Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл (МСНЭ)-ийн ээлжит их хурал Монголын сэтгүүлчдийн 14-р их хурал нэрийн дор 12-р сарын 10-ны Бямба гаригт болохыг зарлалаа.

2001 онд Монголын сэтгүүлчдийн холбоо (МСХ), Монголын чөлөөт ардчилсан сэтгүүлчдийн эвлэл (МЧАСЭ) хоёрыг барилга байшин зэрэг хэдэн том юмаар наймаацан нийлүүлж МСНЭ-ийг байгуулснаас хойш ер өөдөлсөнгүй. Зүгээр л муу ажилласан бол бас яахав, гэтэл Ерөнхий нарийн бичгийн дарга нь МАХН-ын даргын сурталчилгаанд зогсоо зайгүй хүчин зүтгэж, Ерөнхийлөгч нь хэзээ нэгэн цагт сонгуульд нэр дэвшихэд хэрэг болуужин хэмээн нэлээд хэдэн жилийн турш энэ сэтрээр гоёж шоудсан билээ. Тэгээд намаас нь команд өгмөгц “баяртай” ч байхгүй нүүрээ буруулан хаяж оджээ. Удирдлагууд нь сонгууль дөхөхлөөр “фронт”-д дайчлагдаж, харин дуусахлаар эргэн ирж тэврээд хэвтчихдэг нь бүр дүүрч, гагцхүү сэтгүүлчдийн мэргэжлийн байгууллагын орон зайг эзэлж нэрийг нь барьсан атлаа тэдний эрх ашгийг хамгаалахгүй арав шахам жилийг  алдсан нь харамсмаар. МСНЭ-ийг муу байна гэж сэтгүүлчид энд тэндгүй шүүмжилдэг хэрнээ цуглаад хуралдахаараа дээрх нөхдийн элдэв үгэнд хууртаж, сайндаа л сэтгэлээ онгойтол ярьж аваад бахь байдгаар нь үлдээдэг.

Одоогийн МСНЭ бол үндсэндээ социализмын үеийн зохион байгуулалт юм. Тэгэхэд Монголын сэтгүүлчдийн холбоо нь хэвлэл мэдээллийг бүрэн хамарсан, удирдлага нь сонин сэтгүүлийн эрхлэгч, телевиз, радиогийн дарга нараас бүрддэг, МАХН-аас томилогддог “Үнэн” сонины ерөнхий эрхлэгч тэргүүлдэг байв. Дарга нараар нь дамжуулан сэтгүүлчдийг удирдан чиглүүлж байсан хэрэг. Тэгвэл хорин жил өнгөрч хэвлэл мэдээллийн салбарт Монголын сонины холбоо, Монголын өдөр тутмын сонинуудын холбоо, Телевизүүдийн холбоо мэтчилэн эздийн байгууллагууд тусдаа гарч эрх ашгаараа ялгарчихаад байхад сэтгүүлчид тусгаар тогтнолоо олоогүй буюу нөгөө л эзэд, дарга, захирлууд буюу тэднийг төлөөлсөн нөхдийн гарын дор явж ирлээ. Өнөөдөр ажилллагсад нь эзэдтэйгээ, хэрвээ төрөөс санхүүждэг бол Засгийн газартай цалин хөлс, нийгмийн асуудлаа ярьдаггүй, гурван талт хэлэлцээр хийдэггүй бараг цорын ганц салбар нь хэвлэл мэдээлэл болон торойжээ. Эзэн, дарга, сэтгүүлч, зохиолч, пиарчин, рекламчин, дээрээс нь улс төрч, нийгмийн зүтгэлтэн гэсэн олон дүрийн аль ашигтайд ээлжлэн хувирсаар байгаад хэн нь мэдэгдэхээ больсон нөхдүүд МСНЭ-ийг гартаа оруулсан.

Өнгөрсөн зун хэсэг сэтгүүлч “Шинэ үе, шинэ сэтгэлгээ” түр хороо байгуулж МСНЭ-ийг шинэчлэхээр хөдөлснөөс хойш  томоохон чуулган зохион байгуулж, бас шүүхдэлцэж амжсан. Явсаар энэ их хуралд тулж ирлээ. МСНЭ-ийн гүйцэтгэх хороо, энэ түр хороо, бас  “Эрүүл сэтгүүл зүйн төлөө” бүлэг (дууриаж, эсвэл сөрөг иргэний хөдөлгөөн шиг гарч ирэв үү?)-ээс хамтран боловсруулж Их хуралд оруулахаар бэлтгэсэн МСНЭ-ийн дүрмийн төслийг үзлээ. Өмнөх дүрмээс зарчмын ялгааг олж чадсангүй. Үндсэн асуудал болсон ажил олгогч, захиалагч эзэд болон сэтгүүлчдийн зааг, харилцах зарчмын талаар юу ч байхгүй, редакцийн бие даасан байдлыг хангах тухайд дурсаад л өнгөрчээ. Дүрмийн эхэнд “МСНЭ нь үйлдвэрчний эвлэлийн чиг баримжаатай байна” гэсэн мөртлөө араас нь “МҮЭ-ийн холбоотой нягт хамтран ажиллаж Хэвлэл мэдээллийн ажилтан, албан хаагчдын салбарын үйлдвэрчний эвлэлийн холбоог үүсгэн байгуулж хөдөлмөрийн хамтын гэрээ, хөдөлмөрийн гэрээ байгуулахад арга зүйн туслалцаа үзүүлнэ” хэмээн өөрөөсөө зайлуулсан заалтууд оржээ. Эздээс илт дөлсөн байна.
Ерөнхийдөө хэвлэл мэдээлэлд хамаатай болгоныг хамж багтаасан байгууллага хэвээр үлдэх бололтой. “Их хуралд МСНЭ-ийн гишүүн болон тухайн хэвлэл мэдээллийн газар ажиллаж буй сэтгүүлч, редактор, гэрэл зургийн сурвалжлагч, баримтад кино бүтээгчид их дээд сургуулийн сэтгүүл зүйн салбарын багш нар, мэргэжлийн судлаач 8 хүн тутмаас их хурлын төлөөлөгч 1 хүнийг сонгоно” гэхчлэн журамласан байна.  Найман хүнтэй байгууллагад эрхлэгч, сэтгүүлч хоёрын хэнийг сонгох бол? Хэрвээ 3,эсвэл 5 хүнтэй редакци байвал яахав? Энэ мэтээр дээрх журам утга муутай учраас Их хуралд оролцохыг маш хүссэн хүмүүс элдэв арга заль зохиож байж л “сонгогдож” чадна.

