Би залуухан охид хөвгүүдтэй уулзаж байгаадаа баяртай байна. Бид өнөөдөр энд өсөж өндийж байгаа, хүн болох гэж байгаа хөвүүд охидоо их эвдэж байгаа юм биш биз гэсэн тийм анзаарга надад төрсөн. Хорвоо ерөөсөө эр эм хоёр туйлд багтдаг, эр эмийн хоёрын дундаас үргэлжилдэг жам жаягтай. Ургамал мод хүртэл эр эмээрээ, ан амьтан хүртэл эр эмээрээ, энэ бол ертөнцөд байдаг нэг үнэн юм гэж боддог. Ирнэ буцна, бусад нь бүгд худлаа гэж би үздэг. Тийм учраас ирээд буцах хооронд эр эм ямар ч хүн аятайхан шиг хүний дайтай явж байгаад буцвал мөн сайн хэрэг ээ. Жишээлбэл, “Муу эм гэрийн гай, муу эр төрийн гай” гэж Р.Чойном найрагч хэлжээ. Тэгэхээр эм хүн болгон, эмэгтэй хүн болгон муу байх албагүй. Гэвч хүн өөрөө байгалийн амьтан юм болохоор өөрт нь заяагдмал, олдсон хувь заяа нь адгуусан шинж чанар ч байдаг, бурханлиг шинж чанар ч байдаг. Энэ хоёр урсгал хүн дотор ээлжлээд урсаж байдаг гэж бодогддог. Эндээс улбаалаад хүн гэдэг амьтан хөөрхий буян, нүгэл хоёрыг уралдуулан үйлдэхээр ирсэн гэж би боддог. Яагаад буян, нүгэл гэв гэхээр нүгэлгүй хүн энэ хорвоод үгүй. Нүгэлгүй орос, монгол, хятад хүн олоод ир гэвэл би лав олохгүй, олдох ч үгүй. Нүгэл хаанаас эхэлдэг вэ гэхээр хэлд орохоор хэлний нүгэл нь эхлээд, хөлд орохоор хөлний нүгэл нь эхлээд явчихдаг ийм л хөөрхий амьтан, хүн гэж. Хэлд орохоороо гэдэг нь янз бүрийн хараал хэлнэ, уурлаж бачимдахдаа хамаагүй юм ярина, хэн нэгнийг гомдооно, эр эм хүмүүс багшийгаа, ээжийгээ, эгчийгээ, ахмад настай хүмүүсээ гомдоох айхтар үгс хэлнэ.

Миний өнөөдрийн ярианаас авах гээхээ та бүхэн өөрсдөө шийднэ, тулгалт биш. Тэгж тулгаж, хүнийг эрхийг хязгаарлах эрх надад байхгүй. Би бодолдоо, оюун санаандаа тээж явдаг зүйлээ амаараа дамжуулан гаргаж байна. Тэгэхээр дүү нар минь авахыг нь аваад, хаяхыг нь хаяарай гэж байгаа юм. Ерөөсөө миний бодол яг зөв гэж хүнд тулгах хамгийн тэнэглэл. Магадгүй хүн надаас өөрөөр бодож болно, надаас илүү бодож болно, хамаагүй дутуу бодож ч болно. 

Хурмаст тэнгэр төгөлдөр
Найман шидэт найраа барин жаргая

Үүл нь гараад бороо орохын цагт
Үүдэн гэмээ нь хоймор юуны ялгаа вэ?
Үйл нь ирээд үхэхийн цагт
Хөгшин гэмээ нь залуу юуны ялгаа вэ?

Мойлор модыг тарин суувал
Могой болоод хортон түүнээс гардаг бий
Муу хүнтэй ханилан суувал
Муу болоод мундар түүнээс гардаг бий

Саглагар модыг тарин суувал
Салаа бүрийн жимс түүнээс гардаг бий
Сайн хүнтэй ханилан суувал
Саруул ба билэг түүнээс гардаг бий

Огторгуйн од олон боловч
Ончтой гэрэлтэй нэгэн хоёр
Орчлонгийн амьтан олон боловч
Ончтой мэргэн нэгэн хоёр

Жаварт тэнгэр салхилнам гэлээ
Жалгын ногоо сэргэнэм гэлээ
Жаргалтай суугаад зовлонтой гэвэл
Зовлон түүнээс ирдэг


Зэ, зээ-хөө, зээ нь вайдуу зээ
Гурван богд өршөө!

