Орос явбаа. Монголын асуудал хариуцдаг олон хүнтэй уулзлаа. Оросын Гадаад явдлын яам, Үндэсний аюулгүйн зөвлөл, Стратеги судлалын хүрээлэн, Үндэсний аюулгүй бодлогын дээд сургууль гэх мэт. Нэгэнт миний бие төрд ажилладаггүй, засгийг төлөөлөх эрхгүй учир цэвэр хөндлөнгийн ажиглагч, бие даасан шинжээчийн хувиар урилгаар очсон юм. Ингэснээр шинэ, хуучин Оросын бодлогыг харьцуулж үзэх бололцоо гарсан. Мөнхийн хөрш, саяхан болтол салшгүй ах дүү гэж явсан нөхөд маань бидний тухай мөн ч буруу ойлголттой байдаг юм байна гэсэн сэтгэгдэл төрлөө. Учир нь миний уулзсан хүмүүс чухам Монголын асуудлаар ажиллаж бодлого боловсруулж түүнийхээ төлөө цалинждаг товарищууд шүү дээ. Хэн нь ч ердийн нэг тохиолдлын иргэн биш, юу дуртайгаа ярьдаг сэтгүүлч биш, чөлөөт уран бүтээлч биш, эрдэмтэн судлаач ч биш, яг л хоёр орны харилцааны асуудал хариуцсан мэргэжлийн, нас тогтсон, буурь суурьтай хүмүүс. Тэдний олсон мэдээлэл, ойлголт дээр үндэслэж Орос улсын Монгол руу хандсан бодлого тодорхойлогдоно. Ийм учраас зүгээр нэг тоглоом биш шүү. 

    Хөршүүд биенээ зөв ойлголцох нь аль алиных нь эрх ашигт сайнаар тусна. Хүчний байр сууринаас хандах, хий хардах, гомдоллох, тулган шаардах, дээрэлхэх зэрэг нь юутай ч эрх тэгш хамтын ажиллагаа биш. Харин ч энэ нь далдуур дайсагнал төрүүлж нийтлэг эрх ашгийг хохирооно. Ийм учраас аль аль тал биендээ мэдээллээ түргэн шуурхай ил тод өгч харилцан итгэлээ бэхжүүлэх нь маш чухал тулгамдсан асуудал болсон юм байна гэж ойлголоо. Үл ойлголцол, үл итгэлцэл ямархуу төвшинд байгааг харуулахын тулд Монголоор мэргэшиж, Монголд хандах бодлогын суурийг боловсруулдаг хүмүүсийн асуулт, гомдлыг сийрүүлж, бодит байдал дээр ямархуу байдалтай байгааг араас нь тайлбарлаад явъя.

- Хятад Монголын цэргийн хамтарсан сургууль саяхан болж өнгөрлөө. Энэ хамтарсан сургуулилтын үр дүнг юу гэж үзэж байна.
Хятад Монголын цэргийн хамтын ажиллагаа тэр дундаа хээрийн сургуулилт огт болж байгаагүй. Харин саяхан Орос монголын цэргийн хээрийн сургууль дөрөв дэхь удаагаа болж өнгөрлөө. Өнгөрсөн жил батлагдсан оросын үндэсний аюулгүй бодлогын хуульд Оросын эрх ашиг хөндөгдвөл гадаад оронд цэргийн хүч хэрэглэхийг зөвшөөрсөн хууль гаргасан. Эрх ашиг хөндөгдөх нь чухам юугаар хэмжигдэхийг тодорхой заагаагүй.

- Монголд 100 шатахүүн түгээгүүр барих саналыг хүлээж аваагүй. Гэтэл Солонгосын шатахуун түгээгүүр Монголд хэдэн зуу бий.
Монголд 100 шатахуун түгээх станц барих асуудлыг Оросын Ерөнхийлөгчийн төвшинд санал болгосон нь үнэн. Гэхдээ үүнийг Монголын парламент хүлээж аваагүй. Уг нь үүнд болохгүй юм үгүй. Учир нь Оросоос 100 хувь хамааралтай шатахууны зах зээлд өнгөрсөн хаврынх шиг гэнэтийн хомсдол үүсэх магадлал багасах учиртай. Харин Солонгосын байтугай ерөөс гадаадын түгээх станц Монголд ганц ч байхгүй.

