Роалд Далийн гайхамшигт түүхүүд 


Роалд Даал бол тагнуулч, байлдааны сөнөөгч онгоцны нисгэгч, шоколад судлаач, эм бүтээгч хүн байв. Тэрээр Чарли ба Шоколадны үйлдвэр, Матилда, Үлэмж Биетэн гэхчлэн олон гайхалтай түүхүүдийн зохиогч юм. Роалд Дал дэлхийн хамгийн шилдэг түүх хүүрнэгч хэмээх алдараа өнөө хэр хадгалсаар буй зохиолч билээ. 


Түүний 4 ном хэвлэгдэн гарлаа.


Матилда


Роалд Дал хүүхдийн ертөнцөд амьдрал ямар байдгийг оюун санаандаа шингээн хадгалж явсаар Матилдагаа бичжээ. Тэрээр хүүхдийн нүдээр амьдралыг харъя гэвэл дөрвөн хөллөж байгаад, дээрээс чинь ширвэн, чиний юу хийхийг заадаг томчуудыг ажиглах хэрэгтэй хэмээж байжээ. Зальхай хүнийг ялан дийлж буй бяцхан Матилдагийн түүх дээрх онолд хамаарна. Матилда бол 1988, 1999 оны Хүүхдийн Шилдэг Ном шагналын эзэн бөгөөд Дэлхийн Номын Өдрөөр долоогоос арван нэгэн насны 15000 хүүхдээс авсан санал асуулгаар хүүхдийн хамгийн алдартай бүтээлээр шалгарч байв. 

Жэймс ба Аварга тоор

Эцэг эх нь гэгээн цагаан өдөр амьтны хүрээлэнгээс оргосон хирсэнд идүүлж орхисон тул Жэймс Хэнри Троттер хүү өнчин үлдээд, хорон санаат авга эгч нартайгаа амьдрах болдог юм. Нэг удаа гэрийнхээ гадаах цэцэрлэгт уйтгарт автан сууж байхад нь нэг хачин жигтэй шидтэн ирж уут дүүрэн ид шид бэлэглэнэ. Тэр ид шидээс нь аварга том тоор ургадаг юм. Авга эгч нар нь тоорыг хүмүүст үзүүлж мөнгө олцгоохоор шийддэг бол Жэймс жимсэн дотор орж, хүнэрхүү болцгоосон аварга биет шавьжнуудтай танилцан нөхөрлөж эхэлдэг юм. Тэгээд найз нартайгаа нийлэн, илүү сайхан амьдралыг хайж олохоор адал явдлаар дүүрэн аянд мордоно. 

Аварга Матар


Аварга матар өдрийн хоолонд юу зооглохоо бодож байна. Голынхоо хамгийн шуналтай, энэ өөдгүй матар ямар нэг шүүслэг, амттан идэхийг хүсчээ. Хурц шүднүүд нь нарны гэрэлд хутганы ир мэт гялбана. Цаг өнгөрөх тусам матар улам ихээр өлсч байна гэнэ. 


Энэ зальт адгуус гэхдээ юу ховдоглон идэх бол?


БОЛГООМЖЛООРОЙ! Матар чамтай тун адилхан хэн нэгнийг хайж явна...

Шидэт хуруу


Грэггийнх бол ан хийж нааддаг гэр бүл. Хажуу айлынх нь охинд энэ явдал огтоос таалагддаггүй, наадаан тоглоом биш харин харгис хэрцгий явдал санагддаг юм. Тэр боловсон охин болохоор Грэггийнхэнд ан амьтан агнахаа зогсоохыг ярьж ойлгуулах гэж оролдсон ч цаадуул нь түүнийг шоолж, дооглон өнгөрүүлдэг юм. Нэгэн удаа Грэггийнхний харгис тоглоом арай хэтэрсэн нь охиныг туйлд нь хүртэл уурлуулна. Тэгээд шидэт хуруугаа тэдний зүг өөрийн эрхгүй дохиж орхидог юм. Грэггийнхэн шувуу болж хувираад, үүрэнд амьдарч, түмэн бэрхшээлтэй учирна. “Шидэт хуруу” түүх дөнгөж эхэлж буй нь энэ.