“Ярилцъя” булангийн шинэ зочноор Гадаад харилцааны сайд
Г.Занданшатар уригдлаа.

-Таны энэ өдрийн амга­ланг айлтгая. Гадаад харил­цааны сайд гадаадын зочин­гүй өдөр ховор байдаг байх. Өнөөдрийн зочдоос тань сонирхож болох уу?

-Тийм ээ. Гадаадын зочин­гүй өдөр ховор шүү. Тухайлбал, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгуул­ла­гатай хамтран 2011 оны тавду­гаар сарын 23-24-нд Улаан­баа­тар хотноо зохион байгуулсан “ЕАБХАБ - 2011 он - Монгол Улс”  олон улсын бага хуралтай хол­богдуулан Литва Улсын Гадаад хэргийн дэд сайд Э.Игната­вичусыг өнгөрсөн нэг дэх өдөр буюу 23-нд хүлээн авч уулзлаа.  24-нд БНТУ-ын Үндэсний Аюул­гүй Байдлын Зөвлөлийн Ерөн­хий нарийн бичгийн дарга С.Кылыч, Австралийн Элчин сайд С. Герович нарыг тус тус хүлээн авч уулзсан.  Маргааш 10 цагт НАТО-гийн Аюулгүй байдлын бодлого, түншлэлийн харилцаа эрхэлсэн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Ж.Аппатурай тэргүүтэй төлөө­лөгчдийг хүлээн авч уулзана. Энэ мэтчилэн гадаадын зочид­той хийх уулзалтууд бараг өдөр өнжинө гэж байхгүй гэхэд хилсдэхгүй. Харин яг өнөөдрийн хувьд би Засгийн газрын хурал­даантай байгаа тул гадаадын зочин хүлээж авах үнэхээр боломжгүй өдөр таарлаа.

-Тэгвэл би азтай л яваа юм байна?


-Гэхдээ цаг зав үнэхээр муутай байгаа. Давчуухан хуга­цаанд л ярих болох нь дээ.
 
-Манайх Ромд элчин сай­дын яамаа нээх тухай хэлэл­цэж байна. Сайхан мэдээ. Ингэ­хэд ахиад энэ чиглэлээр дуул­гачих гоё мэдээ юу байна?

-Манай улсын гадаад ха­рил­цаа жил ирэх тутам өргөжин тэлж, дэлхийн улс орнуудтой тогтоосон найрамдалт харил­цааг өргөжүүлэн бэхжүүлэх үйл­­сэд бид ахиц дэвшил гарга­саар ирлээ. 2011 оны хоёрду­гаар сарын 10-нд УИХ-аар баталсан Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалд “Монгол Улс энхийг эрхэмлэ­сэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлого явуулна” гэж заасан бөгөөд улс төрийн гадаад харилцааны бодлогын зорилго нь тус улсын аюулгүй байдал, хөгжил дэвшлийг хангах таатай гадаад орчин бүрдүүлэх, үүний тулд дип­ломат болон консулын харилцааг өргөтгөн хөгжүүлэ­хэд чиглэгдэх тухай заасан. Энэ зорилгыг биелүүлэх ажлыг бид зохион байгуулж байна. Итали улс бол манай улстай уламжлалт найрсаг харилцаа­тай, өвөрмөц соёл, хүчирхэг эдийн засагтай улс. Бидэнд харилцан ашигтай хамтран ажиллах боломж их байна. ЭСЯ-аа Ром хотноо нээснээр Мон­гол, Италийн харилцаа улам өргөжин хөгжинө гэдэгт итгэл төгс байна. Монгол Улсын Зас­ийн газраас Бүгд Найрам­дах Итали Улсын нийслэл Ром хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажил­луула­хаар шийдвэрлэснийг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодло­гын байнгын хорооны  2011 оны тавдугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаар хэлэл­цэж, Байн­гын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжээд байна. Түүнчлэн, га­даад харилцаа өргөжин тэлж байгаатай холбогдуулан хи­лийн чанад Монгол Улсын дип­ломат төлөөлөгчийн газрын төлөөл­лийг нэмэгдүүлэх хү­рээнд АНУ-ын Сан-Франциско, Япон Улсын Осака, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Гонгконг хотноо Монгол Улсын Ерөнхий консулын газрыг тус тус нээх асуудлыг УИХ-д өргөн мэдүүл­сэн бөгөөд УИХ-аас дээрх газарт ЕКГ нээн ажиллуу­лах талаар тавдугаар сарын 19-нд тогтоол гаргаад байна. Эд­гээр хотууд улс орныхоо томоо­хон санхүү, эдийн засгийн тө­вүүдийн тоонд багтдаг бөгөөд манай улсаас эдгээр хот болон ойр хавийн бүст нь зорчиж буй иргэдийн тоо өсч байна. Эдгээр ЕКГ-ууд АНУ, БНХАУ, Японтой хөгжүүлж буй бидний харил­цаанд эергээр нөлөөлөх нь дам­жиггүй. Монгол Улсын га­даад бодлогын үзэл баримт­лалд “Гадаадад байгаа иргэдийнхээ эрх ашгийг хам­гаа­лах бодлого” гэсэн шинэ бүлэг нэмж оруул­сан бөгөөд түүнд гадаадад бай­гаа олон мянган иргэдийнхээ хууль ёсны эрх, эрх ашгийг хам­гаалах бодлого, арга замуу­дыг тодорхойлж өгсөн. Уг бод­логыг хэрэгжүүлэхэд шинэ кон­сулын газрууд тодорхой хувь нэ­мэр оруулна гэж бодож байна.

