Хүнсний ногоог өвөл, хаврын цагт өргөн хэрэглэх зорилгоор нөөцлөх, шим тэжээлийг алдагдуулахгүй гэрийн нөхцөлд хадгалах явдал чухал юм.

Төмсийг гэрийн нөхцөлд яаж хадгалах вэ?

Хадгалахад зориулсан төмс нь орой ургацын, зузаарч бэхэжсэн хальстай, гаднын гэмтэлгүй, хуурай, соёолоогүй байх шаардлагатай. Ийм шаардлага хангасан төмсний шороог арилгаж 3-4 өдөр гадаа дэлгэж хатаана. Төмс хадгалах сав нь агаар орох нүх, зай завсартай, 60x20x40 см-ийн хэмжээний модон буюу картон сараалжин хайрцаг байвал зохимжтой. Ероолд нь модны үртэс дэвссэн хайрцгийг төмсөөр дүүргэж дээрээс нь үртсээр хучиж чийг багатай сэрүүн газар буюу зооринд хадгална. Хамгийн тохиромжтой нь нүхэн зоорь юм. Гэр, зарим сууцанд нүхэн зоорийг бэлтгэхдээ шалны доор 80x60 см хэмжээтэй (хадгалах төмс, ногооны хэмжээнээс шалтгаалж үүнээс том, жижиг байж болно) 1,2-1,8м гүн нүх ухна. Нүхний дээд амсарт нээж хаахад тохирсон таг хийнэ. Зоорины дотор талын ханыг банз модоор доторлох нь илүү зохимжтой. Зооринд агаар нэвтрэх өдрийн цагт гэрэл гэгээ нэвтрэхгүй байх шаардлагыг хангасан байвал зохино. Ийм зоориид бусад ногоог ч хадгалж болно.

Төмс хадгалах хамгийн тохиромжтой нөхцөл нь +2-оос +4 градуст орчин, харьцангуй чийглэг 80—85 хувь байх ёстой.


Төмсийг хатааж хадгалах

Төмсийг хальсалж угаагаад 3-4 мм-ийн зузаантайгаар савх хэлбэрээр хэрчиж усанд дахин угааж сэврээгээд буцалж байгаа усанд хийж 3-5 минут чанана. Чанасан төмсийг хүйтэн усаар зайлж усыг нь сайн шавхаж шүүрүүлээд шарах шүүгээнд жигд тараан хийж 80 хэмд хатаана. Төмс хатаах үед түлэгдэлтээс болгоомжлон түүнийг үе үе эргүүлж хутгаж байх хэрэгтэй.

Хатаасан төмсийг шинэ даавуун уут, эсвэл шилэн саванд хийж сэрүүн газар хадгална.

Байцаа дарах

Дарахад зориулсан байцаа нь орой ургацын хамгаалалтын 4-5 навчтай, нягт хучигдсан, толигор гадаргатай байх ёстой. Байцааг навчлах, хэсэглэн хуваах, жижиглэн хэрчих гэсэн гурван аргаар дарна.

Байцааг модон торх, шилэн буюу паалантай саванд дардаг. Модон торхонд дарах бол эхэлж торхныхоо хагсааг гаргана. Дараа нь торхыг сайтар ариутгаж 5-8 хувийн содын уусмалаар зайлж эгштэл хатааж сайтар арчина.

Ингэж бэлтгэснийхээ дараа торхны ёроолд байцааны навчийг 4-5 үе давхарлан дэвсэнэ. Ингэж бэлтгэсэн байцаан дээрээ давс, лаврын навч, шар лууван зэрэг амт оруулагчийг хийж нягтруулаад энэ аргаар давтан (үелүүлж) хийх замаар торхыг дүүргэж 4-5 давхар навчаар хучиж марлиар бүтээгээд тагийг нь сайн таглаж дээрээс нь хүнд юмаар дарна. Савны тагийг мөн сайн ариутгах хэрэгтэй. Дарах байцааг эхлээд тасалгааны температурт 10-12 хоног, дээд тал нь 21 хоног хүртэл байлгаж исэлт явагдаж гүйцсэний дараа хөлдөөж хадгална. Ингэж бэлтгэсэн байцааг XII сараас дараа оны III сарыг хүртэл хэрэглэх бүрэг боломжтой. 10 кг байцаа исгэхэд цагаан давс 200-250 г, цэвэрлэсэн шар лууван 800 г, алим 150 г, лаврын навч 3г, хэдэн ширхэг үрлэн повоор орно.

