2007 оны долдугаар сарын 26-нд энэ нийтлэлийг бичиж байлаа. Баялгийн хараалын тухай хэчнээн сэрэмжлүүлж ярьж бичээд ч нэмэргүй тэр л зам руу явсаар байна.

Баялаг хараал уу, ерөөл үү?

Баялгийн хараал


“Баялгийн хараал” гэж нэрлэсэн хүчин зүйл байгалийн баялагтай орнуудыг дайрдаг гэсэн санааг Ж.Соросын санаачилгаар хэвлэсэн шилдэг эдийн засагчдын бүтээлийн товхимолд (“Escaping the resource curse” 2007) дурджээ. Байгалийн асар их баялагтай 36 улсыг судлаад 34 нь нэн ядуу байгаагаас тэд ийм дүгнэлт хийсэн байна. Монголчууд бид ч энэ дүгнэлтээс нэг их гажсангүйг түүх харуулна.

1920 он. Сэцэн хан аймаг.Хөвчийн Жонон вангийн хошуу. “Балт минь сайн газарчлаарай. Газарчин Балтын зүтгэлээр алт олж чадвал Жонон вангийн хошуу байтугай Сэцэн хан аймаг даяараа, сохор гуйлгачин хүртэл баяжна”

Хошуу ноён нь газарчин Балтыг алтны оросуудтай явуулахын өмнө ийн захив. Энэ бол “Төөрсөөр төрөлдөө” кинонд бууж үлдсэн баримт.

1972 он. “Эрдэнэт” үйлдвэрийг оросуудтай хамтарч ашиглахын өмнө МАХН-ын Улс төрийн Товчооноос “Дэлхийд аравт орох энэ үйлдвэр ашиглалтад ороод бид коммунизмд орж хутга тавилгүй мах иднэ” гэж сурталдав. Ядаж Эрдэнэт хот гайхахаар хөгжилд хүрсэнгүй.

1996 он. Тамсаг булаг. Ерөнхийлөгч П.Очирбат шинэхэн дээлэндээ тос нялж шоудангаа “Хай, ингээд монголчууд баяжив аа” гэж тунхаглав. Тамсагаас холгүй Матад сумын төв гэж яайжийсан хэдэн байшинтай хүн ам цөөнтэй, гэрэл гэгээ ч үгүй сум байна. Нефтийг нь хятад руу зөөсөөр л...

Үе үеийн ноёдууд ингэж ухуулж байгаад гадныханд ашигт малтмалаа өгч байсан ч ард түмэнд юу ч нялзаж байсангүй. Өчнөөн уурхай баялаг байгаад иргэдийнх нь 70 орчим хувь ядуу байгаа нь үүний илрэл биш үү? Цөөн тооны эрх мэдэлтнүүд л хагартлаа баяжаад, баялаг минь гадагшаа урсдаг нь жам болов. Бороо Гоулд, Цайрт минерал, Нарийн сухайт бүгд энэ жишгээс гажсангүй. Одоо Оюу толгой, Таван толгой дахь асар их баялгийг Улсын Их Хурлаар оруулж батлуулаад араас нь оруулахаар яаруулж байна.

Өнөө үед дэлхий дээр газрын баялаг дахь алт, мөнгөнөөс илүүтэй эрчим хүчний түүхий эдийг чухалчлан үзэж байна. Нефть, нүүрс бол газрын баялаг гэхээсээ эрчим хүчний эх үүсвэр юм.

Эрчим хүчний хямралууд

Эрдэмтдийн тооцоолсноор дэлхийн эрчим хүчний 38 хувийг хангаж буй нефть 60 жилийн дараа дуусах гэж тооцоолжээ. Эрчим хүчний таван томоохон хямрал тохиолдсон нь бүгд нефтитэй холбоотой. Үүнээс хоёр удаагийнх нь Иракт гарчээ. 1990 онд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бейкер монголд айлчилж байтал Иракууд Кувейт руу дайран орох нь тэр. Ж.Бейкер айлчлалаа зогсоон санд мэнд буцсан бөгөөд нефтийн гурав дахь том хямрал ийнхүү эхэлжээ. /Бид бодохдоо ертөнцийн хязгаарт байгаа хоёр улсын асуудал энэ хүнд ямар хамаатай билээ гэж бодсоор хоцорсон./

Венесуэль (нөөцөөрөө 6-рт ордог) зэрэг нефтийн ихээхэн нөөцтэй орнуудад авторитар дэглэм тогтсон нь хямралыг гааруулж, урьдчилан төлөвлөх боломжгүй нөхцөлийг бий болгоод байна. Хятад, Энэтхэг зэрэг улсад эдийн засгийн өсөлт гарч байгааг дагалдан эрчим хүчний хэрэгцээ нь өссөөр байна. Одоо тэгээд нефть дуусахаар яах вэ?