гэж долоохон насандаа Равжаа хутагт “Хурмаст тэнгэр” шүлгээ хэлсэн байдаг. Энэ бол зуун зуун дамжиж амьдрах, өнө мөнхийн амь бөхтэй үг, тийм л бүтээл. Өөрөөр хэлбэл бид Равжаагийн үргэлжлэл гэж өөрсдөөрөө бахараж бардамнах боломжтой. Хүн өөрөө өнгөрсөн, одоо, ирээдүйн цаг хугацааны амьтан. Энэ орчилд л хүн амьдардаг. Өнгөрсөн түүхээрээ бахархаад, цээжээ дэлдээд л, би тэр хааны удам, би тэр ноёны угсаа, тэр тайжийн үр ач гээд байх надад зохисгүй санагддаг. Ирээдүйд ийм болно, тийм болно гэж хоосон мөрөөдөөд, хий хоосон юм хараад байвал явахгүй.

Харин хүн хэвээрээ байя гэвэл одоо цаг дээр л байх хэрэгтэй, яг өнөөдөртөө л байх хэрэгтэй. Өнөөдөр зөв юм барьж аваад мэдчих юм бол, өнөөдөр зөв хүнтэй нөхөрлөчих юм бол, өнөөдөр аливаа зүйлийг зөв өнцгөөс харж чадах юм бол таны ирээдүй тодорхой. Өвөг дээдсийн чинь сүнс таниар бахархана гэж өнгөрсөн, ирээдүй хоёрын заагийг одоо цагаас салбарлуулж ойлгох гээд байгаа хэрэг шүү дээ. “Хурмаст тэнгэр”-ийг бичсэн Равжаа хутагт “Эх хүн бол хүн төрөлхтний бэлгэ тэмдэг, хун шувуу утга уянгын бэлгэ тэмдэг, дигваранз гүн ухааны бэлгэ тэмдэг” гэж хэлсэн юм. Эмэгтэй хүн бол бурхан гэж хэлжээ. Тэгтэл бид нар эмэгтэй хүнийг, эх хүнийг ижий ертөнцийг, бүсгүй заяаг аль хэр хайрлан, хүндэлж байгаа билээ? Эргээд харахаар маш бага. Христ, буддизм, ислам гээд олон янзын соёл, шашны урсгал бий. Эдгээр итгэл үнэмшил олон зууныг дамжаад ирсэн, үүнийг хэн ч арчиж чадахгүй, хэн ч зогсоож чадахгүй. Гэвч тэдгээр шашныг үндэслэгчид бүгд өнөө л ижийгээс төрсөн; тэнгэрээс буугаагүй, газраас дэлгэрээгүй. Тэгэхээр ижий бол ертөнцийн нэгдүгээрт эрэмбэлэгдэнэ гэж би хэлэх гээд байна. Би ингэж хэлэх дуртай. Яагаад би тэгж хэлдэг болсон бэ гэвэл хоосон хуумгай, өөртөө итгэх итгэлээ алдсан, ямарваа нэг хоосон зүйлийг шүтсэн хүн амьд сүг болдог. Өөрийн толгой байхгүй, хүнээр юмаа хийлгэдэг, хүн л хардаг, миний амьдралыг төр зааж өгнө, миний сайн сайхан явахыг ээж аав л зааж өгнө гэж боддог. Үгүй ээ, ямар хүн болохоо чи өөрөө мэднэ, чамаас өөр хэн ч мэдэхгүй. Чамайг чи өмөөрнө, чамайг чи аварна, чамайг унагавал чи л унагана, эр эм хэн ч байлаа эзэн нь өөрийгөө унагана. Тэгэхээр хамаг учир хүмүүнд өөрт нь учир байгаа юм аа, эр эм энэ ертөнцөд хүн болж мэндэлсэн хүнд өөрт нь маш их учир байгаа.

