“Үнэн бий. Түүнийг олон янзаар хүртдэг”
Даниел Канеман

“Үнэн бол хоосон”
Г.Аюурзана


Хамгийн сүүлд шоронд уншсан хоёр ном маань Г.Аюурзаны “Сахиуст хангайн нууц” хэмээх роман, Стивен Пинкерийн “Гэгээрэл үргэлжилсээр” нэртэй ном болов. Эрх чөлөөтэй хүнийг бодвол шоронд суугаа нэгний мэдрэхүй хурц соргог болдог аж, үүнийг давуу тал ч гэмээр юм уу!

Хоёр ном хоёул бодож туурвахуйн ид хавыг гайхуулан довтолсоор санаа сэтгэлийг минь бүрэн эзэмдэн цочрооход, хөөрч догдолсон миний бие шоронгийн өрөөн дотуур баахан нааш цааш холхив. Аюурзаны онгодын ертөнц, Стивен Пинкерийн ухааны далайгаар хэрэн тэнэхдээ шоронд байгаагаа ч ор тас мартана. Сэхээрч сагахын эрх чөлөөгөөр хөглөгдөн омогшихдоо намайг гүтгэн гөрдөж “шоронд хатаасан” атгаг прокурорууд, шүүгчдийг нэхэн санаад “оюун ухааныг хэзээ ч хорьж дийлэхгүй ээ!” хэмээн дотроо тавлах аятай даналзан байв.

“Сахиуст хангайн нууц” роман модерн ба постмодерний хооронд савлан метамодерн руу чиглэсэн мэт. Би энд модерн, постмодерн, метамодерн зэрэг ойлголтуудыг урлаг, утга зохиолын нэр томьёо гэдэг утгаар нь бус түүх, философийн ойлголт тухайд нь хэрэглэж буйгаа тодруулах нь зүйтэй.

Пүрэв гүний “Угаасаа үнэн гээч маань бас л хоосон зүйл учраас бүх зүйл үнэн” гэсэн бодол нь үнэнийг хоосноор деконструкци хийж байгаа постмодернист үзэл санаа. Атал “Мэдээгүй, таниагүй, хараагүй, ойлгоогүй, илтэд оноогүй, билгүүнээр мэдээгүй л бол гагц сүжиг бишрэлийн хүчээр нирвааныг олно гэж үгүй! Үүнийг ойлгосон цагаасаа эхлээд л би сүжиг бишрэлийг ойшоохоо больсон хүн” хэмээн, сүжиг бишрэлээс чөлөөлөгдсөн тухайгаа Цастын багшийн шавьдаа хэлэх үг угаасаа модерн эрин үеийн үзэл санааг илэрхийлсэн гол утга билээ.

Ийн хоёр үзэл санаагаар боссон хоёр ханын хооронд мөргөн ойж урагшилсаар романы төгсгөлд “Ээ! Бид чинь ердөө л өөрсдийнхөө бий болгохоор чармайж яваа дуртгалууд, өмнөөс нь шимшрэм өрөвдөлтэй дурсамж төдий сүүдрүүд л юм шив дээ. Хүний өөрийнх нь мэдлийн биш, харин хөглөг их баян буурал Хангайн дуртгал, бид өөрсдөө огт амьдраагүй, Хангай хэмээх тэр аугаа их амьд оюун санаа л биднийг ийм амьдрал туулж яваа мэтээр цаанаас төсөөлөн суугаа ч юм шиг. Амьдрал гэгч нь, тэгэхээр, эртний их онгод оршсон Ханхар-Гүний эзэд савдгийн төсөөлөлд тэнцэхээргүй даанч өчүүхэн зүйл, ердөө л, өргөн Хангайн хаа нэгтээ булаатай аль эрт нөгчсөн ятгын дуртгал ч байж мэдэх нь. Тийм болоод зарим нэг явдал ийнхүү биднээс хамааралгүйгээр гэнэт дурсагдаж, харин зарим нь ор тас мартагдан, хичээгээд хичээгээд санагддаггүй ч юм билүү…” гэж Аюурзана бодлоо тайлсан нь метамодерний манифест гэлтэй санагдав.