-НҮБ-ын Ази, Номхон да­лайн эдийн засаг, нийг­мийн комиссын ээлжит чуулган Банг­кокт эхэл­лээ. Энэхүү уламж­­лалт чуулганд Комис­сын жин­хэнэ гишүүн 53, хав­сарга гишүүн есөн улсын Зас­гийн газрын төлөөлөгч орол­цож, бүс нутгийн эдийн засаг, нийгмийн тугамдсан асууд­лыг авч хэлэлцэн цаа­шид авах арга хэмжээ, зас­гийн газ­руудад зориулсан зөв­лөмж гаргадаг. Тэнд сонс­гох мон­голын дуу хоолой юу байх талаар сонирхмоор байна?


-Энэ сарын сарын 19-25-ны өдрүүдэд Тайландын Вант Улсын Бангкок хотноо чуулсан НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комис­сын 67 дугаар чуулганд Монгол Улсын Шадар сайд М.Энхболд тэргүүтэй төлөөлөгчид оролц­сон. Тус чуулганаар “Ази, Ном­хон далайд статистикийн чадав­хийг бэхжүүлэх”  “Нийг­мийн хөг­жилд хоршооллын гүйцэтгэх үүрэг”, “Ази, Номхон далайн бүсийн далайд гарцгүй хөгжиж буй орнуудад тулгарч буй хөгж­лийн бэрхшээлүүдийн асууд­лаарх Улаанбаатарын тунхаг­лал” зэрэг тогтоолыг Монгол Улсын төлөөлөгчид санаачлан ажилласан. Энэ нь Ази, Номхон да­лайн бүс нутгийн нийгэм, эдийн засгийн тулгамдсан асууд­лыг шийд­вэрлэхэд Мон­гол Улсаас оруулж буй томоо­хон хувь нэ­мэр төдийгүй бүс нутагт хам­тын ажиллагаагаа бэхжүүлэх, харилцан дэмжлэг туслалцаа үзүүүлэх чухал ач холбогдол­той юм. Чуулганд оролцож буй манай төлөөлөгч­дийн тэргүүн Шадар сайд М.Энх­болд далайд гарцгүй хөгжиж буй орнуудыг төлөөлөн өнгөрсөн дөрөв­дүгээр сард Улаан­баатар хотноо болсон Ази, Ном­хон далайн бүс нутгийн далайд гарцгүй хөгжиж буй орнуудын өндөр түвшний бодлогын уулзалтын үр дүнг чуулганд танилцуулсан нь бүс нутгийн хамтын ажил­лагаанд манай улс идэвхтэй оролцож буйн тод илрэл гэж үзэж болно. Шадар сайд М.Энхболд “Хямралын дараах Ази, Номхон далайн бүс нутаг дахь нийгмийн хам­гаалал, хөгжлийн урт хугацаа­ны ирээ­дүй” сэдэвт өндөр хэмжээний хэлэлцүү­лэгт мөн оролцож манай орны эдийн засаг, нийгмийн төлөв байдал, бүс нутгийн хамтын ажилла­гааны талаар илтгэл тавьсан нь Мон­гол Улсаа бүс нутагт сур­талч­лан таниулах,  байр сууриа бэх­жүүлэх бас нэг алхам хийгдсэн гэж дүгнэж байна.

-Монгол Улсын Ерөнхий­лөгч Ц.Элбэгдорж хойд хөршид айлчлахаар тов­лоод буй. Энэ айлчла­лаар шинээр байгуулаг­даж буй “Дорнод Уран” болон бусад хамтарсан үйлдвэрүүдийн хэтийн тө­лөв, төмөр замын хөгж­лийн асуудлаар яриа хэлэл­цээ өрнөх нь тодорхой байх?


-Дорнод уран” ХХК-ын хувьд Монгол Улс ОХУ-тай ура­ны салбарт хамтран ажил­лах асуудлаар сүүлийн 2-3 жил яриа, хэлэлцээ хийж ирсэн. Энэ асуудал Ерөнхий сайд С.Бат­бол­дын айлчлалын үеэр боди­той болж, хэрэгжих шатандаа орж байна. Энэ хамтын ажил­лагааны шинэ салбар нээгдсэ­нээр Монгол Улсын эдийн засагт ихээхэн тус дэм болох, санхүүгийн шинэ эх үүсвэр гарч ирэх, Монгол, Оросын хамтар­сан томоохон бүтээн байгуу­лалт бий болно. Төмөр замын шинэчлэл, шинэ зам тавих гээд манай хоёр улсын хувьд шийд­вэрлэх нэлээн асуудал байна. УИХ-ын 2010 оны 32 дугаар тогтоолоор батлагдсан “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ыг батлах­даа шинээр тавигдах төмөр замын сүлжээг өргөн царигтай барихаар тусгасан нь ОХУ-ын ашиг сонирхлыг ч мөн тодорхой хэмжээгээр харгалз­сан шийд­вэр билээ. Монгол Улсын төмөр замын хөгжил, шинэчлэл, байгалийн баялгийг хамгийн үр ашигтайгаар ашиглах сонирхол хоорондоо салшгүй уялдаатай. Энэ талбарт бид уламжлалт түнш ОХУ-тай цаашид ч нягт хамтран ажиллах сонирхлын үүднээс Монгол Улсын Ерөн­хий­лөгчийн айлчлалын үеэр ч яриа өрнөх нь ойлгомжтой.