Төрөлхийн чанар байна, төрөлхийн ген байна. Нөгөө талаар ерөөсөө хүүхэд ахуй цагаасаа л зөв эрх чөлөөтэй, зөв газар өсөөд, зөв мэдрэмжтэй болоод явчихвал олон зөв хүн л Монголыг аварна гэж боддог. Би энэ хорвоод ирсэн бол буцна гэж нэг үг хэлсэн, эвгүй сонстож магадгүй. Ирэх буцах энэ хооронд хүн жаахан жаягтай явах ёстой. “Хүн болоогүй хүнд эрдэм боловсрол эзэмшүүлэх юм бол босоо ороолонд алтан шүд хийгээд босгосонтой адилхан” гэж Чой.Лувсанжав гэж Монголын аугаа суут эрдэмтэн хэлсэн байна билээ. Энэ үгийн үнэ цэнийг үнэлшгүй, цаад гүн ухаан нь ямар лут юм бэ гэж би бүр залбирсан. Одоо бид үр хүүхдээ хүн болгож чадаж байна уу гэвэл үгүй байх шүү. Заримдаа би сургуулилалт хийгээд ч юм уу, бичлэгт ороод эсвэл найз нөхөдтэйгөө биллъярд цохиод 24 цаг, түүнээс жаахан өнгөрөөд явахад гудмаар явахад цоо шинэ Ланд Крузер унасан 17, 18 настай охид хөвүүд давхиж байна. Энэ бол хамгийн хортой явдал. Амьдралын үнэ цэнийг мэдэхгүй, аав ээжийнхээ олсон мөнгөөр Ланд 200 авахуулж унаад давхина гэдэг хамгийн аймшигтай. Эндээс гэмт хэрэг өдөөгдөнө, эндээс ертөнцийг зөв харахгүй, дандаа дээрээс хардаг, ядарсан зүдэрсэн зутарсан хүнийг нулимдаг араншин гарна. Өнөө ижий ертөнцийн, эх хүнээс гаргасан үргэлжлэх үр нь муу юм руу явна. Ийм юмыг бид хийж байна, ийм юмыг манай дээдчүүл хийж байна, энэ аюул шүү. Хүн тавтай тухтай, баян тарган амьдрахыг боддог. Гэвч яаж баян амьдрах юм гэдэг тунг хүүхэд байхаасаа мэдрэх ёстой, одооноос та нар мэдрэх ёстой. 

Хамгийн нэгдүгээрт өөрийг чинь байхгүй байхад, магадгүй байхгүй байж ч мэдэх байхад энэ хорвоод хөөрхөн хүү, хөөрхөн охин, сайхан хүүхэд гаргаад өгсөн тэр ижий ертөнцийг хайрлахгүй, шөнө унтуулахгүй баар саванд орж, дэмий тэнэнэ. Ингэж хумсалж болохгүй, өөрөө гарахдаа амь насыг нь дэнчин дээр аваачиж хумсалсан, одоо амьд байхад нь санааг нь зовоож, шанхыг нь илүү хурдан бууралтуулж хумслах эрх ямар ч аавын хүү, ээжийн охидод байхгүй. Гэтэл үүнийг ерөөсөө боддоггүй. Ламд мөргөхийн оронд ээждээ мөргө, ээждээ очоод сөхөрч унаад мөргө. 

Би шог зураач С.Цогтбаяр найзаараа бахархдаг. Өчигдөр орой ижийдээ очсон байхад нь би утсаар ярьсан. Минжмаа гэж сайхан ижий бий, надад миний ижий шиг сайхан ханддаг. Миний найз өөрийнхөө мэндэлсэн өдрөөр (төрсөн өдөр гэж их ярьдаг, төрнө гэхээр эрэгтэй хүн төрнө гэж байхгүй, эмэгтэй хүн төрж байж үр хүүхэд гарна, тэгэхээр мэндэлнэ, ирнэ) ижий рүүгээ очдог, ижийдээ очиж мөргөдөг. Ижий нь 120-д хоёр өрөө байртай. Мөргөхдөө их гоё, хаалга онгойгоод л манай Цогоо пид гээд үсрээд унана шүү дээ. Тийм наргиантай, тэгээд л ээжийгээ баярлуулаад л, инээлгээд л. Ээж нь аарууланд дуртай, хөөрхий одоо шүдгүй болчихсон. Юм байхгүй бол ааруул нунтаглаад аваачаад өгнө. Мөнгө байхгүй бол зүгээр л өөрийнхөө барааг харуулна, “Та ийм шог зураач хүү төрүүлсэн” гээд л. Би найзыгаа дуурайгаад ижийдээ тэгж ханддаг болсон. Харин бид яадаг вэ? Мэндэлсэн өдрөө тэмдэглэхдээ бааранд ороод чиний төрсөн өдөр, миний төрсөн өдөр гээд хундага тулгаад эхэлдэг. Нөгөө ижий ертөнцийг мартчихсан тууж яваа гэсэн үг. Хамгийн түрүүнд мэндлүүлсэн, энэ хорвоод авчирсан ижийдээ баярлах ёстой. Аав, ижий хоёртоо хоёуланд нь хүн болгосонд нь баярлах ёстой. Хүний биеийг, хүний эд эсийг олж төрнө гэдэг бол үзүүрийг нь өөд нь харуулж хатгасан зүүн дээр асгасан тарианаас нэг нь тогтохтой адилхан, хумсны толионд хумхын тоос тогтохтой адилхан гэдэг юм билээ.