Модерн (Орчин үе) хэмээх түүхийн бодит эрин үе, түүний үнэ цэнийг үгүйсгэх гэсэн постмодерн шүүмжүүд хоёрын харьцахуй нь, хөглөг Хангай хийгээд хүний амьдрал гээч дуртгал хоорондын харьцахуй шиг санаж, мартах ээлжилсээр урагшлах хөдөлгөөн аж. Ийм хөдөлгөөн бий бөгөөд түүнийг метамодерн гэж нэрлэн анх зарласан Голланд, Английн хэсэг залуус нь урлагийн философчид юм. Тэр залуусын нэрийг мартчихаад санах гэж өрөөндөө хэсэг холхив.

“Fuehle dich alles hinein”. Энэ бол Герман хэлээр бичсэн бичвэр. Юу гээд байгааг нь ч би ойлгохгүй. Иоганн Гердер нэртэй, романтизмыг үндэслэгч герман хүний бичвэр. Бичвэрийн утгыг, аль нэг цаг үеийн тухай бичих гэж байгаа бол тэр цаг үеэр л амьдар гэж тайлж болохоор юм гэсэн. “Сахиуст хангайн нууц” романыг бичихдээ Аюурзана энэ зарчмыг ягшиал баримталжээ.

Пүрэв гүний үеийн Жонон засгийн хошууны амьдралыг дэлгэн харуулахдаа тухайн цагийн утга учрыг тодорхойлон оноож асан бурхны шашны ертөнцөд Аюурзана өөрөө шингэн амьдарчээ. Ид шидэд итгэдэггүй XXI зууны Аюурзаныг зохиолынхоо үүдэнд орхин орж чадсан нь гайхалтай.

Өвгөн хамба гүн ухаанаараа, Нарбанчин гэгээнтэн шившлэгээрээ, Балдан зочи сахиусаараа, Осор гүртэн сахиусын солх дуудахаараа Хөглөг хангай, Хөх нуурыг амь оруулан, тэднийг тойрсон хошуу нутгийнхны амьдралын утга учрыг оноохдоо оноож, тайлахдаа тайлж буй дор зохиолч амьдран бүтээлээ туурвисан байлаа.

Өөрийнхөө бус, өрөөлийн цаг үеийн амин сүнсийг хүртэж бичнэ гэдэг бол зохиолчийн уран сэтгэмж, танин мэдэхүйн тамир тэнхээг сорьсон өндөр сарьдаг байдаг. Тэр сарьдагаас зүрхшээдэг учраас ихэнх зохиолчид өөрийнхөө цаг үеийн тухай бичдэг. Гэтэл Аюурзана мөнөөх сарьдагийг түүртэлгүй давахыг үзээд би хувьдаа түүнийг биширсэн.

Харин, Ягаандарийг занданшуулсан тэргүүнийг хөсөр хаяулж байгаа номын мөрүүд дээр би их гайхаж зогтуссан. Хайр, сүжиг хоёр ер бусын нягт ахуйгаас тийм хүйтэн сэтгэл гарна гэдэг л санаанд багтаагүй. Тэр хэдхэн мөртийг эс тооцвол “Сахиуст хангай нууц” шидээвэр болно гэдэгт миний бие мөрийцөхөд бэлэн байна.
 
Стивен Пинкерийн “Гэгээрэл үргэлжилсээр” нэртэй ном цаанаасаа л захиа даалгавартай гэмээр “Сахиуст хангайн нууц” романтай зэрэгцэн орж ирсэн.

Шоронд ном л “идэж” суух юм чинь. Ай, бас л супер ном. Соён гэгээрлийн ач гавъяаг гэгээрүүлэхийн хамт гэгээрлийн эрин үе рүү асуй аюулыг анхааруулжээ!