Ирээдүйн түлш

Нефть дуусчхаар амьдрал зогсчих юм шиг сэтгэх хэрэггүй. Нүүрс гэж эн тэргүүний орлогч байгаа юмсанж. Аль 1923 онд Германы эрдэмтэд Фишер, Тропш нарын туршилтаар нүүрснээс шингэн түлш /CTL/ гаргаж авч болох туршилтыг нотолсон байна. Хямд, хялбар энэ технологийг Гитлер онцгой анхаарч, Дэлхийн хоёрдугаар дайны үед Германы хуягт танкууд энэ шингэнийг хэрэглэжээ. Тэр үед Японд ч CTL -хэрэглэж байв.

“АНУ-д В-52 стратегийн бөмбөгдөгч онгоц нүүрснээс гаргаж авсан шингэн түлш (CTL) хэрэглэх туршилтыг амжилттай хийлээ” гэсэн мэдээ цацагдсанаар нүүрс стратегийн бараа болов. Пентагон 2016 он гэхэд америкийн нисэх хүчний онгоцнуудын 50 хувийг ийм төрлийн түлшээр ажиллуулах зорилт тавьжээ. 2008 он гэхэд Пентагон 400 сая литр CTL үйлдвэрлэхээр шамдаж байна. CTL нь дизель түлшнээс дөрөв дахин хямд юм байна. Ингээд нүүрс л хамгийн найдвартай эх үүсвэр боллоо гэдгийг дэлхийд тодорхой боллоо. Гэтэл монголд “арван жилийн дараа нүүрс үнс болох юм” гэсэн мунхруулга ид хүчээ авч байдаг. Муу ёр уу?



Их гүрнүүд ба эрчим хүчний стратеги

Их гүрнүүд эрчим хүчний нөөцийн асуудалд туйлын ултай, хашир хандаж байна. АНУ гэхэд өөрийн нутагт байгаа нефть, нүүрсний ордуудыг бараг ашиглахгүй байгаа. Тэд зайлшгүй ирэх “хар өдрүүдэд” баялагаа нөөцөлж байна. Өмнөд хөрш маань нүүрснийхээ нөөцөөр дэлхийд гайхагддаг ч ашиглах гэж яарахгүй байна. Монголд сул шахуу үнээр авчих асар их нүүрс байхад яарах юун.

Хойд хилийн цаана Тувад Элээтийн орд, Сахад Эльгиний орд гэж мөн л Тавантолгойгоос дутахааргүй ордууд нээгдсэн ч “үнс болчхоос өмнө зараад авъя” гэж яарахгүй л байна. Тэд муу ёрлосонгүй. Оросууд маш их хэмжээний коксжидог нүүрс, Ж маркийн ховор чанар бүхий нүүрстэй эдгээр ордыг 2012 оноос л ашиглая гэж шийджээ. Тэд яагаад алгуурлана вэ?

Дэлхийн дайнууд урьд өмнө нь материал баялгийг хомсдол, үзэл суртлын ялгаа, эдийн засгийн хямрал зэргээс үүдэж байсан. Одоо бол эрчим хүчний хэрэгцээнээс үүдэж л дайн гарах нөхцөл үүсээд байна. Эрчим хүчний найдвартай эх үүсвэр, нөөцийг эзэмшсэн технологи, эдийн засаг, цэргийн хүчин чадал бүхий улсууд л санаачлагыг атгах болно.