Баячуудын болоод ихчүүдийн гэрээс балмад залхуу хүүхэд төрдөг юм

Багалзуурын мах булчирхай ихтэй байдаг хойно

Байгаль тэгж зохицуулдаг юм байлгүй, хөөрхий гэж Р.Чойном хэлсэн байна билээ.

Бэлэнчлэх сэтгэлгээ, хэт тансаг амьдралын дунд хүн хүн болдоггүй байна шүү, асар их эвдэрдэг байна. “Миний хүүхдүүд ижий аав хоёртоо байгаа сайн сайхан, өнгөлөг өөдтэй болгоныг өөрсдөдөө заяаж ирсэн сайн сайхан, өнгөлөг болгонтой сүлж амьдарвал хүний хорвоогоос буцах хүртлээ дажгүй явна аа. Хэрвээ ижий аав хоёртоо байгаа муу муухайг, адгийн авир араншинг өөрсдөдөө байгаа муу муухай авир араншинтай хольж амьдарвал хүний адаг болно шүү” гэж би хүүхдүүддээ захидаг. 

Эх хүн бол хүн төрөлхтний бэлгэ тэмдэг, ижий ертөнцийн эм хүн бол бурхан гэж бүр Равжа хутагт оношлоод, тогтоогоод хэлсэн байдаг. Ямар аугаа хүн бэ? Магадгүй ирэхдээ ижийгээ орчлонд тушаасан болоод тэр юм уу даа гэж би бодсон. Равжаа дөнгөж мэндлээд ээж нь өнгөрсөн юм билээ, хөөрхий. Мөөм хөхөж үзээгүй хүн. Тэгээд 54 насандаа хорвоог орхисон. Долоохон насандаа түрүүний “Хурмаст тэнгэр” шүлгийг зохиосон, 17-хон насандаа Хамрын хийдийг байгуулсан, 54 хүртлээ Галбын гурван говьд 108 хийд байгуулна гэж мөрөөдөж яваад 80 гаруйг нь байгуулсан, тэнд нь 500 гаруй лам хувраг шавилан сууж байсан, хүүхдийн номын сан бүхий дацантай, театртай байсан. Равжаагийн зиндаанд хүртэл холдоо хол. Гэвч хүн болгонд өөрт нь нөөц бий, боломж бий. Харин хүн яаж боломжоо алддаг вэ? Жүжигчний байгалиас заяасан өгөгдөхүүн байхгүй, авьяасгүй хүүхдүүд жүжигчин болно гэж давхиад амьдралаа үрж байгааг би хардаг. Үүнд би маш их харамсдаг. Мундаг зохион бүтээгч ч болох байсан юм бил үү? Заавал дээд сургууль төгсөж байж мундаг хүн болно гэж би боддоггүй. Одоо ч их дээд сургуулийн дипломын худалдаад авчихдаг болчихож. Энэ өрөөг гялалзтал сайхан цэвэрлэчихдэг, тэр хаалгыг хүн гараараа барихаас ичтэл цэвэрлэчихдэг байхад болно. 

Англид амьдарч байсан Батням гэж миний нэг дүү надад гайхалтай юм ярьсан. Нэг орос хүүхэн бие засах өрөө цэвэрлэдэг байсан гэнэ. Тэр бие засах өрөө нь зочид буудлын өрөө шиг л цэвэрхэн, үнэртэн танартан хачин гэнэ. Ресторанд ирсэн хүмүүс тэр бие засах өрөө рүү л ордог. Нөгөө орос хүүхэн харин маш их мөнгө авдаг, өдөртөө 600 паундын цалинтай. Тэгэхээр тэр хүүхэн өөрийгөө үнэлж чадаж байна аа? Өөрийнхөө үнэ цэнийг мэдэрч чадаж байна аа даа? Гэтэл манайхан цэвэрлэгч гэхээр их тааруухан харьцдаг.Гудамж коридор цэвэрлэж байгаа цэвэрлэгчийн хажуугаар хээв нэг өнгөрч байгаа сурагч оюутнуудыг харсан. Чиний шавар шавхайг цэвэрлэж байгаа тэр цэвэрлэгч ижийг илүү хүндэтгээд, цэвэрлэснийх нь дараа явж яагаад болохгүй гэж? Тэр цэвэрлэгч муу юм хийж байна гэж үү? Үгүй, хамгийн сайхан зүйлийг хийж байна. Ингэж хүнд хандах хандлагыг өөдөө сөргөө болгож, хүнийг ялгаж үздэг үзэл ижий ертөнцөөс ирсэн хэргийг чинь мөхөөж байгаа гэж би боддог.

