“Бодлууд” номонд орсон “Яармаг” нийтлэлээ хүргэж байна. Таван жилийн өмнөх энэ байдал өөрчлөгдөөгүй л байна. Уг нь өөрчлөх, шийдэх боломж байгаа, тэр боломжийг атгаж байгаа хэсэгт харамсалтай нь хүсэл, сэтгэл дутаад байх шиг.  

Хоосон эмзэглэлээс бодит үйлс рүү шилжье



Сэтгэл эмзэглүүлсэн мэдээ

Миний өссөн газар – Яармаг. Аав, ээж минь одоо ч тэндээ амьдарч байгаа. Тэд маань нас өндөр гарсан ч, дассан газрын даавуу зөөлөн гээд тэндээсээ холдох нэг л дургүй.

Шөнийн дөрвөн цагт утас дуугарч, дүү маань “Яармагт түймэр гарчээ, аав, ээж гайгүй байгаа даа” гэсэнд мэгдэж тэдэн лүүгээ яаран залгавал эсэн мэнд. Түймэр тэднээс холгүй гарч хүмүүс эндсэн мэдээ сонсогдлоо. Сэтгэл үймэрч, эмзэглэнэ. Хоосон эмзэглэж суухаар нэг юм хийе гэвэл дүү зөвшөөрч гамшигт өртсөн хүмүүст боломжоороо туслахаар болов.

Гэр хорооллын байдал цаашид ч гамшиг авчирч, уршиг тарих нөхцөлийг бэлээхэн бүрдүүлчихсэн байгааг бүгд мэдсээр хирнээ хоосон эмзэглэж, цэцэрхэж сууна. “Гэр хороолол агаарын бохирдлын гол эх үүсвэр”, “гэр хороолол гэмт хэргийн үүр уурхай”, “гэр хороолол хотын өнгө үзэмжийг гутаагч” хэлэхгүй муу үг байхгүй, ам амандаа шаагилдацгаана.

Үнэхээр Яармаг хотын төвөөс долоохон км зайд орших хирнээ аймгийн төвийн дайтай тохижилт, суурьшилтайгаар 70 жилийг элээж байна. 1945 онд нурам байсан Берлин хот(4 сая хүнтэй) 15 жил хүрэхгүй хугацаанд шинэ хот болсон байхад 40 мянга орчим хүнтэй Яармаг маань дайны хөлд дайрагдаагүй хирнээ бахь байдгаараа үлджээ.

Хий үзэгдэл

“Хий үзэгдэл Европоор тэнүүчилж явна. Коммунизмын хий үзэгдэл...” гэж К.Маркс бичиж байсан шиг “Хэлж ирэхгүй, хийсэж ирэх гай гамшиг гэр хорооллоор тэнүүчлэн, хариуцлагагүй, хэнэггүйн орон зайг анаж байна. Хоцрогдлын хий үзэгдэл!”. Гэр хороолол иргэншлийн наад захын шаардлагыг хангахгүй гэдэг дээр маргах хүн одоо нэгэнт үгүй болжээ. Нийтлэлч Б.Очирын бичсэнээр гэр хорооллын мянган өрхөд нэг “хүйтэн усны крант” оногдож, “халуун усны крант” олдохгүй байхад утаагүй түлш санаачлагчийн сууцанд халуун, хүйтэн усны 6 крант, хоёр суултуур, хоёр шүршүүр ногдож байх юм. Надад гэр хороололд амьдарч байгаа хүмүүсийн сэтгэлгээний хүлээс учирч байгаа гамшгуудаас хамгийн их нь гэж бодогддог.