- Хятадууд Хонконгийн дэргэд Шинжин хотыг барьж хөгжүүлээд өөртөө нэгтгэсэн. Жухайг Макаогийн дэргэд байгуулж хөгжүүлээд өөртөө нэгтгэсэн. Одоо Өвөр Монголыг их хөгжүүлж байна. Ингээд Монголыг удахгүй өөртөө нэгтгэнэ.
Хятадаар айлгах, Орос Монголын харилцаанд Хятад Монголын харилцааг сөргүүлэн тавих, барьцаалах бодлого  нь нэлээд урт удаан хугацааны уламжлалтай эд. Жухай, Шинжингүйгээр Хятад улс болно. Харин Өвөр Монголгүйгээр Хятадын өнөөгийн давшингуй хурд бололцоогүй юм. Өвөр Монгол нь Хятадын түүхий эдийн хамгийн том бааз. Бугат хот гэхэд дэлхийн хамгийн том төмөрлөгийн үйлдвэрлэлийн төв. Газрын ховор элементийн дэлхийн нөөцийн 80 хувь Өвөр Монголд бий. Нефть, нүүрс болон өөр эрчим хүчний эх үүсвэрээр Өвөр Монгол асар баян. Иймээс Өвөр Монголын хөгжил нь Монголыг өөртөө нэгтгэх гэхээсээ цаад өөр аргагүй учир шалтгаантай. Тэгээд ч Макао, Хонконг нь гадаадад олон жилээр түрээсэлж хугацаа нь дууссан Хятадын хууль ёсны нутаг болохоос хятадууд булааж авсан юм байхгүй. Монгол улсын тусгаар тогтнол 1946 онд Гоминданы, 1949 онд коммунист Хятадын засгаас бүрнээ хүлээн зөвшөөрөгдсөн ба ХХI зууны өнөөгийн дэлхийн олон улсын харилцаанд эзлэн түрэмгийлэх булаан эзлэх, булааж авах үйлдлийн тухай домог нь хэт туйлширсан үзэлтэн эсвэл нялх хүүхдэд л үнэмшилтэй сонстох болов уу.

-    Оюутолгойд Орос улсыг шахан гадуурхаад оруулаагүй.

Оюутолгойд Орос улс оролцох, хөрөнгө оруулах талаар ямар ч асуудал тавьж байгаагүй. Энэ ордыг Канадын компани нээж, хайгуулын лицензийг эзэмшиж байсан тул олон улсын жишгээр давуу талтай байх бүрэн үндэстэй. Уг ордын талбайн лицензийг Австралийн компани эзэмшиж байгаад буцааж өгсөн ба хэрэв Орос улс сонирхож байсан бол хэсэгтээ бүрнээ чөлөөтэй байсан.

-    Шанхайн хамтын нийгэмлэгт Монгол элсэж өгөхгүй байна.
Шанхайн хамтын нийгэмлэгт Монгол улс ажиглагчаар оролцдог. Энэ нийгэмлэгт Монгол улс шууд нэгдэн орохгүй байх хэд хэдэн шалтгаан бий. Юун түрүүн энэ байгууллага анх байгуулагдахдаа Орос, Хятадын хооронд шинээр буй болсон орнуудын хилийн асуудлыг зохицуулах явдлыг эн тэргүүнд тавьсан. Монгол нь 1997 оноос бүрэн диморкаци хилтэй болсон ба хөрш зэргэлдээ болон ер нь аль ч оронтой хилийн ямар ч маргаан байхгүй бүс нутаг дахь цорын ганц орон юм. Шанхайн хамтын нийгэмлэгийн өөр нэг голлон анхаарч байгаа асуудал нь лалын хэт даврагсад болон алан хядагчидтай тэмцэх чиглэл. Монгол нь иймэрхүү маргаанаас ангид оршдог. Уг нийгэмлэг сүүлийн үед цэргийн холбоотны шинжийг улам бүр олж байгаа. Монгол нь цэргийн аливаа эвсэл нэгдэлд үл нийлэн төвийг сахих бодлогыг албан ёсоор баримтлаад 20 гаруй жил болж байна. Дэлхийн хамтын нийгэмлэгийн хүрээнд энхийг сахиулах үйл ажиллагаанд идэвхитэй оролцсоноор батлан хамгаалах, аюулгүй байдлаа хангах ил тод бодлоготой.

