Үгээгүйчүүдийн мөнгөнөөс...

Манай Улсын төсвийн алдаглдал яг одоо хэд байгаа гэж бодож байна? Ингэж асуухын учир нь ард түмэнд өгөх болохоор олдохоо байчихдаг, өөрсдөө цуслах болохоор ундраад байдаг мөнгөний асуудлыг сөхөх гэж байна. Албан ёсны алдагдал 330 гаруй тэрбум төгрөг. Үүний дээрээс  “Анод”, “Зоос” банкинд зориулан гаргана гэж байгаа 270 тэрбум төгрөгийн өрийн бичгийн өртөг нэмэгдэнэ. Ингээд 600 тэрбум төгрөг болж байна.

Засгийн газрыг өрийн бичгийг хэн аваад байна вэ? гэсэн асуултын хариу өнгөрсөн 7 хоногт бүрэн тодорхой болсон нь ганцхан Монгол банк юм байна. Төсвийн орлогыг тооцохдоо ганц экспортын бүтээгдэхүүн зэсийн баяжмалын үнийг их өндрөөр тонныг нь 7300 ам.доллараар зарахаар тооцжээ. Хэрэв үүнээс буувал алдагдал нэмэгдэнэ. Сүүлийн жил гаран хугацаанд зөвхөн Засгийн газрын өрийн бичгээр дамжин зах зээлд хагас тэрбум шахам төгрөг ороод байна. Өнгөрсөн оны нэгдүгээр улирлаас хоёрдугаар улирлын төгсгөл хүртэл Монгол банк зках зээлээс 800 тэрбумыг татаж байж инфляцийг тогтоосон бол одоо төдий хэмжээний мөнгийг эргүүлэн хийгээд байна. Инфляцийг хөөрөгдөгч нь одоо Засгийн газар болж хувирч байна. Гэхдээ Засгийн газар дотоод өрнөөс айхгүй байна. Учир нь томоохон хөрөнгө оруулалт орж ирж, зах зээлд доллар их хэмжээгээр нийлүүлж байгаа ба төгрөгийг яаж ч нэмсэн инфляциас айлтгүй гэж бодож байх шиг. Гэхдээ гайхаад байна. Уг нь Засгийн газар ингэж их төгрөг нийлүүлэлгүйгээр төгрөгийн ханшаа сайжруулбал ард иргэдийн амьдралд сайнаар тусах баймаар. Гэвч одоо тогтсон сэтгэлгээгээр инфляц нэг оронтой тооноос илүү нэмэгдэхгүй л бол гавъяа байгуулсан хэрэг болж л дээ.

УИХ-ын гишүүд 76 тэрбумыг авсан. Энэ мөнгийг харин “Монгол Улсыг хөгжүүлэх санг” тонож устгаад олсон бололтой юм. Тиймээс  тус сангаас олгож байсан Хүүхдийн мөнгө-хүүхэд бүр сар тутам авдаг 3000 төгрөг, улирал тутам авдаг 25000 төгрөгийг хассан байна. Үүний дээрээс шинээр төрсөн хүүхэд бүрт өгдөг 100 мянган төгрөгийг хассан. 2004 оны эхээр нэгэнт хүүхэд бүрт шинээр төрөхөд нь 100 төгрөг, сар, улирал бүр мөнгө өгч байгаа шалгаанаар нийгмийн даатгалын сангаас олгодог байсан хүүхдийн халамжийн мөнгөнүүдийг хассан ба сая хүүхдийн мөнгийг хассан хэрнээ үүнийгээ буцааж нэмсэнгүй.