Өнгөрсөн зууны гучаад он гэхэд германы олонхи иргэд гэр хорооллоос ялгарах зүйлгүй нийтийн сууцнуудад амьдарч байжээ. Зарим талаараа гэрээс долоон дор. Дундын жорлон, ариун цэврийн нөхцөл, үнэр танар. Нэг нь чангахан дуугарахад байраараа давхийн цочно. Ийм байдалд амьдарч байсан германчуудын сэтгэхүйг шинжилсэн психоаналитикч Вильгельм Райх нэгэн дүгнэлт хийсэн нь тухайн цагтаа шуугиан тарьж, хожмын их өөрчлөлтүүдийг үүдсэн ажээ. Гэр орондоо тав тухтай байж чадахгүй, эхнэр нөхөр хоёр дотно харилцаанд чөлөөтэйхөн орж амжихгүй удсанаас олонхийнх нь сэтгэхүй хүлэгдэн баглагдаж, уур цухал нь овоорон ёстой л галзуурахад ганц хуруу дутуу төлөвт орсон байж. Гадныхан монголд ирээд яг ийм агуулгаар олон зүйл асуудаг. “Монгол гэрт бүх зүйл ил юм. Эхнэр, нөхрүүд яаж учраа олдог вэ?” гэж ч байх шиг. Монгол гэр дэхь эр эмийн харилцааны асуудлаар Н.Михалков “Уурга” гэж кино хийгээд том шагнал хүртэж байлаа. Тэр кинон дээр монгол хосууд гэртээ боломжгүй болохоор тал хээр газар учраа олдог бөгөөд энэ үед нь хүн цочоохоос сэргийлж уургаа газар хатган дохио өгдөг гэсэн санааг тойруулан үйл явдлаа зангиджээ.

Манай гэр хорооллын оршин суугчдын сэтгэхүйд гучаад оны германчуудын төлөв байдал нүүрлээд байгаа нь нууц биш. Энэ бол асуудлын хамгийн эмзэг тал. Үүнийг хэн ч ярьж бичдэггүй. Гэтэл нийгэмд хүмүүсийн сэтгэл зүйн төлөв байдлаас олон юм хамаардаг бус уу. Гэр хороололд Улаанбаатарын нийт өрхийн 58 хувь, хүн амын 70 орчим хувь амьдарч байна. Ажилгүйчүүдийн 73 хувь нь гэр хороололд амьдрагсад гэнэ.



Мөнгө цөлмөх төслүүд

2000 оноос хойш гэр хорооллыг алдар нэр горилох, мөнгө цөлмөх хэрэгсэл болгох хөдөлгөөн эрчимтэй өрнөлөө. Сайжруулсан зуух, шахмал түлш, цементэн гэр, бохир, цэвэр усны шугамтай гэр хороолол гээд зүсэн зүйлийг санаачлан хандивлагчдаас болон татвар төлөгчдөөс зулгаасан мөнгөний хэмжээ 50 тэрбум хол давав. Утаа өчүүхэн ч багассангүй, нөхцөл огт сайжирсангүй. Ядуурал, ажилгүйдэл, өвчин зовлон нэрвэж дээр нь түймэр нэрмэв. Гэр хорооллыг барилгажуулах гэсэн олны хүслийг ашиглан ХЗХ байгуулан луйвардах явдал ч гарсан.

Гэр хорооллын асуудлууд овоорохын хирээр төсөл санаачлагчид цулайж, төрийн захиргааныхан унах мөнгөнөөс нь хүртэх хувиа тооцоолно. Бүх гайхамшигт төслүүд нэг томоос том дутагдал агуулжээ. Бүгдээрээ гэр хорооллыг газартай нь хадахыг чухалчилдаг.

Утаагүй түлш, сайжирсан зуух үр дүнгээ өгчээ гэж мөрөөдье. Халуун ус, цэвэр ус, бохирын шугам, ая тух, сэтгэл зүйн таатай орчин гээд илүү чухал асуудлуудыг яах юм бэ? Хэн юугаар шийдэх юм ? Тэд чинь утаа шиг замхраад алга болохгүй шүү дээ.

Ганцхан Улаанбаатар л утаатай юу?

Гэр хорооллыг адлахдаа ганц л зүйлийг онцолж яриад байдаг. Утаа. Гамшгийн байдалд хүрлээ л гэнэ.

Туркийн нийслэл Анкара. Уулсын дунд оршдогоороо утаанбаатараараа дуудуулж буй нийслэлтэй минь адилхан. Далаад оны дундуур тэнд бас л утаа, шаардлага хангахгүй сууцны асуудал босож, бас л мөнгө цөлмөгчид дайраад өнгөрчээ. Туркчууд шахмал түлш, сайжруулсан зуух мэт нь асуудлыг шийдэхгүйг ойлгов. Цор ганц шийдэл байгааг олж харав. Нураасан хашаа хорооны буурин дээр тохилог сууц босгоод газрыг эзэмшиж буй айлд орон сууц олгов. Анкара цэлмэг хот болж, цэцэглэн хөгжлөө.

