Г.Тэнгэр: Энэ бол миний амбийц, миний ёс суртахуун
Тэнгэр бол цоо шинэ дуугаралт. Ирсэн зам нь ёс суртахууны сонгодог хэм хэмжээгээр тодорхойлогдоно.
Тэнгэр бол цоо шинэ дуугаралт. Ирсэн зам нь ёс суртахууны сонгодог хэм хэмжээгээр тодорхойлогдоно. Ирсэн зам нь монгол хүүгийн омог төгөлдөр хүсэл мөрөөдлөөр хэмжигдэнэ. Түүний зам эрчилсэн, халуу оргисон, эх орноороо шатсан зам байв.
Би улс төрийн амьдралыг олон жил судалж, дунд нь амьдарсан улс төрийн сэтгүүлч хүн. Энэ төрөөр гүйлддэг улсуудын олонхитой нь уулзаж сурвалжилж, үзэлцэхдээ үзэлцэж, улаан нүүр рүү нь үгэн мөндрөөр шүршихдээ шүршиж явдаг.
Тэдний дийлэнх хэд хэдэн нүүртэй байдаг нь, тэд ямар ч ичгүүргүй байдаг нь, тэд үргэлж худлаа ярьж байдаг нь миний зэвүүцлийг тэсэхийн аргагүй хүргэдэг. Ийм улсуудыг манай сонгогчид аажимхнаар сэтгэлийнхээ гаднаас буцааж байх хэрэгтэй. Тийм нөхөд бидний сэтгэлийн хоймор орж суучихаад гарч өгөхгүй, дуртай тал руугаа ханаруулан тоглож байна. Сэтгэл зүрх маань ийм хүмүүсийн бөмбөг болж, хүссэнээр нь өнхөрдөг байж болохгүй. Ийм дархлаагүй, ийм итгэмтгий, ийм гэнэн болохоор л бидний сонголт үнэгүйдээд байна.
Та бүхэнд би чин халуун сэтгэл, цэвэр ариун мөр, сэвгүй тунгалаг нэр төр, цуцашгүй хүчирхэг бие хүнийг танилцуулж байна. Энэ залуугийн ертөнцөөр надтай хамт булгилан оргилон аялаад үз. Сэтгэлийн доторхи Эх орон чинь сэрнэ...
-Тэнгэр гэдэг залуу МАН дотор шинэ хүн биш. Харин нийгмийн тайзан дээр тэр бүр ил гарч ирж байгаагүй болохоор олон нийтэд шинэхэн хүн байж магадгүй. Нэр дэвшигчийн мандатаа аваад “Би намд доод шатнаас нь эхэлж ажилласан” гэж та мэдэгдсэн. Доод шат гэсэн тэр гараа яг хаанаас, хэзээнээс эхтэй түүх вэ?
-2005 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө би Японы компанид ажиллаж байсан юм. Гэхдээ ямагт эх орондоо эргэж ирнэ гэсэн бодолтой байдаг байлаа. Үзэл бодол бүр эрт төлөвшчихсөн байсан. Сонголт маань тэр үеийн МАХН. Намынхантай ч нэлээд холбоотой байсан. Японд цувж уваад ганц нэгээрээ ирэхэд нь уулзана. Уулзаад улс орноо яаж хөгжүүлэх вэ л гээд ярьцгаадаг байсан. Залуучууд бүгд л романтик байдаг шүү дээ. Тэр үед Ё.Отгонбаяр дарга намын гадаад харилцаа хариуцсан нарийн бичгийн дарга байсан.
Чи ер нь наана чинь очихоор зөндөө юм яриад байдаг, ирж ажиллавал яасан юм бэ. Одоо яг сонгууль болж байна. Бидэнд хүн хэрэгтэй байна. Чи ирээд ажилла гэсэн. Тэгээд бодлоо. Ажил алба, гэр бүл бүгд Японд байдаг. Ингээд л шийдвэрээ гаргаж, компаниасаа чөлөө аваад ирсэн дээ. Ирээд шууд ажилдаа орсон. Социнтерний бүсийн анхны хурлыг зохион байгуулах ажлын хэсэгт орж ажилласан. Ер нь бол МАХН-ын имиж нь коммунист биш, социал демократ шүү гэдэг санааг гаргах гэж бүсийн тэр том хурлыг Улаанбаатарт зохион байгуулж байсан хэрэг. Бид хурлаа маш амжилттай хийж чадсан. Улс төрийн чухал сонгуульд өрсөлдөх гэж байгаа намын хувьд энэ эмзэг сэдвээр аливаа акц хийх ер нь бол осолтой шүү дээ. Ингээд сонгууль ч боллоо. Сонгуульд манай намын нэр дэвшигч яллаа. Намаас надад чи намд үлдээд ажиллавал яасан юм бэ гэсэн санал тавьсан. Чи гадаад харилцааны чиглэлээр хоёр гурван сар ажиллачихлаа. Гадаад харилцааг хариуцаад явах уу гэсэн. Ингээд гадаад харилцааны албаны дарга болсон. С.Баяр дарга намын генсек байлаа.
-Нэр дэвших шийдвэрээ тайлбарлахдаа сэтгүүлчдэд нийгмийн өмнө тулгамдаад байгаа асуудлуудыг үндсээр нь, цогцоор нь шийдэх хүсэлтэй явдаг гэж онцолсон. Таны тайлбар дотор системтэй хөгжил гэсэн нэг томъёолол байна лээ. Энэ санаагаа жаахан дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу?
