“Хол ланд”-чуудын тухай цөөн үгээр...

Монгол тусгаар улс энэ тэр гэх авч нөлөөллөөс мөддөө салахгүй нь. Жишээ нь би гарчгаа бичихдээ Голланд гэх үү, Холланд гэх үү? гэж эргэлзэв. Үүнийг нэгмөр зохицуулах зорилготой “гадаад үгийг үндсэн хуудлагыг баримтлан бичнэ” гэсэн дүрэм хэрэгждэггүй. Гэхдээ өмнө Голланд гэж Орос дуудлагаар бичдэг байснаасаа татгалзаж Холланд гэж бичихээр шийдлээ. Учир нь үгийн утгын хувьд Хол-ланд өвчин гэвэл “хол нутгийн өвчин” гэж буулгаж болохоор байгаа юм л даа. Гэхдээ үг бүрийг хэл шинжлэлийн ухаанаас тэс өмнөө байдлаар сайн дураар тайлбарладаг өнөөх халдварт өвчинд аваагүй гэдгээ хэлэхгүй бол болохгүй. Нөгөө талаас “Хол” газрын эрх ашгаар төрөлх нутгаа сэглүүлснийхээ төлөө “Ланд” унадаг нөхдийн тухай бичнэ.

Жаахан оршлоо уртасгахад үгийг Монголчлохдоо англи дуудлагыг барих уу? эсвэл Орос дуудлагыг барих уу гэдгээс их том ойлголцлын зөрүү гарах янзтай болжээ. Дэлхийн халуун цэгийн нэг манайхны ихэд анхаардаг Солонгосын жишээгээр тайлбарлая. Саяхан Хойд Солонгосын удирдагчийг нас барахад Монголд хагас өдрийн эргэлзээ бий болов. Англи дуудлагаар “Хойд Солонгосын удирдагч Ким Жон[г] Ил[ь] нас барлаа” гэсэн шуурхай мэдээг сайтууд гаргахад Монголын олонх Ким Чен Ир нас барсан гэж бодохгүй байв. Хэн нас барсан гэнэ ээ? Уг нь Ким Чен Ир удирдагч нь биз дээ? Эцгийг нь Монголчууд Орос дуудлагаар Ким Ир Сен гэдэг. Гэтэл Солонгос хэлний дуудлагад үндэслэсэн англи бичлэгээр бол Ким Ил[ь] Сон[г] гэнэ. Тэр ч байтугай нийслэл Пхеньянийг англи дуудлагаар кирилл бичгээр Пёньян гэж бичвэл ийм хот дэлхийд байхгүй гэж бодно. Солонгос хэлний цохилттой “П” буюу “Пх” авиаг (Монголд төстэй “Лх[а]” авиаг хуучин бичигт галигаар тэмдэглэдэг) яаж тэмдэглэхээс эхлээд л асуудал үүсч байна. Тиймээс үүнийг Орос дуудлагыг баримтлан бичихээ больсон бол, дэлхий нийтэд түгсэн жишгээр буюу англи дуудлагаар бичнэ гэсэн бол залруулсан толь бичиг гаргах дайны юм болох нь л дээ. Тэгэхгүй бол коммунизмын үеийн найрамдалт харилцаатай Хойд Солонгосын хүмүүсийн нэрийг Орос дуудлагаар, харин Ардчилсан хувьсгалаас хойш харилцаа сайжирсан Өмнөд Солонгосын хүмүүсийг англи дуудлагаар бичдэг гайхалтай жишиг Монголд тогтох нь, тогтох нь ч гэж хэдийн тогтчихож. Энэ уламжлал Хойд Солонгосын гуравдугаар үеийн удирдагчийг дамжин уламжлагдах нь. Одоо бүр англи дуудлагаар хоёр янзаар бичиж байна. “Ким Чен Ун” ба “Ким Жон Ун” гэж. Овоо л ойртож байна. За энэ ч яахав, манай хэлнийхний хийх ажил. Гол нь манайх коммунизмаасаа салсан биш хойдуудаас дордох янзтай. Бүр нарийндаа хойдуудын бах нь ханаж, ардчилал гээд гүйгээд байсан, ийм юм болдог байхгүй юу гэлцэх нь л дээ.

Асуудлын гол нь Монгол банкинд байна аа. Шуудхан хэлэхэд манай УИХ, Засгийн газар, Монгол банк гурав шууд утгаараа “эдийн засгаа алаад”, хөлсөө арчсаар бүрэн эрхээ шилжүүлэх гэж байна. Бүх түүх 2008 оны хямралын үеэс эхтэй.