- Нармай Монголын үзэл Монголд их дэвэрч хөрш орнууддаа газар нутгийн маргаан үүсгэж магадгүй байна.

Нармай Монгол хэмээх асуудал угаасаа Орос дахь буриад халимаг нараас үүдэлтэй. Энэ талаархи Оросын хардлага гомдол бараг 100 жил үргэлжилж байна. Гэтэл монголчуудын дунд энэ талаархи ойлголт ч байдаггүй, ийм бодлого явуулах нь байтугай ийм бодлого байдгийг ч ихэнх монголчууд дуулаагүй. 1919 онд Дагуурт болсон нармай Монголын их хуралд Гадаад Монгол хүнээ ч явуулаагүй, ийм бодлогыг эхнээсээ дуустал хэзээ ч дэмжиж байгаагүй. Сүүлийн үед Монгол туургатны, Дэлхийн монголчуудын, эсгий туургатны, алтай угсаатны зэрэг нэрээр янз бүрийн урлаг соёлын арга хэмжээ болж байгаад ямар ч улс төрийн, геополитикийн утга агуулга байхгүй. Аль ч үндэстэн иймэрхүү соёлын арга хэмжээ зохиодгийг хэн ч ингэж томруулан улс төрийн утга оруулан харддаггүй.

-    Цөмийн хаягдал өөртөө агуулж хөрш орнууддаа хохирол учруулж байна.
Цөмийн хаягдалыг Монголд булшлах гэж байгаа талаар сүүлийн үед их шуугих болсон нь юун түрүүн Монголын дотоод улс төрийн тэмцлээс үүдэлтэй. Цөмийн хаягдал Монголд булшлах дамжуулан тээвэрлэх нь хэд хэдэн хуулиар хориотой. Улс төрийн шинэ хуваагдлаар буй болж байгаа бүлэглэлүүд биенээ буруутгаж яллахын тулд энэ талаар гарсан батлагдаагүй мэдээллийг өргөнөөр ашиглаж байгаа. Тэр байтугай зарим нь гадаад орнуудад хамаатан саднаараа элдэв эсэргүүцлийн жагсаал зохион байгуулуулж буй нь эргээд дотоодын улс төрийн тэмцэлд ашиглах зорилготой болно. Харин Монгол улс цөмийн технологийг хөгжүүлэх, уран боловсруулах талаар хуулийн дагуу хөтөлбөр боловсруулж үүнд эхний ээлжинд жилд хоёр сая доллар зарцуулж байгаа нь Монголын өөрийнх нь асуудал юм. Арабын орнуудад шинээр баригдах гэж байгаа цөмийн станцуудад Монгол улс түлш бэлдэж нийлүүлэх талаар анхдагч яриа болсон нь өрсөлдөгч орнуудад нэлээд хардлага төрүүлж, Монголын дотоод улс төрийн тэмцлээс үүдэлтэй маргааныг улам дэвэргэж байгаа болно. Дэлхийн урааны нөөцийн хоёр хувийг агуулж байгаа, цаашдын судалгаагаар магадгүй 20 хувь хүрч болох том нөөцтэй учраас энэ бүхнийг олон улсын хараа хяналтын дор бусад орнуудтай хамтран ашиглах нь Монгол улсын эрх ашиг мөн. Цөмийн шаар булшлах маш ашигтай бизнест шинэ өрсөлдөгч гарч ирэхээс болгоомжилсон Оросын бодлого ч энд яваа. Учир нь оросууд Монголын хилээс холгүй шаар булшлах нэлээд том төвтэй. Монгол улс уран боловсруулах, алив оронтой хамтран байгаа ураан дээрээ түшиглэн энх тайвны зорилгоор цөмийн станцын түлш бэлдэх, энэ талын өндөр технологи оруулж ирэх бүрэн эрхтэй. Саяхан Монгол улсын ерөнхийлөгч цөмийн хаягдал булшлах ямар ч асуудал байхгүйг нотлохын зэрэгцээ ирээдүйд Монголд үйлдвэрлэгдэх цөмийн станцын түлшийг гадаадад нийлүүлсэн тохиолдолд шаар хаягдлыг нь эргүүлж авахгүй гэдгээ илэрхийллээ. Монгол улс нутаг дэвсгэртээ цөмийн шаар булшлах ямар ч бодолгүй, энэ нь хуулиар маш тодорхой хориглогдсон болно.  