-Би Японд 13 жил амьдарсан хүн. Таван жил сураад, найман жил тэндэхийн нэр хүндтэй компанид ажилласан. Системтэй хөгжүүлнэ гэдгийг үзүүлж байгаа орнууд байна. Япон, Сингапур гээд. Системтэй хөгжлийн гол дэвсгэр, суурь юу вэ гэхээр ганц үгээр хэлэхэд хуулиа л боловсронгуй болгох. Мэдээж надад тодорхой амбийц байгаа. Тэр бол Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах. Бид жил болгон л ярьдаг. Гэвч хэн ч гар хүрч чаддаггүй. Нөгөө манай намынхан нэрнээсээ хувьсгалт гэдэг үгийг авъя гэж 10-аад жил ярьдаг шиг. Хүн болгон л хувьсгалт гэдэг үгийг аваач гэж ярьдаг байсан. Өчнөөн жил чадахгүй явсаар сая л хийгдлээ шүү дээ. Түүнтэй нэгэн адил Үндсэн хуульд өөрчлөлт хийх гэхээр улаан хамгаалагчид гарч ирээд эсэргүүцээд суучихдаг. Үнэндээ бол 1992 онд гарсан Үндсэн хууль чинь тэр үеийн сэтгэлгээгээр л хийгдэж байсан. Дөнгөж шилжилтийн үеийн харилцааг зохицуулах шаардлаган дор л хийсэн. 20 жилийн дараахь амьдралыг бол суурь зарчим нь гүйцэхгүй байгаа байхгүй юу. Ялангуяа эдийн засгийн энэ хүчтэй давалгаа давалгаалж байгаа үед дэлхийн өрсөлдөөнийг гүйцэхгүй байна. Өөрсдөө ч дэлбэрч хөгжиж байна, гаднаас ч том цунами ирж байна. Ийм орчинд манай Үндсэн хууль аягүй хэврэг санагддаг. Яагаад би Үндсэн хуулийг эхлээд ярьж байгаа юм бэ. Ерөөсөө Үндсэн хуулиас бүх юм ургаж гарна. Одоо манай Ерөнхийлөгч болохоор шүүхийн шинэтгэл ч гэдэг юм уу нэг хэсгийг нь авч яриад байгаа. Үндсэн хуулийг өөрчлөх ёстой наад захын шаардлага нийслэл хот маань дэлхийн жишгийн том зиндаатай болох ёстой байна шүү дээ. Монголын хүн амын тал нь амьдарч байдаг. Гэтэл аймгийн статустай байх жишээтэй. Аж ахуйн нэгжүүд юм хийж байна. Орлого олж байна. Тэгэхээр тэр мөнгийг Сангийн яам төвлөрсөн төсөв гээд татаад авчихдаг. Тэгээд буцаагаад хуваарилдаг. Ийм сонин систем байгаад байгаа байхгүй юу. Би бол боддог юм. 76 гишүүн 76 тийш нь татаад цацдаг. Тэгээд асуудлыг ардчилал гэсэн малгайны дор ярьчихдаг. Тэгээд хэдэн лүмпэнгүүд дээр гарч суучихаад том юм яриад байдаг. Асуудлыг дандаа шантаажаар шийддэг. Заавал нэг тийш нь татаж, эсвэл миний эрх ашгийг хамгаалахгүй бол би тэгэхгүй ч гэдэг юм уу. Энэ бүхнийг бодоод манайд лидер хэрэгтэй гэж боддог байхгүй юу. Тэрнийхээ үгэнд дор нь нэгдээд, системтэйгээр явахгүй бол хөгжлийн энэ хурдацтай явцад ийм богино хараагаар ингэж тарж тарамдаж явахгүй ээ. Манайхан ингэж л яваад байна. Энийг ярихаар дарангуйлагч хүсээд байгаа юм уу гэж асуух байх л даа. Монгол хүн нүүдэлчдийн, бие даасан, дарга цэргийг нэг их шүтдэггүй соёлтой болохоор манайд зохицох үгүйг мэдэхгүй. Нэгж дээрээ тосгоны амьдралтай Азийн бусад улсад бол нэг хүн гарч ирээд тугаа барихаар араас нь жагсдаг. Ингэж хөгжиж байгаа жишээг бид зөндөө харж байгаа биз дээ.
-Таны уг гарал хаанах вэ. Манай бөхчүүд жишээ нь Улаанбаатарт төрчихөөд наадамд цоллуулахаараа тэр аймгийн тэр гээд явчихдаг. Сүүлдээ улс төрд энэ жишиг орж ирээд байна л даа?
-Би Завханы Дөрвөлжингийнх. Ер нь бол намын даалгавраар хөдөө их явна. 2009 оны сонгуулиар гэхэд би Дорноговийн Говьсүмбэрийг хариуцаж ажиллаж байсан.
-10 жилийн сургуулиа хаана төгссөн бэ?
-Би бага ангиа Сонгинохайрханы 62 дугаар дунд сургууль, дунд ангиа дөрөвдүгээр хорооллын эцсийн 54, ахлах ангиа нэгдүгээр сургуульд сурч төгссөн. Гадаадын сургуулиудад 12 жилийн боловсрол шаарддаг учраас нэгдүгээр курсдээ шалгалт өгөөд хоёрдугаар курсээсээ явдаг шүү дээ. Би ТИС-д конкурсдээд Техник менежментийн ангид элссэн.
-Онц л сурдаг хүүхэд байсан байх, тийм үү?
-Онц сурдаг байсан л даа. Конкурст эхний тавд орсон. Манайх чинь тооны анги болохоор физик, тоондоо сайн. Тэгсэн ч инженер энэ тэр болмооргүй санагдсан. Намайг конкурс өгөх жил Компьютер, техник менежментийн сургууль байгуулагдаж байсан юм.
-Японд сурахаар хэдэн онд явсан юм бэ?
