Эдүгээ орон орны эрдэмтэн судлаачид, ялангуяа эмч нар хүмүүсийн хооллох зарчмын физиологи үндсийг судалсны үндсэн дээр гол төлөв хоол тэжээлийн бодисын хэмжээг хязгаарлахад чиглэсэн махан хоолноос татгалзах, зөвхөн түүхий хүнс, эсвэл өөр зүйлтэй холихгүй дангаар хэрэглэх хоол хүнс идэж хэвших, вегетариан буюу ургамлын гаралтай хүнс (цагаан хоол) грек самар мэтийг  хэрэглэх, мацаг барьж өлсгөлөн байх, хоолны өмнө ус уух, сэтгэхүй, оюуны түвшинд биеийн эд эсээ удирдах буюу оюун санаагаараа хооллох, түүнчлэн хүнсний зүйлийг зөв хослуулан хэрэглэх талаар нийтлэг шинжтэй боловч өөр хоорондоо зөрчилтэй янз бүрийн санал дэвшүүлж байна.

Вегетарианизм буюу цагаан хоолны тухайд


Britannica ширээний нэвтэрхий тольд тайлбарласнаар үр тариа, ногоо, жимс, самар зэрэг зөвхөн ургамлын гаралтай хоол хүнс хэрэглэх онол ба дадлыг вегетарианизи гэж нэрлэдэг байна. Хүмүүсийн  ургамлын гаралтай хоол хүнс хэрэглэх буюу бидний ярьж заншсанаар  цагаан хоолтон болох сэдэл нь:

  • Ёс зүй (амьтны амь таслахгүй)
  • Өөрийгөө удирдах
  • Шашны заншил
  • Байгаль орчин (мал махны үйлдвэрлэлээс гарах хаягдал, бохирдол, өртөг)
  • Эрүүл мэнд
  • Махны хүрэлцээгүй байдалтай холбоотой.

Орчин үед цэвэр  ургамлын гаралтай болон цагаан хоолны дэглэмийн дараах төрлүүд байна. Үүнд:
  • Ургамлын үндэс, үр хөврөл, буурцгийн зүйлээр голчлон хооллодог “Sproutapianism”
  • Янз бүрийн жимс, шүүс, үр, самар, төмс ногоогоор хоолодог “Fruitarianism”
  • 48 хэмээс дээш температурт болгосон хүнс хэрэглэдэггүй “Raw Foodism”
  • Мах, сүү, өндөг, тэр ч атугай зөгийн бал зэргээс эрс татгалздаг “Veganism”
  • Хүнсний ногоо, бас өндгөөр хооллодог “Ovo vegetarianism”
  • Ногоо, сүүн бүтээгдэхүүн хэрэглэдэг ч өндөг иддэггүй “”Lacto vegetarianism”
  • Өндөг, сүү, хүнсний ногоог хамт хэрэглэдэг хамгийн өргөн тархсан “Ovo kacto vegetarianism” зэрэг болно.
Сүүлийн үед дэлхийн орнууд, түүний дотор манай улсад  ургамлын гаралтай хүнс хоол хэрэглэгчдийн тоо нэмэгдэх хандлагатай байгаа талаар мэдээлж байна. Энэ чиглэлийн олон улсын болон үндэсний нийгэмлэг, клуб ч олноор байгуулагдаж махан хоолноос татгалзахыг уриалсан  мэдээлэл, сурталчилгааны ажил идэвхжиж байна. Мэдээлэл, сурталчилгааны гол сэдэв нь хүн төрөлхтөн хоолондоо мах хэрэглэх болсноор өөрийнхөө эрүүл мэндийг хохироогоод зогсохгүй амьтдын амийг хөнөөж нүгэл үйлдэж буйг жигших явдал юм. Ургамлын гаралтай хүнс хэрэглэж заншихыг номлогчдын үзэж байгаагаар мах идэх зуршлаасаа бүрэн татгалзах хүртэл бид хүнлэг энэрэнгүй нийгмийг байгуулж чадахгүй бөгөөд ухамсрын тэргүүн шатанд хүрэх боломжгүй ажээ.  Тэд үүнийхээ нотолгоо болгож Леонардо-Да-Винчийн “Үнэндээ хүн бол адгуус амьтдын хаан нь. Учир нь түүний харгислал хэмжээнээсээ хэтэрчихээд байгаа юм. Бид бусдын үхэл зовлонгоор амьдарч буй. Бид бол шарил хадгалагчид юм...”  гэснийг иш татжээ. Түүнчлэн Жорж Бернард Шоугийн “Бид бүгдээрээ алагдсан амьтдын амьд булш байсан цагт яаж газар дэлхий дээр онц сайхан нөхцлийг хүсэн хүлээх вэ?”  гэснийг бас дурджээ.