-Бас визийн асуудлыг хөнгөвчлөх, мах, түүхий эд, бэлэн бүтээгдэ­хүү­ний экс­пор­тыг нэмэг­дүү­лэх, худал­дааны эргэлтийг тэнцвэр­жүү­лэх зэрэг асуудлыг хөн­дөх байх гэсэн хүлээлт ма­най талд байгаа. Айлчлалын бэлтгэл хэр хангагдаж байна вэ?

-Хоёр орны хооронд иргэ­дийн зорчих нөхцлийг хөнгөвч­лөх, улмаар визгүй зорчих журамд шилжих талаар хоёр тал идэвхитэй ажиллаж байна. Энэ асуудлыг саяхан Улаан­баа­тарт болсон Монгол, Оро­сын консу­лын зөвлөлдөх уул­залтаар дэл­гэрэнгүй ярьсан. Ерөнхий­лөгчийн айлчлалын үеэр болох яриа хэлэлцээний сэдэвт иргэдийн зорчих нөхцө­лийг хөнгөвчлөх асуудал ороогүй.

-Тийм үү. Ер нь манай хоёр орны худалдаа наймаа­ны харилцаанд ахиц гэхээр юм гараагүй гэдэг. Энэ та­лаарх албан ёсны статистик үзүүлэл­түүдээс сонирхуулж болох уу?

-2010 онд Монгол-Оросын  нийт бараа эргэлт 1162.3 сая ам.долларт хүрсэн бөгөөд үүнээс экспорт 79.1 сая ам.дол­­лар, импорт 1090.2 сая ам.дол­ларт хүрсэн байна. 2009 оны мөн үетэй харьцуулахад бараа эргэлт 321.3 сая ам.дол­лараар нэмэгдсэн боловч 2010 оны худалдааны алдагдал 1011.1 сая ам.долларболсон байна. Монгол Улсын гадаад худал­даанд ОХУ-тай хийж буй экс­портын хэмжээ 2.7%, импортын 33.3% тус тус эзэлж байна. Хоёр талын худалдаа нийт дүн­гээр нэмэгдэж байгаа ч гэсэн Монголын экспорт сүүлийн жилүүдэд буурч байна. Энэ нь  Монголын мах, махан бүтээг­дэхүүний стан­дар­тад эрүүл ахуйтай холбоотойгоос гадна тээвэр, дамжин өнгөрөх тээв­рийн зардал нэмэгдсэн, тари­фын бус саад тотгор өндөр байгаа зэргээс  Оросын зах зээлд нэвтрэхэд хүндрэлтэй байгаад оршиж байна.

-Махны экспортыг нэ­мэг­­дүүлэх талаар ахиц байна уу?

-Хоёр орны хоорондын ху­далдааг либералчлах, худал­дааны алдагдлыг багасгах, улмаар арилгах, Монголын экс­портыг нэмэгдүүлэх, түүний дотор Монголын уламжлалт түү­хий эд, мах, махан бүтээг­дэхүүн, хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүнийг Оросын зах зээлд нийлүүлэх боломжийг нэмэгдүүлэх чиглэлээр талууд байнга санал солилцож байгаа. 2010 онд манай улсын мах боловсруулах 12 компани ОХУ-ын 4 мужийн 6 компани­тай адуу­ны мах 14.0 мян.тн, үхрийн мах 15.0 мян.тн нийт 29.0 мян.тн мах нийлүүлэх гэрээ байгуулан нийт 12.4 мян.тн үхэр, адууны тураг мах экспортлосон байна.  Монгол Улс  ОХУ-ыг Дэлхийн худал­дааны байгууллагад элсэ­хэд нь дэмжиж ирсэн бөгөөд хоёр улсын хоорондын худал­дааны эргэлтийг хөхиүлэн дэмжих, тэнцвэртэй байлгах, Монголын экспортын бүтээгдэ­хүүнийг Оросын зах зээлд ний­лүүлэх нөхцөлийг нэмэгдүүлэх чиглэ­лээр Монгол Улсын Ерөн­хийлөгчийн ОХУ-д хийх төрийн айлчлалын хүрээнд  хоёр талын холбогдох байгууллага мөн ажиллаж байна.

-Манай Ерөнхийлөгчөөс “Россия и Монголия” сэтгүү­лийн сурвалжлагч “Монгол Улс хөгжлийн­хөө аль шатанд явна вэ. Тухайлбал, азийн бүс нутгийнхаа хэмжээнд ямар үүрэгтэй байна гэж асуу­сан байна лээ. Би энэ асуул­тыг танд тавь­маар байна. Учир нь та Монгол улсын гадаад харилцааны сайд бо­лоод нэлээд удчихлаа?