-1993 онд хоёрдугаар курсээсээ. Шалгалт өгч тэнцээд, Японы Засгийн газрын тэтгэлгээр явсан. Манайхан миний намтрыг бичихдээ бизнесийн удирдлага гэж орчуулж байх юм. Удирдлагын ухаан чинь тусдаа. Би бизнесийн удирдлагаар сураагүй. Миний сэдэв бол манлайлал. Бүр энгийн түвшинд утгачилбал дарга хүн биш манлайлагч хүн ямар байх ёстой юм. Өөртөө ямар ямар чадвар шингээсэн байх ёстой юм. Хамт олонтойгоо яаж харьцах ёстой юм гэсэн яг тэр сэдэв. Арай өөрөөр хэлж бас болно. Мэргэжлийн дарга гэж жишээ нь хэлж болно л доо.
-Япон орон бол таны хоёр дахь эх орон болсон байх. Арван хэдэн жил сурч, ажилласан газар бол аргагүй өөрөөр авч үзэгдэнэ биз?
-Тийм ээ, хоёр дахь эх орон минь. Би Японд очих их дуртай. Даанч боломж олдохгүй юм. Гадаад харилцааны чиглэлээр олон улс орон руу явдаг л даа. Тэгсэн ч яагаад ч юм, Японд л очмоор санагдаад байдаг юм. Дасчихсан гэхээсээ илүү Япон чинь жинхэнэ бидний яриад байгаа хүмүүнлэг нийгмийг бүтээж чадсан орон байхгүй юу.
-Ер нь гадаадад ажиллаж амьдарсан хүмүүс янз янзаар төлөвшиж ирсэн байдаг. Жишээ нь, Солонгост амьдарч байсан хүн нэг их хайртай болоогүй байдаг. Гэтэл Японд амьдарч байгаад ирсэн хүмүүс зүрх сэтгэлээ Японд өгчихсөн байдаг. Өөрийн тань хамгийн их хайрладаг япон чанар юу вэ?
-Япон хүний ганц чанар бол үнэнч. Хэлсэндээ байж чаддаг чанар. Яг миний зан. Би багадаа бол яг тийм байсан. Би чадахгүй л бол хүн шахсан ч байсан амладаггүй. Нэг амлачихвал яаж ийж байгаад тэрэндээ хүрчихийг боддог. Японууд бол толгойгоо дохьтолоо уддаг. Тэр чинь амлах гэж, за гэж хэлэх гэж маш их бодож байгаа хэлбэр. Хамгийн сүүлд өөрөө л шийдвэрээ гаргаж “за” гэвэл хэлсэндээ хүрдэг. Япон хүн, япон субъект “за” гэвэл яг тэр амандаа хүрдэг. Ерөөсөө үндэс нь бүх юм тодорхой байх ёстой гэсэн зарчим л байдаг. Тэр нь их таалагддаг.
-Намтай учирсан түүхийг тань сонирхмоор байна. Ер нь тань шиг боловсролтой, нэр цэвэр залуучууд яагаад заавал МАН-ыг сонгоно гэж. Цаана чинь АН гээд том улс төрийн хүчин байна шүү дээ?
-Би энэ дээр бол их гоё юм ярина. Яагаад гэвэл надад тохиолдсон түүх байдаг байхгүй юу. Би тэрийгээ хүнд ярих ч дуртай байдаг. Үнэнийг хэлэхэд би их өрөвч сэтгэлтэй. Гаднаасаа харахад жаахан хатуу. Аман дээрээ ширүүн дориун үгтэй. Японоос авсан школ чинь за гэвэл ёогүй байх л шүү дээ. Манай монголчууд чинь энүүхэндээ хэлэхэд үгнээсээ буцдаг. Энэ л биднийг үнэгүйдүүлж байгаа зан. Тийм юмнаас болж уурлаж бухимдахдаа бол би хатуу хэлдэг. Бид дотроо ядаж үнэн байх ёстой. Бие биенийхээ болохгүй бүтэхгүй юмыг хэлж байх ёстой.
-Надад бол та хатуу ширүүн хүн юм шиг харагдаж байна?
-Би түс тас ярьчихдаг болохоор л гаднаасаа хатуу харагддаг. Дотроо бол би өрөвч. Гудамжинд байгаа ядуу хүүхдийг харвал байгаагаа өгчихдөг тийм л хүн байхгүй юу. Ерэн хэдэн онд оюутан байхдаа ядуу л юм чинь Монгол руугаа үнэгүй ирэх гээд жуулчны компанид ажилладаг байсан юм. Жуулчид авчрах учраас үнэгүй ирчихдэг. Нэг зун оргил рашаан сувиллын тэнд явж байсан чинь нэг эгч өлгийтэй хүүхдээ тэвэрчихсэн, хажуудаа бас хоёр гурван настай хүүхэдтэй гурвуулаа орой нар жаргаж байхад автобусны буудал дээр суугаад л байх юм. Автобусууд ирээд л, яваад л байдаг. Нөгөө эгч суудаггүй. Би гайхаад. Картын барааны үеийн амьдралыг бол би үзсэн. Өглөө дөрвөн цагт ээждээ загнуулаад төгрөг 20-ийн талхаа авчирч гэртээ шидчихээд сансарын автобусанд туулайчилж явж байгаад КТМС орчихдог байсан байхгүй юу. Тэгээд л би 1993 онд Япон явчихсан. Тэр эгчийг хараад зогсч байсан үе чинь 1997, 1998 он.
-Тэгээд нөгөө хүүхэдтэй эгч яасан бэ?