Орчин үеийн Оросын мундаг сэхээтэн Екатерина Шульман Пинкерийг “Гэгээрлийн хүлэг баатар” гэж янзтай онож өргөмжилжээ. Соён Гэгээрлийн үнэт зүйлсээ хамгаалан бараг ганцаараа шахуу халз тулаанд довтолгон орж байгаа түүнийг “Хүлэг баатар” гэж бахдахаас яахав.

Хэнтэй тулж байгаа гээч! Сүйрэл, мөхөлийн мэрэг төлгөөрөө Өрнийн улсуудын ард олныг эзэмдчихээд буй апокалипсист үзэлтэй “хоёр дахь соёлыхон”-той шүү дээ!

Стивен Пинкер “Бидний хэнэггүй зангаас болоод соён гэгээрэл хэмээх хамгийн аугаа түүхийн амжилт олигтой дуулагдсангүй, язгуур үндэс нь болох оюун ухаан, шинжлэх ухаан ба хүнийг дээдлэх ёс зохих ёсоор үнэлэгдсэнгүй”, “хөгжил дэвшлийн цар хүрээ мартагдвал… балар эртний ёс руу эргэж хазайх…” эрсдэл нүүрлэж байгаа тухай мөрүүдээр “Соён гэгээрэл үргэлжилсээр” номоо эхлүүлжээ.

Өдгөө дэлхий дээр 7 тэрбум гаруй хүн амьдарч байна. Түүний 10% буюу 700 сая нь нэн ядуу. Гэхдээ, хэрэв тэр 7 тэрбум хүн Соён Гэгээрлийн эхэн үед амьдарч байсан бол үгээгүй ядуу хүний тоо 6 тэрбум гаруй, “өдөрт нэг талх олж чадах хүнийг ядуу биш” гэдэг ангилалд оруулна. Мөн тухайн үед хүний дундаж наслалт 30-40 нас байв. Одоо дэлхийн дундаж наслалт 71, хөгжингүй оронд 81 нас байна.

Соён Гэгээрэл эхэлж байхад тухайн үеийн дэлхийн баян орны төрсөн хүүхдийн 30%-50% нь таван нас хүрэхгүй эндэж байв. Нэгдүгээр Эдвард (1237-1307) хааны 16 хүүхдийн 10 нь буюу 62% хүүхэд насандаа нас барсан. Хааны ордонд төрсөн шүү дээ! Гэтэл өнөөдөр ядуу орны хүүхдийн эндэгдэл 6% буюу тэр хааны ордныхоос арав дахин бага болсон. Соён Гэгээрэл эриний ачаар төрөхийн хүндрэлээс болдог эхийн эндэгдэл 300 дахин буурсан.

Соён Гэгээрэлийн шахалтаар иргэдийнхээ боловсрол, эрүүл мэнд, өсөлт хөгжлийг нь тэтгэдэг цэцэрлэг, сургууль,  эмнэлэг, их дээд сургууль, шинжлэх ухааны хүрээлэн зэрэг инстүүцүүд улс орнуудын нийгмийн бүтцийн салшгүй хэсэг болж байна. Афганистаны талибууд хүртэл сургууль, эмнэлгийг хүлээн зөвшөөрлөө.

Хүн төрөлхтөн үндсэндээ бичиг үсэгтэй болсон. Тэгэж байж л гар утас, компютер, телевиз, интернет, унадаг машин, аялдаг нисэх онгоц, хурдан гал тэрэг, метро зэрэг Гэгээрлийн өгөөжийг ашиглан хэрэглэх боломжтой юм.

Өнөөдрийн дэлхий диваажин биш. Гэхдээ, арван хүүхдээ нялхад нь хатгаа, ханиад мэтхэнээр алдаж байсан I Эдвард хаан одоо босоод харах ахул дэлхийг диваажин гэнэ. Соён Гэгээрлийн өмнөх үеийнхэн сэрээд үзвэл диваажинд иржээ хэмээн эндүүрнэ. Гэгээрэл ийм гайхамшигтай дэлхийг бий болгожээ. Үүнийг Стивен Пинкер баримтаар мөшгөн хөдлөшгүй нотолсон болохоо номондоо дэлгэн харуулсан байна.

