АНУ-д хийсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиа­гийн Элбэгдоржийн албан ёсны айлчлал өндөрлөж, айлчлалын тухай эргэцүүллүүд эхэлж байна. Сэтгүүл­чид бидний хувьд оногдсон автобусандаа командаар пижигнэтэл гүйлдэн сууж, буусаар явтал айлчлалын  хэдэн өдөр нүд ирмэхийн зуур л өнгөрөв. Аме­рикийн тал ийм өндөр зэрэглэлийн айлчлал битгий хэл энгийн гэ­мээр хэвлэлийн бага хурлууд дээр ч на­рийн дэг жу­рам баримталж, тэрийгээ ягштал мөрд­дөг болохоор хэв­лэлийнхэн орж болно, болохгүй гэсэн хоёр хязгаа­рын дунд ихэвчлэн “болохгүй” гэсэн хориг тэмд­гийн дор төрийн тэргүүнийхээ айлчлалыг сурвал­жиллаа.

Дэлхийн хамгийн дээд төвшний хамгаалалт, хамгийн дээд зэрэглэлийн шаардлага тавигддаг энэ орчинд хуйлралдаад л дайраад байх боломж байхгүй. Ихэнх арга хэмжээнүүдэд хэвлэл, мэдээллийнхнээс хоёроос илүүгүй төлөөлөл хөл тавиулсангүй. Харин Цагаан ордонд болсон хоёр орны Ерөнхийлөгч нарын уулзалтад хамгийн олон буюу долоон сэтгүүлч орж зураг авах бололцоо олдсон юм. Энэ бол маш том боломж. Үнэндээ бол Барак Обама, Ц.Элбэгдорж нарын уулзалтын агшныг нүдээр харах, өөрийнхөө аппара­таар зураг дарах хоёр л миний хувьд тэнд хөл тавьсны гол мөрөөдөл байсан. Тэр маань биелсэн. Wow…ёстой гайхалтай. АНУ-ын сэтгүүлчидтэй урд хойноо оролцон, байр байраа эзлэх гэж бяцхан давчдаж байснаа мартчихаад гагцхүү улаан хилэн дээсээр хил заагласан том цагаан хаалга дэлгэгдэхийг тэсэн ядан хүлээж байлаа. Улаан дээсийг хэн ч давахгүй. Оногдсон хугацаанд зураг дараад л гарна. Ямар ч камер бичлэг хийхгүй...хоёр талын сэтгүүлчдэд дээрх дүрэм яг адилхан үйлчилсэн. Миний хувьд энэ зэргийн дүрэм журам ёстой яамай болон хувирч, өмнөх том цагаан хаалга  нээгдэхийг  л хүлээж байв.

Сонины хүн болохоор гадаа үлд­сэн телевизийнхний тухай  тэрхэн үедээ таг мартсан нь жаахан муухай ч гэсэн дотор минь тэс өөр зүйлд догдолж байсан юм. Энэ хаалганы цаана хоёр Ерөнхийлөгч уулзаж байгаа. Юу ярьж байгаа бол, тэдний царай ямархуу байгаа бол....         

2008 оноос хойш буюу Барак  Обамаг АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш  дэлхийн  150 гаруй орны  Ерөнхийлөгчид түүнтэй уулзах хүсэлт тавьсан ч тэр болгон­той уулзаагүй гэх хэгжүүн мэдээлэл санаанаас гарахгүй явсан болохоор бушуухан нүдээрээ л хармаар санаг­дана. Нөгөө майн нэгнийг нүдээр үзсэн минь гэдэг шиг...л

Дэлхийн хэдэн арван улс орны Ерөнхийлөгч захиа занаа болон хүсэлт тавиад тэр цоргисон харцтай, цог золбоо төгс эрийн хараа бараанд өртөж чадалгүй цээжиндээ цэртэй сууж бай­гаа нь үнэн.  Гэвч мөнөөх зартай Оба­ма Монголын Ерөнхий­лөгчийг урьж, бүр уулзаж гэх мэдээ Цагаан орд­ны ногоон зүлгэн дээр хөл нүцгэн алхаж байх хооронд минь л дэлхий дахинаа цацагдаж  байлаа. Сайхан хэрэг гэж үүнийг хэлэхгүй юуг хэлэх юм. 