-Тэгээд би гайхаад эгч ээ таны автобус ирэхгүй байгаа юм уу, эсвэл би таныг хүргээд өгөх үү гэсэн. Үгүй ээ, миний дүү хэрэггүй гээд суугаад байх юм. Тэгтэл хажууд байсан хүмүүс наадуул чинь траншейны хүн байна шүү дээ гэж хэлсэн. Намайг явахгүй байгаад байхаар нөгөө эгч “Эгч нь энд байдаг юм аа, хүүхдээ салхилуулж байгаа юм” гэж надад үнэнээ хэлсэн. Би архичин траншейны хүнийг бол хараад өрөвдөхгүй. Тэр эгч бол хоёр хүүхэдтэй, хувь тавилан яагаад ч юм түүнийг ийм амьдрал руу түлхсэн байна. Сэтгэл үнэхээр өвдөж байсан. Халаасандаа байсан арван хэдэн мянган төгрөгөө бүгдийг нь өгчихсөн. Тэр үедээ л их мөнгө. Эгч ээ, талх, сүү авч хүүхэддээ өгөөрэй гээд би байгаагаа гаргаад өгсөн. Тэгэхэд тэр эгч баярлалаа, намайг хүн гэж боддог хүн Монголд байдаг юм байна, намайг тоодог хүн байдаг юм байна гээд үнэхээр сэтгэл нь догдлон хэлж байсан. Тэгэхэд би бодсон. Энэ эгч шиг хүнд 10 мянган төгрөг өгөөд, энэ хүний амьдралыг өөрчлөхгүй шүү дээ гэж. Өнөөдрийн системтэйгээр өөрчилнө гэдэг үг маань гэнэт нэр дэвшихдээ хэлж байгаа үг биш юм. Нийгмийг бүхлээр нь өөрчлөх хэрэгтэй. Хууль тогтолцоо энэ юмыг өөрчилж явахгүй бол ганцхан нэг хүнд очиж тусламж өгөөд явахгүй юм байна. Тийм учраас би улс төрд оръё гэж шийдсэн. Улс төрд орохдоо МАН-ыг яагаад сонгосон гэхээр МАН бол зүүн төвийн үзэл баримтлалтай нам. Зүүний үзлийн үндсэн үзэл санаа бол ерөөсөө л хүнлэг, өрөвч сэтгэл гэж боддог. Би ядуугийн зовлонтой зүдэрч яваа хүмүүсийг арчаагүй юмнууд, архинаас л болсон байгаа шүү дээ гэж боддоггүй. Хүний хорвоод төрөх л гэж төрөөд хувь тавилангийн янз бүрийн ээдрээнд сөхөрсөн, итгэл нь алдарсан зарим хүмүүсээ цуг л чирээд авч явах ёстой гэж боддог. Тийм учраас МАН-ыг сонгосон. Түүнээс надад АН-д ч гэсэн найзууд зөндөө байсан. Энэ намтай яаж холбогдсон юм гэхээр талийгаач Л.Энэбиш гуайтай холбогдсон байхгүй юу. 1999 онд манай улсад айхтар зуд болсон шүү дээ. Би 1998 онд сургуулиа төгсчихөөд ажиллаж байсан. Тэгтэл зуд болоод, хандивын аян өрнөөд эхэлсэн. Байдал ямар хүнд байлаа. Яаж зүгээр суух юм. Би бас компани дээрээ хандивын ажил өрнүүллээ. Тэр үедээ 50-иад мянган доллар цуглуулж чадсан. ЭСЯ дээрээ хандивын данс нээсэн байсан. Би монгол хүн болохоор муу санаалаад энэ дансанд нь хийчихдэг, яаж малчдад хүрэх юм гэж эргэлзсэн. Яг тэр үед малчдын мал хотоороо үхээд л, асуудал үнэхээр хүндэрсэн байсан. Тэгээд цуглуулсан мөнгөө аваад өөрөө ирсэн. Санамсаргүй тохиолдлоор Л.Энэбиш даргатай таарлаа. Ирсэн хэрэг зорилгоо хэлсэн. Эби дарга сэргэлэн юм чинь (инээв) намайг 50 мянган доллар аваад ирэхэд Өмнөговь ч юм уу аваад яв гэж юу гэж хэлэх вэ дээ. Чи ер нь манай тойрог дээр аваачаад тараачихвал яасан юм бэ гэсэн. Угаасаа Булганы урд талын гурван сум хэцүү байсан юм чинь. Тэгээд би КАМАЗ түрээсэлж аваад Дэнжийн мянгын захаас 40 тонн гурил, 20 тонн будаагаа өөрөө ачаад гараад явсан. Сумын Засаг дарга нарт нь ч итгэхгүй байгаа юм чинь. Япон зан гаргаад, нөгөө айлуудаа өөрөө очиж үзээд нүдээрээ харж байж өгч байсан. Тэгэхгүй л бол танил тал энэ тэр орно гээд. Би УАЗ 469 машинтай Засаг даргатай нь түрүүлээд явж байгаа юм. КАМАЗ чинь удаан явна шүү дээ. Ингэж зүтгэж явахдаа 198 айлд тусламж тараасан байдаг юм. Өдрийн хоол ч идэхгүй боорцог идээд л явна. Айлд яваад ороход үнэхээр хүндрэлтэй байдал угтаж байсан. Хүний болон малын эмчтэй хамт явна. Тэгээд хүний эмч эм бичиж өгөөд, би тэрийг нь төлөөд л, малын эмч нь “эвомик”-ээ тариад л яваад байсан. Тэгж анх Л.Энэбиш даргатай танилцаж байсан юм даа. Ингэж анх намтай холбогдож байсан. Намайг хэний хүн бэ гэж хүмүүс их асуудаг. Хэнийхийг нь мэддэггүй. Наад талын, энүүхэн ойрхон түүхээс ойлгож хараад байдаг байхгүй юу.
