СҮ.БАТБОЛДЫГ УНАГАЖ, УЛСАА НУРААЖ ТОГЛОЁ
Ерөөсөө л Сү.Батболдыг огцруулъя. Тэр их азтай Ерөнхий сайд байна.
Сү.Батболд бас азгүй Ерөнхий сайд. Боломжгүй гэмээр, боломж гаргалаа гэхэд өсч яваа эдийн засгаа татаад унагачих хүний өөрийн намын бэлэн мөнгөний амлалтуудыг биелүүлэх үүрэгтэй нь азгүй. Энэ үүргээ биелүүлэх гэж сонгуулийн бүрэн эрхийн хугацааны талаас буюу замын дундаас залуур дээр сууснаараа азгүй. Өөр Ерөнхий сайдын зөвшөөрлөөр байгуулсан Оюутолгойн гэрээний өмнөөс хариуцлага нэхүүлэх нь азгүй. Гэхдээ хар хүний өмнөөс шар хүн болж явах нь түүний хувь заяаны шоглоом гэхээс илүүтэй өөрийнх нь л улс төрийн сонголт. Яагаад гэвэл улс төр бол багийн тоглолт. Засгийн ажил ч залгамж чанартай. Тийм учраас азгүйдлээ бусад руу бухах эрх, буцах зам түүнд байхгүй. Энэ азгүйдлийнх нь төлөө, бэлэн мөнгөний амлалтыг өгч, цалин тэтгэврийг 53 хувь нэмэх гээд байгаа учраас Сү.Батболдыг Ерөнхий сайдаас хусъя.
Ерөнхий сайд Сү.Батболд бодитой нэг зовлонтой. Түүнийг азгүйдэл гэх юм уу, энэ үеийн Ерөнхий сайдад л тохиосон ховор завшаан гэх юм уу, мэдэхгүй. Оуютолгой, Тавантолгойн томоохон төслүүд дээр бүхнийг эдийн засгийн утгаар мөнгө болгон харж болохгүй. Их гүрнүүдийн сонирхлыг хадгалах, бодитой зах зээлээ олох, чадалтай хөрөнгө оруулагчийг сонгох, эдгээр тэнцвэрийн өмнө Монголынхоо эрх ашгийг эрэмбэлэх ёстой. Энэ болгоноо ил тайлагнаж, илэн далангүй дэлгээд байх боломжгүй. Өөрөөс нь үл хамаарах энэ зовлонгоор нь улс төр хийж, хийснийг нь үгүйсгэж Засгийн газрын тэргүүнээс нь огцруулъя. Эзэн Чингис хаанаас хойш Монгол Улс анх удаа хэнд нь юу өгөхөө өөрсдөө мэдэж, их гүрнүүдэд хөзөр хуваах түүхэн үе таарлаа. Энэ нь нийт монголчуудын бахархлыг төрүүлж байгаа ч, УИХ-ын арав гаруй гишүүнийг бухимдуулж байгаа учраас Оюутолгойн гэрээг хүчингүй болгож, Тавантолгойг зогсооё.
Сү.Батболд азтай, азгүйн дунд сул ганхаж зүгээр суухгүй байна. Хийсэн ажлууд дотроос нь хөрөнгийн зах зээлийн хөгжлийн бодитой эхлэл, боловсролын салбарт дөнгөж эхлүүлж буй шинэ стандартыг нь хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Гэхдээ эрх мэдэлд хүрэх гэсэн цөөн хүмүүсийн улс төр “илүү чухал” юм бол эдгээр зөв эхлэлийг зогсоож Сү.Батболдыг л огцруулъя. Өөрөө компанитай байж Тавантолгойн арван хувийг татвараа төлдөг 23 мянган компанийн цаана байгаа 2700 эзэнд давуу эрхээр өгөхгүй, 2.7 сая иргэндээ тэгш хуваарилна гэж новширсны төлөө түүнийг унагая. Угаасаа л цаад шалтгаан нь засгийг унагах болохоос АН-ыг засгаас гаргах, Оюутолгойн гэрээг засварлах энэ тэр бол ердөө л шалтаг шүү дээ.