Тэр шинээр гэрлэгсдийн хагас сая бол ч одоо яахав гэхсэнж. МАХн-ын энэ завхай санал хожим намуудын завхайрлыг билгэ тэмдэг байсан юм. Одоо харвал 2004 оны сонгуулийн үр дүн эрх баригчдад огт хамаагүй болсон байна. Тэр үеийн бүх амлалтаа хэрэгжүүлж байснаа бүрмөсөн устгачихлаа. Халамж хэтэрч байна, эзнээ олохгүй байна, их мөнгө зарж байна гэж шүүмжилдэг байсан л даа. Гэхдээ өөрсдөө тэрбум тэрбумыг авахын тулд, нийгмийн олонхид тэр тусмаа халамжаар голоо зогоодог ядууст огт хамаагүй банкуудыг аврах нэрээр нийгмийн үгээгүй хэсгийг ингэж хохироохыг УИХ-аас хэн ч шаардаагүй л юмсан.

Нэг л улайрсан, шийдсэн байдал УИХ-аас харагддаг болжээ. Нэг бол эрх баригч хоёр нам ямар ч хяналтгүй болсондоо эрдээд дураараа дургиж байна, эсбөгөөс хаашдаа өнгөрсөн гэж тооцоод нуран унаж буй тогтолцооныхоо хурааж хуримтлуулсан бүхнийг гэртээ зөөж эхэлсэн байна.

Халамжийн мөнгөнүүдийг хуу арилгаж “либералчилсныхаа” хариуд УИХ-ынхан олон нийтийн сэтгэл зүй өөрсдийн нь эсрэг эргэснийг мэджээ. Тэгээд Засгийн газрыг шахаж байж сар шинээс өмнө хүүхэд, хөгшид, тахир дутуучуудад тус бүр 70 мянган төгрөг бэлнээр олгохоор болгов. Үүнийг олгоход 98 тэрбум төгрөгийн шинэ эх үүсвэр хэрэгтэй. Монгол улсын хүн амын 50 гаруй хувь нь хүүхэд, хөгшид, хөгжлийн бэрхшээлтэнгүүд юм байна. Гэхдээ энэ хөгжлийн бэрхшээлтэнгүүд улсын хөгжилд саад болж байгаа юм биш дээр гараад зайдагнасан оюуны бэрхшээлтнүүд улсыг баллаж байгаа юм.

Яагаад 70 мянгаар тогтсон гэвэл С.Баярын үеийн бүртгэлийн төгөлдөршлийг хэрэгжүүлэхийн тулд бүртгүүлсэн Монгол улсын иргэн бүрт 50 мянган төгрөг өгөх ёстой.

98 тэрбумын эх үүсвэр бий юу? Бий. Оюу толгой төслийн ХОГ-г баталсны дараа Монгол Улсын Засгийн газарт өгөх 225 сая ам.долларын урьдчилгаа 100 сая ам.доллар орж ирснийг шинэ байгуулсан “Хүний хөгжлийн санд” байршуулсан. Энэ бол одоогийн ханшаар 150 шахам тэрбум төгрөг. Гэхдээ иргэн бүрт 120 мянган төгрөг өгөх болбол 330 тэрбум хэрэгтэй. Энэ эх үүсвэр хаана байгаа вэ? Гэрээ баталсны төлөө өгөх мөнгөний үлдэгдэл 125 сая ам.доллар орж ирнэ гэж тооцсон байна. Энэ бол манай мөнгө биш, бусдын мөнгө учраас эрхбиш өгч байх шиг.

Гэхдээ УИХ-ынхан ард түмний нэг хэсэг учраас өөрсдийгөө ч мартсангүй. Өнгөрсөн 7 хоногт өөрсдийн хангамжаа нэмлээ. Ойлгомжтой товчоор хэлэхэд одоо УИХ гишүүн бүр өмнөх байнгын хороон дарга нарын адил тусгай хангамж эдлэх болов. Энэ хэрээр алдагдал нэмэгдсээр. Гэтэл Засгийн газар нь УИХ-аа аргадахын тулд юу санасан есөн хүслийг нь биелүүлж байна. 200-2008 онд ганц Н.Энхбаяртай үзэлцдэг байсан бол одоо 76 Энхбаяртай үзэлцэх болох нь. Дээр бичсэн тоо бүрийг нэмээд байгаарай, энэ бол бидний ирэх жил дээдэст төлөх төлбөр юм шүү.