-Намын дэргэдэх залуучуудын байгууллагатай хэр холбоотой байдаг вэ. МАН-ын дэргэдэх “цэцэрлэг” ч гэж зарим нь шүүмжилдэг. Энэ байгууллагатай холбоотой юу?
-Би 2005 онд ирээд л МАСЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн болж байсан. Тэр үед Г.Занданшатар сайд ерөнхийлөгч нь байсан. Тэгээд залуучуудын холбоонд явж байгаад 35 нас хүрээд дүрмийн дагуу гарсан. Үнэндээ энэ залуучуудын холбоо бол хүнд үеийг туулсан. Тэр үед нам залуучуудын холбоотой харьцахаа больсон. Тухайн үед би С.Баяр даргын дор ажиллаж байсан. Надаар дамжуулж л танай холбоо яаж байна гэж харьцдаг байсан шүү дээ. Тийм хүнд үе байсан. Намын дэмжлэг байхгүй. Залуучууд оюутнуудыг холбоно, нийлүүлнэ. Тэр хүнд үеийг би өөрөө давж байсан. Удирдах зөвлөлийн хэдэн хүнээр нь энэ холбоог харах гээд байдаг. Гэтэл ард нь хот хөдөөгийн, нийгмийн салбар болгоны төлөөлөл мянга мянган залуус байдаг юм шүү дээ.
-Гэхдээ л улс төрийн цэцэрлэг?
-Улс төрийн цэцэрлэг ээ? Биш л дээ, улс төрийн сургууль.
-ГХЯ-ны дэд сайдын албыг хашиж байна. Энэ яаманд дөнгөж ажиллаж эхлэх үед тань сонгууль явагдаж, нэр дэвших үүрэг тавигдчихлаа. Энэ яаманд зориулсан үеэ юу гэж бодож байна?
-Анх намайг дэд сайд болоод очиж байхад олон хүн тань шиг байдлаар сэрэмжлүүлсэн маягийн зөвлөгөө өгч
Наадуул чинь хэцүү шүү. Наанаа сайд аа гэчихээд цаанаа бас л төвөгтэй шүү гээд. Би долоо хоног бас сэтгэлээр унасан л даа. Ийм аймаар, юуны арьс нөмөрсөн юу гэдэг билээ дээ, хүмүүс дотор яаж ажиллана даа гээд л. Тэгээд долоо хоног шаналаад л зогссон. Ажил хүлээж аваад шууд эрчтэйхэн орсон. Би танд хэлсэн шүү дээ. Бодсоноо л хэлчихдэг гэж. Заавал яагаад би болгоомжилж, эмээж ажиллах ёстой юм бэ гэж бодсон. Тэгээд л сэтгэлээ нээгээд, дуртай бол дуртай, дургүй бол дургүй, тийм бол тийм, үгүй бол үгүй гээд л явцгаая. Ингээд л шуурхайгаас нь авахуулаад би зарчмаа хэлсэн. Би хэд хэдэн зарчим хэлсэн. Цагаа барихаас авахуулаад. Би ийм юманд дургүй, та нар ийм юм надтай яривал би дургүйцнэ, ийм юм яривал би дуртай, та бүхнийг ингэж ингэж харна гээд сэтгэлээ нээж тавьсан. Их гоё, том том юм яриагүй л дээ. Гадаад харилцааны яам ингэж ажиллах ёстой гэсэн үндсэн зарчим дээр л бүх үйл ажиллагаа суурилсан. Тэгээд таалагдсан юм болов уу, надад сайн байгаа шүү дээ. Олон хүнтэй харилцаж байсан газрын захирлууд маань зарим нь бас сэтгэлийнхээ үгийг хэлж орж ирдэг юм. Орж ирж надад долигоно гэж би хэлээгүй. Сэтгэлийн орчин гэж бас хаана ч байх ёстой. Тэрийг л өөрийнхөө зүгээс нээсэн. Одоо бол нэлээн сайн гар нийлж байгаа гэж бодож байна. Эхлээд намайг тэд их сонжиж харж байснаа хэлж л байна лээ. Ямар залуу ирээд яаж ажиллах нь вэ гэтэл энэ чинь харин мужик нөхөр үү гэж хараад эхэлсэн гэж ярьдаг юм. Би ярилцлагынхаа эхэнд хэлсэн шүү дээ. Манлайлал буюу лидер гэж ямар хүн байх ёстой юм бэ гэдгийг. Бүх юм хүний мөс, хүн чанар дээр л тулж байгаа байхгүй юу. Лидер хүн ч бай, дор нь байгаа хүн ч бай, яг хүний ёсоор л хандах юм бол тухайн хамт олон хамгийн халуун сэтгэлээр дэмждэг. Түүнээс гадаад дотоод явж, гахай шувууны мах идэж, хэдэн диплом хамгаалж хэдэн ном уншсан нь сонин биш. Ерөөсөө тэр хүнтэй яаж хүн ёсоор хандаж, яг л за гэвэл ёогүй, баярласан бол тэрийгээ илэрхийлчихдэг, сэтгэл дундуур байгаа бол тэрийгээ бас нууж хулчийлгүй хэлдэг тийм л харьцаа. Би Японд энэ мэргэжлээр л сурсан байхгүй юу. Би яг л энэ эзэмшсэн, судалсан мэргэжлээрээ яваад байгаа. Та түрүүнд яриа эхлэхийн өмнө хэлсэн. У.