-Эдийн засгийн төвлөрсөн төлөвлөгөөт тогтолцооноос зах зээлийн харилцаанд шилжих үйл явц дуусгавар болж, бид хөгжлийнхээ шинэ гараан дээр ирээд байна. Уул уурхайн то­моохон ордуудыг эзэмшиж, олборлох болон боловсруулах аж үйлдвэрийн зохистой бүт­цийг бүрдүүлэх, нэмүү өртөг шингэ­сэн бүтээгдэхүүний үйлд­вэр­лэлийг дэмжих, дэд бүтцийн сүл­жээг өргөтгөн га­даад зах зээл­тэй найдвартай холбох, байгаль орчинд халгүй эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах замаар ард түмний амьдралын түвшинг үлэмж дээшлүүлэх шинэ, том зорилт тулгарч байна. Гадаад харил­цааны салбарт ажиллаж буй бид­ний хувьд улс орныхоо хөгж­лийг хурдасгах гадаад хү­чин зүйлсийг тодор­хойлж, ма­най улсын хөрсөнд буух бо­ломж­той бусад улс орны мэдлэг туршлагыг олж судалж бодлого тодорхойлогчдод цаг алдалгүй хүргэж байх нь нэн чу­хал байна. Үүний төлөө ч манай дипломатчид оюун ухаанаа дайч­лан эрчимтэй  ажиллаж байна.

Ази, Номхон далайн бүс нутагт Монгол Улс байр сууриа бэхжүүлж, энэ бүс нутгийн улс орнуудтай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг амжилттай хөгжүүлж байна. Хоёр талын ха­рилцаа, хамтын ажиллагааг хөг­жүүлэхийн сацуу бид Ази дахь олон талт үйл явцуудад аль бо­лох идэвхтэй оролцохыг зорьж байна. Бид АСЕАН-ы Бүсийн чуулга (АРФ), Номхон далайн эдийн засгийн хамтын ажилла­гааны Зөвлөл (ПЕКК), Азийн хамтын ажиллагааны яриа хэл­цээ (ACD), Ази-Евро­пын чуулга уулзалт (ACEM)-д гишүү­нээр элсч, ШХАБ-д ажиглагчийн ста­тустай орол­цож байна. Мөн Зүүн Азийн дээд түвшний уулзалт болон АПЕК-ийн үйл ажилла­гаанд оролцох зорилт дэвшүү­лэн ажиллаж байна.

Монгол Улс ЗХА, Төв Азийн бүс нутгийн аль алинд хамаардагийн хувьд энэхүү бүс нутгийн стратегийн тогтвор­той байдлыг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулахыг чухалчилдаг. Төв Азийн хувьд, бүс нутгийн аюулгүй байдал, тогтвортой байдалд Афганистаны ирээдүй шийдвэрлэх үүрэгтэй тул манай улс 2003 оноос эхлэн Энхийг тогтоох ажиллагааны хүрээнд Афга­нис­танд цэрэг илгээж ирсэн. Мөн ЗХА-ийн аюулгүй байдал, хамтын ажилла­гааны асуудлыг хэлэлцэж байх албан ёсны механизмыг бий болгох чиглэлд 2000 онд тодорхой санаачилга дэвшүү­лэн, зургаан талт хэлэлцээг урагшлуу­лахад хувь нэмрээ оруулах үүднээс 2007 онд БНАСАУ-Японы харилцааг хэвийн болгох зорилго бүхий ажлын хэсгийн хуралдааныг өөрийн улсад зохион байгуулсан билээ. Эдгээрийг бидний зүгээс бүс нутгийн ирээдүй, хөгжил цэцэглэлийн төлөө гаргаж буй хүчин чармайлт, хувь нэмэр гэж ойлгож болох юм.

-Монгол бол хоёр хөрштэйгөө маш өвөрмөц түүхийн хэлхээ холбоотой явж ирсэн орон. Мэдээж хөрш орнууд гэдэг бол бидний хувьд мөнхийн хийгээд маргашгүй том ойлголт. ОХУ-ын тухай асуулт тавьмаар байна. Сая бид худалдаа­ны харилцааны талаар ярилаа. Яг өнөөдрийн манай хоёр улсын гадаад харилцаа ямар түвшинд байна вэ. Дипломат харилцаа тогтоосны 90 жилийн ой энэ жил тохиож байгаа шүү дээ?

 -ОХУ, БНХАУ бол манай улсын мөнхийн хөршүүд. Мөнхийн хөршүүд мөнхийн эв найрамдалтай, мөнхийн харилцаа, хамтын ажиллагаатай байх учиртай. Ийм ч учир манай улсын Гадаад бодлогын үзэл баримтлалд “ОХУ, БНХАУ-тай найрсаг харилцаа­тай байх нь Монгол Улсын гадаад бодлогын эн тэргүүний зорилт мөн бөгөөд тэдгээр улстай бүхэлдээ тэнцвэртэй харилцаж, сайн хөршийн ёсоор өргөн хүрээтэй хамтын ажилла­гаа хөгжүүлнэ. Чингэхдээ энэ хоёр улс­тай харилцаж ирсэн түүхэн уламж­лал, эдийн засгийн хамтын ажилла­гааны өвөрмөц онцлогийг харгалзана” гэж заасан. Уг заалт шинэчлэн батал­сан үзэл баримтлалд хэвээрээ үлдсэн. Энэ нь манай улсын хоёр хөрш­тэйгээ харилцах бодлого тогтвортой, тууштай байгаагийн илрэл гэж хэлж болно.  ОХУ-тай тогтоосон найрамдал, хамтын ажиллагааны хувьд энэ жил үнэхээр онцлог жил болж байна.