-  Монголын хүн амын 80 хувь нь орос кино үзэж, орос ном зохиол үзэх хүсэлтэй байдаг. Гэвч энэ бололцоог Монголын удирдлага олгодоггүй. Тэнд Оросын талыг баримтлагч улс төрч олдохоо больсон.
Магадгүй энэ нь 1990 оноос өмнөх статистик байж болох юм. Сүүлийн хорин жилд Монголын гадаад харилцаа идэвхитэй хөгжиж дэлхийн хандлагатай нэлээд ойртлоо. Оросууд Монголыг мартаад хорь орчим жил болох хооронд ялангуяа залуучууд орос хэл, орос соёл урлагийг мэдэхгүй болсон. Одоо англи хэл суралцаж байгаа хүний тоо саяд хүрч байгаа ба, зөвхөн солонгос хэлээр ойлгох хүний тоо 100 мянгад хүрчээ. Гэвч монголчуудын Оросын хэл, утга зохиол, соёл, түүхийг сонирхох хандлага огт үгүй болчихоогүй. Бүх дэлхийн соёлын хандлага өрнөдийг чиглэсэн байдаг ба энэ хандлага Орост ч өөрт нь хүчтэй учир тэнд ялангуяа залуучуудын дунд өөрийн соёлд татах үзүүлэлт ч ийм өндөр хувь гарахгүй биз. Өрнөдийн соёлын нөлөө Монголд улам их өсч буй нь огтоос гажиг зүйл биш, дэлхий нийтээр тэдний соёл технологид татагдах үзэгдэл хавтгай байгаа. Хөрөнгө оруулалтын хувьд, аль улсын хөрөнгө оруулалтыг илүү таашаах вэ гэсэн асуултад 15 жилийн өмнө судалгаагаар хүн амын 70 хувь нь Оросынхыг илүүд үзэж байсан бол одоо Орос, АНУ, Япон гурав ижилээр тус болгондоо 30 хувьтай байна. Харин Оросын соёлыг боож хаах, нийтийн хүртээл болгохоос татгалзах явдал Монголд хэзээ ч гарч байгаагүй. Тэр дундаа өнөөгийн нийгмийн удирдлага нь Орос Зөвлөлтийн соёлын нөлөөнд төрж өссөн учир санагалзах дэмжих дэлгэрүүлэх илүү сонирхолтой байдаг.  Оросын байтугай өөр ямар ч орны талыг баримталсан улс төрч байхыг Монголд төдийлөн сайшаахгүй болов уу. Монголын улс төрчид юун түрүүн Монголын талыг баримталдаг байх ёстой. Чухам тэр өнцгөөсөө бүх орнуудтай түүний дотор ялангуяа хоёр хөрштэйгээ дотно хамтын ажиллагаа, ойлголцлын төлөө байх ёстой. Монголд аль нэг орны талыг баримтлагч гэхээсээ мөнгөний талыг баримтлагч улс төрчид улам олширч буй нь харин тусдаа асуудал юм.

- Монгол Хятадын гаалийн жишиг тун тааламжтай байдаг, гэтэл Оростой ижил нөхцөл тавьдаггүй учир хоёр орны худалдаа жилээс жилд муудаж байна.
Хорин жилийн өмнө Монголын гадаад худалдааны 97 хувь нь ЗХУ-д ноогддог байсан. Одоо гадаад худалдааны 46 хувь нь Хятадад ноогдож байгаа ба экспортын хувьд Орос нэлээд хойгуур байр эзлэх боллоо. 1.3 тэрбум долларын бүтээгдэхүүн худалдаж авч байгаа нь асар том хэмжээ, харин дөнгөж 100 сая долларын бараа бүтээгдэхүүн нийлүүлж чадаж байгаа нь худалдааны балансыг асар их алдагдуулж байна. Зүүн Сибирь нь сүүлийн 100 гаруй жил Монголын махыг авдаг байснаа гааль тарифийн элдэв хясаа боолтоос болж бараг таг зогссон нь Монголын малын түүхий эдийн борлуултын зах зээлд хүчтэй цохилт өгсөн. Аль аль талдаа гаалийн хөнгөлөлт хялбарчлал хүссэн Монголын талын хорин жилийн хүчин чармайлт талаар өнгөрч байгаа. Энэ нь зөвхөн Оросын талаас хамаарч байгаа бэрхшээл юм. Монголчууд Оросыг Дэлхийн худалдааны байгууллагад элсэх саналыг хөрш орны хувьд дэмжсэн. Харин оросууд Монголыг өөрийн шинээр бодож олсон гаалийн холбоонд орохыг шахан үүгээрээ барьцаалж хил гаалийн асуудлыг шийдэхээс татгалзаж байгаа. Энэхүү Оросоор толгойлуулсан гаалийн холбоонд Беларусь, Казахстан элссэнээр ямархуу бэрхшээл учирсан нь нүдэнд ил байна. Одоо энэ холбоонд шахалтаар элсэхээс өөр аргагүй болсон Украины байдал хоёр муугийн аль гайгүйг нь сонгохоос өөр аргагүй шахалтанд ороод байгаа.