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Ази тивдээ  ардчиллын сонго­дог идеал болсон Монгол Улсын төрийн тэргүүнийг,  Монголын ардчил­лын симбол Цахиагийн Элбэгдоржид Цагаан ордондоо хүлээн авч уулзах албан ёсны урилгаа илгээсэн энэхүү явдал өөрөө л манай улсыг АНУ хэрхэн үнэлж хүндэтгэж буйн хамгийн том илрэл гэж үзэж болно шүү дээ.

Улаан хилэн дээсний цаадахь өндөр цагаан хаалга цэлс хийтэл нээгдлээ. Бөөн аппарат шажигнан, гэрэл анивчина. Хоёр нөхөр нүдний минь өмнө, ердөө нэгхэн алхмын цаана харин ч нэг хөлөө аччихсан тухтай хүүрнэлдэж байжээ. Оба­магийн улс төрийн амьдрал энэ өдрүү­дэд амар тайван биш байгааг дэлхий нийт мэдэж байгаа. Түүнийх нь ул мөр гялалзсан харц, сортоолог төрхөн дээр нь ч илт үзэгдэнэ. Өвдгөө нэг тэвэрч, нэг тавин, нэг инээмсэглэж, нэг болин тайван бус харагдах түүний дэргэд манай Ерөн­хийлөгч ер бусын амгалан харагдах нь сонин. Арга ч үгүй дээ. Элбэгдорж ямар УИХ-даа мэдэгдэж, зөвшөөрөл ч авалгүй аль нэг улсад цэрэг оруулж хэрэг ман­даачихсан байж байгаа биш. Гэхдээ энэ тэдний хэрэг. Үнэндээ бол сэтгэл санааны хувьд ийм хүнд үедээ ямар ч уулзалтыг цуцлах эрх Обамад бий. Гэвч тэр тэгсэнгүй. Үүнийг нь Монгол оронд үзүүлж буй хүндэтгэл гэж үзэж байна.    

Цагаан ордныг харахаар ирсэн жуулчид хашааных нь гаднаас зураг авцгаан бөөгнөрч үзэгдэнэ. Дэлхийн супер их гүрний удирдагч энд амьдардаг.

 Хоёр Ерөнхийлөгчийн уулзалт товлосон хугацаанаасаа илүү уртас­сан. Обама манай Ерөнхийлөгчид хандан “Монгол Улс ардчилсан нийгмийг  сонгосноос хойш 20 жилийн энэ богино хугацаанд хүний эрх, эрх чөлөөг хангах, ардчиллыг бэхжүүлэх, эдийн засгаа хөгжүүлэх чиглэлд олсон амжилтыг би гайхан биширч байдаг. Ерөнхийлөгч Таны улсаа удирдаж байгаа түүхийг би мөн бахархаж байна. Хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, байгал орчныг хамгаалах чиглэлээр Таны гаргаж байгаа санаачилгууд үнэлэх­гүй байхын аргагүй юм.

 Манай хоёр орны харилцаа иж бүрэн түншлэлийн хүрээнд жилээс жилд хөгжиж байгаад би сэтгэл хангалуун байдаг. 

Бид энхийг сахиулах болон олон улсын байгууллагуудын хүрээнд нэг нэгнээ дэмжиж тусалж, амжилттай хамтран ажиллаж байна. Энэ чиглэлээр цаашдаа ч хамтрах өргөн бо­ломжууд бий болно гэдэгт эргэл­зэхгүй байна” гэж хэлсэн байна билээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгч боло­хоор  “Бид АНУ-тай худалдаа, эдийн зас­гийн харилцааг эрчим­жүүлэх сонир­холтой байна. Өнөөдөр манай улсын Иргэний агаарын тээврийн компани Боинг компанитай хамтран ажилла­хаар тохирч байна. Олон улсад нэр хүндтэй уул уурхайн зарим компаниуд манай орныуул уурхайн тодорхой томоохон төслүүд дээр хамтран ажиллах хүслээ илэрхийлж, энэ чиглэлд ажиллаж байна. Мөн “Женерал электрик” гэх зэрэг томоохон компаниуд хөрөнгө оруулж, хамтран ажиллахаар тохир­лоо. Ингэж өндөр технологитой, өндөр хариуцла­гатай, өндөр нэр хүндтэй компаниуд монголыг сонирхож байгаа нь бидний хүсэл сонирхолд нийцэж байгаа юм.