Үүнийг алсаас харж, тооцож байгаа их гүрнүүд стратегиа хэрэгжүүлж эхэлжээ. Америкчууд бусдаас түрүүлж хөдөлсөн байна. Иран–Иракийн дайны үеэс Саддам Хусейнд дэмжлэг үзүүлж түүний дарангуйлагч болох замыг засаж байгаад том Бушийн үеэс Саддамыг “хадны мангаа” болгож харагдуулсаар бага Бушийн / Бушийг эцэг, хүү гэдгийг бид сайн мэднэ./ үед “нугаслаж” улмаар Иракийн нефтийг (нөөцөөрөө дэлхийд гуравдугаарт орж буй) хянах боломжийг олж авчээ. Үүгээр ч зогсохгүй Оросын нутаг дээрхээс бусад нефть дамжуулах хоолойнуудыг америкчууд хяналтандаа авч чадлаа. АНУ бодлогоо дэлхийд тулгаж чадаад байгаагийн хүч нь энэ.

ОХУ гэхэд нефть олборлолтоороо долдугаарт ордог чамлахааргүй нөөцтэй ч баялагаа үр дүнтэй ашиглах үүднээс хүчин чадал, нөөц боломжоо нэгтгэж төвлөрүүлж чадлаа. Тэд 1993 онд байгуулагдсан Газпром Хувьцаат компанийн төрийн мэдлийн хувьцааг 51 хувьд хүргэж, төрөөс гадаад, дотоод бодлогоор дэмжсэний үр дүнд өөрийн хөрөнгөний хэмжээгээр Микрософтоос давж гарсан том компани болгожээ. Газпромд 400-аад мянган хүн ажиллаж байгаа бөгөөд төрийн мэдлээс гадуурх хувьцаа эзэмшигчдийн тоо 500 мянгад хүрээд байна. Ажиллагсдын дундаж цалин 15 мянган ам.доллар.

В.Путин сонгуульт хугацаагаа дуусгамагц Газпромын Ерөнхий захирал болохоор бэлтгэж байгаа нь одоо нууц биш болжээ. Д.Медведев /ОХУ-ын дараагийн ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа /Улс орны эдийн засгийн 40 хувийг дангаараа эзэлж байгаа компанийг удирдана гэдэг Оросыг удирдсаар байна аа л гэсэн үг. Оросууд Путиныг гурав дахиа сонгох хүслээ ийм замаар биелүүлж байх шиг. Тэд АНУ-ыг сөрөх холбоотноороо Европыг сонгож Германы канцлер асан Г.Шрейдерийг компанийнхаа зөвлөхөөр авчээ.

Урд хөрш нефть багатай болохоор нүүрсэнд ач холбогдол өгч байна. “Триллион юань буюу 128 тэрбум ам.долларыг CTL үйлдвэрлэхэд зориулахаар боллоо” гэж Үндэсний Хөгжил, Шинэчлэлийн хорооноос мэдээллээ. Төслийн зорилго нь 2020 он гэхэд 30 сая тонн CTL, 20 сая тонн DME (диметилийн эфир) гэсэн түлшнүүдийг нүүрснээс гаргаж авахад орших юм. Энэ зорилгоор аж үйлдвэрийн долоон районд нүүрснээс шатахуун гаргах том хэмжээний үйлдвэрүүд барих болно. Шинжаанд барих үйлдвэр нь 10 сая тонн CTL гаргах бол Өвөрмонгол дахь үйлдвэр 10 сая тонн метанол гаргах чадвартай юм байна. Мөн Өвөрмонголд таван сая юаны зардлаар зүүн хойд муж Ляонин руу хоолой татаж байгаа бөгөөд түүгээр шингэн түлшээ зөөвөрлөх гэнэ. 2006 оны долдугаар сард Хятадын Засгийн газар нүүрснээс жилд гурван саяас доош тонн шингэн түлш гаргаж авах үйлдвэрт зөвшөөрөл өгөхгүй гэж мэдэгдэв.

Хятадын Засгийн газар нүүрсний салбар дахь бүх боломж, хүчийг нэгтгэж Шинхуа хэмээх компанийг байгуулсан нь Оросын жишгийг дагасан хэрэг. Шинхуа нь байгуулагдсан даруйдаа дэлхийн нүүрсний “мангас” гэгдэх АНУ-ын Peabody–той зиндаархаж байна.