Аливаа улс үндэстний оршин тогтнохын үндсийн үндэс нь, үргэлжлэх үнэ цэнэ нь, хүн байх үнэ цэнэ нь, жам ёсныхоо үнэ цэнийг мэдэрч, цэвэр цэмцгэр амьдрах, оюун ухаанаар бядтай байх, бядтай хөгжих үнэ цэнэ нь эрэгтэй эмэгтэй хүмүүсийн эмзэг эрхтний амсар дээр байна. Улс үндэстний тусгаар тогтнолын баталгаа тэнд байна, өөр хаана ч байхгүй. Тэс ондоо юмнаас тусгаар тогтнол хайгаад явчихдаг, яг хүн рүүгээ хандсан юм ерөөсөө ярихгүй. Эр эм хүмүүсийн, ижий аавуудын, охид хөвүүдийн, эмээ өвөө нарын эмзэг эрхтнүүд эрүүл байх ёстой. Түүнийгээ эрүүл байлгахын тул эзэн нь өөрөө нандин хандах хэрэгтэй. Үүнээс чинь болоод бие хаа муудах, өвчин эмгэг тусах, ДОХ гээд бүр аюултай юм болно оо доо? Ингэхээр өнөө улс үндэстний чинь оршин тогтнох үнэ цэнэ алга болоод байгаа биз? Тийм болохоор хар нялхаасаа, одоо яг энэ цагаасаа маш их цэвэрч нямбай, өөрийгөө үнэлдэг, өөрийгөө хүндэтгэдэг, өөрийгөө цэвэр ариун байлгахыг үргэлж бодож яв. Хүүхдүүдээс юуг нь нуух вэ, ер нь та нарын насан дээр хэж ойлгуулахгүй юм бол та нарын залуу сайхан гялалзсан хийморь, бие цогцсыг бид хамгийн эмгэнэлтэй болгож хувиргана гэж боддог учраас би үүнийг хаа сайгүй хэлдэг.

Хүсээгүй хүсэл бол зовлонгийн эхлэл. Буруу шунал бол ядуурахын үндэс байдаг. Энэ бүхнийг хүн бүр бодоосой, ер нь та нарын насны хүүхдүүд биш, бид өөрсдөө ч бодож байх ёстой. Би өөрөө нүгэлгүй цэмцгэр, бусдаас онцгой хүн биш шүү дээ. Адилхан, байдаг л нэг жирийн монгол хүн. Одоо зуугийн талыг наслах гэж байгаа, та нарын өмнө зогсож байгаа, та нартай санаа бодлоо хуваалцаж байгаа хүн бол өчнөөн нүгэл тарьчихсан, өчнөөн хүн гомдоочихсон, зөндөө олон найз бүсгүйчүүд, найз эрчүүд, аав ижий, ахан дүүс гээд цөмөөрөнгийнх нь голыг харлуулчихсан, өчнөөн л юм хэлчихсэн байж таараа, хэлчихсэн байгаа байх гэж боддог, би. Өөрийн эрхгүй нэг найз руугаа утасдмаар санагддаг ч үе бий. Яагаад бид нар бие биедээ урам хайрлаж болохгүй гэж?

Бид юуны түрүүнд өөртэйгөө ажиллах хэрэгтэй, өөрийгөө таних гэж оролдох хэрэгтэй. Өөрийгөө олоогүй, өөрийгөө хайрлаагүй, өөрийгөө хүндэтгээгүй, өөрийгөө мэдрээгүй хүн бол өрөөлийг зүгээр л нулимна. Өрөөлийн алдаан дээр тоглох дуртай болно, өрөөлийн алдааг хараад бах нь ханадаг болно. Өөрийгөө ойлгочихсон, өөрийгөө хүндэлчихсэн, өөрийнхөө үнэ цэнийг бага ч боловч мдэрсэн хүн бол бусдын алдаан дээр дөрөөлөхгүй, бусдын алдааг уучилж чаддаг болно. Үнэн голоосоо “Найз минь энэ чиний буруу шүү дээ” гэж хэлж чаддаг болно, магадгүй загнаад ч болов хэлж чаддаг болно. “Нөхрийгөө ядрах цагт нь түшвээс 

Би өөрийгөө хүн хэвээрээ байна гэж тооном

Нөхрийгөө задрах цагт нь хямгадваас 

Нөмөртэй уул хэмээн өөрийгөө би бодном” гээд санаатайгаар дөрвөн мөрт хэлчихсэн байна билээ. Тэгээд би өөртөө их баярласан. Овоо шүү дээ муу Сосорбарам, нөхдөө бодоод бас нэг ийм мөр холбочихдог гээд. Энэ бол ямар нэг шүлэг, цэцэрхэл биш, өөрийгөө л олох хэрэгтэй.