70 жилийн өрийг долоохон жилд


Баталгаагаа энгийн жишээнээс эхлэе. Өнгөрсөн оны эцсээр Монгол Улсын гадаад өр 8,1 тэрбум ам.доллар болсныг Монгол банк албан ёсоор зарлажээ. Ердөө 2003 онд 11,4 тэрбум ам.долларын “Их өр” гэгчээс салснаа тэр үеийн удирдагчид албан ёсоор зарлаж 2004 оны угтах шинэ жилээр хөлс, нус, нулимс гурваа телевизийн камерууд руу харамгүй цацсан даа. Тухайн үед өрөөс зувчуулсан хоёр хувь буюу 22 сая долларын асуудлаар улстөр хийж байж МАХН-ыг дарж автал АН-ынхан нөгөөдүүтэйгээ хамтраад буцаагаад өдий хэмжээний өрөнд шаачихдаг юм, улсаа. Тэр 22 саяыг “Хоёр хувийн Миша” буюу өнөөгийн Оросын “Ардчилсан” лидер М.Касъяановт алчуур болгоод өргөчихсөн юм билээ л дээ. Харин одоо интернетээс их өрийн тухай мэдээлэл олох гээд үзээрэй, бүгд устчихсан.

Тухайн үед Монгол Улс тэрбум гаруй долларын албан ёсны өртэй үлдлээ гэж зарласан. “Их өрөөс” салсан бол “бага өр” ч яамай гэлцэж байв. Гэтэл түүнээс хойш ердөө долоон жилийн дараа 70 жил тавьсан өрөө нөхөөд тавьчихсан тууж явдаг юм манай “либералууд”. Үүнийг эдийн засгийн амжилт гэх нь хаашаа юм бэ? Өмнөх 70 жилийн өрөөр юу хийснээ бид мэднэ дээ.

Гуулингийн талын усжуулалтын систем мэтийн ашиггүй хөрөнгө оруулалт байсан л даа, тэр нь ч улстөр-геополитикийн шалтгаантай л юм билээ. Хятадууд Шар мөрнөөс /Монголоор Хатны гол/ дэгдсэн чийг салхины аясаар Куньлуний нуруунд тулаад дорно зүг эргэж говьд буудгийг замд нь мөнгөн усаар буудаж унагаад байснаас манай өмнөд бүсэд 30 жилийн ган нүүрлэснийг зөөлрүүлэх зорилготой төсөл байсан юм билээ.  Гэхдээ л тэр 11,4 тэрбум шилжих рубль /манайхан 1 шилжих рублийг 1 ам.доллартай тэнцүү гэж хүлээн зөвшөөрсөн/ Улаанбаатар, Дархан, Эрдэнэт аймаг сумын төвүүд, сангийн аж ахуйнууд, атрын аянууд, мал аж ахуйн түүхий эдээ 100 хувь боловсруулдаг /яснаас нь хүртэл савангийн тос гаргаж авдаг байсан юм шүү/ аж үйлдвэрийн цогцолборууд, үйлдвэр уурхайнууд болсон.

Гэтэл сүүлийн долоон жилийн өрийг юунд зарцуулсан бэ? Ядуурлыг тав дахин өсгөхөд үү? “Оюу толгой” төслийн гэрээний өр энд ороогүй юм шүү. Хэрэв “Оюу толгой” төслийн хөрөнгө оруулалтын өрийг тооцвол 8,1 тэрбум ам.доллар дээр ахиад гэрээгээр хүлээсэн 1,8 тэрбум ам.долларын өр үүсэж байгаа ба манай ТУЗ-ын гишүүдийн баатарлаг чармайлтаар 12 хувийн хүүтэй байх байсан нь зургаа орчим хувь болж буурсан.

Үнэндээ ТУЗ-ын гурван гишүүн байтугай манай Засгийн газар “мэдээгүй” байсныг УИХ-ын гишүүн Н.Батбаяр мөрдөн гаргаж асуудлыг тавьсан ба Ерөнхийлөгчийн Тамгын газрын чармайлтаар хөрөнгө оруулалтын зээлийн хүү хоёр дахин буурсан билээ. Үүнийг тооцвол манай улсын өр 2012 оны төсөв батлагдсан цагаас 10 тэрбум ам.доллар болоод байгаа ба өдөр бүр 300 мянган ам.долларын хүү нэмэгдэж байгааг бодолцвол бид удахгүй хөгжөөд “энэ зэргийн өр ч яамай болох” тэр ирээдүй байхгүй болж байгаа юм. Ингээд их өр дахин бий болов. Одоо шинэ “их өр” үүсэн түүхийг харцгаая.