Нотолсон төдийгүй яагаад ийм амжилтанд хүргэх хүч Гэрээрэлд байв гэдгийг тодорхой тайлбарлав. Тайлбар нь сүжиг бишрэлээс чөлөөлөгдсөн цастын багшийн үгтэй ихэд дүйнэ билээ.

Соён гэгээрэл зогсохгүй, цаашаа үргэлжилэнэ! Хүн зовлонтой, бэрхшээлтэй, заримдаа зүрх алдмаар хорвоод төрдөг. Гэхдээ зовлонг давж, бэрхшээлийг шийдэх оюун ухаантай байхаар төрсөн. Оюун ухааныг нь шинжлэх ухаан хурцалж зовлон, бэрхшээлийн ард гарах шийдлийг олдог. Олсон шийдлийг нь хүнийг дээдлэх ёс гуманизм аривжуулан хорвоогийн буяныг нэмэгдүүлдэг. Буяныг нь хөгжил дэвшил түгээсээр хүн төрөлхтнийг урагшлуулдаг. Ийм зүй тогтолоор Соён Гэгээрэл үргэлжилдэг. Үргэлжилсээр, өдгөө Модернийг Супермодернд хүргэж байна.

Нийгмийн ухааны мэдлэгт хэрэглэгддэг постмодерн, матамодерн гэдэг нэр томьёонуудыг шинжихэд эцсийн бүлэгт түүхийн бодит үе шатыг заагаагүй, хэлний тоглоом төдий л байдаг. Харин, Супермодерн бол хүн төрөлхтөн энтропи дарамт, эволюцийн занганаас зугтахаа болиод, эсрэгээрээ сөрж тэмцэх бурханлаг хүчийг олж авч буй түүхэн шинэ эринг заасан ойлголт болно.

Технологийн хувьсгалын үр дүнд хүн 500 жил, түүнээс ч дээш наслах нь. Сансрын настай болж байна гэсэн үг. Бас, дэлхийн хүнийг дээдлэх космополит үзлийн ачаар дайн, мөргөлдөөн, терроризм, экологийн сүйрэл мэт дэлхий дээрхи асуудлыг шийдэж сансарын төрөлтөн болох нь. Урт нас, космополитизм нь хүмүүнийг сансарын мэдлэгтэй болгож галагтикаар аялуулах ажээ. Энэ бол уран зөгнөлт кино биш, Супермодерн хэмээх бодит шинэ эрин үе бөлгөө.

Хэдийгээр Стивен Пинкер таалахгүй байж мэдэх ч энгийн ухаанд хүрэхийг нь бодоод Соён Гэгээрэл бол “бурханаас хүн төрөлхтөнд хайрласан хишиг” хэмээн хэлмээр санагдана. Ийм байтал энэ хишгийн ач буян, үр өгөөжийг нь мэдсээр байж “хоёр дахь соёлынхон” яагаад түүнийг зориуд гутааж, харлуулж, айлгаж байна вэ? “Тэмээн жин явдгаараа явж нохой хуцдгаараа хуцдаг” гээд үл тоовол болохгүй юу?

Стивен Пинкер, болохгүй гэнэ. Үндэслэлээ номынхоо эхэнд хэлсэн байсныг багахан хэсгийг би өмнө иш татсан. Олон талын үндэслэл номын турш гарна. Түүний хамгийн ихээр санаа зовж байгаа зүйл нь Гэгээрлийн хөгжил дэвшил хүн төрөлхтний уруудал, доройтол, мөхөл, сүйрэлд хүргэнэ гэсэн апокалиптик үзэл өөрөө хэтрэхээрээ жинхэнээсээ сүйрэлд хүргэдэг явдал аж. Бодоод үзэхэд, Герман сүйрлээ хэмээсэн үзэл германчуудыг солиоруулж Гитлерийг мандуулан дэлхийн II дайнд хүргэсэн нь үнэн билээ. Түүх давтагдах гэж байгаа аятай, Өрнөдийн соёл иргэншил сүйрлээ гэдэг “хоёр дахь соёлынхон” -ы цуурхал барууны орнуудын ард иргэдийн олонход түгэж тэнд популизм хүчээ авч байна л даа, бас.