“Дээдэс нь хуучнаараа захирч чадахгүй, доодос нь хуучнаараа захирагдахыг хүсэхгүй болсон үед хувьсгал гардаг” гэж В.И.Ленин томъёолжээ. Үүнийг хувьсгалыг тохироо гэдэг. Урьд өмнө нь дээдэс нь хуучнаараа захиарч чадахаа больсон ч доодос нь ямар нэг сайхан юм тэднээс хүлээсээр байсан юм. Чухам тэр сайхан юм нь иргэн бүрт олгох 1,5 сая төгрөг байсан, харин одоо бүтэхээ байлаа. Төсвийн алдагдал, эдийн засгийн байдал, банкны салбарын дампуурал энэ бүхэн хавсраад 1,5 саяыг нь юу ч биш болгож байгаа ба энэ жил ард түмэн олгох ёстой 4,125 их наядаас ердөө л 330 тэрбумыг хасч амжлаа. Үлдсэн хоёр жилд олгох зардалтайгаа тус бүр ойролцоогоор 2 тэрбум төгрөг өгч байж амласандаа хүрнэ. Гэтэл энэ жил л гэхэд далд алдагдлыг нь тооцвол төсөв 1 тэрбум шахамын алдагдалтай гарч байна. УИХ-ын гишүүн Р.Амаржаргал далд алдагдлыг 450-500 тэрбум гэж хэлсэн, үүнээс илүү ч бий.

Банк дампууруулж тоглодог улстөрчид

“Зоос” банкыг дампууруулсны хариуд 100 тэрбумыг Засгийн газраас гаргах, үүний тулд энэ хэмжээний бонд гаргах УИХ-ын шийдвэрт Ерөнхийлөгч хориг тавьсангүй. Төсөвт тавьсан хориг нь бүтэлгүйтсэнээс Ерөнхийлөгч болгоомжлов уу, эсвэл зөвлөхүүдийнхээ чадварт эргэлзэв үү?

“Зоос” банкыг дампууруулсан алдарт “Олон овоотын” лицензийн хэрэг гайхаш төрүүлэв. Уг нь Засгийн газар өр тавьж Зоосыг тэтгэх ямар ч шаардлагагүй юмсанж. Анх “Зоос”-ыг дампууруулахдаа Монгол банкны Ерөнхийлөгч Д.Пүрэвдорж “Цаана нь баталгаатай барьцаа нь байгаа учраас айлтгүй” гэж байсан. “Зоос” хүндэрмэгц манай томчууд тус банкнаас хадгаламжуудаа татаж эхэлжээ. Үүнээс өмнө энэ банкыг дампууруулахыг хүсэхгүй байсан учтаас байдал ноцтой болтол амь тариа хийсээр байсан юм. Үүний нэг нь төсвөөс тус банкинд 8 тэрбум төгрөг байршуулаад удаалгүй татсан байна. Урьд өмнө “Анод” банкинд яг ийм явц ажиглагдсаныг санаж байгаа хүн олон байх. Монголын банкууд бол улс-эдийн засгийн аль нэг бүлэглэлийн санхүүгийн махинац хийдэг, мөнгө угаадаг газар болсон юм. Хууль бус их хэмжээний мөнгийг байршуулдаг, түүнийг нь шалгах болоход  “Цэрэг хүн нууцаа дайсандаа хэлдэггүй” юм гэдэг шиг “Харилцагчийнхаа нууцыг алддаг банк гэж байдаггүй” гэж гүрийдэг. Их мөнгө байршуулсан этгээдүүд дараа нь хадгаламжаа өөрсдийн компаниудад зээл болгон гадагшлуулдаг. Зээл алт, барилгын салбарууд руу өндөр хүүтэй гарчээ. Тэдэнд хадгаламжийн хүү нь чухал учраас хадгаламжийн хүүг зохиомлоор өндөр байлгахыг сонирхдог. Энэ хадгаламжийн өндөр хүүгээ авахын тулд зээлийн хүүг өндөр байлгадаг. Ингэснээр Монголд бүх юм үнэтэй байдаг. Энэ хөөрөгдсөн үнийн ашиг нь цөөн баячуудад очдог.