Айвенхоугийн бага өр


Цаг хугацааны хувьд ойроос нь эхэлье. Оны эхээр “Айвенхоу Майнз” компанийн санхүүгийн тусгай зөвлөл 2013 оны эхний улиралд алт, зэс, мөнгөний Оюутолгой төслийг эхлүүлэхэд шаардлагатай санхүүгийн төлөвлөгөөг захирлуудын зөвлөлдөө танилцуулжээ. Дөрвөн гишүүнтэй тус санхүүгийн зөвлөл “Айвенхоу Майнз” компанийн менежментийн зөвлөхөөр ажиллаж байгаа бөгөөд “урт хугацааны төслийн санхүүгийн систем”-ийг бий болгох аж. Түр хугацааны санхүүгийн гүүр байгуулах 1.8 тэрбум ам.долларын саналыг “Айвенхоу Майнз”-ын захирлуудын зөвлөл хүлээн авчээ. Энэ гүүр бол өрийн гүүр, Монголын баялгийг зөөх гүүр юм. “Айвенхоу Майнз”, “Рио Тинто” өмнө нь “Оюутолгой” төслийг хэрэгжүүлэхэд 4.0 тэрбум ам.доллар шаардлагатай гэж мэдэгдэж байсан.

“Айвенхоу майнз”-ын “санхүүгийн тусгай зөвлөл” Монголын Засгийн газрын 34 хувьтайгаа тэнцүү хөрөнгө оруулалт хийх ёстойг өмнөөс нь төлөхөөс татгалзсангүй. Уг нь энд бичсэнд тулгуурлавал төслийг хэрэгжүүлэхэд 4,0 тэрбум хэрэгтэй гэж байсан (үнэндээ анх 3.5 байсан) бол одоо өсөөд 5,2 тэрбум болжээ.  Хэрэв төсөл 4,0 тэрбумын өртөгтэй байсан бол үүний 34 хувь нь 1,36 тэрбум байх ёстой. Гэтэл манайх яагаад 1,8 тэрбумыг төлөх болов? Арай нөгөө 51 хувиа авсан юм биш биз? Горьд за юу, үхэр Монголчууд аа. Төслийн өртөг өсчихөж.

Энэ тоог урвуу порпорцоор үзвэл Монголчууд төслийн бодат өртгийн 52 хувийг төлөөд 34 хувьтай үлдэж байна. Тэгээд ашгийн 55-60 хувийг хүртэнэ. Манай Сангийн сайд С.Баярцогт бид ашгийн 60 хувийг авна гээд байгаа ч “Рио Тинто”-гоос томилсон төслийн гүйцэтгэх захирал 55-60 гэж мэдээлсэн, тэгэхээр С.Баярцогт “Дайснаас ч аюултай дайсан” байх нь, тэгээд бид бүх ордоо ухаад сайндаа л дөрвөн хувийн ашигтай гарах нь байна. Хэрэв цаашид төслийн өртөг өсвөл бид энэ дөрвөн хувиа ч тавиад тууна. Эцэст нь ядаж чигчлүүр үлдээсэй.     
Үнэндээ бол манай Засгийн газар Монголын талд байсан бол гудамжнаас шаардаж буй иргэний хөдөлгөөн, сөрөг хүчний шахалтыг дэврээж байгаад төслийн хувьцааг унагаж, түүнтэйгээ дүйцэх мөнгийг төлөх “хөгийн, бүр новшийн” арга хэрэглэх байсан юм. Наймаанд найз байдаггүй юм аа. Тэгсэн бол бүр бага өртгөөр хувьцаагаа авчих байсан. Гэтэл манай Засгийн газар Сангийн яам хувьцааны ханш унах бүрт “Рио Тинто”-гийн талд орж далжигнасанаар хувьцааны үнийг өсгөж тус болсон ба энэ өсөлт нь Монголд түй ч ашиггүй байсан. Ингээд 34 хувиа хямд авах бололцоо байхгүй боллоо. Нөгөө тал биднээс ч ёс суртахуунгүй аашилсан байгаа биз? Уг нь либерал эдийн засгийн жам ёсоор бол бид тэднтэй хөрөнгийн зах зээлд “бух ба баавгайн” тулаан хийх ёстой байсан ч чухам түүнийг нь хийлгээгүй юм. Чухам үүнийг л цаад тал хүсэж байсан, хамтарсан Засгийн газарт байсан АН-ынхан яг энэ хүслийг нь гүйцээж өгөөд саллаа. Хамтарсны учир утга, салалтын шалтгаан чухам энд байсан гэж дүгнэхээр үйл явцууд болоод өнгөрлөө.