Хамгийн гол нь энэ бүхний дараа юу болох вэ. Эндээс хэн хожиж, хэн хохирох вэ. Сү.Батболдын Засгийн газрыг огцруулсны, Оюутолгойн гэрээг хүчингүй болгосны маргааш нар мандахгүй хэрэг үү. Эдийн засгийн өсөлтөө хадгалах, хөгжлөө түргэтгэх шаардлага Монгол Улсад байхгүй юу. Богино зайн улс төр, ирээдүйгээ харсан эдийн засгийн өсөлт хоёрын аль нь монголчуудыг сайхан амьдралд хүргэх юм. Жоомоо л алж байвал дотор нь амьдрах байшин хэрэггүй хэрэг үү.
Ардчилсан нийгэмд хэн нэгнийг халж солих нь ердийн үзэгдэл. Тэр тусмаа Ерөнхий сайдыг, Засгийн газрыг огцруулах дээр монголчууд бид бусдад сургамж болох хэмжээний арвин их туршлагатай. Ямар, алтан цээжтэй бурхан биш Сү.Батболдыг огцруулж яагаад болдоггүй юм. Засгийн газрыг ч унагах амархан. Гэтэл огцруулж, бужигнаж болохгүй үе гэж байдаг ажээ. Үүнийг энгийнээс нь эхэлье. Засгийн газрыг огцруулах асуудлыг УИХ 14 хоногийн дотор хэлэлцдэг. Энэ нь хэлэлцэж эхлэх болохоос хэлэлцэж дуусна гэсэн үг биш. Өнөөдөр аравдугаар сарын 17. Үүнээс цааш 14 хоногоор тооцвол Засгийн газрыг огцруулах гэсээр байгаад арваннэгдүгээр сар гаргана. Дараа нь шинэ Засгийн газрыг байгуулахын тулд МАН Бага хурлаа зарлана, хуралдуулна. Тэндээс дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ. Ерөнхийлөгчтэй зөвшилцөнө. Ерөнхийлөгч шинэ Ерөнхий сайдын нэрийг УИХ-д оруулна. Энд хамгийн хурдандаа долоо хоног зарцуулна. Шинэ Ерөнхий сайд танхимын сайд нараа тодруулна. Эхлээд намын удирдах зөвлөл дээр ярьж, дараа нь Ерөнхийлөгчтэй зөвшилцөнө. УИХ-д оруулна, томилуулна. Заавал явах ёстой эдгээр процедурт хамгийн багадаа дахиад долоо хоног хэрэгтэй. Ингээд бодохоор АН-ыг засгаас гаргаж, шинэ Засгийн газрыг МАН дангаараа байгуулахад л хамгийн багадаа ахиад 14 хоног хэрэгтэй. Амралтын өдрүүдээ нэмж тооцвол шинэ Засгийн газрыг байгуулах гэж арваннэгдүгээр сарын 20-ныг лавтай хүргэнэ. Хэрвээ АН-тай дахин эвсэнэ гэвэл үүнээс ч урт хугацаа орно. Нэгэнт Сү.Батболдын Засгийн газрыг огцруулж байгаа учраас явах хүнээр ачаа татуулдаггүй монгол уламжлалаар 2011 оны төсвийн тодотгол, 2012 оны төсвийн хэлэцүүлэг УИХ-ын төвшинд бүрэн зогсч, шинэ Засгийн газрыг байгуулсны дараа эхэлнэ. Энэ нь арваннэгдүгээр сарын 20-ноос хойш гэсэн үг. Хуулиар бол ирэх оны төсвийг арванхоёрдугаар сарын 1 гэхэд баталсан байх учиртай. Өмнө нь мөнгөгүйн зовлонтой үедээ сарын дотор засгийг сольж, төсвийг сарын дотор багтаан баталж амждаг л байлаа. Одоо бол