Хүрэлсүхийн хүн биз дээ гэж. Би олон генсекийн нүүр үзсэн. Олон генсек намайг яагаад овоо залуу шүү гэж дүгнээд байгаа юм бэ. Та бас ярианы өнгөнөөс харж байгаа байх. Би долигонодог хүн биш. Би У.Хүрэлсүх даргыг анх ирж байхад өргөдлөө бариад л орж байсан. Тэгэхэд чамаар нам дутахгүй, чи хэн юм бэ гэж хэлэхэд нь тэгвэл зурчих. Та дутахгүй гэж байгаа юм бол зурчих гэсэн. Мань хүн зураагүй л дээ. (инээв) Ингэж л орж байсан хүн. Түүнээс биш Хүрэлсүх дарга аа, би тандаа хайртай шүү, та миний ах шүү гэж би хэзээ ч орж байгаагүй. Тийм ч учраас өөрөө бас мужик учраас миний зан чанар таалагддаг болов уу. Та түрүүн У.Хүрэлсүх гэж оноож ярьсан учраас би ярьж байна. Өмнө нь бол би С.Баяр дарга, Ё.Отгонбаяр дарга, Д.Идэвхтэн дарга, талийгаач Л.Энэбиш дарга гээд бүгдтэй нь ажиллаж байсан. Манай нам бол 91 жил явсан, боловсон хүчний нарийн бодлоготой нам. Тэр нь манай хар хайрцагны бодлого гэж бид ярьдаг боловч цаг дээрээ тулбал монгол малчны хар ухаан дээр л зангидагдаж явсан зүйл байхгүй юу. Манай намын боловсон хүчний бодлого гэхээр нэг их аймаар сейфэнд хадгалчихсан бичиг баримт байхгүй шүү дээ. Яг л ингэж хүнээ таньж, олон жил харж, шат шатаар дамжуулж явдаг. Тэр утгаараа л явж байгаад найман жилийн дараа ийм нэгэн битүү морь давааны наана ил гарч ирж байна гэж ойлгож болно.
-Гадаадад олон жил сурсан хүмүүс үндэсний үзлээ илүү тээдэг нь анзаарагддаг. Манай төрөөр үндэсний үзэл ханхлуулж байдаг хүн яг үнэндээ их цөөхөн. Харин гудамжны хөдөлгөөнийхөн үндэсний үзлийг уран сайханжсан байдлаар ч болов чирч явдаг. Энэ үзэл таны хувьд ямар байр суурь эзэлдэг вэ?
-Би бол үндэсний үзэлтэн биш. Би бол эх оронч үзэлтэн. Үндэсний үзэлтнүүд гэхээр үнэндээ анархист тал руугаа хэт давамгайлсан улсууд харагддаг. Одоо бид даяаршиж байгаа нийгэм дотор зохицож амьдрах хэрэгтэй шүү дээ. Монгол, Монголоороо үлдэнэ гэж бас зөв л дөө. Гэхдээ монгол бичгээр бичиж, монгол дээл өмсч, гэрт амьдарцгаая гэж давхиад бид юунд хүрэх юм бэ. Улам л алслагдаж, улам л дэлхийн хөгжлөөс хойш татагдах байхгүй юу. Би бол эх оронч үзэлтэн. Жишээ нь “Коника Минолта” гэдэг бол дэлхийн том компани шүү дээ. Би тэнд ажилладаг байсан. Овоо сайн цалинтай. Тэгсэн ч би эх орон руугаа явна гээд л ирсэн. Бүх хүн чи юу хийж байна вэ. Чамаар Монгол дутах юм уу. Төрийн төлөө оготно боож үхнэ гэгчээр наад шийдвэрээ бодооч гэж байсан. Оготно боож үхнэ ээ. Би эх орныхоо төлөө ажиллана гээд л ирсэн. Ирээд Дэд бүтцийн яаманд ажилласан. Хамтын ажиллагааны хэлтэст жил хагас ажилласан. Японы компаниасаа гараад, Дэд бүтцийн яаманд ирээд ажиллана гэхээр миний амьдралд ямар өөрчлөлт гарсан нь ойлгомжтой. Тэр үед төрийн албан хаагчдын хамгийн эхний шатлалын цалин 44 мянган төгрөг авдаг байлаа шүү дээ.
-Та их омог төгөлдөр, гоё нэртэй юм. Нэрнийхээ түүхийг ярьж өгөхгүй юу?
-Одоо залуучууд янз янзын нэр өгдөг болчихсон байна шүү дээ. Богинохон, эсвэл гадаад дуудлагатай нэр. Манай аав, ээж сэхээтэн улс байсан. Тэр хоёр маань далан хэдэн оны залуучууд. Тэр үед бас хүүхдүүддээ гоё нэр өгдөг мода байсан юм шиг байгаа юм. Тэгээд л намайг Тэнгэр, эмэгтэй дүүг маань Энхзул, эрэгтэй дүүд болохоор Тэнгис гэж нэр өгсөн. Аав ээж хоёр нэгдүгээрт гоё содон нэр бодож өгсөн. Хоёрдугаарт, тэнгэр шиг бай гэж бэлгэдэж өгсөн. Би шашин шүтдэггүй гэх юм уу даа. Гэхдээ бурханы шашинг шүтдэг. Би бурхан багшийн сургаалийг өөрийнхөөрөө ойлгодог. Хүн өөрөө өөртөө бурхан. Хэн нэгэн хүнийг тахин шүт гэж надад зааж өгөөгүй. Чи өөрөө яаж явах вэ, тэрүүгээрээ л яв. Бурхан болох уу, чөтгөр болох уу, өөрөө л тодорхойлно гэдэг бурхан багшийн ганц үндсэн сургааль нь шүү дээ.