     Гурав дахь хөршийн бодлого нь хоёр хөршдөө заналхийлсэн шинжийг агуулж байна.
Гуравдахь хөршийн бодлого нь Монголын хувьд шинэ зүйл биш юм. Монголын анхны Ерөнхий сайд Намнансүрэн, Гадаад явдлын яамны сайд Ханддорж нар Санкт Петрбургт шөнө дөлөөр нуугдан зүс буруулж гуравдахь хөршийн эрэлд гүйж байсан өрөвдөлтэй төрх ч байдаг. МАХН-ын дарга Дамбадорж гурав дахь хөршийн эрэлд мордон энд тэнд холбоо тогтоосон хэрэгтээ Москвад дуудагдаад сураггүй болсон түүх ч бий. АНУ-тай дипломат харилцаа тогтоох гэсэн 1946, 1961, 1972 оны оролдлогууд Молотов, Громыко нарын эсэргүүцэлтэй тулан тас цохигдсон намтар ч бий. 1987 онд ЗХУ-ын ГЯЯ-ы сайд Шеверднадзе Улаанбаатарт ирж АНУ-тай дипломат харилцаатай болохыг зөвшөөрснөөр энэхүү дэлхийн хамгийн хүчирхэг гүрэнтэй холбоо тогтоох анхны бололцоо нээгдсэн. 1990 онд Монголд хамгийн түрүүн гарсан бодлогын шинжтэй өөрчлөлт нь Гадаад бодлого байлаа. Үүгээр дэлхийн бүх оронтой эрх тэгш харилцахын зэрэгцээ мөнхийн хоёр хөрштэйгээ нийтлэг эрх ашиг харилцан ашигтай байх нөхөрсөг хамтын ажиллагаатай харилцааг хөгжүүлнэ гэж заасан. Хоёр хөршөөр хүрээлэгдэж цаг үеийн байдлаас хамааран нутагт нь гарсан иргэний дайны халианд өртөх, аль нэгэнтэй нь дайсагнах, вассалийн харилцаанд орох зэрэг сүүлийн 300 жилийн гашуун туршлага дээр үндэслэн Гурав дахь хөршийн бодлого гэсэн шинэ зарчим тунхагласан. Нөлөөлөл, хөрөнгө оруулалт, аюулгүй байдлын хамтын ажиллагаа, худалдаа зэрэгт хоёр хөрштэй харилцах харилцаанд хүчний тэнцвэр буй болгох утгатай юм. Ийм тэнцвэр барих нь Монгол улсын цаашдын тусгаар тогтнол, аюулгүй байдалд амин чухал ач холбогдолтой баталгаа гэж үзсэн. Томоохон стратегийн хөрөнгө оруулалтад тэнцвэртэй байдал буй болгох, аль нэг орны давамгайлалыг тогтоолгүй 30 хувь хүртэл барих хууль батлагдсан. Гурав дахь хөрш хэн бэ гэдэгт яг таг нэрлэсэн газар байхгүй ч, хөрөнгө оруулалтыг нь сонирхож байгаа арав орчим улсыг Монголын парламентаас саяхан нэрэлсэн болно. Монгол улсын Гурав дахь хөршийн бодлого нь аль ч улсын, тэр дундаа хоёр хөршийн эсрэг хандсан ямар ч утга агуулга байхгүй төдийгүй Монгол нь олон улсын харилцаанд төвийг сахих ба алив орны эсрэг хэн нэгэнтэй нийлж бодлого явуулж болохгүйг үндсэн хууль болон бусад хуульд тусгаж өгсөн.

