Хүүхнүүдийн эсрэг хүүхнүүд
УИХ-ын 24 дүгээр тойргийн хороо бие даагч М.Ичинноровын гомдлоор асуудлыг ахин нягталж үзээд шийдвэрээ гаргажээ. Мэдээж түүнд нэр дэвшигчийн статус олгохгүй гэсэн шийдвэр гарсан байна.
Сэтгүүлч миний эгдүүцээд буй цорын ганц зүйл энэ л дээ. Хүний эрхийн хууль зүйгээр мэргэшсэн хатагтай М.Ичинноров нийгэмд бас ч гэж өндөр дэмжлэгтэй хүн болох нь сая харагдлаа. Шударгаар хэлэхэд шударга гэсэн хийрхүү хийсгэлэн уриаг алчуур болгож зангидчихаад давхиад байгаа Р.Бурмаагаас илүү олны анхаарлыг татах бүсгүй болохоо үзүүлчихлээ гэж хэлж болно. Хуульч М.Ичинноровт нийгмийн хамгийн тарчиг хэсгийнхэнтэй танил шинж түлхүү байна. Дэмжигчид нь ердөө хуулийн туслалцаанаас орхигдсон цоорхой хүрэмтэй даруухан эрхмүүд, цээжиндээ цэвэр ариун нийгмийн тухай цав цагаан мөрөөдлөөс өөр юмгүй гэнэн цайлган оюутнууд, өрх толгойлсон эхчүүд байлаа.
Нэртэй төртэй гэж үнэлэгддэг дээд зиндааныхны хэн нь ч энэ эмэгтэйд дэмжлэгийн ганц үг ган хийлгээгүйгээс энэ бүхэн улам бүр батлагдсан. Нэг талд буланд хярсан туулай шиг нүд нь бүлтгэнэсэн ганц бүсгүй харагдаж, нөгөө талд улаан хөхийг тунаруулсан туг далбаатай машин дээр, тал талын дэмжлэгтэй даналзсан Р.Бурмаа (энэ удаа эрчүүдийн тухай авч үзсэнгүй) үзэгдэж, илэрхий хүч тэнцвэргүй нөхцөл байдал эхний хэдэн өдрийг хулдлаа.
Мөн М.Ичинноров улс төрд ямар ч дэмжлэггүй хүн болохыг та бид харлаа. Түүнийг өрөөлийн байтугай өөрийнх нь нам ч дэмжсэнгүй. Мэдээж тэд урдаа сонгуулийн өмнөх эвслийн гэрээг барих байх. Энэ хэдийгээр зарчим ч гэлээ хамтдаа хүйтэнд хөрж, халуунд халж, талбай дээр нударга зангидан хашгирч явсан үеэ хүндэтгэж, хүний ёсны үүднээс ч болов дэмжсэн бол хөндлөнгийн бидэнд сайхан харагдах байлаа.
Би М.Ичинноровтой танил биш. Бие даачихаад, ганцаараа гүйж явааг нь хараад сая тэсэлгүй “Ярилцъя” буландаа урьж сэтгэлийг нь хуваалцсан. Машинаа зарж хэдэн төгрөг болгодог юм бил үү гэхийг нь сонсоод, хөдөө суманд хүнд суртал, хөлдүү тогтолцоотой улаан нүцгэн тэмцэж яваа нийтлэлийн минь баатар Шар Туяа санагдаж сэтгэл өвдсөн.
М.Ичинноров орж ирвэл Р.Бурмаагийн л санал хуваагдана. Илүү сүртэй юм юу ч болохгүй. Тэрэн шиг тодорхой юм байхгүй. Тэрийгээ ч Р.Бурмаа мэдэж байна.