1921 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Монгол Ардын Засгийн газар, Оросын Засгийн газрын хооронд найрсаг харилцаа тогтоох тухай Гэрээ байгуулсан бөгөөд энэ гэрээгээр хоёр улсын хооронд харилцааны эрх зүйн үндэс анх тавигдаж, дипломат харил­цаатай болсон билээ. 1922 онд хоёр улс ЭСЯ-даа Улаанбаатар, Москвад харилцан нээсэн байна. Энэ гэрээний үр дүнд Монгол Улсын боловсрол, соёл, шинжлэх ухаан, аж үйлдвэр, тээвэр, цахилгаан эрчим хүч болон улс ардын аж ахуйн бусад салбаруудын хөгжлийн эхлэлийг тавьсан юм.

1993 оны 1 дүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгч асан П.Очирбат ОХУ-д албан ёсоор айлчлах үеэр хоёр орны хооронд Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Гэрээг бай­гуулсан нь манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргасан бөгөөд өнөөгийн харилцааны эрх зүйн үндэс болж байна.

Монгол Улс, Оросын Холбооны Улсын хоорондын стратегийн түншлэл эрчимтэй өрнөж, хөгжлийн шинэ шатанд гарч буйг 2009 оны 8 дугаар сард ОХУ-ын Ерөнхийлөгч Д.А.Мед­ведевийн Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр хоёр тал санал нэгтэй тэмдэглэж, “Стратегийн түншлэлийг хөгжүүлэх тухай Тунхаглалд” гарын үсэг зурсан билээ. Энэ нь манай хоёр улс хоёр талын харилцаандаа өндөр  ач холбогдол өгч буйн илэрхийлэл болсон юм.

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд ОХУ-ын Засгийн газрын дарга В.В.Путины урилгаар 2010 оны 12 дугаар сард ОХУ-д албан ёсны айлчлал хийсэн. Уг айлчлалын хүрээнд “Монголросцветмет”-ын зээлийн өрийн асуудлаар хоёр талын хооронд явагдсан яриа хэлэлцээний дүнд “их өр”-ийг шийдсэн зарчмаар зохицуулах, ураны салбарт хамтран ажиллах, Монгол Улсаас уул уурхайн бүтээгдэ­хүүнийг Оросын Холбооны Улсын алс дорнодын боомтуудад дамжин тээвэрлэх, түүний дотор төмөр замын урт хугацааны хөнгөлөлттэй тариф тогтоохтой холбогдсон асуудлыг тохиролцох, нэгдсэн харилцан ашигтай шийдэлд хүрсэн болно.

-Аль салбарт, ямар төсөл дээр Монгол, Оросын хамтын ажиллагаа илүү ирээдүйтэй гэж үзэж байгаа вэ. Тавантолгой юу... Сайншанд уу гэж оросын сэтгүүлч манай удирдагч­даас шүлэнхийтэн асууж байна. Би ямар өөрийнхөө сайдад ийм асуулт тавилтай биш дээ. Гэхдээ?


-Хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх үүднээс ОХУ-ын эрх ашиг, сонирхолыг тодорхой хэмжээгээр харгалзан үзэж, зөв зохистой хэмжээгээр татан оруулцуулах ажил эхэлсэн. Тодруул­бал Монгол-Оросын хамтарсан “Дор­нод уран” ХХК , “Дэд бүтцийн хөгжил” төрийн өмчит компани байгуулж байгаа. Гэхдээ энэ хамтарсан төслүүд дээр манай орон өөрийн эрх ашгаа зөвөөр тодорхойлж, аливаа нэг өөр асуудалтай холбохгүйгээр оросын талд санал болгоно. Эдгээр асуудлуудыг уг айлчлалын хүрээнд ярьж, хоёр тал харилцан ойлголцоно гэж найдаж байна.

Сайншандад боловсруулах аж үйлдвэрийн цогцолбор барьж дэв­шилтэт техник, дэвшилтэт технологи нэвтрүүлснээр Монгол Улсын өрсөл­дөх чадвар нэмэгдэх бөгөөд салбарын үйл ажиллагаа, техник, технологийн хувьд харилцан уялдаатай, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн гаргадаг үйлдвэрүүд хөгжих боломж бий болж манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд эерэг, таатай нөлөө үзүүлнэ. Монгол Улсын 2013 оны эдийн засгийн бүтцийн чиг хандлагыг авч үзвэл Оюутолгой, Тавантолгой болон стратегийн бусад томоохон ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулж байгаатай холбоотой ДНБ-д эзлэх уул уурхай, олборлох салбарын хэмжээ 29.2 хувь болж нэмэгдэхээр байна. Гэхдээ бид уг бүтээн байгуулалтыг УИХ-аас баталсан удирдамж, чиглэ­лийн дагуу олон улсын нээлттэй тендер зарлаж явуулж буйг мэдэж байгаа биз дээ. Иймд манай хойд хөрш уг сонгон шалгаруулалтад бусад улсын адил оролцох эрхээ эдэлж байгаа. Энд бид манай улсын эрх ашгийг хамгийн сайн хангах тийм л түнш сонгон хамтран ажиллана гэж бодож байна.