 Энэ мэтчилэн ургамлын гаралтай хүнс хоолыг эрхэмлэсэн, махан хоолыг үзэн ядсан олон жишээ баримтыг дурдаж болно. Эндээс дүгнэлт хийж үзэхэд XXI зуун гарчихаад байхад бид махан хоол хэрэглэсээр байгаа нь манай гараг дээр оршин тогтнож буй өндөр хөгжилтэй болон хөгжиж буй   улс орнууд бүхэлдээ хүнлэг энэрэнгүй нийгэмд хүрч чадаагүй, соёл иргэншилд аж төрж амьдарч байгаа 7 тэрбум гаруй хүний дийлэнх нь араатны хэмжээнд хооллож, дэлхийн хүн ам тэр аяараа хүнлэг бус амьдарч байгаа мэт ойлголт төрүүлэхээр байна. Түүнчлэн мал үржүүлж өсгөх, махны үйлдвэрлэл, хэрэглээг дэлхийн дулаарлын гол шалтгааны нэг хэмээн  тайлбарлаж ийм байдлаас гаргах арга зам нь дэлхий нийтээрээ ургамлын гаралтай хүнс хэрэглэгч болж өөрөөр амьдрах явдал хэмээн  уриалах боллоо.

Гэтэл энэ талаар зарим эрдэмтэн судлаачид арай өөрөөр тайлбарлан бичиж байна. Тухайлбал, ургамлын гаралтай хүнсэнд В 12 амин дэм огт агуулагддаггүй, уургийн агууламж харьцангуй бага байдаг бөгөөд лизин, треонин зэрэг үл орлогдох аминхүчлийн дутагдалд оруулдаг аж. Бас зөвхөн ургамлын гаралтай хүнсийг дагнан хэрэглэснээр төмөр, кальци, D аминдэмийн дутагдалд орох магадлал өндөр байдаг. Нөгөө талаар ургамлын гаралтай түүхий хүнсийг хоол боловсруулах эрхтний ферментүүд сайн задалж боловсруулж чаддаггүй. Энэ нь  хүний биеийн болон оюуны өсөлт хөгжилтөд сөрөг нөлөөтэй...

Иймэрхүү харилцан зөрчлийн дунд гадаад орны зарим судлаачид хоол хэрэглээний талаар өөр өөрсдийн саналыг дэвшүүлж байна. Үүнээс хамгийн сүүлд Поль Бреггийн тодорхойлсон хоногийн хоолны бүтцийн зохистой харьцааг авч үзье. Түүний үзэж байгаагаар хамгийн зохистой харьцаа нь хоногийн хоолны 60 хувь нь жимс ногоо, 20 хувь нь уурагт хүнс, 7 хувь нь цардууллаг хүнс, 7 хувь нь цэвэр саахар, 6 хувь нь тос байх ёстой ажээ. Гэтэл энэ харьцаа байгаль, цаг агаарын өөр өөр нөхцөлд байдаг улс орны хүмүүст тохирох уу? Үүний хариулт болгож  цаг агаарын эрс тэс уур амьсгалтай жилийн дөрвөн улиралд таван өнгийн идээгээ зохицуулан хэрэглэж ирсэн  монгол хүний хоол хэрэглээний уламжлал, орчин үетэй харьцуулан авч үзье.
      
Вегетарианизм ба Монголчуудын уламжлалт хоол хэрэглээ

Эрдэмтэн, түүхч, дипломатч Иван Михайловч Майский Орос улсын Центросоюз хэмээх байгууллагын Эрхүү хот дахь конторын судалгааны экспедицийг ахлан 1919 оны хавар Монголд ирж 1920 оны намар хүртэл жил хагас гаруй хугацаанд ажиллахдаа тэр үеийн Монгол орны эдийн засгийн байдал, түүх, хүн амын зан заншил, шашин шүтлэг, нийгэм төрийн тогтолцоо зэрэг өргөн хүрээнд судалгаа хийсний дотор насанд хүрсэн монгол хүний хүнсний хоногийн дундаж хэрэглээг Заяын шавь, Хөвсгөл орчим, Улиастай, Хангилцаг, Ховдыг хамруулан 1918 оны хүн ам, малын тооллогын дүнд тулгуурлан судалжээ. Хүн амын хүнсний хэрэглээний хувьд анх удаа гэж тооцож болох уг судалгааны дүнгээр тэр үеийн монголчууд хүнсний үндсэн хэрэгцээ, илчлэгийнхээ талаас илүү хувийг (55,31%) сүү, цагаан идээ, 20,31%-ийг махаар хангаж байсан бөгөөд хүнсний хоногийн хэрэглээний бүтцэд шар будаа, гурил 10,15-12,8% байжээ. Энэ нь монголчуудын хоол хэрэглээнд сүү, цагаан идээ зонхилж байсныг харуулж байна. Гэхдээ энэ хэрэглээг ургамлын гаралтай хүнсээр биш, амьтны гаралтай, уураг, тосны агууламж сайтай сүү, цагаан идээгээр хангаж байжээ. Ташрамд тэмдэглэхэд манай зарим  ном, хэвлэлд  ургамлын гаралтай хүнсээр хоологчдыг цагаан хоолтон хэмээн нэрлэж ирсэн нь буруу юм.