-  ЗХУ-ын хуучин байр суурийг өнөөдөр америкчууд эзэлж, тэд өөрсдийн ноёрхлыг тогтоогоод байна.
Сүүлийн хорин жилд ЗХУ ба түүний хууль ёсны залгамжлагч Оросын Монгол дахь нөлөө хяналт эрс буурсан нь үнэн боловч, стратегийн асуудалд үнэмлэхүй ноёрхож хяналтаа барьж байгаа явдал хэвээр байгаа. Монголын хамгийн том үйлдвэр, валютийн гол үүд, улсын төсвийн хамгийн том бүрэлдүүлэгч Эрдэнэт нь Монгол Оросын хамтын өмч билээ. Монгол дахь хамгийн том геологийн хайгууль ашиглалтын цогцолбор болох Монросцвет нь мөн хамтын өмч. Монголд байдаг уртаашаа ердаа 1100 км төмөр зам мөн л хамтын өмч. Үүнээс гадна Монголын эрчим хүчний гуравны нэг нь Оросоос бүрэн хамааралтай. Баруун аймгуудын эрчим хүч 100 хувь Оросоос хамаардаг. Шатахуун, шатах тослох материал болон нефтийн бүх бүтээгдэхүүн Оросын ганцхан компаниас 100 хувь хамаарч байдаг. Ийм учраас өөр бусад орнууд түүний дотор америкчууд хуучин ЗХУ-ын орон зайг эзэлсэн гэдэг нь үндэслэлгүй. АНУ-ын буурьтай хөрөнгө оруулалт одоо болтол Монголд огт байхгүй байгаа. Гадаад худалдаанд Хятад нь 46 хувь эзэлж байгаа боловч стратегийн гэх ач холбогдолтой импорт бараг байхгүй. Өмнөд Солонгостой хийж буй худалдаа асар эрчимтэй нэмэгдэж байгаа ч мөн л стратегийн ач холбогдлоор маруухан.

-   Ураан ашиглалт дээр хамтарч ажиллахаас байнга татгалзаж байгаа.
Монгол Зөвлөлтийн нууц гэрээгээр Мардай дахь урааны ордыг оросууд 1990 он хүртэл ашиглаж байсан. 1992 онд Оросын тал Мардайг Монголд бүрэн хүлээлгэж өгөн гарч явсан ба энэ талаархи бичиг баримт гэрээ ойлголцлыг олон улсын гэрээ эрхийн зарчмын дагуу үйлдсэн юм. Монгол өөрийн бүрэн эзэмшил болсон Мардайд хөрөнгө оруулах өөр орон компанийг урьж Канадын Хан Рисорс компани лицензийг нь авч энд нэлээд хэдэн жилийн туршид багагүй хөрөнгө оруулалт хийсэн билээ. 2007 оноос оросууд Мардайг хамтран эзэмших санал тавьж эхэлсэн ба үүний зэрэгцээ канадчуудыг хөөж гаргахыг шаардах болсон. Оросын удаа дараагийн хүчтэй шахалтын дүнд Монголын Засгийн газар Хан Рисорсын лицензийг хураан авсан. Үүнээс болоод канадчууд Монголын Засгийн газрыг олон улсын арбитрын шүүхэд өгч 200 сая долларын нэхэмжлэл гаргаад байгаа билээ. Энэ мөнгө нь ЗХУ-д тавьсан Монголын өрийг барагдуулсан нийт хэмжээтэй бараг тэнцэж байгаа юм. Мардайн урааны ордыг хэрүүл маргаан шүүх цагдаагүйгээр гурван талд бүгдэд нь ашигтайгаар шийдвэрлэх олон арга бий. Ийм шийдвэрийн талаар Оросын талаас санаачлага гаргахгүй, хий л гомдоллож байгаа. Монголын талд ч авилга хээл хахууль, албан тушаалын тэмцэл, бүлэглэл хоорондын маргаан гэх цэвэр дотоодын шалтгаанаас болж санаачлага гаргахаас тойрч байгаа явдал бий.

