Монголчууд эрс тэс цаг уурын нөхцөлд хоол хүнсээ танин мэдэхүйн нарийн үндэстэй зохицуулж ирсэн сайхан уламжлалтай.

Монгол түмэн сар шинэдээ сайхан шинэлж урин хавартайгаа золгож байна. Хаврын улиралд хүний бадгана их арвиддаг, хүйтэн чанартай зүйл хөдөлдөг тул түүний эсрэг үйлчилгээтэй шар идээ болох шар тос, уураг, будаатай цай мэтийн хоол ундааг зохицуулан хэрэглэж, ялангуяа хаврын тарчиг цагт  мах, өөх, тослогийн зүйл, өрөм, ааруул зэргийг арай түлхүү хэрэглэн аарцтай хар шөл, шар тосоор зуурсан арвайн гурил, саримстай хоол, хийцэлсэн цай, зөгийн бал тэргүүтнээр хооллон аажуу тайван явганаар явах, агаар салхинд зугаалахыг эрхэмлэхийг чухалд үзэж байжээ.


Хавар цагийн уламжлалт зарим хоолны жор


Шар тостой хайлмаг

Хайлсан шар тосонд нухсан аарц, гурил үрж сайтар хутгаж буцалган хайлмаг хийнэ. Мөн чанасан төмс, манжингийн нухамштай хольж хийнэ.


Аяган хиам

Жор: мах, гурилан зуурмаг, булцуут сонгино, саримс, ус, чинжүү болон бусад амт оруулагч

Малын хонго, тойг, нурууны махнаас авч нимгэн хярж хөшиглөнө.

Хэрэв дотор махаар хийх бол голдуу бөөр, зүрх, хужирхай, цөвдөл махыг хэрэглэнэ. Түүнчлэн малын толгойн зөөлөн махаар ч хийж болно.

Хөшиглөсөн махаа шаазан аяганд хийж багавтар  ус нэмээд  хэрчсэн сонгино, саримс, чинжүү, давсаар амт тохируулж элдсэн гурилаар амсрыг битүүлэн хучиж буузны жигнүүрт 20-25 минут жигнэж болгоно.


Бяслагтай хуурга
Жор: мах, монгол бяслаг, төмс, шар лууван, булцуут сонгино, ногоон сонгино, гурил, ногоо хуурах тос, шөл, амт оруулагч

Лууван, сонгиныг хярж тосонд хуурна. Үүн дээрээ нимгэн далбагар хэрчсэн махаа хийж үргэлжлүүлэн хуурна.

Төмсийг нимгэн хэрчээд тосонд шарж болгоно.

Хуурсан махаа шөлөөр шингэлсэн гурилаар сүмсэлж амт оруулагч нэмээд үргэлжлүүлэн жигнэнэ.

Болохоос өмнөхөн шарсан төмс, дэвтээгээд нимгэн хавтгай хэрчсэн бяслаг нэмж зөөлөн хутгаад халуунаар нь таваглана.


Чацаргана,  зөгийн балтай шүүс
Чацарганы 3 аяга (стакан) цэвэр шүүсэн дээр нэг аяга буцалсан усанд найруулсан 50 грамм зөгийн бал нэмж сайтар хутгаад халуунаар нь ариутгаж савлаад хөргөөж бага багаар хэрэглэнэ.


Хүнсний бүтээгдэхүүний ид шид
   
“Хүнс маань эм болж, эм маань хүнс байх ёстой”
    (Эртний Грекийн суут ухаантан, эмч Гиппократ)


Эгэл гоньд
Хоол боловсруулалтыг дэмжих үйлчилгээтэй.
Цэр ховхлоход тусална.
Мэдрэлийн ядаргаанд тустай.
Хоол боловсруулалтыг дэмжих үйлчилгээтэй.
Цэр ховхлоход тусална.
Мэдрэлийн ядаргаанд тустай.


Тунхуу, тонх (Horse-radish, хрен)
Хоол боловсруулахад тусална.
Хүзүү, нурууны өвчинг намдаах үйлчилгээтэй.
Бөөрний үйл ажиллагаа доголдох тохиолдолд их хэмжээгээр шээлгэх гэж алимны шүүсэнд буцалгасан тунхууг уулгадаг.
Нүдний олдмол болор цайх өвчин, нүд үрэвсэх үед тунхууг хэрэглэдэг.

Яншуй
Түүхийгээр нь зажлахад амьсгалыг цэвэршүүлж, эрүүл арьсыг төлөвшүүлнэ.
Цусны даралт ихтэй, үе мөчний өвчтэй хүмүүс нойтон яншуйг шанцайнд хийж ахиухан идвэл тустай.
Яншуйны үндэс нь байгалаас заяасан шээс хөөгч ба бөөрний эмгэгийг анагаах үйлчилгээтэй.