Манай улс 1981 онд монгол хүний хоол тэжээлийн зохистой нормыг шинжилгээ, судалгааны үндсэн дээр тогтоож, хоол хүнсний хэрэглээний бодит байдлыг үнэлэн дүгнэх, хүнсний талаарх төрийн бодлогоо тодорхойлоход ашиглаж ирсэн билээ. 1997 онд баталсан насанд хүрсэн монгол хүмүүсийн хоол тэжээлийн бодисуудын зөвлөмж хэмжээг тодорхойлж монгол хүн хоногийн  илчлэгийнхээ хэрэгцээг хангахад  мах, сүү, гурил, будаа зэрэг уламжлалт хүнснээс гадна загас, өндөг, ургамлын тос, саахар, чихрийн зүйл, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ зэргийг оруулж эдгээрийг ямар хэмжээгээр хоногт хэдэн удаа хэрэглэх, зохистой харьцааг  “Монгол гэр” загварт оруулан зөвлөмж байдлаар гаргажээ. Гэтэл энэ зөвлөмжийг Поль Брэггийн тодорхойлсон хамгийн зохистой гэгдэх харьцаатай жишихэд ихээхэн зөрүүтэй байгаа нь харагдаж байна. Наад захын жишээ татья. Хэрэв бидний хоногийн хоолны зохистой харьцаанд жимс, ногооны эзлэх жинг 60% болгож физиологийн нормын дагуу хоногт хэрэглэх уургийн хэмжээг 50 грамм хүртэл багасгавал  монгол хүн хатуу өвөл, хахир хаврын улирлыг давж гарах тийм хэмжээний илчлэгээр хангагдаж чадах уу?

Монголчуудын хоол хүнсний хамгийн чухал эх үүсвэр нь амьтны гаралтай хүнс буюу малын мах, сүү байсаар ирсэн болохоор энэ уламжлалт хэрэглээг шууд хязгаарлаж буюу  халуун дулаан уур амьсгалтай нутаг орны хүн амын гол хүнс болсон, манайд тэр бүр байдаггүй ургамлын зүйлээр шууд орлуулж болохгүй нь мэдээж. Учир нь ургамлын гаралтай буюу цагаан хоолтон болох сэдэл талаас нь авч үзвэл манайд махны хүрэлцээгүй байдал урьд ч байгаагүй, одоо ч байхгүй, өргөн уудам нутагтай хүн ам сийрэг тархсан манай нутагт мал, махны үйлдвэрлэлээс болж хог хаягдал, бохирдол зэрэг байгаль орчинд сөрөг нөлөөлөх явдал ч үгүй бөгөөд малын гаралтай хүнснээс татгалзах шашны номнол, заншил, ёс зүй ч үндсэндээ байхгүй билээ. Нөгөө талаар эх газрын эрс тэс уур амьсгалтай сэрүүн бүсэд багтах  манай орны байгаль, газар зүйн онцлогийг хүн амынх нь  хоол хэрэглээтэй холбон үзэх зайлшгүй шаардлагатай.  Иймд манай орны хувьд уламжлалт хоол хүнсээ орчин үеийн шаардлагад нийцүүлэн зөв зохистой хослуулан нэр төрлийг нэмэгдүүлж харилцан зохицлыг хангах явдал нэн чухал гэж судлаачийн хувьд үзэж байна.

Үүнтэй холбогдуулан ургамлын гаралтай хүнсээр дагнан хооллох  нь улс үндэстэн бүрийн хувьд заавал хэрэглэх нийтлэг дэглэм , бас нэгдсэн номнол биш бөгөөд үүнийг бусдад  тулган хүлээлгэх буюу ятган сэнхрүүлэх шаардлагагүй юм.  Харин хооллолтын энэ дэглэм нь тухайн хувь хүний өөрийн сэдэл, эрүүл мэнд, өөрийгөө удирдахтай холбоотой сонголтын асуудал гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. 

Нөгөө талаар дэлхийн дулаарлын гол шалтгааныг махны үйлдвэрлэл, хэрэглээтэй шууд холбохоосоо илүү хүн бүр байгаль орчноо чин сэтгэлээсээ хайрлан  хамгаалах, ой мод тарих, хот суурин, гэр орчны газраа цэцэрлэгжүүлэх, хог ааягдлаа багасгах, сэргээгдэх эрчим хүчийг өргөн хэрэглэх, био-шатахуун ашиглах зэрэг хүний оюун ухаан, хүч хөдөлмөрөөр хийж болох  хүчин зүйлд  дэлхий нийтээрээ анхаарлаа жигд хандуулах  нь чухал байна.



Та Мартын 8-наар гэргийдээ юмуу ээж, эгч, охин дүү, найз бүсгүйдээ дурсгах зүйлээ сонгох гэж байгаа бол “Таны гал тогооны ном” “Түгээмэл хоолны нууц жорууд”, “Тогоочийн ном”, “Зөв хооллолт-эрүүл мэнд” зэрэг номыг санал болгож байна. Эдгээр номыг “Интерном” дэлгүүрээс худалдан авах буюу 99867480, 99182318 утсаар захиалан авч болно.