Хятад дэлхийд хамгийн томд орох армитай ч АНУ-ын Батлан хамгаалах яамны үнэлгээгээр байлдах чадвар султай орон ажээ. Учир нь хятадын нефтийн нөөц хоёр сарын хэрэглээг хангах төдий юм. Ийм нөхцөлд дайнд орвол хоёр сар болоод бүх зэвсэг техник нь зогсоход хүрнэ. Нефтээр тасралтгүй хангах боломжийг нь АНУ хаачихсан. Тэдний мэдэлд бүх нефть дамжуулах хоолой байгаа шүү дээ.

Эрчим хүчний нөөц гэдэг ийм хүчтэй. Энэ бол стратегийн зэвсэг. Уго Чавес их гүрнүүдтэй мөчөөрхөн цор цор хийгээд яваагийн тулгуур нь дэлхийд долоод орох (Орос, АНУ-аас ч их) нефтийн нөөц нь юм.

Стратегийн ордуудад стратеги дутагдаж байна

Стратегийн орд газруудын жагсаалтад Тавантолгой хамгийн түрүүнд багтжээ. Гэтэл уг ордыг эзэмших асуудлаар байгуулах гэрээ, ашиглах төлөвлөгөө зэргээс нь ямар ч стратеги үнэртэхгүй байна.

“14:36:50 гэсэн харьцаагаар хувьцааг хуваана” гээд үүнийгээ маш мэргэн шийдэл гэх маягийн сурталчилгаа нэвт явлаа. Үнэндээ бол бизнесийн ашиг орлогын хувьд ч, улс төр, тусгаар тогтнол, аюулгүй байдлын хувьд ч, үндэстний эрх ашгийн хувьд ямар ч ашиггүй, алсын хараагүй, ямар ч стратегигүй шийдэл юм.

36 хувийг авах компанийг олон улсын нээлттэй тендер зарлаж тодруулна гэжээ. Энэ тендерт ялах компани тодорчихсон. Хятадын нүүрсний салбарыг атгагч Шинхуа хэмээх төрийн өмчит, аварга компани. Тендерийн нөхцөлийг тэдэнд тохируулж зарлахаар монголын төрийн түшээд тохирсон гэх агаад хятадууд “урьдчилгаа” мөнгөө тарааж түүгээр нь монголчуудын тархийг угаах ажиллагаа явагдаж буй. Хятадууд 36 хувьтай болсноор сэтгэл ханахгүй, үлдэж буй 14 хувьд санаархах нь ойлгомжтой. Манай 14 олигархид нүүрс ухаад амьдрах чин хүсэл үгүй тул гэрээ байгуулсны маргааш л Шинхуагийн захирлын өрөөнд өөрт ногдох хувиа зарах талаар ярьж суух болно.

Ингээд хятадууд 50 хувийн эрх мэдлээ даруй тогтоож авна. Монголын төр 50 хувийг эзэмшдэг юм гэхэд өөртэй нь эн тэнцүү эрх мэдэлтэй нөгөө талаа хянаж, жолоодож чадах уу? Төрийн мэдлийн “Эрдэнэс Монголиа” компанийн удирдлага хятадуудын цутгах авилга, хээл хахууль, зусардлагыг тэвчээд өнгөрч чадах болов уу?

Бизнесийн алтан дүрэм - 51 хувьтай нь эрх барьдаг юм. Улсын стратегийн нөөц баялаг харийнхны бүрэн хяналтад орчихоор эдийн засгийн тусгаар тогтнол юу болох вэ? Үүнээс улбаалаад улс төр маань хаашаа чиглэх вэ? Тэр цагт монгол үндэстний эрх ашгийн талаар дуугарах боломж олдох болов уу?

Хамгийн гол аюул. Маш их мөнгө (250-300 тэрбум ам.доллар) учраас ардчилал шууд няцлагдана. Сонгууль мөнгөөр шийдэгдэж, ард түмний бус гадныхны эрх ашгийг дээдлэх хүмүүст эрх мэдэл шилжинэ. Тэд бүх сонгуулийг хятадуудын мөнгөөр шийдвэрлэдэг болно. Бүх улс төрчдийг нь худалдаад авсан ч хүрэлцэх мөнгө болохоор сөрөг хүчин байхгүй болж мөнгөний дарангуйлал тогтоно.