Британийн зохиолч Чарльз Перси Сноу “хоёр дахь соёлынхон” гэдэг ойлголтыг “Хоёр соёл” хэмээх алдарт лекцээрээ анх нийгмийн ухааны хэллэгт оруулж ирсэн юм. Ном болгон хэвлэгдсэн уг лекц аавд минь байдаг байсан, одоо надад өвлөгдөн ирээд миний номын санд буй. Сноу өөрөө физикийн боловсролтой, андуураагүй бол алдарт Резерфордын лабраторид судалгаа хийж байсан.

Сноу “хоёр дахь соёлынхон” гэдэгтээ зохиолчид, шүүмж бичигчид, өргөн мэдлэгтэй сэтгүүлчид зэргийг хамруулж байв. Эдгээр бичгийн хүмүүс, тухайн үедээ (1960-аад он) амьдралын бүх салбар шинжлэх ухаанжиж байна гэж үзэн дургүйцлээ илэрхийлэгсэдээс бүрдсэн юм.

Өнөөдөр тэдний хүрээ маш их өргөжиж, соён гээгээрэл рүү дайрдаг том арми болсон. Зохиосон бурхныг нь үгүйсэгсэнд ууралсан шашныхан, түүхийн “алтан зуун” руу нь ухараагаагүйд эгдүүцсэн романтикууд, суртал нь шинжлэх ухааны ямар ч үндэсгүй шинэ шашин төдий болохыг нь илчилсэнд хорссон комунистууд, фашистууд, нацистууд, дарангуйлагчдыг зулгуйдах нарцисслаг өвчтэй Жан Поль Сартр, Мишель Фуко нар шиг сэтгэгчид, метафизик туршлагаар шалгагдахгүй хийсвэрлэлээс цаашгүй эд гэсэнд шаралхсан хайдеггерчүүд, хөгжил дэвшлийг үгүйсгэгч реляствууд, космополитизмийг үл тэвчигч националистууд, юу ч ярьж мэдэх популистууд гэсээр “хоёр дахь соёлынхоны” эгнээ барагдахаа байсан. Ийм аварга армитай Стивен Пинкер халз тулаан хийж байгаа юм.

Сая дурьдагдсан Гэгээрлийн дайснууд “Чөлөөт фантазын нутаг дэвсгэрлүү шинжлэх ухаан халдахыг яав ч зөвшөөрч болохгүй. Тэгвэл хүмүүсийн амьдрал утга учир, үнэ цэн, зорилго өгдөг, өгсөөр ирсэн эрх дархаа бид алдана” гэсэн айдастай байдгаараа утга зохиол, урлагын сэхээтнүүдтэй адил юм.

Чөлөөт фантаз хүмүүсийн амьдралд яаж утга учир өгдөгийн тод жишээ бол Библи юм. Библийг зохиогчид, аль эрт үед, Людвиг Витгенштейн, Жак Дерридатаас ч өмнө хэл бол софтвер, тархи бол биокомпютер болохыг анх зөнгөөрөө мэдсэн айхтар суутнууд байсан бололтой. Тэгээд л хүний оюун ухааныг удирдан жолоодох программыг буюу Библийг бичжээ. Библийг сахиулан манадаг нийгмийн инстүүцийг бий болгожээ. Үнэндээ Библи бол идеалоги, текст (бичвэр), нарратив (хүүрнэл), туйлын санаа, Байхуй зэрэг хэзээ хожим тодруулсан хэлний тоглоомуудыг өөртөө багтаасан Матриц билээ.