Монгол-Америк улсуудын хооронд худалдааны ил тод байдлын гэрээ байгуулах чиглэлд хоёр талаас ажиллаж байна. Удахгүй ажил хэрэг болох нь дамжиггүй” гэж хэлжээ.

Б.Обама,  Ерөнхийлөгч Ц.Элбэг­доржийг Вашингтонд ирэнгүүтээ Арлингтон дахь Дайчдын хөшөөнд цэцэг өргөж, Волтер Рийдийн цэргийн эмнэлэгт очиж шархадсан цэргүүдийг эргэж, тэднийг сэтгэл санаагаар дэмжсэнд талархаж байгаагаа онцгой­лон илэрхийлжээ. Тэрээр , Ерөнхий­лөгч таны хэлсэн эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх хэрэгтэй гэдэгтэй би санал нэг байна. Манай Засгийн газар, миний баг аливаа ажлыг хийхдээ эрхзүйн үнд­сийг чухалчилдаг. Ил тод байдлын гэ­рээ байгуулах нь худалдаа эдийн зас­гийн хүрээг тодорхой хэмжээнд хүр­гэх эрхзүйн гол баримт бичиг юм. Бид Япон, Солонгос зэрэг Азийн хэд хэдэн хүчирхэг орнуудтай, Европын холбоо­ны улсуудтай ил тод байдлын гэрээ­тэй ажилладаг. Эрхзүйн батал­гаатай ажиллаж байж бид  амжилтад хүрнэ.

Америк Монгол хоёр сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажил­лах боломжтой. Манай улсад энэ талаар туршлагатай, сайн техноло­гитой компаниуд олон бий. Хамтран энэ асуудлыг судалж үзнэ гэдэгт найдаж байна “ гэлээ.

Тэрээр мөн Монгол Улс, ардчил­лын төлөө хамтын нийгэмлэгийг энэ оноос даргалах гэж байгааг талархан хүлээж авч байна, дэмжиж ажиллах болно гэв.

Хоёр Ерөнхийлөгч, бүс нутгийн хүрээнд энхтайван аюулгүй байдлын чиглэлээр манай хоёр улсын зүгээс гаргаж байгаа хүчин чармайлтын та­лаар мөн бүс нутаг, олон улсын зарим асуудлаар санал солилцож ярилц­саныг албаны эх сурвалж мэдээлсэн. 

Албаны харилцаанууд бол албаны л болоод өнгөрдөг. Бараг өөрсдөө залхацгаагаад. Харин Элбэгдорж Ерөхийлөгчийн хувьд тэр бусдын сэтгэлийг соронздон татахдаа онцгой увидастай хүн. Түүнтэй уулзсан нөхдүүд ямар ч нурмагар царайтай байсан нүд нь сэргэж, санаа сэтгэл нь татагдаж, зарим талаар шууд автаж, догдолж, уулзалтын уур амьсгал дорхоноо халуун дулаанаар сүлэгдэж орхидог нь анзаарагддаг. Обаматай уулзах үеэр ч сонирхолтой яриа хөөрөөнүүд өрнөсөн гэсэн. Элбэгдорж Ерөнхийлөгч түүнд “Манай иргэний агаарын тээврийнхэн танай Боингтой гэрээ хийлээ. Нэгэн цагт монголчууд монгол мориор дэлхийг туулдаг байсан бол одоо Америк мориор дэлхийг туулах болж байна” гэсэнд Обама инээж “Өө, Боингийг Монгол морьтой зүйрлүүлсэнд маш их баярлалаа. Надад ч бас нэг “америк морь” байгаа шүү гэж хариулсныг уулзалтад байсан хүмүүс ярьж байсан. Түүний энд тэнд хийсэн олон уулзалтыг ажиглаж бай­лаа. Жаахан зэнзийрхээд байгаа орчныг ч хага яраад л орж явчихдаг. Нэг мэдэхэд эзэлчихсэн, эзэмдчих­сэн зогсч бай­даг. Энэ маягаараа түүний Америкт хийсэн уузалтууд, уншсан лекцүүд маш сайхан болж байсан. Англи хэлтэй нөхдүүд захын рестора­нуудаар дүүрэн байх болсон өнөө цагт түүний хэлний чадварыг зарим нь онцгойд үздэггүй байх. Гэхдээ зүгээр нэг англи хэлэндээ сайн байгаад зогсохгүй, үгийн сонголтуудыг  маш мэдрэмжтэй хийдэг, дээр нь логик гаргалгаа сайтай юм гэж насаараа дипломат алба хашсан нэгэн Элчин сайд үнэлж байсныг санаж байна. Энэ чадвар нь гадна дотныхонтой хийсэн ямар ч хуурай албан ёсны уулзалтыг энгийн нээлттэй болгож чаддаг.