Харин улс төрийн ийм тодорхой орчинд хүүхнүүд маань хөнгөдөж, нэгийгээ айхтар хавсайдаж байгаа дүр зураг харагдаж, эрчүүдийн амны зугааг нэгээр нэмсэн нь илүү харамсалтай санагдаад болохгүй байна. Иргэний хөдөлгөөний “баатрууд”-ын ихэнх нь хүүхнүүд. М.Ичинноров, Ж.Занаа, Р.Бурмаа... Өөр хэн хэн ч билээ. Өнөөдөр харин нөгөө хэд нь нийлчихээд эргэж М.Ичинноров руугаа дайрч байх шиг. Бүр эсэргүүцлийн мэдэгдэл хийхээр зэхэж байгаа сураг чих дэлсч байхыг бодоход хөдөлгөөний гэсэн хөмсөгтэй хүүхнүүд нийлж байгаад нэгийгээ шахаж байгаа даг аа. Хатагтай Р.Бурмаа төвийн нэгэн хэвлэлийн тавьсан асуултуудад хариулахдаа М.Ичинноров руу улаан цайм дайрч давшиж, хажуудаа зогсч байгаа өрсөлдөгчийнхөө өмнө өөртөө хасах оноог шуудай шуудайгаар нь савлаад аваадахлаа. Цаадахынх нь түвшин, даруу төлөв жин даран үзэгдэж, манай хүн хөршийнхөө нэг авгайтай муудсанаа нөгөөд нь ам мэдэн чалчиж уураа барж байгаа төрхийг л үзүүлчих шиг болсон. Дуугүй өнгөрөөчихөөд, дараа нь харин М.Ичинноровын дэмжлэгийг аваад давхичих боломж түүнд харин байсан байж магадгүй.
Хүүхнүүдийг ингэж хүйс нь л “алдаг”. Эрчүүд бол ондоо. Цусаа гартал зодолдож байвч дараа нь ёстой тосоо гартал тэврэлдэж, тасартлаа савж аваад мөрөн дээрээ алгадалцаад л урагшаа гэдэг. Хүүхнүүд хэлхэлдээд л гүйгээд байдаг атлаа яг нэдэр дээрээ очоод бүгд нэг нэгэндээ хорсдог. Хүүхнүүдийн замд газар ухаж тавьдаг хавх хүүхнүүдийнх л байдаг. Дэндүү муухай энэ араншин маань гоё нь дээшээ хэнийг маань ч гаргадаггүй. Сонгуульд өрсөлдсөн эмэгтэйчүүд хүүхнүүдийнхээ саналаар л дутдаг. Ийм жижиг зангаа бид энэ удаа ч бас ил гаргаж “шогтлоо”. Нөхөн сонгуульд манай эгнээнээс гэхэд сэтгүүлч Г.Уянга нэр дэвшиж байгаа. Гэвч өнөөдрийг хүртэл бидний хэн маань ч түүний талаар ганц үсэг тавиагүй байна. Энэ бол бидний төрмөл гэж болох муу араншин.
Хөдөлгөөн энэ тэрээр овоглож, хүүхнүүдийнхээ төлөө жендер ярьж зурагтаар тодордог хэд жинхэнэдээ эмэгтэйчүүдийнхээ төлөө юу ч хийдэггүй. Малайзад амиа алдсан Алтантуяа агсны төлөө яагаад ганц удаа хуруу хөдөлгөөгүй юм бэ гэж тэднээс асуумаар байдаг. Шоронд өчнөөн жил хоригдоод өршөөлөөр арай ядан наранд гарч ирсэн эмэгтэйчүүддээ шинэ амьдралд нь амжилт хүссэн зурвас биччихээгүйг нь гайхдаг. Амиа алдсан, амьдралд эндсэн хэсгээ орхилоо гэхэд алдрын тавцанд мандаж, авъяас билгээрээ уралдаж, эх орныхоо нэрийг гаргаад ирсэн нэгэндээ ч цэцэг чулууддаггүй харам сэтгэлтэй тэд сонгууль болохоор л энд тэндгүй өөрсдөө нэр дэвшээд гүйдэг. Гүйх мөрөөрөө гүйхгүй нэг нэгийгээ унагаж, өөр хоорондоо өрсөлдөж шившгээ тарьж яваад л хоосон ганзагатай ирдэг. Энэ явдал Монголд хэвшсэн гэж үзэхэд хилсдэхгүй.
Охидыг хил дамнан наймаалж, эхчүүд архичин нөхрийнхөө гарт үрэгдэж байхад хэн нь ч дуугардаггүй. Ярьдаг юмных нь ариун, явдал суудлынх нь жигшмээр хоёрыг харьцуулахад ийм л байна.
Бид нэг нэгэндээ дэмжлэг үзүүлдэггүй юм гэхэд гай болж баймааргүй байна. Энэ бүх араншин маань бидэнд “муусайн нэг тахианы тархитай юмнууд” гэсэн галзуурмаар муухай нэр хочийг зүүлгээд байна шүү дээ....