-Сайд аа, Монгол Улсад цөмийн хаягдал булна, булахгүй гэх яриа ид өрнөж байна. Манай өндөр албан тушаалтнууд энэ тухай байна үгүйсгэдэг.  Харин яг ийм яриа хөө­рөө дэгдсэн үеэр сайд та Монгол Улсад цөмийн хаягдал оруулахыг хориглосон хуулийн төсөл өргөн барихаар зэхэж эхэлсэн гэх юм?

-Цөмийн асуудал бол дэлхийн улс төрийн томоохон асуудлын нэг. Монгол Улсад цөмийн хаягдал оруулахыг хориглох тухай нэмэлт өөрчлөлтийг Цөмийн энергийн хуулинд оруулахаар санаачилсан. Одоогоор асуудал 2000 онд УИХ-аар батлагдсан Хортой хог хаягдалын хуулиар зохицуулагдаж буй бөгөөд 2009 онд батлагдсан Цөмийн энэргийн тухай хуулинд тусгайлан заагаагүй юм. Тиймээс гадны цөмийн аливаа хаягдлыг Монгол Улсад оруу­лахыг хориглох, энэ талаарх зохицуу­лалтыг тодорхой болгох зорилгоор дээрх санаачлагыг гарган ажиллаж байна.

 -Саяхан Хятадын Гадаад хэргийн сайдын айлчлал болж өнгөрлөө. Хоёр орны түншлэлийн зэргийг ахиулах талаар тодорхой тохиролцоонд хүрээд буцсан. Стратегийн түнш гэх энэхүү ойл­голтын талаар арай гүнзгий мэдээлэл авмаар байна?

-БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ян Жэчи 2011 оны 2 дугаар сарын 24-25-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн. Таны хэлсэнч­лэн энэхүү айлчлалын гол нэг үр дүн нь Монгол Улс, БНХАУ-ын хооронд стратегийн түншлэлийн харилцаа тогтоох талаар зарчмын тохиролцоонд хүрсэнд оршино.
 
Стратегийн түншлэлийн агуулгын хувьд хоёр тал ижил төстэй байр суурьтай байгаа. Энэхүү харилцааны гол агуулга нь эрх тэгш, харилцан ашигтай, бие биенээ хүндэтгэсэн, тогтвортой харилцааг хөгжүүлж, улс төрийн итгэлцлийг бататгах, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг чанарын шинэ түвшинд гаргах, бусад салбарын харилцааг хөгжүүлэх замаар харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх, олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэхэд оршино.

Дүгнэн хэлэхэд хоёр тал стра­тегийн түншлэл тогтоох гэж байгаа нь хоёр тал  энэхүү харилцаагаа урт хуга­цаанд тогтвортой урагшлуулан хөгжүүлэх эрмэлзэл дүүрэн байгаа­гийн нотолгоо юм.

-Монголын уул уурхай дээр түшиглээд Хятадын тал хөрөнгө оруулалт хийе. Түүнтэй холбоотой дэд бүтэц барья. Энэ бүхэнд шаардагдах санхүүжилтийг гаргая л гээд байгаа. Харин манай олон нийт үүнтэй санал нэгдэх дургүй. Энэ тухайд та юу хэлэх бол?

-БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябао 2010 онд Монгол Улсад айлчлах үеэрээ уул уурхай, дэд бүтэц, санхүүгийн салба­рын хамтын ажиллагааг цогцоор авч үзэж хөгжүүлэх саналыг манай талд тавьсан. Сая Ян Жэчи сайд ирэхдээ энэ байр сууриа дахин нотолж 1-2 то­дорхой төсөл сонгож хамтран ажил­лахыг санал болгосон. Төслийг ам­жилт­тай хэрэгжүүлснээр цаашид хоёр талын хамтын ажиллагааг эрчимжүү­лэхэд дөхөм болно гэж үзэж байгаа. Гол нь ард түмний нү­дэнд тусахуйц, амьдралд нь бодитой нөлөө үзүүлэ­хүйц томоохон бүтээн байгуулалтыг хийж гүйцэтгэх хэрэг­тэй байгаа. Үүний тулд хоёр тал тодор­хой үндэслэл, тоо­цоотой төслүүдийг боловсруулах ёстой. 

-Хятадад олон монголчууд ял эдэлж байгаа. Тэдний талаар танд нарийн мэдээлэл байдаг уу. Тэднээс хоёр нь цаазын ял сонссон. Нэгийнх нь амийг Ерөнхийлөгч маань айлчлалынхаа үеэр гуйсан шүү дээ?

-Өнөөдрийн байдлаар БНХАУ-д манай улсын 24 иргэн ял эдэлж байгаа. Саатуулагдан шалгагдаж буй 40 орчим хүн байна. Ер нь БНХАУ-д хулгайн гэмт хэрэг, хар тамхи зөөвөрлөх, биеэ үнэлэх гэмт хэрэг ихсэх хандлагатай байна. Энэ талаар иргэддээ ахин анхааруулах зорилгоор сэрэмжлүүлэг мэдээг яамны цахим хуудсанд байрлуулсан байгаа.

-Хятадын шүүхээс бүх насаараа хорих ял сонссон Л.Байгалмааг  эх оронд нь шилжүүлэн авчрах асуу­дал бүтэх болов уу. Та айлчла­лынхаа үеэр энэ зүг анхаарлаа хандуулах уу?