Өсөж өндийж байгаа, миний өмнөөс хараад сууж байгаа охид хөвүүдийг нийгэм нь, хавь орчныхон нь эвдэж байгаа юм. Түүнд эвдрэхгүй, эвдэгдэхгүй байх дархлаагаа миний хүүхдүүд энэ насан дээрээ өөрсдөө тогтоогоод л авчих. Би нэг юм асууя, та нар Баабарын “Доорий идэр дүүдээ” гэдэг номыг уншсан уу? Би энэ номыг хүүхдүүд уншаасай гэж боддог, миний үеийнхэн ч уншаасай гэж боддог. Яагаад би энэ номонд их дуртай вэ гэвэл өнөө л хүн болох суурь хундаам тавигдчихсан харагдаад байгаа юм. Тэгээд би Баабарт их баярладаг. Хүн юуг эхлээд мэдэх ёстой юм бол? Мэдлэг дээр суурилсан мэдээлэл ямар ач холбогдолтой юм? Мэдлэг дээр суурилаагүй мэдээлэл хов болох аюултай ч юм уу. Ийм юмнуудыг маш товчхон гаргаж тавьсан байгаа. 

Манайхны уламжлалын нэг гажиг байна. Монгол эмэгтэйн цэвэр ичимтгий ааш гэж ярьдаг. Монгол бүсгүйчүүдэд цэвэр ичимтгий ааш нь хэрэгтэй, гэхдээ тун гэж хэрэгтэй юм шиг байгаа юм. Цэвэр ичимтгий байх ёстой гээд хамаг юмаа хаачихдаг, өнөө цовоо цойлгон мэдрэмж, мэдлэг олох гэсэн ч юм уу, чөлөөтэй байх гэсэн мэдрэмж нь алга болоод цэвэр ичимтгий л байх ёстой гээд бүрэг, хаалттай болчихвол өнгөрнө. Тийм учраас цэвэр ичитгий зангийн тунг нь тааруулах хэрэгтэй юм шиг билээ.

Би бие жаахан эвгүйрхэх юм уу, сэтгэл санаа жаахан гундах юм бол гэртээ ганцаараа үлдэж байгаад хашгирах дуртай. “Ээж ээ” гээд л хашгирах дуртай. Ээжид ямар аугаа их хүч байдаг юм бэ, хямарсан хэцүү үед гурвантаа орилоход л нулимс асгардаг. Ээж бол тийм гайхалтай шүү дээ. Би эмээ өвөө дээрээ өссөн л дөө. Эмээ минь хорвоогийн мөнх бусыг үзсэн, миний ижий одоо амьд байгаа. Хүний ижий бол гайхамшиг шүү. Би ижийнхээ гайхмшгийг яаж мэдэрсэн бэ гэвэл 1990 оны Ардчилсан хувьсгал хийгээд Баянхонгор аймагт очоод Хөгжимт драмын театрт пиг дүүрэн хүмүүстэй уулзалт хийчихээд тартал ээж харилаа гээд явлаа. Ээжтэйгээ тухтай уулзахгүй байгаа шүү дээ, би. Гадаа нэг ЗиЛ 130 машин хүлээж байсан юм. Би Баян-Овоо сум руу явна гээд гарсан чинь над руу тал талаас чулуугаарнүүлгээд, юу юугүй чулуу пижигнээд ороод ирсэн. Тэгэхэд миний ээж өндгөө хамгаалж байгаа шувуу шиг над дээр маш хурдан гүйгээд ирсэн. Миний ээж 60 дөхчихсэн байсан. Тэр агшинд л хүний эх гэдэг ямар гайхалтай юм бэ, үр нь ямар ч буруу юм хийсэн байсан миний хүү, миний охин, миний үр л гэдэг ийм л ертөнц чинь ээж юм. Тийм учраас бүх дэлхийн, бүх хүн төрөлхтний хамгийн ариун бэлгэ тэмдэг бол ээж. Ээжийг давдаг бурхан байхгүй, ээжийг давдаг ертөнц байхгүй. Эр хүн бол яах вэ, өөрийн бядтай, зөн мэдрэмжтэй, түүндээ хөтлөгдөөд л явдаг. Тэр ижий ертөнцөд, тэр бүсгүй ертөнцөд хамгийн том нөмөр болж байдаг, уул шиг түшиг болж байдаг хүн хэн бэ гэвэл эр л байж таарна аа даа. Тэгэхээр аав ижий хоёр, эр эм хоёр салшгүй амин хүйн холбоотой.