Гэрээний 34 хувь бол хоёр Солонгосын гал зогсоосон 38 дугаар зэргэд биш, гэрээ байгуулсан л бол тэр фронтын шугамаас цааш ахихын тулд давших ёстой байсан юм. Гэвч тэгэхийг хүсээгүйгээр барахгүй бүр ухарсан. Дээрээс нь “Тэмээн дээр ямааны гарз” хийж өмнө олонтаа бичсэнчлэн манай УИХ хөрөнгө оруулалтаа хийхийн оронд бэлэн байсан 583 тэрбумыг хувааж авахдаа нэмсээр  байгаад 651 тэрбумыг хусчихсан юм даа. Ингээд өнөөгийн 76 ямаа улсаа 1,8 тэрбум ам.долларын өрөнд унагаад зогсохгүй өдөр бүр 300 мянган ам.долларын хүүнд барьцаалж “эх орноо” ломбарданд тавьсан байна. Тэгээд хулгайлсан 651 тэрбумыг тооц доо. Жинхэнэ утгаараа шүү. Өнөөдөр ломбард л зургаан хувийн хүүтэй зээл өгч байгаа байх. Үүний дэргэд “Кёкшюзан, Баясгалан хоёр “Эх орон”-оо Д.Бат-Эрдэнэд худалдав” гэдэг онигоо ариун явдал мөнөөсөө мөн.

Бүр нарийндаа Монгол Улс зэсийн үнийн хуримтлалаас олсон мөнгөөрөө өөрт ноогдох 34 хувийн хувьцаагаа худалдан авах бололцоог нь хааж шунаг, тэнэг гишүүдэд нь тараалгаад, 1,8 тэрбумыг өгөөмрөөр урьдчилан төлсөн нь томоохон өрийн барьцаанд улсыг оруулсан хэрэг. Чухам үүнээс л сэргийлэх гэж “Аймаар үнэтэй Засгийн газар” өгүүллээ бичсэн авч баахан захиалгат сэтгэгдэлчдээ турхирсаар үлдсэн.

Үнэндээ “Айвенхоу майнзын тусгайгийнхан” 2012 оны сонгуульд МАНАН-гийн нэр хүнд унаж, сөрөг хүчин идэвхжвэл хувьцааны үнэ улам буурах байсныг тооцож “урьдчилж” өгөөмөр гараа сунгасан хэрэг. Үүний дүнд 6 хувийн хүүтэй 1,8 тэрбумын өрөнд Монгол уналаа. Энэ бол МАНАН-гийн хамтарсан Засгийн газрын хоёр дахь том гавъяа мөнөөсөө мөн. Чухам иймээс “АН-ын Сангийн сайд асан С.Баярцогт бол Жон Перкинсээс ч мундаг эдийн засгийн алуурчин” юм биш биз? гэж бодоход хүрээд байгаа ба АН-ын ЗТБХБ-ын сайд асан Х.Баттулга л үүний зах зухыг мэдээд байх шиг санагддаг. Хожим С.Баярцогт энэ нүглээ наманчлах болов уу? Харин улсаа хамт алалцсан нь өнөөгийн УИХ-ын гишүүд, тэнэгээрээ өөрийгөө хаацайлж болохгүй л дээ.

Их өрийн шалтгаан

Гэхдээ парламентын тэнэглэл үүгээр дуусаагүй, эхлэлийг нь үзье. “Оюу толгойн” гэрээ батлагдах нөхцөлгүй шахам болсон тэр үед дотоодын эдийн засгаа зохимлоор хямраагаад “Хямралын эсрэг төлөвлөгөө” гэгчээр 1,2 тэрбум ам.долларын зээл авах эрхийг Засгийн газар авах гэж шахсаныг зөвшөөрснөөс нүгэл нь эхэлсэн шүү дээ. ОУВС, Дэлхийн банкныхан “дэлхийн эдийн засаг хямарлаа” гэж хэлэнгүүт манайхан хямраад явчихдаг болчихоод байгаа юм. Яг тэр цагаас эхлээд Монголын гадаад өр зөвхөн энэ парламентын хугацаанд тав дахин өссөн. Ядуурал ч тэр хэрээр өссөн.