 - Монголын Засгийн газар хоёр орны хамтын ажиллагааны талаар шийдвэр гаргаад тэр дороо цуцалдаг. “Ардчилал” гэгчид хэт баригдаад шийдвэр гаргаж чаддаггүй. Шинэ залуу улс болохоор аяндаа төр улс болж засран шийдвэр гаргах механизмаа өөрчилж сайжирлыг олно гэж итгэж байна.
Сүүлийн хорин жилд Орос ч, Монгол ч асар их өөрчлөгдсөн. Хоёр орны шийдвэр гаргах механизм ихэр байсан бол өдгөө шал өөр механизмтай болсон учир харилцан биенээ ойлгох ёстой юм. Монголд өнөөдөр төрийн бодлого шийдвэрийг дангаараа гаргадаг бие хүн болон жижиг бүлэглэл байхгүй. Энэ нь тэнэг ч бай буруу ч бай нэгэнт л ийм тогтолцоо байгаа учраас түүндээ захирагдахаас өөр аргагүй. Тооцоолсноор 100 орчим хүний хамтын зөвшлөөр Монголын бодлого, хууль хэрэгждэг. Үүн дээр чөлөөт мэдээллийн хэрэгслэл, олон түмний санаа бодол маш их нөлөө үзүүлдэг, заримдаа шийдвэрийг өөрчлүүлж чаддаг. Энэ механизмыг монголчуудын дийлэнх нь таашааж үздэг ба үүнээ жижиг орны шийдвэр гаргах механизм ганц хүнээс хамааралгүй байдаг нь зөв гэж үнэлдэг. Ийм учраас Оростой төстэй Ерөнхийлөгчөөс дагнан хамаарсан шийдвэр гаргах механизмаар мөддөө солигдохгүй болов уу.

    Таван толгойн нүүрсний ордын талаар санал солилцсоноо дурдахаас цааргалж байна, учир нь энэ асуудал шийдэгдээгүйгээр барахгүй олон улсын хэмжээнд нэлээд хүчтэй маргаан төрүүлж байгаа юм. Энэ ордын тухай ойлголтыг Оросын төмөр замын улсын компанийн даргын хэлсэн үг, хэвлүүлсэн номоос харж болно. Энэ хүн геополитик их ярьдаг, үгүйдээ л энэ талаар өөрийгөө том мэргэжилтэн гэж үздэг нь монгол хэлээр орчуулж хэвлүүлсэн лут бүтээлээс нь тод харагдана. Харамсалтай нь XXI зууны геополитикийг XIX зууны нүдээр харж,  XVI зууны зарчмаар тайлбарладаг. Зуу гаруй жилийн өмнө болсон Орос Японы дайны учгийг төмөр замаар тайлбарлаж өнөөдрийн ач холбогдлыг нь мөн зуу гаруй дахин томсгон онолдож байгаа нь дэлхийн хамгийн олон зөөгч пуужин, цөмийн цэнэгт хошуу, түүнээсээ ч олон кноптой орны буурьтай идэхитэй төлөөлөгч гэдэгтэй нь харьцуулахад хүн үнэмшимгүй. Магадгүй тэр харилцаж буй хүмүүсээ ихэд дорд басамжлан үздэг зальтан байх, эсвэл ерөөсөө л байж байгаа царай нь тэр юм болов уу? Монголчуудтай мөн ч бүдүүлэг харилцана даа. Гэнэт сайхан зан нь хөдлөн зурагтын нэвтрүүлэгч халимаг хүүхэн Буратоваг төмөр замаар илгээн вакцин амлуулж, жаал тариа тараалгасан. ОУВСан Монгол улсыг тусламж авдаг хандив өргүүлдэг ядуу буурай орны данснаас хэдийнээ хассан. Тавантолгой бол нийтдээ 10 тэрбум доллар шаардсан дэндүү том объект. Монголд болохоор “төмөр замыг чинь хариуцаж барина, оронд нь ордыг чинь эзэмшинэ” гэх мөртөө Хятад руу хандан “Монголын төмөр замыг эзэмших эрх авчихлаа, үүнийг барих мөнгө зээлнэ үү” гэсэн бичиг илгээсэн дээ.     

Миний бодоход хэн хэнээ ойлголцох, хэн хэндээ хүндэтгэлтэй хандах бололцоо мөнхийн хөрш болсон, нийтлэг эрх ашигтай Орос Монгол хоёрт хоюуланд нь дүүрэн бий. Хөрш орнууд аль алин нь биенээсээ хамаарч байдаг тул зориудын болон санамсаргүй үл ойлголцол нь аль алинд нь хохиролтой тусна.