Яая гэх вэ, амьдралд янз бүрийн юм тохиолддог. Үерхэж байсан охид хөвүүд амьдрал нийлэхгүй зам замаараа явах тохиолдол, магадгүй нийлж амьдарч байгаад таарахгүйгээс хоёр тийшээ болох асуудал зөндөө л бий. Энэ зөвхөн Монголд биш дэлхий даяараа байгаа. Нэгэнт л таарч тохироогүй, учрах заяагүй юм чинь бие биедээ хар санаа өвөрлөж яваад яах юм бэ гэж би боддог. Нэг нэгэндээ сайн сайхныг, боломжтой бүхнийг ерөөгөөд, эвгүй үг бие бие рүүгээ чулуудахгүй, болоогүй л юм чинь гэдэг гэгээн бодлыг хүн бүр дотроо суулгаж авах юм бол энэ хорвоогийн бүсгүйчүүдийг амгалан байлгаж чадна аа, чадна.

Яруу найрагч Ц.Хулан нэг айхтар үг амнаасаа унагачихсан. “Хулангийн үдэш” гэдэг яруу найргийн баяр болсон. Би үдэшлэгийг найруулж, хөтөлж өглөө. Тэгээд “Хулан шүлэг найргаа хэлнэ” гээд зарлачихсан чинь ”Эр хүн 3 минутын жаргал эдлэхэд эм хүн 30 жилийн зовлон үүрч үлддэг юм” гээд хэлчихсэн чинь цирк дүүрэн хүмүүс чив чимээгүй, нам болсон. Өөрөөр хэлбэл нам цохиулж байхгүй юу, яагаад гэвэл Ц.Хулан яг үнэнийг хэлчихгүй юу. Би ч бас юу билээ гэж бодоод агхийгээд л явчихсан. Би чинь хэн билээ гэж хүртэл бодож байна шүү. Тэгэхээр эрчүүд маш их том юм бодож байх ёстой. Айхтар үг шүү, саяны үг. Энэ муу цаг зуурын үнэ цэнэгүй хуурамч жаргал хүнийг хордуулдаг, цаг зуурын ёс бус жаргалаас болж архинд донтож байгаа биз? Тэрэнтэй адил сэтгэхүйн цаг зуурын жаргал хүнийг дор нь сөнөөнө. Эндээс үүдээд бодохоор бид сэтгэхүйгээрээ их эрүүл байх ёстой. Манайх эрүүл сэтгэхүйтэй нийгэм бэлтгэх ёстой. Бүх юмыг зөв олж хардаг, хэн нэгэнд тал засдаггүй, хэн нэгэнд долдойддоггүй, хэн нэгэнд худалдагддаггүй, яг өөрийнхөөрөө явж чаддаг, цэвэрлэгч нь цэвэрлэгч, мужаан нь мужаан, жолооч нь жолооч, тэр дээд сургууль төгссөн олон хэл эзэмшсэн хүмүүс нь ч бүгдээрээ. Ингэж байж Монгол Улс хөгжинө. 

Зохиомол, хиймэл ёс зүй, суртаал мунхаглал сүйрэл рүү чирнэ. Оюутнуудын дунд уран илгэгчийн уралдаан боллоо. Дөрвөн зуу гаруй хүүхдээс 18 нь шалгарсан юм. Би шүүгчээр суулаа. Би тэндээс олон дуураймал хүн олж харсан. Уран л ярьдаг, уран л илтгэдэг бүх хүмүүсийг дуурайгаад л, бүр хоолойнх нь өнгийг хүртэл дуурайгаад л... Ингэж хүүхдийг хар нялхаар нь хөнөөж болохгүй бид, тухайлбал Сосорбарам. Тэр хүүхэд өөрийнхөөрөө байх ёстой. Арван найман хүүхдээс 3 нь л өөрийнхөөрөө байсан, өөрийнхөөрөө шахуу байсан гэе дээ. Яг нарийн ярибал Энхболд гэдэг ганцхан оюутан өөрийнхөөрөө байсан. Дараагийн хоёр нь дөхүү байсан. Бид нэг ийм баримжаанд орчихдог, жишээлбэл Сосорбарам гэдэг хүнийг харангуутаа энэ хүн шиг л болох юм шүү гээд түүнийгээ яс дуурайдаг. Үгүй ээ, чи өөрийгөө дуурайна хөөе, өөрийгөө олно. Чиний амьдрах зам чинь чамд л байгаа. Хэн нэгнийг бүү дуурай, хүнд байгаа сайхан юмыг нь өөртөө шингээ, муу муухайг нь харсан ч хараагүй юм шиг өнгөрөө. 