Лууван, сонгино, сармис


Шар лууванг сүүдэр сэрүүн газар сэврээж элс дэвссэн модон хайрцганд сүүл, толгойг нь зөрүүлдэн байрлуулах замаар эгнүүлэн өрж дээрээс нь 1-2 см зузаан элс асгаж давхарлан өрөх маягаар 10-20 эгнээ үелүүлэн хадгална.

Сонгино, саримсны гадна хальсыг хуурай болтол хатааж удаан хугацаагаар хадгалж болно. Хадгалах байр нь хуурай, нэг градус орчим дулаан байх шаардлагатай.







Өргөст хэмх, лоолийг давсалж, дарж нөөшлөх нь


Давслахын тулд долоон см-ээс уртгүй шинэ өргөст хэмхийг ялгаж авна.

Гурван литр багтаамжтай шилэн саванд хлорамин буюу хлорын шохойн 0,3 хувийн бүлээн уусмал хийж 10-15 минут байлгасны дараа уусмалыг юүлэн авч, шилэн саваа эхлээд бүлээн, дараа нь буцламгай халуун усаар  үнэрийг арилтал нь сайтар угаана.

Ингэж  ариутгасан саванд 30-40 грамм ногоон гоньд, 3-4 хумс саримс, хэдэн ширхэг үрлэн повоор, үхрийн нүдний навч хийж дээр нь давсны уусмал (нэг литр усанд 60 грамм давс уусгаж бэлтгэнэ) нэмж үүндээ өргөст хэмхээ үелүүлэн хийж савыг нягт таглана. Савны тагийг усанд буцалгаж ариутгасан байвал зохино. Ингээд тасалгааны температурт  3-4 хоног байлгасны дараа уусмалыг паалантай юмуу тусгай өнгөлгөөтэй саванд юүлж таван минут буцалган дээгүүр нь хөвсөн хөөсийг хамж авна. Өргөст хэмхийг буцалгаж бүлээсгэсэн усаар угааж шилэн саванд нь буцаан хийж дээрээс иь буцалгасан уусмалаа хийж таглан зөөлөн сэгсэрнэ. Ингэж бэлтгэсэн өргөст хэмхийг савтай нь сэрүүн газар хадгална.

Энэ аргаар 10 литрийн саванд улаан лооль давслахад (модон торх илүү тохиромжтой) долоон кг улаан лооль, 60 г, зорхдос тонхны навч 30 г, үрлэн повоор,  (лаврын навч) 6-7 хувийн давсиы уусмал (1 литр усанд 70 грамм давс уусгаж) бэлтгэнэ. Нягт сайн тагтай саванд дурдсан бүтээгдэхүүнүүдийг хольж найруулан 18-20 градусын температурт нэг хонуулсны дараа хүйтэн газар тавьж хадгална.

Хүрэн манжин

Хальс нь бүтэн, гүйцэд болцтой хүрэн манжинг исгэж хадгалах нь тохиромжтой. Хүрэн манжинг сайтар цэвэрлэж угаасны дараа паалантай юм уу шилэн саваид хийж дээр нь давсны гурван хувийн уусмал нэмж (нэг литр усанд 30 г давс уусгаж бэлтгэсэн) даавуугаар савыг таглаж, дээрээс нь хүнд юмаар дарна. Ингэж хадгалах явцад уусмал дээгүүр хөвж гарах хөөсийг үе үе хаман авч, савны тагийг байнга цэвэрлэж байвал зохино. Ийм байдлаар тасалгааны температурт 15 хоног байлгаж сэрүүн газар хадгална.

Уншигчдын анхааралд:


Ж.Октябрийн “НОГООТОЙ ХООЛ” ном удахгүй хэвлэгдэн гарлаа. Уг номонд хүнсний ногооны ач тус, тэдгээрээр хийх 400 гаруй хоол, зууш, ундааны жор, ногоог хадгалах, нөөшлөх аргын талаарх нарийн зөвлөгөөг багтаажээ. Уг номыг Интерном дэлгүүрээс худалдан авах буюу 98113630 утсаар захиалж болно.