-Хоёр улсын хооронд ялтан шил­жүү­лэх гэрээ байгуулагдах шатандаа явж байна. Гэрээний төслийг үндсэн­дээ тохиролцсон байгаа, ойрын хуга­цаанд үзэглэхээр талууд ажиллаж бай­на. Энэ гэрээ хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээс хойш ялтныг шилжүүлэн авах тухай асуудал тодорхой яригдана.

-Манайд Хятадын эсрэг үзэлт­нүүд гаарах хандлага ажиглагдаж байгаа. Ул суурь муутай, хөнгөндүү тэмцэл явуулдаг бүлгэмүүд ч бий. Энэ талаар өмнөд хөрш хэр эмзэг ханддаг вэ?

-Хятадын эсрэг үзэлтнүүд гаарах хандлага ажиглагдаж байна гэдэгтэй бол би санал нэгдэхгүй байна. Зарим иргэдийн хооронд гарч буй асуудал, үл ойлголцол нь цөөн тооны хүмүүсийн дунд гарч байгаа юм. Манайд улс төрийн зарим нэг жижиг бүлэглэлүүд буруу ойлголттой байдгийг бол үгүйсгэхгүй. Монгол Улсын олон тооны иргэд БНХАУ-д зорчиж байна. Хятадын иргэд ч манайд зорчиж байна. Энэ нь хоёр ард түмний хооронд харилцан ойлголцол, итгэлцэлийг бэхжүүлэх нэг хүчин зүйл болж байгаа. Хоёр улсын Засгийн газрууд энэ чиглэлээр цаашид ч тодорхой ажлуудыг хийж байна. Тухайлбал залуучуудын солилцоог өргөжүүлэх, соёл, хүмүүнлэгийн харилцааг хөгжүүлэхэд чиглэсэн арга хэмжээг авч байна. 

Энэ дашрамд нэг зүйлийг хэлэхэд, манай зарим хэвлэл, мэдээллийн хэрэгслээр буруу ташаа, үндэслэл муутай мэдээ мэдээлэл гаргаж, ард иргэдийн дунд хардалт, сэрдэлт төрүүлж байгаад манай хэвлэл, мэдээллийн байгууллагууд анхаарах учиртай юм.  Хятадын талаар үнэн бодит мэдээллийг Монголын олон нийтийн дунд түгээх, Хятад улсын өнөөгийн хөгжил, ард иргэдийн амьдрал болон Монгол, Хятадын ха­рилцааны талаарх үнэн зөв мэдээл­лийг олон нийтэд ойлгуулах, сурталч­лах талаар хэвлэл, мэдээллийн хэрэгслэлээр түлхүү гаргаж байхыг хүсмээр байна.

Манай Улсын гадаад бодлогын үзэл баримтлалд “Гадаад харилцаа, олон нийттэй харилцах бодлого” гэсэн шинэ бүлгийг нэмсэн бөгөөд түүнд “Монгол Улсын гадаад бодлого, гадаад харилцааны талаар олон нийт, хэвлэл мэдээллийн байгууллагуудыг бодит мэдээллээр хангах, тэдний хүч бололцоог бусад улстай харилцаа хамтын ажиллагаа хэвийн хөгжүүлэ­хэд чиглүүлэх” гэж заасан. Энэ заалтыг бид баримталж ажиллах ёстой.

-Сүүлийн үеийн хамгийн том дуулиан Гадаадад албан ажлаар явж байгаад баривчлагдан хориг­дож байгаа ҮАБЗ-ийн ажилтан Б.Хур­цын асуудал болоод байна. Бүхэл бүтэн нэг улсын хариуц­ла­гатай албаны ажилтан, халдашгүй эрхтэй дипломатын эрхэнд ингэж бүдүүлгээр халдаж болдог юм уу.  Танд хамгийн сүүлийн үеийн ямар мэдээлэл байна вэ?

-ҮАБЗ-ийн Ажлын албаны дарга Б.Хурцын давж заалдах шатны шүүх хурал энэ оны 5 дугаар сарын 13-нд Хатан хааны дээд шүүхийн танхим /  Court of Royal Justice /-д болсон.

Шүүх хуралд Б.Хурцын өмгөөлөг­чөөр хуульч Алун Жонс, Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж профессор, Сэр Э.Лаутерпахт нар оролцсон. ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар, Монгол Улсаас Британи улсад суугаа Элчин сайд Б.Алтан­гэрэл, ЭСЯ-ны зөвлөх, консул Н.Батаа нар болон Б.Хурцын эхнэр, хүү нь тус ху­ралдаанд байлцсан болно. Британийн прокурорын байгууллагын төлөөлөгч ноён А.Уоткинс, Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн яам /ГХХНЯ/-ны хуулийн зөвлөх хатагтай С.Доббин нар британийн талыг төлөөлөв.  Энэ удаагийн давж заалдах шатны хуралдааныг дээд шүүхийн шүүгч Лорд Мосес( Lord justice Moses ) даргалсан.  Шүүгч Мосес хоёр талын мэтгэлцээнийг сонссоны дараагаар Британийн ГХХНЯ-ны хүсэлтийн дагуу талууд нэмэлт баримтуудыг 6 дугаар сарын 6-ны өдрөөс өмнө дээд шүүхэд ирүүлсэн байхыг анхааруулж  дараа­чийн хуралдааныг ирэх 6 дугаар сарын 23-24-ны өдрүүдэд багтаан явуулах болсноо  мэдэгдэж, шүүх хуралдааныг завсарлуулсан байна.