Рио де Жанейро. Бразилчууд бас л орон сууцжуулах аргыг сонгосны үр дүнд дэлхий хамгийн том хотуудын нэг тулгамдсан асуудлаа шийджээ. Нарны хот гэх зэрэг хотхонуудыг бий болгон ядуусыг орон сууцжуулсан. Хожим өөр үр дагавар гарахыг харин тэд тооцоогүй юм билээ. Ядуусыг сууцтай болгосон ч ажилтай болгож чадсангүй. Ажилгүй, ядуу хүмүүсийн бөөгнөрөл нь гэмт хэргийг гааруулав. Нарны хот хүн зүглэхээс айдаг хороолол болж хувирчээ. Энэ тухай урнаар өгүүлсэн Бразиль киног уншигч та санаж байгаа байх гэж найдаж байна.

Куала Лумпур. Малайзад орон сууцжуулах хөтөлбөр эрчимтэй явагдав. Нэг төрлийн алдаа гарлаа. Эзэнгүй, хоосон газар барьсан сууцнууд нь эзнээ олох гэж зовов. Газрын маргаан хийхгүй гэж амарчилсан нь цаг ямагт төв рүү тэмүүлдэг хэрэглэгчдийн эрэлттэй давхацсангүй. Зах зээл эрэлт, нийлүүлэлтдээ л хөтлөгдөхөөс хотын захиргааныханд захирагддаггүй аж.

Гэхчлэнгээр Марокко, Мехико, Энэтхэг гэх мэт улсууд асуудлаа хэдийнээ шийджээ. Тэдний алдаа, оноо өнөөдөр бидэнд бэлээхэн сургамж болно.

“Аман хуур” ба бидний туршлага

Монголчуудад ч бэлэн туршлага бий. Орон сууцжуулах анхны давлагаа 60-аад онд эхэлжээ. “Аман хуур” гэж монгол хүн бүрийн мэдэх кинонд энэ тухай хошиноор өгүүлдэг. Киноноос тодорхой болох шийдэл нь шавар тагзны айлыг шинэ баригдсан сууцанд шилжүүлнэ. Орон сууцны хангамж сайнгүй байсан учраас хоёр айл нэг сууцанд хуваарилагдах ба Соном өвгөний аз гийхэд хөршөөр нь хүргэн болох залуу ирнэ. Сууцанд шилжигсэд бүтээн байгуулалтадаа өөрсдөө гар бие оролцох бөгөөд тэдний төлөөлөл нь ирээдүйн хүргэн хүү байдаг.

Дараачийн давлагаанууд Сансар, комбинат, 3, 4-р хороолол, 1, 13-р хорооллуудыг бий болгож өчнөөн өрхийг баярлуулсан. Би л гэхэд талийгаач Л.Энэбиш даргын шийдвэрээр 11-р хороололд орон сууцаар шагнагдаж, магнай тэнийж явснаа хэзээ ч мартдаггүй. Самбо бөхийн Холбооны даргаар хотын дарга Л.Энэбиш сонгогдоогүй бол байранд орох хугацаа минь хойшлох л байсан байх.

Улаанбаатарын эргэн тойронд буй сул, өртөггүй газруудад орон сууц бариад тийшээ гэр хорооллынхныг шилжүүлчихье гэдэг бол малайзуудын алдааг давтъя гэсэн санаа. За, шилжчихлээ гэхэд Яармагаас нүүсэн Дамбын хашаанд Увсаас орж ирэх Балдангийнх суурьшина. Гэр хороолол байгаагаараа үлдэж, нөхцөл байдал хэвээр үргэлжилнэ.

40 000 айлын орон сууц яагаад удааширна вэ?

90 оноос хойш засаг төрийн хэмжээнд гэр хорооллын асуудлыг дорвитой авч үзсэн явдал бол Ардчилсан намын 40 мянган айлын сууц хөтөлбөртэй салшгүй холбоотой юм аа. Энэ нь монголчуудын төдийгүй гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхлыг татжээ. Солонгос, хятад, орос, америк гээд барилгын салбарыг онилогчид тодров.