бид мөнгөтэйн зовлонг үзэж яваа, тэгээд сонгуулийн жилийн 5.1 их наядын орлоготой төсвийг аравхан хоногт УИХ-ын нэгдсэн чуулганы дөрвөн удаагийн хэлэлцүүлгээр баталж амжих уу. Гурилддаггүй л юм бол амжихгүй. Амжлаа гэхэд энэ оны төсвөөс илүү гарсан 600 гаруй тэрбум төгрөгөө хэзээ нь тодотгож хуваарилах вэ. Эндээс хэн хожих вэ. Гишүүд яах вэ, гурилдсан төсвөөсөө тойрогтоо тус бүр нэг тэрбум төгрөг батлуулж аваад бараг түүгээрээ сонгуульдаад алга болно. Харин ард нь төсвийн тодотголоор хүлээгдэж байгаа хөрөнгө оруулалтууд бүгд зогсоно. Бүх аймаг ирэх оноо төсөвгүй, төрийн албан хаагчид, эмч багш нар цалингүй угтана. Цалин тэтгэврийн нэмэгдэл хойшилно. Засгийн газрыг огцруулахад нэг сар хэрэгтэй бол, шинэ Засгийн газар ажилтайгаа танилцахад бараг хагас жил хэрэгтэй. Энэ нь Сү.Батболдын танхимыг унагалаа гэхэд дараагийн Засгийн газар ажилтайгаа танилцаж явсаар 2012 оны сонгуультай золгоно гэсэн үг. Үгүй бол, цаг хугцацааны энэ шахалт дор үүрэг гүйцэтгэгч де-факто Засгийн газартай явсаар 2012 оны сонгууль хүргэнэ. Энэ тохиолдолд тэртэй тэргүй явах нь тодохой болсон үүрэг гүйцэтгэгч сайд нар жинхэнэ шигээ хариуцлагатай ажиллах уу. Тэгээд сонгуулийн жилд шүү.
Хэрвээ Сү.Батболдыг, Засгийн газрыг огцруулбал цаад зорилгодоо хүрэх шалтаг болгож байсан Оюутолгойн гэрээг ичсэн нэрэндээ ямар нэгэн байдлаар хөндөнө. Зогсоодоггүй юмаа гэхэд гацаана. Оюутолгойн хөрөнгө оруулагчидтай дахиж ярилцах, гэрээнд засварлах юм бий л байх. Энэ бүгдийг яриа хэлэлцээний замаар харилцан ойлголцож хийхийн оронд улс төрийн аргаар хүч хэрэглэж шийдэх гэвэл эндээс гарын үсэг зурсан 20 гишүүн биш, монголчууд нийтээрээ хохирно. Яагаад гэвэл дэрлүүлж тавьсан даалуунуудын нэгийг унагахад бүгд налж нурдаг даа. Яг тийм схемээр Оюутолгойн төсөл аль хэдийнэ Монгол Улсын эдийн засагтай, монголчуудын ирээдүйтэй холбогдсон. Эдгээр “даалуу”-ны дунд улс төрийн аргаар шууд хүч хэрэглэх гээд байгаа гишүүдийн амьдрал, үр хүүхдийнх нь ирээдүй ч бий. Оюутолгойн орд Монгол Улсынх л болохоос дэлхийн эдийн засгийн халуун цэг, хэмжүүр болсон. Тийм учраас байгуулсан гэрээгээ нэг талын сонирхлоор нөгөө талдаа шууд тулгах замаар өөрчилбөл Монгол Улс гадаадын хөрөнгө оруулагчдын өмнө найдваргүй түнш л болно. Оюутолгойн нэг доллар Монголын эдийн засагт гурван ам.