Гэтэл Дэлхийн банк гэгч байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газар Монголын Үндэсний статистикийн газрын хажуугаар сар бүр статистикийн мэдээ гаргах эрхийг өөртөө авч эхэлсэн. Тэгээд Монголын Статистикийн газар ядуурал 40 хувь хүрлээ гэж дүгнэхэд Дэлхийн банк 15 хувь байна гэж зөрүүлж байгаа юм. Шууд утгаараа танай статистикийн газар худлаа мэдээ гаргадаг гэж бүдүүлгээр нотлосон юм. Гэтэл манай эрх баригчид булхайгаа нуух гэж Дэлхийн банкны мэдээг илтгэлдээ эшлэдэг болсон. Хэрэв тийм бол ҮСГ-т тэр их төсөв мөнгө өгөх хэрэг юун, Дэлхийн банкаар л статистикийн мэдээгээ гаргуулчихъя л даа. Энэ улсад хэн эрх барьж байв?

Унгарын өнгөт хувьсгал статистикийн мэдээнээс болж гарсан юм шүү.  Ерөнхий сайд Засгийн газрын хуралдааныхаа үеэр статистикийн мэдээг хэрхэн зассанаа хамтарсан этгээддээ гайхуулж дарамталсныг гар утсаар бичиж аваад нийтэд түгээснээр бослого гарч хуучин социалистууд нь унасан. Унгарт зассан мэдээ бол манай эрх баригчдын тэнэглэлээс хавьгүй гэм хоргүй “тоо” байсан.

Улсаа өрөнд оруулсныхаа хариуд дөрвөн жилд УИХ-ын гишүүн бүр дунжаар доод зах нь 15 тэрбум төгрөгийн хахуулийг Засгийн газраасаа, чухамдаа С.Баярцогтоос авсан юм. Тэнэгүүд хэзээд хямдхан худалдагддаг аа гэж. Өмнө бичсэн бүх өгүүлэлд Засгийн газрыг унагах гэж оролдох бүрт С.Баярцогт төсвийн мөнгөөр парламентыг хэрхэн хахуульдаж байсан тухай л бичсэн.

Нөгөө Улиастайн Чүлтэм бэйсийг буудсан новш “Тэнэгийн л харгай даа” гэж эрхээ шаржигнуулсаар өмдөндөө савируулаад буудуулдаг тэр л сюжетээр манай парламентын малнууд орж байгаа юм. Энэ тухай л “Уут уут мөнгөөр улсаа худалдсан ноёдууд гуай...” гэж 90 жилийн дуулж байсан, үүнээс нь салах гэж олон арван мянган хүний амь зольсон доо Монголчууд. Яая гэх вэ? Тэнэгийн төлөөс тэнгэрт гэж, Монголчууд өөрсдөө л сонгосон биз дээ. 

Монгол банкаар дамжин халдаасан Хол-ланд өвчин

Одоо Монгол банк руу оръё. Энэ өвчний үүсгэгч нь Монгол банк байсан юм. А.Батсүхийг огцруулж олон жил төрийн алба хашсан туршлагатай Д.Пүрэвдоржийг тавьснаар бүх тоглоомын дүрд тоглодог хүүхэлдэйтэй болсон юм.

Монгол банк хамгийн түрүүнд 960 гаруй тэрбум төгрөгийг зах зээлээс гэнэт эргүүлэн татсанаар 2009 онд зүв зүгээр байсан эдийн засаг хямарсан. Угаасаа л хямралын схем ийм байдаг, өөрөөр хэлбэл зах зээлд байгаа нийт мөнгөний гуравны нэгийг татахад эдийн засаг найдвартай сүйрдэг. Ингэж банк санхүүгийн системээ бүрэн хямраагаад, хэд хэдэн банкны толгойг залгисан. Энэ бүхнийг гардан гүйцэтгэгч нь Д.Пүрэвдорж байсан. Банкны хямралын цаана дотоодын аж ахуйн нэгжийн мэдэлд байсан банкны барьцаа ордыг гадаадынханд өгөх үйл явц л өрнөж байлаа. Тэгээд гадаад хүнээр банкаа удирдуулаад, гадаад зөвлөхүүд уриад нөгөөдүүл нь Жамц баяны мөнгийг иддэг хулгана шиг л аашилж байсан.