Жишээ нь сая гадаад харилцааны зөвлөл дээр болсон лекцийн талаар сэтгүүлч миний бие орсон цөөхөн албаны хүмүүсээс мэдээлэл авсан юм. Тэнд Америкийн гадаад бодлогод зөвлөдөг нэртэй улстөрчид, судлаа­чид, экс Элчин сайдууд, профес­сорууд америкийн өнцөг булан бүрээс / Харвард, Стэнфорд, Иел, Мичиган, Массачуссетс, Индианагийн Их сур­гуу­лиудаас/ хүндтэй хүмүүс ирсэн. Маш чухал хүрээнийхэн цугласан эл уулзалтад хэвлэл оруулдаггүй. Гэсэн ч бидэнд мэдэж сонсохгүй юм ховор л доо. Тэр журмаараа олж авсан мэдээл­лээ уншигчидтайгаа хуваалцаж байна.

Тэдгээр гадаад бодлогын “акул”-ууд хоёр том аварга гүрний дундахь “жижигхэн” Монголын гадаад бодлогын талаар жигтэйхэн их сонирхсон гэнэ. Тэдний хувьд эдийн засгийн үсрэнгүй хөгжил, хүн амын тоо зэргээрээ дэлхийг “айлгах” болсон Хятадтай хөрш зэргэлдээ Монгол ямар бодлого баримталж байдаг нь сонин байхаас ч  аргагүй. Өвөрмонголд саяхан болж өнгөрсөн үйл явдлууд,  Хойд солонгос, Хятад болон бусад орны хөрөнгө оруулалтыг тэнцвэржүүлэх гэх мэтчилэн өргөн хүрээний асуултууд тавигдсан байна. Асуулт хариулт үргэлжлээд л байж, тэгж байтал нэг асуулт хариулт заалыг нирхийтэл инээлгэжээ.

Хөтлөгч ямар эз нь хатгасан юм, манай Ерөнхийлөгчөөс “Монголчууд та нар Хятадын талаар юу гэж ярьдаг вэ” гээд асуугаад орхитол хариуд нь Ерөнхийлөгч  “Бид хятадыг “Бүгд Найрамдах Хятад Ард Улс” гэж ярьдаг хэмээн хээв нэг хариул­жээ. Танхим ч нирх хийгээд явчихаж гэнэ. Тийм гэнэтийн супер асуултад өгөх үүнээс өөр супер хариулт гэж бараг л байхгүй болов уу.  Огцом дайралт хийсэн, ямар нэг алдаатай хариулт өгвөл туайн улстөрч юунд ч ороогдож мэдэхээр асуултуудад яг ийм бүрэн хэмжээний бэлтгэлтэй хариулт тас гээд өгдөг хүн ховор л таардаг юм даа. Бараг 15 жил зөвхөн ярилцлага хийсэн сэтгүүлчийн хувьд үүнийг би батлан хэлж чадна.

Тэнд энэ мэт асуултууд хөвөрч Монголын Ерөнхийлөгч хэрхэн ха­риулс­ныг цааш нь сонирхуулмаар байна.

-Хүн амын 40 хувь нь нүүдэлч­ний хэв маягтай аж төрсөөр байгаа танай улс даяаршилтай хэрхэн зохицдог вэ?