долларын эдийн засгийн эргэлт үүсгэж байгааг улсын Ерөнхийлөгчөөсөө эхлээд хүлээн зөвшөөрдөг. Түүнчлэн “Рио Тинто” бол нэг талаар Оюутолгойн орд дээр эдийн засгийн түнш, нөгөө талаар Монгол Улсын хувьд гурав дахь хөршийн гэж олзуурхаж сонгосон стратегийн хөрөнгө оруулагч. Энэ бүх үнэ цэнээ “Рио Тинто”-гийнхон сайн мэддэг, дээр нь угаасаа өвөл эхэлж байгаа учраас барилга, бүтээн байгуулалтын улирал эхэлтэл гэдгээр шалтаглан төслийн ажлаа түр зогсоож ч болзошгүй. Тэр цагт нэг доллар тутамд нь гурван долларын эргэлт үүсгэж байсан их мөнгө, их өсөлт Монголын эдийн засгаас гарна. Төсөл зогсвол Оюутолгойд монголчууд маань хэдийгээр хугацаат цэргийн алба хааж байгаа юм шиг тохь тухгүй ажилладаг ч гэсэн цалингүй, гэр бүл нь орлогогүй, энэ төслийн дагалдах бизнест оролцож байгаа үндэсний 1000 гаруй компанийн бизнес ч зогсч тасалдана. Оюутолгойн орд “Эрдэнэт”-ээс тав дахин том. Тэгвэл улсын төсвийн ихэнхийг дангаараа бүрдүүлдэг “Эрдэнэт”-ээс тав дахин том төслийн ашиглалтад орох хугацаа, эдийн засагт оруулах ашиг гацна, хойшилно гэдэг нь Монгол Улс хөгжих, монголчуудын амьдрал сайжрах, эдийн засгийн өсөлтийг дагаж цалин нэмэгдэх хугацаа мөн л хойшилж байгаа хэрэг. Аягүй бол төслөө эхлүүлээч гэж “Рио Тинто”-гоо эргэж гуйна. “Рио Тинто”-г бүр хөөж гаргалаа гэхэд хоёр хөршид маань харин ч сайхан далим болно. Хэрвээ иймдээ хүрвэл анхны хөрөнгө оруулалтаа нөхөх хүртэл эзэмших 34 хувиа голж байсан монголчууд бид бүр ч илүү хохирч магадгүй л юм. Үүнээс гадна Оюутолгойн гэрээ хүчингүй болбол, түр зогсвол Тавантолгойн тендер ч зогсоно. Яагаад гэвэл ордууд маань дэлхийд гайхуулах нөөцтэй ч, дэлхийн томоохон хөрөнгө оруулагчид хэлсэн ярьсандаа хүрдэггүй, маргааш нь уулзахдаа өчигдрийнхөө зангаар байж чаддаггүй хүмүүстэй найзалдаггүй. Бизнест бол бүр хамтрахгүй. Үүрэг гүйцэтгэгч сайд нартай байж таарвал гадаадын хөрөнгө оруулагчид битгий хэл, монголчууд өөрсдөө ч Засгийн газартаа итгэхгүй. Хэрвээ Оюутолгойн төсөл гацаж, хугацааны хувьд хойшилж, Тавантолгойн тендер зогсвол хаанаасаа сонгуулийн амлалтын сая төгрөгөө ахмадуудад бэлнээр тарааж, ямар эх үүсвэрээс цалин тэтгэврийг 53 хувь нэмэх билээ. Аль хэдийнэ нийгэмд хүлээлт үүсгэчихсэн энэ амлалт, нэмэгдэл нь нурвал сонгуулиар юун “долдугаар сарын 1” байтугай бухимдал нийгэмд үүсч мэднэ.
Энэ бүгдийг
хүсээгүй л юм бол нэгэнт өрөөд тавьчихсан даалууг хөдөлгөх шаардлага хэнд, хэдэн хүнд байна вэ.
Дурын зуу гаруй хүнээс
асуухад Сү.Батболдыг
огцруулах, Оюутолгойн гэрээг гацаах нь тэдний олонхид тийм чухал асуудал биш л байгаа.