Д.Пүрэвдорж эдийн засгийн цусыг юүлж байхад УИХ хямралаас гарахын тулд 1,2 тэрбум ам.доллар өндөр хүүтэй зээл авах төлөвлөгөөг хэлэлцэж байсныг юу гэж ойлговол зохих вэ? Энгийн дүрслэлээр бол “Зүв зүгээр байсан хүнд “Хямрал гэгч ДОХ тусчихаж” гэж итгүүлээд нэг гараас цусыг нь юүлж ухаан алдуулаад нөгөө гарт нь өндөр үнэтэй дусал залгасан л гэсэн үг”. Монголын эрүүл эдийн засгийг ингэж л алсан байхгүй юу. Үнэндээ аргаа барсан ухаалаг хэсэг нь эрүүл ухаанаа алдаад “Энэ бүх үйл ажиллагааг явуулж байгаа хүмүүсийн дунд нэг ч цэвэр Монгол хүн алга, бүгд эрлийзүүд байна” гэж шогширч байсан, ер нь л үнэн байна билээ. Дэлхийн нэгдүгээр дайны үед Оросын армийн толгойд дан Герман цустай генералууд байснаас ямар их цус урслаа. Ерөнхий сайд Керенскийн бүтэлгүйтлийн дараа Германчууд тэр нууцыг нь коммунистуудад задалснаар Орост хувьсгал гарсан.

2009 оны зохиомол хямралаас хойш бодлогын хүүг байнга өндөр түвшинд барих, эдийн засгийн цусны эргэлт болсон төгрөгийн нийлүүлэлтийг хязгаарлах “хатуу бодлогыг” Монгол банк “хэлбэрэлтгүй, тууштай” барьж байв. Олон арван мянган аж ахуйн нэгжийн дампуурлыг хэн хариуцахыг байтугай хэдэн аж ахуйн нэгж дампуурсныг Монголчууд мэдээгүй. Өнөөдөр арилжааны банкууд зээлээ хязгаарлачихаад байна. Сарын өмнө дээд тал нь таван саяын зээл арай гэж олдож байсан бол өнөөдөр тэр нь ч олдохгүй байгааг аж ахуй эрхлэгчид хэлсээр байна.

Үүнийгээ Монгол банк тайлбарлахдаа “Эрх баригчид хэтэрхий их бэлэн мөнгийг амлалт биелүүлэх нэрээр зах зээлд нийлүүлснээс төгрөгийн нийлүүлэлт хэтэрч, инфляц цадигаа алдах гээд байна” гэж тайлбарладаг. Үнэндээ амлалтын мөнгийг тараалаа ч тэр мөнгөний хэмжээ нь эдийн засагт эргэж буй мөнгөний аравны нэгээс хэтрэхгүй. Гэхдээ Д.Пүрэвдоржийн үгэнд үнэний ор бий, жишээ нь амлалтын мөнгөнөөс гадна УИХ-ын гишүүн тус бүрийн “хахууль” 15 тэрбум төгрөг зах зээлд орж байгаа. Чухам үүнийг зарим гишүүд ойлгодог учраас бөлдгөө базуулаад таг болчихсон, Д.Пүрэвдорж ч дандаа үүнийг нь сануулдаг хэрэг шүү дээ.  

Хамгийн гайтай нь Монгол банк төгрөгийн нийлүүлэлийг хязгаарлах нэрээр үйлдвэрлэгчдэд очих мөнгийг царцаачихаж байна. Монгол банк бодлогын хүүгээ өсгөсөөр одоо 12,25 орчим хувьд барьж байна. Энэ нь арилжааны банкуудаас үйлдвэрлэгчдэд очих хүү үүнээс дээгүүр байх ёстой гэсэн үг. Нөгөө талаас арилжааны банкууд зээл олгохын оронд мөнгөө Монгол банкинд байршуулаад өндөр хүү аваад эрсдэлгүй суухыг хүсэж байна. Энэ дундаас гурав дахь аюул бий болдог нь инфляци 12,25-аас хэтэрвэл арилжааны банк алдагдалд орох тул Монгол банкинд байршуулаад үлдсэн жаахан мөнгөөрөө зээл олгохдоо алдагдлаа нөхөх хэмжээний хүү ахиад нэмдэг байна.