-Монголчууд бол байгалд ээлтэй гайхамшигтай амьдралын хэв маяг­тай ард түмэн. Хэрвээ та Монголын талд тэмээн нүүдэлтэй таарвал гайхах хэрэг байхгүй, энэ бол хоцрог­дол биш харин байгал дэлхийгээ хайрласан монгол сэтгэлгээ. Учир нь машинаар биш тэмээгээр нүүвэл газрын хөрс эвдэрдэггүй юм. Би монгол гэрт төрж өссөн. Ээж аав минь найман хүүхэд төрүүлж өсгөсөн. Монголчууд гэртээ амьдарч,  ээж аав, ах дүү нартайгаа нэг дор хамт байж, ээж аав юу хийж, юу ярилцаж байгааг хүүхдүүд харж үлгэр дууриал авдаг өвөрмөц ахуйтай. Хүүхдийн нүдэн дээр сайн зүйл хийж, хүүхдэд сайн үлгэр дууриал үзүүлнэ. Миний Харвар­дад ч уншиж байгаагүй сайн ном, сайн сургаалыг би ээж аав, энэ монгол ахуйгаасаа авсан. Wow....алга нижигнээд л явчихаж.

Манай хүн цааш нь “Нүүдэлчин монголчууд минь байгал дэлхийгээ хайрлаж, нүүдэлчин монгол ахуйгаа хадгалж үлдэнгээ даяаршлаас ч хоцроогүй. Өнөөдөр Монгол Улс хүн амын тоонд оногдох гар утасны тоогоороо дэлхийд тэргүүлж байна. Малчид бэлчээрээсээ гар утсаараа хотын бирж дээрх ноолуурын үнийг мэдэж болдог” гэсэн үгээр хариултаа дуусгажээ. Монголын имиж, Монголын нэр нүүр, үнэ хүндийг өсгөх араг дүүрэн үүрэгтэй явж байдаг энэ нөхөр үүргээ гялалзтал биелүүлж яваагийн нэгэн тод жишээ энэ юм даа.  

Юм энгийн байх тусмаа амар хялбар, дурсамжтай, үлдэцтэй байдаг. Уулзалтууд яг л тийм болж байлаа.

Чухам ардчилсан Ерөнхийлөгчийн амнаас л гарах содон үгүүд лекцийн дундуур шигтгээ мэт гялалзаж байсан байна . Тухайлбал “Би ардчиллын хүчинд итгэдэг” “Ардчилалд алдаагаа засах боломж байдаг. Алдаа гаргасан бол түүнээсээ суралцаж, цаашаа явах боломж ардчилсан нийгмийн иргэн бүрт байдаг. Харин өөр нийгэмд бол алдаа гаргалаа л бол тэр нь шоронгоор дуусна шүү дээ”, “эрх чөлөө гэдэг бол бурхнаас хүн бүрт заяасан хүсэл” гэх мэт манай Ерөн­хий­лөгчийн цахилсан цохилуулсан үгнүүд цуурайтаж байх нь бахархал юм. 

Хувь хүний дэнсэн дээр хэлэгдэх хүнлэг гэх мэтийн ойлголтыг хөндвөл зулгуй сонсогдох байх. Харин хүмүүн­лэг байна гэдэг Ерөнхийлөгчийн зан чанарын бас нэг онцлог гэж тодотгоход тороод байх юм алга. Жишээлбэл тэр Вашингтонд буунгуутаа Волтер Рийдийн цэргийн эмнэлэг /АНУ-ын Зэвсэгт хүчний хамгийн том эмнэлэг. Одоо энэ эмнэлэг Ирак, Афганистанд шархадсан цэргүүдийг эмчлэх гол цэг болж байна /-т очлоо. Шархадсан цэргүүдийг эргэх гэж. Өөр хэний, аль улсын төрийн тэргүүний толгойд тийм зүйл ордог бол. Өөрт нь огт хаа хамаа байхгүй шархадсан цэргүүдийг шүү дээ. Энэ алхмыг нь зүгээр нэг шоу гэж харах юм бол дэндүү увайгүй хэрэг болно. Ямар ч камер, аппарат, сэтгүүлч дагуулахгүйгээр өөрөө л яваад өгсөн. Харин гартаа хүүхдүү­дийнхээ тэр цэргүүдэд зориулж зурсан зургийг бариад шүү дээ. Хүүхдүүд нь өгөөрэй гэсэн юм билээ. Ерөнхийлөгчийг Волтер Рийдийн цэргийн эмнэлэг орсон гэж дуулсан албаны хүмүүс бүгд ярианыхаа эхэнд баярласнаа илэрхийлж байлаа. Харин Ерөнхийлөгч, Америкийн эрх чөлөө, эсвэл Монголын эрх чөлөө гэж байдаг­гүй. Харин хүн төрөлхтний эрх чөлөө, хүний эрх чөлөө гэж байдаг.Та бидний бүгдийнх нь эрх чөлөөний төлөө тулалдсан тэр эрчүүдийг хүндэтгэж би очсон юм аа гэж хариулж байсан.