Чухам Соён Гэгээрэл л, энэ аврага Матриц бол зохиогчдынх нь чөлөөт фантазаар бүтээгдсэн үлгэр домог болохыг илчлэн европчуудыг Матрицаас чөлөөлсөн аж. Одоо болтол Матрицаас чөлөөлөгдсний  цочролоос барууны олон сэхээтэн, сэтгэгчид гараагүй. Түүний илрэл нь “Хоёр дахь соёлынхон” мөн. Цочирлоос гараагүй тэд, Гэгээрлийн итгэл үнэмшил болох үнэн, бодит байдал хоёрыг Байхуйн нэг л модус хэмээн жижигрүүлсэн Мартин Хайдеггерийг биширдэг. Үнэн, бодит байдал гэдэг бол үгнээс өөр юу ч биш гэдгийг деконструцийн аргаар хааш нь ч гаргаахгүй нотлоно гэж сайрхсан Жак Дерридад хайр зарласан. Үнэн гээчийн цаана нэг муу эрх мэдлийн шунал л нуугдаж байдаг юм мэтээр мэдэмхийрсэн Фуког шүтэж үхсэн.

Сүүлийн үед постмодернизм нь хэлний тоглоомоос өөр гавих нэмэргүй нь харагдаж моодноос гарсан тул метамодерн гэх шинэ санааг хоёр дахь соёлынхон тойрч эхлэв. Орчин цагийг сүйрүүлэх дөрвөн морьтон гэх онол гаргасан Слава Жижек, үнэн хүчилхийлэл хоёр нэг юм гэж солиордог болсон Ален Бадью нарын шинэ марксистуудыг урдаа барьдаг болов.

“Сахиуст хангайн нууц” роман дахь “Үнэн бол хоосон зүйл учраас бүх зүйл үнэн” хэмээсэн бичвэр бол тун эвгүй хоёр иртэй текст юм. Аюурзана уул бичвэртээ үнэнийг Буддын хоосон чанарын сургаалаар деконструци (анхдагч утгыг эргүүлэх арга) хийсэн аж.

Энэ бичвэр үнэнээр илэрдэг бодит байдлыг үгүйсгэсэн утгатай, ямар ч фантаз текст бодит байдлын зэрэгтэй гэвэл хоёр дахь соёлынхон алга ташна.

Харин, хоосон чанар гэдгийг, хүн гээч бодьгал хорвоод утга учир оноодог байхаас ч өмнө нэр усгүй байгаль дэлхий өөрийнхөө үйлийн үр буюу учир шалтгаанаар байж л байсан, хүний амьдралын утга учир фантазаар бус орчлон ертөнцийн учир шалтгаанаар оноогдож, тайлагдаж байвал зөв гэж ойлговол Стивен Пинкер тэргүүтэй Гэгээрлийн хүлэг баатруудын санаанд нийцнэ.

Стивен Пинкер, бухан байдаггүй, учир шалтгааны барилдлагатай Гэгээрлийн ертөнцөд хүний амьдралын, оюун ухаан, шинжлэх ухаан, хүн дээдлэх ёс “гуманизм”, хөгжил дэвшлээс хэрхэн урган гарч ирдэг тухай сэтгэл хөдлөм мөрүүдээр “Соён Гэгээрэл үргэлжилсээр” гайхамшигт номоо эхлүүлсэн байдаг. Үүнийг орчин цаг руу тэмүүлж байгаа манай залуус заавал унших хэрэгтэй. Гэгээрэл бол гайхамшиг!

Аюурзана зохиолч “Үнэн бол хоосон” хэмээх бичвэрээ юу ч гэж тайллаа ч Цастын багшийн “Гэгээрэх хувьтай хүмүүн гэгээрэлгүйгээр амьдралыг орхидоггүй. Үхэл зорьсноос чинь өрсөх вий гэж бүү адга, Зүгээр л тууштай бай” гэсэн захиас Стивен Пинкерийг дуу алдтал баярлуулах нь дамжиггүй.

2022.01.26