    Оросын Монголд хандах бодлогыг тодорхойлдог, хар эхийг нь гаргадаг мэргэжлийн хүмүүс нь буруу ойлгох, албаар буруу мэдээлэх, сүр үзүүлэх, асуудлыг хурцатгах явдал олон жилийн түүхтэй. Үүнийг түүх гэрчлэнэ. Охтин, Люба, Васильев, Ренчино, Рыскулов, Голубчик, Ворошилов, Иванов, Проходов, элчин сайд Молотов, Радченко, Павлов гээд маш урт жагсаалт гаргаж болно. Угаас мэргэжлийн ур чадвар үгүй, эсвэл тэтгэвэрт гарах дөхсөн, эсвэл халагдсан уруудсан хүмүүст Монголын асуудлыг хариуцуулж байсан учраас ийм үр дүн гардаг байсан болов уу гэж боддог. Хийж буй ажлаа чухал болгож харуулах, өөрийнхөө үүрэг ролийг товойлгон үзүүлэхийн тулд албаар асуудлыг сүржигнүүлдэг уламжлал өдгөө ч Москвад амь бөхтэй байгаа харагдлаа. Орос Монголын хоёр талын харилцаанд санаа зовж энэ талаар ярьсан хүнийг юун түрүүн буруутгаж дайснаар зарлахыгаа урьтал болгоно уу гэхээс асуудлын учиг хаа байгааг хайж биеэ зовоодоггүй тогтсон уламжлалтай. Монголд сүүлийн 90 жилд зөвлөлт, оросын нэг сая орчим иргэн урт богино хугацаагаар оршин суусан гэсэн тооцоо байдаг нь өөр бусад ямар улс орны үзүүлэлттэй эгнэшгүй их юм. Гэтэл монгол зан заншил соёл түүхийг сонирхсон нь хэд билээ? Монголыг мэргэжлийн хувьд хариуцсан үе үеийн хариуцлагатан мэргэжилтний дунд монгол хэл сурсан нь хэд билээ? Хүчирхэг Орос орон дэлхийн бусад хүчирхэг улстай харилцахдаа аль л чадалтай мэргэшсэн мундаг хүмүүсээ хуваарилдаг нь ойлгомжтой. Монголд бол дандаа л гологдмолууд нь ноогдох юм. Оростой хамгийн урт хилтэй Монгол улс ач холбогдлын хувьд Англи Францаас тэгтлээ дутах ёсгүй санагддаг. Гэхдээ хоёр орны харилцааг хариуцаж байгаа монголчууд ч бас л таарсан таар шуудайнууд шүү дээ. Тэдний ихэнхид хэлэх үг ч байдаггүй юм, ерөнхийдөө цалингаа аваад л бололцоо олдвол хахууль шүүрчихээд л.

    Орос бол Монголын тусгаар тогтнолын бас нэг том баталгаа. Монгол улс тусгаар тогтнолоо олох, түүнээ дэлхийд баталгаажуулахад Оросын үүрэг нөлөө шийдвэрлэх рольтой байсан. Дундад зууны хоцрогдолтой үндэстнийг өөд нь татаж соёлжуулж, бөөснөөс нь салгаж, эрүүлжүүлж, боловсрол олгож, үйлдвэржүүлж хотжуулсан. Энэ ч үнэн, энэ мэтчилэн цувуулаад байвал дуусашгүй юм болно. Гэхдээ сөргүүлээд л чухам монголчуудын буян л салж сарнин дорой буурай болсон Оросыг нэгтгэж, үнэн алдарт шашиныг нь дэмжин өнөөгийн хүчирхэг москвитийн Оросын үндэс суурийг тавьсан гээд маргаад байж ч бас болно. Монголчууд байгаагүй бол өнөөгийн хүчирхэг Орос байхгүй байх байсан гэх мэтээр иш мухаргүй хариу нэхээд ч байж болно. Түүх эргэж буцдаггүй, болсон юм болсноороо л өнгөрдөг. Бид өнөөгөө төвхтөгнөж биенээ ойлгож хүндэтгэн хамтын эрх ашигаа дээдэлж ирээдүйгээ харсан хамтын бодлогоор урагшлан мөнх хөршлөн амьдрах нь манай ард түмнүүдийн эрхэм эрх ашиг гэлтэй.

2011 оны 9 дүгээр сар 18