Нөгөө талд зөвхөн худалдан авагчийн үүрэгтэй ард түмний гар дээр ард түмний төлөөлөгчдөөр дамжин асар их мөнгө очиж байна. Дотоодын үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчид эргэлтийн хөрөнгийн зээлгүй тул юу ч хийж чадахгүй, ийм нөхцөлд бүх мөнгө импортын бараанд зориулагдаад гадаад худалдааны алдагдлыг хөөргөдөж байна. Энэ хирээр төгрөгийн ханш улам унаж байна. Зээл хязгаарлагдсанаас үйлдвэрлэл бүтээмж, иргэдийн гар дээрх мөнгөтэй дүйцэхгүй, өөрөөр хэлбэл иргэдийн гар дээрх мөнгийг дотооддоо шингээж чадахгүй бол яг хордлого туссан хүн шиг хамгаа тургиад туйлдчихаж байна. Гэтэл Д.Пүрэвдорж иш мухаргүй зүтгэсээр байгаад улсаа сүйрүүлчихлээ, одоо тайлбараа олсон 2013 онд дэлхийн эдийн засгийн хямрал “Монголд орж ирнэ”. Тэдний заль мэх бол хоёр хямралын хооронд Монголын эдийн засгийн алсанд байна.

Гадаадынхан илүү илүү


Энэ бүхнийг гадаадынхан ОУВС, Дэлхийн банк хийсэн. Д.Пүрэвдорж гэдэг хүнд Монголын эдийн засгийн бодат байдал биш, гадаадынхны зөвлөгөө л үнэтэй байжээ. Коммунист эдийн засгийн хашир түшмэл хожмын алдаанаас зугтахын тулд хэн нэгнийг урдаа барих айдаст тулгуурлан ажилласан ба УИХ ч, Засгийн газар ч ОУ-ын санхүүгийн байгууллагуудын өмнө гөлөг болно гэдгийг л мэдэж байсан нь цорын ганц бодат баримжаа нь байх.  

Гадаадын хөрөнгө оруулалт ч яг ийм болжээ. Аймаар их доллар орж ирж байгаа гэх авч тэр нь буцаад импортод зориулагдаад гараад явчихаж байна. Үнэндээ хөрөнгө оруулалт Монголд орж байгаа нэртэй болохоос хөрөнгө оруулалтын хэрээр угаах түмпэн нь томорсон Монголд нэг эргээд буцаад гарчихаж байна. Монгол банк дотоодын аж ахуйн нэгжүүдийг зээлгүйжүүлснээр томоохон ордуудыг ашиглаж байгаа компаниудын туслан гүйцэтгэгч цөөхөн хэдэн компани л тэсч үлдээд бусад нь сүйрчихэж байна. Ингэснээр Монголд зөвхөн уул уурхайд түшиглэсэн бизнес л үлдээд бусад нь нүд анив.

Үүнийг л Голланд өвчин гэдэг. Монгол банкны өнгөрсөн хугацаанд авч явуулсан хатуу мөнгөний бодлого Монгол Улсыг Голланд өвчин тусгалаа. Үүний төлөө Д.Пүрэвдоржийг огцруулсан ч багадна. Монгол бол Африк биш, Латин Америк биш гэж онгирдог манай биеэ тоогчид одоо Африкаас ч дор орсноо хүлээн зөвшөөрөх дургүй байна. Ядаж буруугаа хүлээгээд эртхэн алдаагаа засахын оронд “Ирээдүй илүү гэрэлтэй болж байна” гэж улам л худлаа хэлдэг боллоо. Энэ байдлаараа бол бидэнд ирээдүй гэж байхгүй болсон.

Эдийн засагт санхүүгийн зээллэг байхгүй болохоор бүх компаниуд зөвхөн төсөв, төсвийн хөрөнгө оруулалтад найддаг болж байна. Тэртэй тэргүй арилжааны банкууд зээл өгөхгүй Монгол банк хурааж аваад дараад суучихаар цорын ганц хөрөнгө оруулалтын эх үүсвэр болсон төсвийн хөрөнгө оруулалт, тендерээр л амь зогоохыг бодно. Энэ хэрээр авилга цэцэглэж, төсвийн алдагдал хэрээс хэтэрч, Засгийн газруудыг тогтоохын тулд төсвөөр хахуульддаг “мода” дэлгэрч байна. Хүүгүй тараах /хүү нь уг нь гишүүний унац/ 15 тэрбумын хөрөнгийн эх үүсвэртэй УИХ-ын гишүүн бүр тус бүртээ жинхэнэ утгаараа “банк бус санхүүгийн байгууллага” болчихож байгаа юм.

