Лаэртын Диоген энэ бүтээлээ одоогоос 1800 гаруй жилийн өмнө НТ II зуунд бичжээ.

Афины хэлзүйч, Киликиягийн Лаэртын Диогений энэ ном бол эрт үед бичсэн философийн түүхийн цор ганц бүтээл юм. Арван бүлэгтэй энэ бүтээлд долоон мэргэнээс эхлээд стоик, Эпикурийн сургууль хүртэлх Эртний Грекийн суут сэтгэгчдийн амьдрал, сургаалыг тодорхой өгүүлсэн байна.

Номын зохиогч Лаэртын Диогений тухай бидний үед уламжлагдаж ирсэн мэдээ мэдээлэл тун хомс. Судлаачид энэ зохиолоор нь багцаалж түүний амьдарч байсан цаг хугацааг НТ II-III зуун гэж баримжаалдаг. Ямартаа ч энэ зохиолч Секст Эмпирик (I-III зуун), Плутарх (НТ 46-127 он орчим), Эпиктетээс (НТ 50-138 он орчим) хойш, түүний зохиолыг эш татсан Византийн Стефанаас (VI зуун) өмнө амьдарч байсан нь лавтай юм.

Диоген зохиолдоо НТ-ын II зууны 2-р хагасын алдартай философич Самосатын Лукиан, Полиэн, Павсаний, Афиней, философийг ивээсэн Ромын хаан Марк Аврелийн (НТ-ын 161-180 онд хаан ширээнд суусан) тухай дурдаагүйгээс үзэхэд бүтээлээ НТ-ын 140-150 онд зохиосон гэж үзэх үндэстэй байна. Мөн 203-269 онд амьдарч, 250 оноос сургаалаа дэлгэрүүлсэн неоплатонизмын үндэслэгч Плотин, Порфирий, Ямвлих нарын тухай бичээгүйг нь бодвол энэ зохиол тэдгээрээс өмнө бичигдсэн нь тодорхой болно.

Лаэртын Диогений тухай анх НТ-ын VI зуунд Византийн Стефан дурджээ. Түүнийхээр бол Лаэрт буюу Лаэрций нь Лаэрт хэмээх хот суурингийн нэр юмсанж. Грекийн философичид, нэр төртэй хүмүүс ихэвчлэн Апполонийн Диоген, Абдерийн Демокрит гэхчлэн төрсөн хотоороо овоглодог болохоор энэ таамгийг үндэстэй гэж үзэх боломжтой. Диогенийг Киликиягийн Лаэртаас гаралтай байж магадгүй гэдэг ч Лаэртын Диоген хэмээх нэр нь зохиолчийн жинхэнэ нэр биш байх бас магадлалтай. Дашрамд дурдахад Хомэрийн Одиссэйн эцгийг Лаэрт гэдэг бөгөөд Хомэр Одиссэйг заримдаа Лаэртын хүү хэмээн өгүүлж, diogenes буюу бурхнаас төрсөн, Зевсээс мэндэлсэн гэсэн утгатай үгээр тодотгож байсныг санах нь зүйтэй. 

Диоген энэхүү бүтээлээ Платоныг бишрэн хайрлагч эрхэмсэг авхайд зориулахдаа уг авхайн нэрийг дурдаагүйгээс үзвэл мөнөөх эмэгтэй өндөр дээд угсаатай, эл бүтээл НТ-ын 140-150 онд бичигдсэн гэхээр Антонин Пий[1] хааны эхнэр, цэцэн мэргэнээрээ алдаршсан ч хөнгөмсөг явдалтай Том Фаустина байх магадлалтай гэж үздэг. Наян хоёр философичийн намтар, сургаалыг багтаасан энэхүү бүтээлд философийн эхийг тавьсан мэргэд, Сократ, Кирен, Мегар, Эретр, Платон, Академи, перипатетик, киник, стоик, Пифагор, Элей, атомизм, скептик сургуулийн үүсэл хөгжил, гол төлөөлөгчдийнх нь ахуй амьдралыг тун сонирхолтойгоор хүүрнэн өгүүлжээ.

Номын нэрний тухайд өгүүлбээс мөн тодорхой бус. 1759 онд Парист хэвлэсэн эх нь “Лаэрцийн Диогенийн эмхэтгэсэн философийн алдартнуудын амьдрал, сургаал, үзэл баримтлалын товчоон” гэсэн нэртэй бол дээр өгүүлсэн Византийн Стефан эл номыг энгийн шулуухнаар “Философийн түүх” гэж нэрлэжээ. Евстафий энэ номыг “Софистуудын амьдрал, намтар” гэж нэрлэсэн бол арай бүрэн гэгддэг эх бичвэрүүд нь “Лаэрцийн Диогений эмхэтгэсэн философичдын 10 боть амьдрал, намтар” гэсэн нэртэй байна. Харин манай хэвлэлийн газраас уг зохиолыг Философийн анхны түүх гэсэн нэрээр эрхлэн гаргалаа.