Ирнэ буцна, ирэх буцах хоёр нь үнэн, бусад нь бүгд худлаа. Манайхан бүгдийг нь үнэн байлгах гээд худлаа ярьдаг. Үгүй, ирнэ буцна тэр хооронд бүгд худлаа. Бүгд худлаа ярьдаг, найз нь найздаа худлаа ярьдаг, хүү нь аавдаа худлаа ярьдаг, эхнэр нь нөхөртөө худлаа ярьдаг. Энэ чинь амьдралд, хүн төрөлхтөнд яваад байгаа, тэрийг үнэн болгож маяглаад яах юм бид нар. Тийм учраас ирэх буцах энэ хоёр үнэний дунд жаахан үнэний баримжаатай, үнэнд сөгдөж явбал, ээ дээ мөн хэрэгтэй дээ. Тэгвэл л ээжийнхээ ачийг хариулах байх даа. Ээжийнхээ ачийг хариулна ч гэж байхгүй ээ. Монгол Улсын Ардын Жүжигчин Ш.Чимэдцэеэ ээждээ навчин дээрх шүүдэр түүж цай чанаж өгсөн гэнэлээ. Навчин дээрх шүүдрийг хамаад ээждээ цай чанаж өгвөл ачийг нь хариулна гэж нэг үг байдаг шүү дээ, манай Монголын. Ш.Чимидцэеэ лав тэгсэн байна билээ. Би баталгаажуулаад өөрөөс нь асуусан, “Тэгсэн” гэж байна билээ. Тэр бас л мундаг сэтгэл ээ? Би юу ярих гээд юу яриад байна вэ гэдгийг дүү нар сайн ойлгосон байх гэж би найдаж байна. Ойлгоогүй бол миний буруу, ойлгуулаагүй бол миний буруу. Тэгэхдээ миний бодол заавал зөв байх албагүй. Ер нь бол зөв талын браимжаа энэ гэдгээ би та нарт ярьж, хэлж, хуваалцаж, байгаа маань энэ шүү дээ.

Бид эрх чөлөөтэй нийгэмд амьдарч байгаа юм шиг байгаа юм. Тэгтэл янз бүрийн адал явдал, янз бүрийн араншингуудыг харахад эрх чөлөө гэдгийг бид нар дураараа авирлах, зоргоороо байх гэж бодоод байх шиг байна. Ер нь тэгж бодоод байна. “Ардчилал, ил тод байдал, эрх чөлөө гэдгийг чи дарга руугаа дөхөж очоод “Хуц” гэж хэлэх боломж олдсоон гэж бодож байвал чи өөрөө ухна” гэж Михайл Задорнов гэж Оросын хошин шогч хүн хэлсэн байна билээ. Энэ үгийг их бодууштай. Ер нь эрх чөлөө гэдэг бол хариуцлага хүлээх чадвартай хувь хүмүүсийн эрүүл саруул чиг зорилго юм байна. Тийм учраас дандаа эрүүлээр сэтгэдэг, ижий ертөнцийг дээд зэргээр хүндэтгэдэг, зөв зөн мэдрэмжийн цуглуулга болж чаддаг, худлаагаас эмээж зугтаж явдаг, буруугаас нүүр буруулж чаддаг, харин зөвд үнэн сэтгэлээсээ хандаж чаддаг тийм олон хувь хүмүүсийн уулзвар юм аа. Энэ уулзварын жим хаанаас эхэлдэг вэ гэхээр эр эм хоёрын уулзвар дундаас үүсдэг юм, ижий аав хоёрын уулзвар дундаас, бие бие рүүгээ татагдсан хайр сэтгэлийн дундаас үргэлжилдэг юм. Тэрний гол хүч нь, хамгийн хүндлэн дээдэлж орой дээрээ залж явах ёстой бурхан нь ээж юм, өөр хэн ч биш гэж хэлэх гээд баахан юм нуршлаа. Өршөөгөөрэй. Хүн төрөлхтний гол бэлгэ тэмдэг бол ээж. За ийм байна, ижийгээ урт наслаасай, удаан жаргаасай гэж гуйгаарай. Би ижийгээ хайрлая гэж өөрөөсөө гуйгаарай. Хамгийн зөв гуйлга бол энэ шүү. Баярлалаа.