-Улстөрчийн тань хувьд асуумаар байна. Авлига гэж нэг зүйл Монголын том сэдэв болчихоод байгаа. АТГ-ыг байгуулаад нэлээд хэдэн жил боллоо. Та өндөр ёс суртахуунтай газар боловсрол эзэмшсэн хүн. Яг яавал бид энэ муухай зүйлээс салах вэ. Салж ангижрахын тулд Монгол орон яг юу хийх ёстой гэж та боддог вэ?
-Ер нь бол авлига зөвхөн Монголд ч биш, дэлхийд нэлээн тархчихаад байна шүү дээ. Үнэхээр авлигатай үр дүнтэй тэмцдэг газар бол Хонконг гэж ярьдаг. Тэндэхийн хууль хүчний байгууллагууд нь үнэхээр бие даасан байдаг. Би АТГ-ыг бол жинхэнэ утгаараа бие даасан, тодруулбал хараат биш байгууллага гэж хэлж чадахгүй. Зарим тохиолдолд улс төрийн зорилгоор ажиллаж байгаа нь харагдаад байгаа байхгүй юу.
-Айхгүй байна уу. Бүгдийг чичрүүлж байдаг дарамтын засаглал шүү дээ?
-Би айхгүй хэлнэ. Яагаад гэвэл намайг ухаад ухаад юм гарч ирэхгүй. Би бол цэвэр хүн. Би хэрвээ тэнд байсан бол түүхэнд үлдэхийг л бодно. Надад бол өнөө маргаашийн ашиг сонирхол, өнөө маргаашийн улс төрийн тэмцэл ерөөсөө сонин биш.
-Тэнд байсан бол би түүхэнд үлдэхийн төлөө л ажиллана гэсэн үг тань үнэхээр гайхалтай үг юм?
-Ийм эрүүл амбийцтай хүн л тэнд очиж юм хийх ёстой байхгүй юу. Дахиад системтэйгээр хөгжүүлэх тухай ярих ёстой. Манай мөнгөний энэ урсгал буруу яваад байгаа юм шиг надад санагддаг. Улсын бүх мөнгөний урсгал. Тендер, тендерийн хороо гээд наанаа бол их гоё цэвэрхэн сонгон шалгаруулалт зөв яваад ч байгаа юм шиг харагдаж байгаа болохоос цаанаа яг бодит байдал дээр өөр харагдаж байгаа шүү дээ. Энийг өөрчлөх ёстой. Нийгэм буюу үе, давхарга өөрчлөгдөж байж, ёс суртахуун, хүний тархин дахь юм өөрчлөгдөж байж энэ бүхэн өөрчлөгдөнө. Тэгэхгүй бол өгдөг нь ч яагаад би олсон мөнгөө юм авахын төлөө өгч болдоггүй юм бэ гэж боддог. Авч байгаа нь ч гэмт хэрэг гэж бодохоо больчихсон. Би нэг юм зохицуулаад л аваа биз дээ. Тэртэй тэргүй бүгдээрээ авч байгаа шүү дээ гэж боддог. Энийг юу өөрчлөх ёстой вэ гэхээр дараагийн үе, миний дараагийн үе ч юм уу залуучууд гарч ирнэ. Агуу их өөрчлөлтийн цунами хийх ёстой байхгүй юу. Авлига бол ичгүүртэй зүйл, ичих ёстой. Соёлтой нийгэмд хүлээн зөвшөөрөгддөггүй хэд хэдэн юм байна. Хөдөлмөрлөхгүйгээр мөнгө олох арга. Хулгай хийх, биеэ үнэлэх, авлига энэ гурав. Үүнийг хүн төрөлхтөн үүсч хөгжсөн цагаасаа эхлэн цээрлэж ирсэн. Яагаад гэвэл хүн заавал баялаг бүтээх ёстой. Хөдөлмөрийнхөө үр шимээр хүн амьдрах ёстой. Гэтэл авлига авч байна гэдэг нь хүний ёсноос гажууд зүйл байхгүй юу. Одоо байгаа энэ байдал бол цай ууж байгаа юм шиг л болчихоод байна. Тэгэхээр системтэйгээр хуулийн зохицуулалт хийх ёстой. Хоёрдугаарт, үе солигдох ёстой. Тэгж байж үндсээрээ таслагдах болов уу. Дээр нь авлигаас салах чин эрмэлзэлтэй, энүүгээрээ амбийцалж түүхэнд үлдэх хатуу итгэл үнэмшил, хатуу үзэл бодолтой, надад АТГ-аас өгөх ганц машин, цалин л хэрэгтэй. Би түүхэнд мөнхөрнө гэсэн хүн л хийнэ. Тэр хүн бол хэзээ ч, хэний ч нөлөөнд автахгүй. Гэхдээ тэр хүнийг УИХ-аас томилж гаргадаг байх ёстой. Үнэхээр энэ хуулийг өөрчлөх хэрэгтэй. Холбооны мөрдөх товчоо бол анх маш хүчтэй хуулиар гарч ирсэн шүү дээ. Хууль нь гучин хэдэн онд гарч байсан хууль ч хэр баргийн парламент, төрийн департамент нөлөөлж чадахгүй тийм түвшинд аваачиж боловсруулсан байхгүй юу. Тэгж байж бие даасан хүчирхэг бүтэц болж тогтсон. Хонконг бас тэгсэн. Тэр бол бараг л “ерөнхийлөгчийн засаглал” гэж хэлэх нь арай хаашаа юм, гэхдээ л тэнд аягүй амбийцтай залуучууд гарч ирэх ёстой.
-Парламентад бол бүх талаар бэлтгэгдсэн бэлэн хүн ирэх ёстой. Та тэр бэлтгэгдсэн ангиллын хүн яг мөн үү?