Ер нь энэ зохиолын тухай бичихэд Лаэртын Диогений ертөнцийг үзэх үзэл санаа ямар байсан нь сонирхол татдаг. Өдий олон философичдын амьдрал, сургаалыг сайтар ялгамжтайгаар энгийн тодорхой эмхэтгэж буулгасан хүн өөрөө тогтсон нэг үзэл баримтлалтай байх нь зүйн хэрэг мэт санагдавч түүний тухайд ямар нэг тогтсон ягшмал үзлээ зохиолдоо оруулсангүй. Диогений өгүүлэмж олон талыг хамруулсан дүрслэл сайтайн дээр аль нэг философичийг шүүмжилж, өөрийн үзэл санааг тодолж хавчуулсан удаагүй. Тиймдээ ч хуучны ном зохиолд түүнийг өгүүлж буй хүндээ бүрэн төвлөрдөг гэж цохон тэмдэглэжээ. Энэ зохиолыг аваад үзвэл Платон, стоик, скептик, эпикурчуудын тухай илүү дэлгэрэнгүй өгүүлсэн байх юм. Гэтэл эдгээр сургууль өөр хоорондоо эрс тэс ялгаатай учраас зохиогч аль нэгэнд нь харьяалж байсан гэж хэлэх ямар ч үндэслэл үгүй билээ. 

Орос, англи, латин эхийг харгуулан харахад аль нэгэнд ая тал засаагүй тогтуун дөлгөөн зохиолын өгүүлэмж тухайн үзэл сургаалыг өөр өөр өнцгөөс тайлбарласан хэд хэдэн тайлбар сурвалжийг харьцуулсан нь тодорхой байна. Тиймээс ч Лаэртын Диогений энэ зохиолыг эрдэмтэд судалгааны бүтээлд тооцжээ. Энэ зохиолыг дан ганц Эртний Грекийн философийн түүх гэж үзэхэд бас өрөөсгөл, ерөөсөө грекүүдийн аж байдал, амьдрал ахуйг олон талаас дүрслэн бичсэн энэ бүтээлд соёлын хөгжил, грек яруу найрагчдын шүлэг найраг, хүрээлэн буй орчин тэр аяараа туссанаас гадна хэн нэгэн философичийн амьдрал, бүтээл, намтрыг өгүүлэхдээ Диоген шог хошин яриа, санамсаргүй тохиол, ончтой хэлц үгсийг шигтгэж өгсөн нь уншихад сонирхолтой болгожээ. 

Лаэртын Диогений ном зохиол хэдийгээр түүх соёлын ихээхэн үнэтэй бүтээлд тооцогддог боловч монгол хэлнээ түүний бүтээлийг орчуулж байсангүй. Харин Европ тивд энэ зохиолчийг маш эртнээс сонирхон судалж, Флоренцийн платоникууд тэртээ XV зуунд эл бүтээлийг латин хэлнээ орчуулсан нь ерөөс тухайн хэлнээ орчуулан хэвлэсэн анхны хэдэн зохиолын нэг болжээ. Улмаар XIX зуун хүртэл хэд хэдэн орчуулга хэвлэгдэн гарсан ч тэр бүр нь нэлээн хожуугийн найдвар муутай эх сурвалжийг барьж авсан байна. Ингээд 1842 онд Парис хотын Дидо хэвлэлийн газраас Лаэртын Диогений ном зохиолыг эмхлэх цараатай ажлыг тухайн цагийн нэртэй хэлзүйч К.Г.Кобетод даалгажээ. Кобет эх бичвэрүүдийг харьцуулж нухацтай судалснаар урьд урьдын эх зохиолуудаас харьцангуй баттай Диогений бичвэрийг эмхлэн нэгтгэж, 1850 онд латин орчуулгатай нь хавсарган хэвлүүлжээ. Манай хэвлэл ч энэ эхийг баримталсныг дээр дурдсан болно. Зохиолд дурдагдсан хүмүүсийг анх нэр дурдагдсан хэсэгт нь зүүлт хийж тайлбарласан бөгөөд мэдээлэл нь олдоогүй хүмүүсийн тухай тайлбар зүүлт хийсэнгүй.

Эцэст нь хэлэхэд эртний ная гаруй философичдын үнэн бодит амьдрал, зохиол бүтээл, сургаал номлол Лаэртын Диогений ачаар өнөөгийн бидэнд ном болон хадгалагдан ирснийг Эрдэм&Гэгээрэл хэвлэлийн газраас монгол хэлнээ орчуулан уншигч авгайд өргөн барьж байна. 


[1] Тит Элий Адриан Антонин нэрээр өргөмжлөгдөж, НТ 138 оноос 161 онд Ромын хаан ширээнд суусан, таван сайн хааны нэг.