Үнэндээ манай эдийн засагчид “Гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэхийн хирээр дотоод зах зээлд долларын нийлүүлэлт нэмэгдэж, Монгол банк түүнтэй нь дүйцэхүйц төгрөгийн нийлүүлэлт хийснээр эдийн засаг тэлж, зээл хахаж цацтал нэмэгдээд хүү нь буурч олон салбар бий болж хөгждөг” гэж нотлодог байсан. Гэтэл өнөөдөр тэгэхээс тэг гэж байгаа юм шиг хөрөнгө оруулалт нэмэгдэхийн хирээр төгрөгийн нийлүүлэлтээ багасгаж, эдийн засгаа тэлэхгүй агшааж турааж байгааг нь санаатай хорлон сүйтгэх ажиллагаа гэх үү, улсаа мөхөөх бодлого гэх үү? гэж асуух цаг ирж. Д.Пүрэвдорж гуай, та яг хэний талд байгаагаа эртхэн хэлээд явж болохгүй юу?

Яг энд, Монгол банкны тэнэг бодлогод манай бүх үгүйрэл сүйрлийн шалтгаан байгааг хараач. “Би бүхнийг чаддаг, мэддэг” гэж чалчсаар УИХ гишүүн болмогцоо “Би эдийн засаг мэддэггүйшдээ” гэж байгаа олон арван гишүүн одоо л “Би чадсангүй, чадахгүй юм байна, мэдэхгүй юм байна” гэж хэлэх цаг болсон.  Гайтай хөөтэй хөрөнгө оруулалтын гэрээ нь байгуулагдаагүй байсан бол бүх зүйл хэвийн явагдах байсан гэх халаглалыг жирийн малчин Ерөнхийлөгчдөө хэлж байна. Үнэндээ жирийн малчин байтугай боломжийн бизнес эрхлэгчид ингэж халаглаж байна. Бүх Монголчууд ингэж халаглаж байна. Харин тун цөөхөн хэдэн увайгүй амьтан, адгийн шаарууд л баяжиж, хөрөнгө оруулалтын ашгаар улс хөгжиж байгаа тухай үлгэр ярьж байна.

“Оюу толгой” захиалгаа дотоодынхонд бус гадаадынханд өгснөөс зээлгүй дотоодын компаниуд бага хүүтэй зээл авдаг гадаадын компаниудтай өрсөлдөж чадахгүй байгаагаас хөрөнгө оруулалт “Ганцхан Монголд л ашиггүй” гэдэг зарчмаар нөлөөлж эхэллээ. Өмнө дурдсан үй олон үзэгдлийн ердөө ганц нь л бослого гарахад хангалттай авч Монголчууд таг дуугүй суусаар л. Чоно үүрэндээ өлзийтэй гэж энэ.

Ганцхан жишээ хэлэхэд Монгрол банк төгрөгийн ханшийг сулруулах гэж байгааг мэдсэн нэг сэргэлэн хүү бас нэг арилжааны банкны хөрөнгө оруулагчтай хуйвалдаж, өөрийнх нь банкнаас 30 тэрбум төгрөг жилийн долоон хувийн хүүтэй зээлж аваад доллар худалдан авч, долларын үнэ өсмөгц зарж ашиг олсныг юу гэх вэ? Одоо 17 тэрбумыг төлсөн, 13 тэрбум дутуу байгаа гэнэ. Саяын уналтаас л 15 хувийн ашиг унагасан байж таарна.

Монгол банк валютын газрын захиралгүй хоёр сар болсныг хянаж байх ёстой УИХ нь мэдээгүйг юу гэх вэ? Тэр хоорондуур ажилтнууд нь луйврын хэрэгт холбогдож, сая болж өнгөрсөн шатахууны үнийн өсөлт, төгрөгийн уналт мэт эдийн засгийн ноцтой хямрал хэдхэн хүний ашиг олох шуналаас үүдэлтэйг манай цагдаа шударгаар шалгаж чадах уу? Аль эсвэл Д.Пүрэвдорж гэдэг банк мэддэггүй нөхрөөс болоод л бүх юм баларлаа гэж зальдах гэж байгаа улстөрийн бүлэглэлүүд уснаас хуурай гарна гэж бодож байна уу? Ийм “Хол ланд”-ын удирдагчидтай байхад Монгол хөгжихгүй ээ, улам л ядуурч, доройтно.