Тэдэнд тогтвортой ажлын байр, эдийн засгийн өсөлтөөс амьдралд нь бодитой мэдрэгдэх наалдац, хангалттай хүрэлцэх цалин л хэрэгтэй. Ийм
цаг үеийг наашлуулахын оронд цаашлуулж, зөвхөн Сү.Батболдыг хусахын тулд улс Монголынхоо
ирээдүйгээр дэнчин тавьж болох уу.
Арав, хорин хүний,
ганц нэг бүлэглэлийн бах тавыг хангах нь 2.7 сая монголчуудын эрх ашигтай
яагаад ч дүйцэхгүй. Эндээс
Сү.Батболд гэдэг хувь хүнээс
илүүтэй төсөв батлах дөхсөн, сонгууль ойртсон цаг үе нь, даалууны схемээр Монголын
эдийн засагтай холбогдсон Оюутолгойн гэрээгээр оролдох нь улс төр одоо бужигнах боломжгүйг, бужигнавал хэн хохирохыг
төвөггүй хэлж байна. Иймд улс төрийн буруу нүүдэл, бухимдлаасаа болж нэр дэвших
тойроггүй, бараг нэр дэвшүүлэх намгүй болж яваа зарим хүн үүнийхээ оронд Сү.Батболдоос өөр зүйл шаардвал олон түмэн илүү дэмжинэ, сонгуулийн оновчтой
сайхан PR болно. Жишээ нь, Тавантолгойг хурдлуулж яагаад болдоггүй юм. УИХ-ыг газар дээрээ гардуулчихаагүй бол шоронд орохгүй гэсэн хүмүүсийн найдвартай хамгаалалтын
бүс болгосон хулгайн хуулиа өөрчилж яагаад болдоггүй юм. 130 мянган төрийн
албан хаагчийн 53 хувийн цалингийн нэмэгдлийн
хөлд хувийн хэвшлийнхэн чирэгдэхгүй гэсэн баталгаа, тийм бодлого
хаана байна вэ. Тэр тухай яагаад ярьж болдоггүй юм.
Сү.Батболдыг хүчгүй гэж шүүмжилдэг, хэдэн хүн халж сольж хүчтэйгээ харуулах PR хийхийг зөвлөдөг хэсэг нам дотор нь бий. Тэднийхээр бол хүчгүй Сү.Батболдыг хүчтэй хэн нэгнээр сольж байж МАН сонгуульд ялах юм байх. Монголын эдийн засаг өсөх нь, Монгол Улс хөгжих нь нийт монголчуудын эрх ашиг. Үүний дэргэд МАН сонгуульд ялах үгүй нь хэтэрхий жижигхэн. МАН сонгуульд ялагдлаа гэхэд энэ намын нэрээр ажил албан тушаалд ээлжилж сууж байдаг хэдхэн хүн, хэдэн гэр бүлийн л эрх ашиг хөндөгдөнө. Харин нийт монголчууд гэдэгт дотор МАН-ын дийлэнх олонхи гишүүн багтана. Тийм учраас нам нь сонгуульд ялъя гэвэл Засгийн газрынх нь бодлого нам доторхи бүлэглэлийн эрх ашигт нийцэж байх ёстой юу, эсвэл сонгуулийн ялагчийг тодруулдаг ард түмний төлөө байх ёстой юу гэдгийг бодох л ёстой. Монголчууд бид хүчтэй удирдагчид дуртай нь үнэн. Энэ нь манай улс диктатур дор олон жил явсных байх. Хүчтэй удирдагч хэрэгтэй нь ч үнэн. Гэхдээ халж солихыг урьтал болгодог, цээжнээсээ олон кг-ыг түлхэх, эсвэл долоо хоногт зааланд хоёр удаа сагс тоглож спортлог байх, хөмсөг зангидах, хоол идсэн ч вип өрөөнд тухалж, хотын гудамжаар алхсан ч сүржин хамгаалалттай явах нь