаргасан” тухай дахиад баахан бүлтэрнэ. Сөрөг хүчний гишүүн бол эрх барьж байгаа намаа л шүүмжлэхээс биш иргэд ямар хүсэл зоригтой байгааг асуухгүй л дээ. Ингээд сонгогчдын хувьд дараачийн удаа эрх барьж байгаа нам ба сөрөг хүчин гэсэн хоёр л сонголт үлддэг. Түүнээс биш нэр дэвшигч чухам хэн бэ, яагаад биднийг төрд төлөөлөхийг хүсээд байна гэдэг ямар ч төсөөлөлгүй хоцордог. Дараачийн сонгуулиар дахиад давтагдана. Сонгуулийн тойрог томрох тусах иргэд улам л харанхуй сонголт хийх болдог.
Харин сум, хороо болгон тухайн орон нутаг, оршин сууж, ажиллаж амьдарч байгаа, таньж мэддэг, нутаг орондоо нэр хүндтэй, итгэл даахуйц нэгнийг өөрсдийгөө төлөөлүүлэн сонгох бол огт өөр зүйл. Тэнд иргэд жинхэнээсээ сонгох, сонгогдох эрхээ ч эдэлж, хяналтаа ч тавьж, хариуцлагаа ч ярьж тавьж чадна. 1990 оны АИХ-ын үед нэг төлөөлөгчийн ард 1500 сонгогч байв. Сонгогчдын тоо 50 хувиар өссөн гэж үзвэл өнөөдөр 600 орчим төлөөлөгч сонгох нь л дээ.
Жижиг тойрогт сонгууль явуулснаар иргэд сонгогдох эрхээ эдлэх боломж илүү нэмэгдэнэ. УИХ-ын нэг тойрогт нэр дэвшигчийн сурталчилгааны зардал хамгийн багадаа 130 сая төгрөгт хүрсэн байна, өнгөрөгч сонгуулийн дараа СЕХ-нд гаргаж өгсөн тайлангаар. Гэтэл хүн бүр энэ хэмжээний зардал гаргаад сонгуульд өрсөлдөх боломжгүй. Тойрог томсохын хэрээр нэг бол хамгийн их мөнгөтэйг нь, үгүй бол мөнгөтэй хүмүүсийн халаасанд орсон бас нэг “кнопчин”-г сонгох болдог. Дундаж амьдралтай жирийн иргэн хичнээн боловсрол мэдлэгтэй, хүсэл эрмэлзэлтэй байгаад сонгогдох боломжгүй. АИХ-ыг дахин байгуулья, хоёр танхимтай парламентын тогтолцоонд шилжье гээд байгаа нь ийм учиртай.
Парламентын хоёр танхимтай болсноор нэгдүгээрт парламент илүү мэргэшиж, эндээс гарч байгаа хууль, шийдвэр чанаржина. Парламент гэдэг нэг талаас хууль тогтоогч боловч нөгөө талаас ард түмний төлөөлөгч. Баянзүрх дүүргийн иргэд МУГЖ С.Жавхланг “Бидний эрх ашгийг төлөөлнө” гээд сонгоод явуулсан байхад бусад нь “Баянзүрхчүүд тэнэг, мангар” гэж хэлэх эрх байхгүй. Тэглээ гээд бас С.Жавхлан, А.Сүхбат нараар Эрүүгийн хууль бичүүлж болохгүй шүү дээ. Тиймээс парламентыг хоёр танхимтай болгоод илүү мэргэшсэн хуульчид, эдийн засагч, хөгжлийн бодлоготонгууд нь хууль тогтоох ажлаа хийдэг, иргэдээс шууд сонгогдсон АИХ нь төлөөллийн эрхээ хэрэгжүүлдэг, тэдэнд хяналт тавьдаг, хариуцлага тооцдог байх нь зөв юмаа гэж. Гэхдээ хамгийн гол нь иргэдэд улс төрийн эрх, эрх чөлөөг нь эргүүлэн өгөх явдал. “Монгол Улсын иргэн шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа дамжуулан төрийг удирдах, төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй” гэдэг Үндсэн хуулийн заалт баталгаатай хэрэгжих явдал.
Зочин
Зочин
ЗОЧИН
Зочин