Брунейн султан гэх ойгүй баян хүн бол эх орныхоо баялгийг Англичуудад (British Petroleum) эзэмшүүлж, хувь эзэмших замаар эрх мэдэл, баялагт хүрсэн хүн бөлгөө. Ардчилсан улс гэгдэх Англи өөрийнхөө эрх ашгийн төлөө бусад ард түмний эрх ашиг, тусгаар тогтнолыг нулимж чаддаг байхад Хятад яах нь дэндүү ойлгомжтой.

Тэгэхээр стратегийн асуудал маань 14 хувийг өгөх үү, байх уу биш, тусгаар тогтнол, эрх чөлөө, ардчилал монголд байх уу, үгүй юу болоод байна.

Балт шиг хоосон хоцрохгүй юмсан

Газарчин Балт алттай газрыг заагаад амар сайхан амьдралд хүрсэнгүй. Ноёдод адлагдан ууланд гарч, урвагчдын гайгаар мөглөнд сууж, гэр бүл, сайн сайхан бүхнээ алдан улмаар алагдана. “Таван толгойг бидэнд өгчихвөл бүгдээрээ баяжна, үгүй бол үнс болно шүү” гээд байгаа хүмүүс ард олныг Балтын араас явуулах гэж байгаа. Уг нь арван дөрвөн эрхэм бол нүүрс үнс болохгүйг, түүнээс шингэн түлш гаргадгийг сайн мэдэж байгаа, маш өндөр боловсролтой хүмүүс.

Ингэхэд үнс болохоос өөр боломж байхгүй юм уу? Байгаа зөндөө бий. Олох мөнгөндөө урьдчилж согтчихоод, яарч байгаа улстөрчид л яаруулж байгаад бушуухан гэрээгээ хийгээд авахаас өөрийг хүсэхгүй. “Монголчуудад уурхай барих мөнгө байхгүй гэнэ. Ухаад урагшаа зөөгөөд байя л гэнэ” Хэний эрх ашиг гэдэг нь ойлгомжтой. Монголчуудынх л лав биш.

Нүүрсийг ухаад зөөснөөс шингэн түлш болговол жинхэнэ стратегийн орд гэдэг утгандаа дүйх бус уу? Хөрөнгө мөнгө байхгүй гэдэг асуудал биш.

Үнэн хэрэгтээ бол нэгэнт бодитойгоор байгаа, нөөц нь тогтоогдчихсон ордыг хөндлөнгийн шинжээчдээр үнэлүүлээд, тэрүүгээрээ дэлхийн хөрөнгийн биржүүд дээрээс мөнгө босгох боломж байгаа шүү дээ.

Бид нар анх удаа нүүрс ухах гэж байгаа биш. Өчнөөн л нүүрсний уурхай, хангалттай туршлага байна. Шаардлагатай хөрөнгө нь босоод ирэхээр олон улсын шилмэл мэргэжилтнүүдийг хөлслөөд ажиллуулж болно. Оросууд германы канцлерыг хөлсөлж болоод байгаа биз дээ. Технологи, ноу хау, үйлдвэрийн тоног төхөөрөмжийг худалдаж авах нь эх орноо харийнханд худалдахаас илүү хялбар, нэр төртэй хэрэг.

Нүүрсээ зарлаа гэхэд өртөг шингээж баяжуулаад, ангилаад худалдвал нэмүү өртөг нь монголд л үлдэнэ. Гэх мэтээр тал бүрээс нь бодъё, хэлцэе. Яарах хэрэг юу байна. Нүүрс үнс болох цаг хэзээ ч ирэхгүй.

Ямар ч тохиолдолд монголын ард түмэнд ашигтай гэрээг л байгуулах хэрэгтэй. Ирээдүйд бий болох нөхцөл байдлыг, үндэсний эрх ашигт нийцүүлэн тооцож байж л Балт шиг юу ч үгүй үлдэх, үндэстнээрээ үгүй болох бодит аюулыг зайлуулна.

Баялагаа эхэнд дурдсан шиг хараал, ерөөл болгох уу эсвэл хөгжлийг хурдасгах технологи болгох уу гэдэг салаа зам дээр тулж ирлээ. Арван дөрвөн монголын үйл хөдлөлийг ард түмэн анхааралтай харж, хүлээж байна.

Зөв шийдвэр гаргаж ардын баатар болох уу, амиа хичээж амьдралынхаа туршид хараал хүртэх нь үү өөрсдөө шийдэх бас нэгэн салаа зам дээр иржээ.

2007.07.26