Айлчлалын үеэр болсон хамгийн онцлог үйл явдлын нэг АНУ-ын Азийн бодлогыг тодорхойлогч “Азийн нийгэмлэг” 2011 оны “Төрийн гарамгай зүтгэлтэн”-ээр Монгол Улсын Ерөн­хийлөгч Ц.Элбэгдоржийг тодруулж шаналыг нь гардулсан явдал байсан юм. Энэүйл явдлын тухай сэтгүүлч­дэд төдийгүй хэнд ч мэдээлэл бай­гаагүй. Үнэхээр баярлаж бахадмаар үйл явдал болсныг тэнд байсан бүх хүн хэлэх байх.

Азийн нийгэмлэг бол алдарт Рокфеллерийнхний 1956 онд үүсгэн байгуулсан төрийн бус, ашгийн бус, нам бус боловсролын байгууллага юм. Ази тив, Азийн улс орнуудыг АНУ-д сурталчлан таниулах, АНУ-ыг Ази Номхон далайн улс орнуудтай түүх, соёл, боловсрол, бизнесийн чиглэлээр хамтран ажиллах зорилтыг хэрэгжүүл­дэг дэлхийд нэртэй байгууллга.

Сүүлийн жилүүдэд тус нийгэм­лэгээс байгаль орчин, эрүүл мэндийн чиглэлээр томоохон төсөл, хөтөл­бөрүүд хэрэгжүүлж байгаа. Дэлхийн томоохон хотуудад 20 орчим салбар нь үйл ажиллагаагаа явуулдаг. Тус нийгэмлэгийн Ерөнхийлөгч хатагтай Вишаха Дэсай хэлэхдээ, өөрийн орондоо ардчиллыг бэхжүүлэх, хүний эрхийг хангах, хууль шударга ёсыг баталгаажуулах чиглэлээр төдийгүй дэлхийн тавцанд байгаль хамгаалах, хүний эрхийг дээдлэх чиглэлээр санаачилгатай, амжилттай ажиллаж байгааг нь үнэлэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид энэхүү шагналаа олгож байна гэсэн юм. Энэ оны шагналын нөгөө нэг эзэн Хенри Киссенжер бол АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан,  Нобелийн энхтайвны шагналтан хүн юм. Энэхүү дэлхийн нэр хүндтэй шаг­налыг өмнө нь АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтон, НҮБ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Колин Поуэлл, Хиллари Клинтон, Сингапур Улсын Ерөнхий сайд Ли Сиен Лүн, “Кока Кола” компанийн удирдах зөвлө­лийн дарга Невил Исделл, “Yahoo”-г үндэслэн байгуулагч Жерри Янг зэрэг дэлхийд алдартай хүмүүс хүртэж байжээ. Энэ бол Монголын Ерөнхий­лөгчийг Азиас төрөн гарч буй  шинэ лидер гэдгийг  хүлээн зөвшөөрс­ний илэрхийлэл юм. Үүнийгээ ч шаг­нал гардуулах ёслолын арга хэм­жээний үеэр мэдэгдсэн. Тэртээ 20 жилийн өмнө Азийн цээжинд ардчиллын бамбар болон ассан Мон­гол орны удирдагч, анхны ардчилсан Ерөн­хийлөгч, Монголын ардчиллын домогт түүчээ энэ хүн өөрийн үнэ цэнээ дэлхийгээр үнэлүүлж, тивийн­хээ улс төрд тодрон гарч ирсэн цоглог лидерийн орон зайд омог бардам очиж суулаа.   

 Үргэлжлэл дараагийн дугаарт....