-Бид эндээс хүчтэй дэмжлэг үзүүлмээр байна шүү дээ?


-Манай талаас өмгөөлөгчөөр дамжуулан шаардлагатай нэмэлт нотлох баримтыг хүргүүлээд байна. 

-Монголын гадаад бодлого өнгөрсөн 20 жил харьцангуй тогт­вортой явж ирсэн. Хоёр хөрштэйгөө алтан дунджыг барьж ирсэн бол дэлхийн хамтын нөхөрлөлд багтаж, гурав дахь хөршийн бодлогыг түлхүүхэн өмнөө барьж байгаа. Гэвч гурав дахь хөрш гэдэг бол хөдлөшгүй томъёологдсон зүйл биш шүү дээ. Бидний энэ шүхрийг хоёр хөрш маань төдийлөн таатай хардаггүй. Энэ талаар таны байр суурийг сонсмоор байна?

-Өнгөрсөн 20 жилд Монгол Улсын гадаад харилцаа өргөжин тэлж, байр суурь нь бэхжин, нэр хүнд нь өсч, “хаалттай улс” гэсэн нэр хаягаас салж, олон улсын хамтын нийгэмлэгт “ардчилсан, нээлттэй улс” гэсэн дүр төрхийг бий болгож чадсан. Мөн өнгөрсөн хугацаанд Монгол Улсын гадаад харилцааны чиглэл, зорилго, зарчим, шийдвэр гаргах механизм, эрхзүйн шинэчлэл гэсэн зарчмын шинжтэй өөрчлөлтүүд гадаад бодлогын “хөрс”-өнд нэгэнт сууж, гадаад харилцааны үйл ажиллагааны үндэс болж чадсан. Манай улс бие даасан нээлттэй, олон тулгуурт гадаад бодлого хэрэгжүүлэх боллоо. Хоёр хөрштэйгээ харилцах бодлогын талаар дээр би ярьсан. Гуравдагч хөршийн бодлогыг бид боловсруулж, хөгжүүлж ирсэн бөгөөд шинэчлэн баталсан Гадаад бодлогын баримтлалд түүнийг анх удаа албан ёсоор томъёолж орууллаа. Түүнд дурдахдаа “АНУ, Япон, Европын Холбоо, Энэтхэг, БНСУ, Турк зэрэг өрнө, дорны улс,холбоотой гуравдагч хөршийн бодлогын хүрээнд түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх” гэж заасан. Энэ нь манай гадаад бодлого дахь томоохон ахиц, дэвшил гэж үзэж байна. Гуравдагч хөршийн тухайд энэ бол газар зүйн биш, улс төрийн ойлголт. Бид хоёрхон хөрштэй, тэр нь цөөдөөд ингэж байгаа юм биш. Гуравдагч хөршийн бодлого бол ардчиллын адил үнэт зүйл бүхий, манай ардчилал шинэчлэлийг тууштай дэмжиж ирсэн дэлхийн болон бүс нутгийн нөлөө бүхий улсуудтай харилцаа хамтын ажиллагаагаа хөгжүүлэх бодлого юм. Энэ нь аль нэг улсаас хэт хамааралтай буюу хараат байдалд орохоос сэрэмжилсэн бодлого, дэлхийн болон бүс нутгийн нөлөө бүхий улсуудын манай улс дахь ашиг сонирхлыг тэнцвэржүүлэх бодлого мөн. Энэ нь хоёр хөрштэйгээ адил бусад улс гүрэнтэй сайн хөршийн найрсаг харилцаа хөгжүүлэх бодлого юм. Энэ бодлого хоёр хөрштэй тэргүүлэх зарчмаар харилцах тухай болон “Гадаад бодлогын үзэл баримт­лал”-д тусгалаа олсон бусад тулгуур зарчмыг хөндөхгүй. Тийм учраас манай бодлогын энэ чиг шугамд хөршүүд маань эмзэглэж байгаагүй,  эмзэглэх ч үгүй гэж бид үздэг. “Гуравдагч хөрш”-ийн бодлогын эрхэм зорилго бол Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний эрх ашиг, аюулгүй байдал, хөгжил дэвшлийн өнөө, ирээдүй уламжлалт хүчин зүйлсийн зэрэгцээ хоёр хөршийн төдийгүй, дэл­хийн өндөр хөгжилтэй улс гүрнүүдийн стратегийн сонирхол, харилцан нө­лөөлөл, хамаарлаар давхар баталгаа­жиж байх нөхцөлийг бүрдүүлэхэд орших байгаа юм.

-Баярлалаа. Цаг зав гарган ярилцсанд. Дараа тантай улс төрийн сэдвээр өргөн яриа өр­нүүлэх хүсэлт байна. Та хүлээж авч болох уу?


-Нэг ярилцлагаа дөнгөж дуусав уу үгүй юу нөгөөг санал болгож байдаг. (инээв) Тэгье ээ. Би урилгыг тань хүлээж авлаа.