Гадаадын хөрөнгө оруулагчдаас тавьж буй саналууд, тэдний үйл хөдлөлийг харж байхад гурван бүлэгт хувааж болмоор.

1. Том хэмжээний хорооллыг өөрсдийн хөрөнгөөр босгочхоод засгийн газраас мөнгөө нэхэж аваад явчих сонирхолтой бүлэглэлүүд. Тэд борлуулалтын асуудалтай зууралдахыг хүсэхгүй. Үр дүнд нь төрийн оролцоо - гажуудал, завхрал, алдагдал, шамшигдууллыг авчрах нь гарцаагүй. Төр бол хамгийн муу менежер. Дарамт нь татвар төлөгчид дээр л бууна. Солонгос голдуу хөрөнгө оруулагчид ийм сонирхол илэрхийлж, хөөцөлдөж, амжуулж явна.

2. Хууль эрх зүйн орчин тогтвортой, баталгаатай байвал урт хугацааны зээл, моргэйж, ипотекийн зарчмаар хөрөнгө оруулах сонирхолтой бүлэглэлүүд. Америк, Малайзын хөрөнгө оруулагчид үүнийг эрхэмлэж байна. Түрүүчээсээ Stoneleigh international компани Гандирс хорооллыг моргэйжээр барих саналаа гарган, шав тавьсан байгаа. УИХ моргэйж, ипотекийн хуулийг нь баталж өгөхгүй байгаагаас удааширсан. Шүүх дамжин сунжралгүй, гэрээний нөхцөлөөр маргаанаа хурдан шийдвэрлэх боломжийг хуулиар баталгаажуулаагүй нөхцөлд моргэйж, ипотек хөрөнгө оруулагчдадаа эрсдэлээс өөр юу ч авчрахгүй байх магадлалтай. Иймд яаралтай хуулиа гаргах хэрэгтэй болж байна.

3. Хотын дарга нарыг аргалж байгаа жоохон газар авч түүн дээрээ нэг, хоёр байшин бариад, хэд нугалан зарах сонирхол бүхий жижиг хөрөнгө оруулагчид. Бага орлоготой иргэдэд авилгын зардлаа шингээсэн тэдний үнэ давшгүй даваа. Ийм бүлгийнхний дунд солонгос, чехийн луйварчид шургалсан нь олонд тодорхой болсон. Энэ бүлэглэлд хамаарах хөрөнгө оруулагчид асуудлыг дорвитой шийдвэрлэхэд туслаж чадахгүй. Оргүйд орвол охинтой нь дээр гэх хэмжээний л юм даа.

Аль ч бүлэглэлд учирч буй дарамт бол төрийн түшээдийн увайгүй зан, нэхэж буй авилгын хэмжээ. Эхний бүлэглэлийнхэн үүнийг сайтар тооцож байгаа учраас авилгачдад өөрсдөд нь ачааг нь үүрүүлээд алга болох сонирхолтой. Тэр утгаараа илүү хорлонтой.

Би барилгын салбарт хөрөнгө оруулахаар сонирхож буй гадныхантай цөөнгүй уулзсан. Бүгд л “Байшин барих бол технологи хөгжсөн одоо цагт ямар ч хүндрэлгүй. Баталгаатай төсөлд оруулах сул мөнгө дэлхий дээр өчнөөн байна. Ганцхан асуудлыг өөртөө ашигтайгаар шийдэх гэсэн төрийн түшмэдүүд чинь хүндрэл болж байна” гэдэг.

Эцсийн эцэст Яармаг, Дэнжийн мянга, Ганданд суугаа хүмүүсийн хүслэнд авилгач түшмэд тээг болж зовлонг уртасган, хөгжлийг удаашруулж байна.

Монгол шийдэл

“Аман хуур” киноноос харахад 40, 50 мянгатыг хятадуудын оролцоотойгоор монголчууд өөрсдөө босгочихжээ. Газраа чөлөөлсөн айл, дээр нь барьсан байранд орно, барилгадаа ажиллах хүчин болно. Монголд тохирох шийдэл биш үү?