Эзэд нь сэтгүүлчдээ бүрэн мэдэж бараг албат болгосон харагддаг жишээ бол Монголын сонины холбоо юм. “Өглөөний сонин”, “Хүмүүс”, Хүмүүсийн амьдрал”, “Сэрүүлэг”, “Монголчуудын амьдрал” зэрэг сонины төрд ажилладаг, сонгууль болохлоор МАН (МАХН-аас)-аас нэр дэвшдэг нөхдүүд өөрсдийн эзэмшдэг хэвлэл мэдээллийн сэтгүүлчдэд зориулсан Монголын чөлөөт сэтгүүлчдийн холбоог байгуулж өгөөд хашчихсан байгаа.

Сэтгүүлчдийн байгууллага бол юуны өмнө сэтгүүлчдийнх байх ёстой. Тэр тусмаа хувь сэтгүүлчийнх. Тэрбээр хаана, хэний дор ажилладаг, эсвэл ажилладаггүй, ямар нэгэн салбар, клубт хамрагддаг эсэхээс үл хамааран дүрмийн шаардлагыг хангаж л байгаа бол чөлөөтэй элсэх, тэгээд сонгох сонгогдох, үүний тулд их хуралд оролцох эрхтэй. Гэтэл дүрмэнд “Их Хурлын төлөөлөгчдийг хот, хөдөөгийн сэтгүүлчдийн анхан шатны салбар зөвлөл, Монголын Сэтгүүлчдийн Эвлэлийн дэргэдэх клуб, бүлгийн хурлаас сонгоно” гэсэн нь сэтгүүлчдийг бөөнддөг нөгөө л арга юм. Сэтгүүлч эрх чөлөөтэй байх нь ядахдаа өөрийгөө мэддэг, бас  төлөөлдөг байхаас эхэлнэ. Монгол улс хэтэрхий олон сэтгүүлчтэй учраас багталцахгүй энэ тэр гэх биз. Мянган хүн чуулж яагаад болохгүй гэж? (Үнэн хэрэгтээ хэдэн зуугаас илүү оролцохгүй). Ийм хурлыг ягштал зохион байгуулах нь менежментийн тусдаа асуудал юм.

Харин МСНЭ-ийн дарга нарын тоог нэмэгдүүлж Ерөнхийлөгч, тэргүүн дэд Ерөнхийлөгч, дэд Ерөнхийлөгч, Ерөнхий нарийн бичгийн дарга гээд олон сайхан даргатай байхаар дүрмийн төсөлд тусгажээ. Сонирхолтой  хурал болох байх.

Их хурлаар МСНЭ-ийн дүрмийн төслийг хэлэлцэж батлана. Гэхдээ Монголын сэтгүүлчдийн байгууллага ямар байх ёстойг хэн ч төгс мэдэхгүй. Энэ удаад бүрэн шийдэл, хариулт олдохгүй ч байж болзошгүй. Иймээс МСНЭ-ийн Их хурлыг өмнөх жаран жилийнх шиг 4 жилд ганцхан удаа биш, харин жил тутам бүх сэтгүүлчдийн чуулган хэлбэрээр хийдэг байх нь зүйтэй санагдана. Тэгвэл одоо батлах дүрмээ нэг жил “туршаад” ирэх онд засаж сайжруулах боломж нээгдэнэ. Цаашдаа тулгамдсан, тулгарсан асуудлыг хэдэн жилээр хүлээлгэхгүй, шуурхай шийдвэрлэдэг болно. Шинээр сонгогдсон удирдлагад хугацаа олгох ёстой ч нэг жил гэдэг бол юу хийж буйгаа харуулахад хангалттай. Хэрвээ ажил сайн яваа бол үргэлжлүүлнэ, үгүй бол солигдоно. Дөрвөн жилээр гарчихаад олигтой юм хийхгүй мөнхөрдөг, тэгээд бусдыг төдийгүй өөрийгөө залхаадаг байж таарахгүй. 23 хүнтэй байхаар төсөлд тусгасан Гүйцэтгэх хороонд ч хамаатай асуудал юм.

Улс орон, нийгэм, технологи, үйл явц асар түргэн өрнөж байхад сэтгүүлчдийн байгууллага хуучны намын их хурал юмуу одоогийн сонгуулийн мөчлөг бараадан гэлдрэх албагүй төдийгүй ёсгүй.