ардчилсан нийгмийн хүчтэй лидерийн шинж биш шүү дээ. Заавал хэн нэгэн буруутныг тодруулж түүнийг яллаж байж сүр хүчээ харуулдаг удирдагч ч ардчилсан нийгэмд зохицохгүй. Нийгэмд зориудаар, зохиомлоор айдас бий болгож, өөрөө түүнийгээ ялдаг айдсын менежмент бол ардчилсан нийгмийн удирдагчийн шинж биш. Хүчтэй лидерийг бүрдүүлдэг ийм шинж баруун Европ, Америкт XIX зууны төгсгөлөөр дууссаныг бид олон номноос уншсан. Хамгийн сүүлд В.Путин ОХУ-ын Ерөнхийлөгч байхдаа “ЮКОС”-ын эзэн М.Ходорковскийг яллаж шоронд хорьсон нь айдсын менежментээр хүчтэйгээ харуулсан хамгийн сүүлчийн жишээ. Харин ардчилсан нийгмийн хүчтэй удирдагч бол хамгийн түрүүнд хийж бүтээснээ бусдаар хүлээн зөвшөөрүүлдэг. Ингэж байж хүчтэйгээ ч хүлээн зөвшөөрүүлдэг. Коммунист, дарангуйлагч нийгмийн хүчтэй удирдагч нь сэлэм эргүүлдэг ардын баатар байдаг бол, зах зээлийн эдийн засагтай ардчилсан нийгэм бүхий хөгжиж байгаа улс орны хүчтэй удирдагч нь сайн эдийн засагч, сайн менежер байдгийг Зүүн Азийн орнуудын удирдагчдын жишээ бэлхнээ харуулдаг. Эдгээр шинжээс Сү.Батболдод бий юү гэвэл бий. Тэрээр улс төрд яваа үеийнхэн дотроо зах зээлийн эдийн засгийн чиглэлээр баруунд боловсрол эзэмшсэн цөөхөн хүний нэг. Баялаг бүтээхийн зовлонг хамгийн сайн мэддэг бүр цөөхний нэг. Хөрөнгийн зах зээл, боловсролын салбарт эхлүүлж буй бодлого, бодитой ажил нь бусдад хүлээн зөвшөөрөгдөж эхэлж байгаа. Намын даргын хувьд ч зарим ажил нь олон түмний дунд хүлээн зөвшөөрөгдлөө. Тухайлбал, МАХН-ыг МАН болголоо. МАХН-ын түүх бол бараг XX зууны Монголын түүх. Ная, ерэн жил монголчуудын хэдэн үед хоногштол явсан намын нэрийг солино гэдэг хүчгүй намын даргын хийдэг ажил ч бас биш л дээ. Намын нэрийг сольсноор томоор яривал МАН-ыг цаашид удаан оршин тогтнох, олон сонгуульд орох боломжийг бий болгосон. Ардчилсан тогтолцоонд шилжсэн ихэнх орнууд засгийн эрхийг барьж байсан хуучин коммунист намуудаа татан буулгасан. МАХН-ыг ч татан буулгах ёстой гэсэн бодол санаатай хүмүүс байдаг. Хэрвээ нэрийг нь солиогүй бол он цаг улирах тусам шинэ үеийнхэнд коммунист нэртэй нам бүр л сонин санагдах, сонсогдох байлаа. Багаар яривал намаа гадаадад олон улсын тавцанд коммунист нэртэй намуудаас ялгаж, дотооддоо “хувьсгалт” гэдэг үгээс нь салгаж чадлаа. Монголчууд өмнө нь “ху нам”, “хувьсгалт нам” гэж ярьдаг байсан бол одоо Ардын нам гэдэг болсон нь Сү.Батболд-У.Хүрэлсүх нарын хослолын гаргасан шийдвэрийг олон түмэн хүлээн зөвшөөрч байна гэсэн үг.