Шинэ зүйл гэдэг сайтар мартагдсан хуучин зүйл байдаг. Хийж байсан, хэрэгжүүлж чадсан менежментээ сэргээе! Яармагийн хашааны газар дээр тохилог сууц босгоод хашааны эзэнд сууц өгье. Өртөг нь авилгалд өгөх мөнгөнөөс хамаагүй хямд, түвэг чирэгдэл ч бага. Хашааны эздэд өгөөд үлдсэн сууцаа сууцаа урт хугацааны зээлээр худалдах боломжийг хуулиар бүрдүүлье.

Ажиллах хүчний асуудлыг давхарт нь шийднэ. Одоо барилгын салбарт ажиллаж буй хүмүүсийн талаас илүү нь гадных тэр дундаа хятадууд байна. Өөрсдийгөө яая гэж байж гадныхныг тэжээх хэрэг юун. Барилгын компаниуд монгол хүн барилга барьж чадахгүй гэх маягийн тайлбар хэлдэг юм. Аргагүй шүү дээ. Зааж өгөөгүй юм чинь. Энгийн хялбар ажлыг ч дөр суулгаж, сургахгүйгээр хийлгэх хэцүү. Хуучин барилгын ТМС гэж байхад төгссөн хүмүүс өнөөдөр монголын барилгыг авч явж байна. Тэгэхээр барих байшингуудынхаа дэргэд барилгын ТМС-ээ эхлээд босгоё. Гэр хороололд амьдарч байгаа 100 илүү мянган ажилгүйчүүдээс сургалтын зардлыг нь даагаад бага зэрэг стипенд өгөх замаар суралцагчаа, ирээдүйн ажилчнаа бэлтгээд авчихвал лавтай 150 мянга орчим мэргэжилтнүүдтэй болоод авна. Одоо хашааны буланд шүлсээ хаяад, юу хийхээ мэдэхгүй зогсож байгаа залуусын сэтгэлд солонгос явж байрны мөнгө хийх бодол эргэлдэн байдаг. Виз гаргуулах гэж чирэгдэл болохгүйгээр эх нутагтаа байраа бариад, цалингаараа авах боломжийг бүрдүүлээд өгвөл харийг зорих сонирхол хэнд ч төрөхгүй.

Орон сууцжуулаад дуусчхаар тэр олон барилгачнаа яах юм? гэж цайлган нэг нь асууж байдаг. 40, 50 мянгатын барилгууд ширүүхэн доргилтод нурахад бэлэн болсон. “Аман хуурын” хоёрдугаар анги хийгдэх дөхсөн шүү дээ.

Их хурал, засгийн газар эрх зүйн баталгаа, зохицуулалтыг сайн хийгээд өгчихвөл ертөнц дээр сул мөнгө өчнөөн. Түүгээр иргэдээ орох оронтой, хийх ажилтай болгочих боломж байна. Гагцхүү иргэдээ эн тэргүүнд бодох иргэний зориг улс төрчдөд, эрх баригчдад хангалтгүй байгаагаас өөртөө мөнгө унагах гэсээр цаг барж, хөрөнгө оруулагчдыг үргээж байгаа бус уу.

Монгол шийдлийг ахин тоймлон бүдүүвчилж үзүүлье. Гэрт байгаа айлаас газрыг нь байраар солих нөхцөлөөр тохирч аваад, ажилгүй суугаа өрхийн гишүүдээс барилгын ТМС-д сургаж барилгачин болгоод орон сууцжуулах, ажилгүйдлийг арилгах хоёрыг хамтад нь шийдье. Орчин үеийн барилага нь үйлдвэрлэл, технологийн дэвшил. Газар дээр нь үйлдвэрлээд, өрөөд, босгоод байдаг болчихсон. Мэргэшсэн ажилтан шаардлагатай.

Үлдсэнийг нь урт хугацааны зээлээр сууцтай болох нөхцөлийг бий болгоод бүгдийг орон сууцжуулъя. Үүнээс өөрөөр утаа хоцрогдол хоёрыг ялах мэх байхгүй.

Яармаг маань дээр цагт наадмын зүлэг ногоон дэвжээ байжээ. Улс төрчдийн иргэдээ гэх сэтгэл дийлвээс Яармаг жаргалант амьдралын дэнж, тохилог хотхон болох цаг бий гэж найдна.

2007.01.29