-Маш итгэлтэй байна. Дэндүү бэлтгэгдлээ. (инээв) Ер нь бол мэдлэг боловсрол, туршлага дадлагаас гадна гол юм хүнийхээ хувьд бэлтгэгдэх ёстой. Тэгэхгүй бол парламентад орж ирээд хуулиа ч санаачлахгүй, эсвэл зүгээр гоё гоё юм мэдээллийн хэрэгслүүдээр ярьдаг нөхдүүдээр дүүрч байна шүү дээ. Ингэж явахаасаа дотоод сэтгэл нь өвддөггүй. Бид ерөөсөө хүний хувьд яаж бэлтгэгдсэн бэ гэдгийг л харах ёстой гэж боддог. Олон мундаг сургуулийн дипломтой байлаа гээд хүний хувьд л асуудалтай бол тэр хүн явдаггүй л байхгүй юу.
-Манай улс төрд байдаг хүмүүс төрийнхөө халаас руу гар хөлөө их шургуулдаг. Үүнээсээ болоод төрийн нэр хүнд олон түмний дунд муудсан. Тийм болохоор эдийн засгийн хувьд хараат биш хүн улс төрд орж ирэхийг л бид сонгогчийн хувьд илүү их хүсдэг. Тэгэхээр та эдийн засгийн хувьд хараат биш болж чадсан уу?
-Чадсан. Жишээ татахад надад арван костюм, таван машин хэрэггүй. Японд яг өөрийнхөө гараар би амьдралаа босгосон. Тэрүүгээрээ амьдраад байхад надад нэг их илүү харж, билүү долоогоод байх, энэ хүн ингэчихлээ, тэр тэгж хаус аваад амьдарчихлаа гээд байх юм байхгүй. Би бол хамгийн энгийн байшинд амьдраад л, гурван хүүхдээ тэжээгээд л явж байдаг хүн.
-Танайх гурван хүүхэдтэй юм уу. Залуу хүн гэхэд олон хүүхэдтэй аав байна?
-Тийм. Манай том хүү 19 настай. Өдий хүртэл миний зам бардам явж ирсэн. Би хэзээ ч хүнээс мөнгө гуйж байгаагүй. Өөрөө л өөрийгөө бүтээсэн. Битгий гайхаарай, би аягүй бардам зантай. Миний бардам зан жишээ нь сэтгэл рүү минь хүн ус цацах юм бол илэрнэ. Би хамгийн их реакцална. Миний нэр төр л хамгийн чухал. Бас л би амбийцтай санагдаж магадгүй. Гэхдээ би нэрээ л цэвэр байлгахыг хүсдэг. Энэ л миний бардам зан.
-Бид уул уурхай дээр суурилсан хөгжлийн бодлогыг их ярьж байна. Гэвч нөгөө талдаа дараа нь ямар эх нутаг үлдэх бол гэсэн зовнил монгол хүн бүрийн цээжинд байгаа. Стратегийн ордуудын түрүүчээс эргэлтэд орууллаа. Энэ төслийг зарим нь одоо ч эсэргүүцэж байгаа. Хэр амжилттай хийгдсэн гэж бодож байна?
-Амжилттай болсон. Хэрвээ төгс төгөлдөрийг хөөх юм бол 1000 жил ч хэрэлдээд явахгүй. Хүмүүс яриад л байна. Гэхдээ бид амьдрах ёстой биз дээ. Амьдрал үргэлжилнэ. Манайхан хойч үедээ үлдээх ёстой гэж яриад байх юм. Тэгвэл одоо амьдарч байгаа бид бас Монголын ард түмэн биз дээ. Одоо цаг дээр амьдарч байгаа ард түмэн чинь бас хүн шиг амьдрах ёстой юм байгаа биз дээ. Тэгсээр байтал энэ 2,7 сая хүн үхэж үрэгдээд дууслаа шүү дээ. “Оюутолгой”-гоос, “Тавантолгой”-гоос бид бас ашиг шимийг нь хүртэж амьдармаар байна. Би монгол хүн биз дээ. Яагаад зөвхөн дараагийн үе нь хэрэглэх ёстой гэж. Үр хойчдоо өгөхгүй, бүгдийг нь хэрэглээд явна гээгүй шүү дээ. Хамгийн гол нь хөгжсөн Монголыг л бүтээж үлдээх тухай асуудал шүү дээ. Бөөн суут ухаантнууд гарч ирээд яриад байдаг. Хөдөлмөрлөдөггүй. Ийм байж болохгүй.
-Сонгинохайрханд хэдэн хүн нэр дэвшиж байна вэ. Тэднээс давуу тал чинь юу вэ?
-Би боловсролтой, эрч хүчтэй, шинэ, бас цэвэр. Би Сонгинохайрханчуудтай уулзаад хэлж байгаа. Энэ удаагийн сонгууль чинь их онцлогтой. Хувийн амлалт байхгүй. Гэхдээ бол би нэг юмыг та нарт амлана. Тэр нь юу юм гэхээр би хэзээ ч сүүлээ хавчаад зугтахгүй. Завханчууд намайг дуудаад байна, одоо явахаас горьгүй гээд алга болохгүй. Дөрвөн жилийн дараа та бүхэнтэйгээ уулзана. Энэ бол миний Японд сурсан школ. Би сонгогчидтойгоо чадахаасаа, чадахгүйгээ хүртэл цуг байна. Би дөрөвхөн жил УИХ-ын гишүүн хийж үзэх гээд байгаа юм биш. Би ахиад 40 жил амьдарна. Тэнгэр хулхины амьтан гэж хэлүүлмээргүй байна. Энэ бол миний амбийц, миний ёс суртахуун.