Жишээ нь нэг сая ам.доллартай болмогцоо банктай гэрээ хийгээд урт хугацаагаар сарын 2 хувийн хүүтэй байршуулдаг. Энэ нь мань хүн сар бүр 20 мянган ам.долларын хүү аваад амьдраад байна гэсэн үг. Монголд сардаа 20 мянган доллар буюу 35 сая төгрөгийг үрж амьдрах бас ч асуудал юм шүү. Гэхдээ шуналд хязгаар байхгүй. Өнгөрсөн оны эхээр Засгийн газраас арилжааны банкуудын хадгаламжийг төр хамгаалах тухай хууль гаргахад гишүүн О.Чулуунбат “Жилийн хүү нь 10 хувиас бага хадгаламжийг төр даая, илүү хүүтэйг нь орхиё” гэсэн санал гаргахад бүгд чимээгүй эсэргүүцсээр бүгдийг даатгах болсны цаад учир энэ. Хэрэв ингэсэн бол урт хугацаатай их мөнгө хадгалуулсан этгээдийн амьжиргаа балрах байсан. Дараа нь “хадгаламжийн даатгалын тухай” хууль гаргая гэсэн ч бас тоогоогүй. Хэрэв ийм хууль гарвал Монголын том хадгаламж эзэмшигчид даатгалын гэрээгээр илэрч бүх луйвар нь илчлэгдэж балрах байсан юм. Монголын 2,6 их наяд төгрөгийн хадгаламжийн 97 хувь нь нийт хадгаламж эзэмшигчдийн 3 илүү хувьд оногддог гээд бодоод үз дээ. Үлдсэн 3 хувь нь 10 хүртэл сая төгрөгийн хадгаламжтай,  97 хувийг бүрдүүлдэг хадгаламж эзэмшигчдэд оногддог.

“Зоос”-ын дампуурал алтны салбарыг сүйрүүллээ. “Зоос”-ын барьцаанд байгаа “Олон овоотын” алтны лицензыг зараад л бүх зүйл “ОК” болно гэсэн Пүрэвдоржийн үг томчуулд хадгаламжаа татах боломж өгчээ. Сонгол банкны Ерөнхийлөгчийн үг Монголд хамгийн үнэн байх учиртай, Ерөнхийлөгчийнхөөс ч, Ерөнхий сайдынхаас ч илүү үнэмшилтэй байх ёстой. Гэвч итгэлцэл дээр тогтдог энэ салбарыг ийм улаан худалч толгойлж, мөнгөний махинаци хийж байгаа нь бүх банкны нэр хүнд, бидний тэдэнд итгэх итгэлийг  алж байна. Ингэж ядарсан үед 130 сая ам.доллараар /одоогийн ханшаар 195 тэрбум/ авах саналыг Өмнөд Солонгос, Хонгконгийн компаниудаас авч байгаа энэ лиценз энгийн үед  бүр үнэтэй. Гэвч эрх баригчид алтыг нь аваад авдрыг нь төрийн мөнгөөр засах гэж байна. Тэд төсвөөс 100 тэрбумыг хийснээрээ 195 тэрбумын ашгаа сулаад авчихаж байна. Мөн айдаггүй луйварчид шүү.

Хэрэв “Олон овоотыг” зарчихсан бол тэдэнд юу ч олдохгүй байв. Энэ 100 тэрбум төсвийн алдагдал болохгүй, банк нь босоод буцаагаад талчихнө гэж Сангийн сайд бас худлаа ярьж байна. Тэр үүнийгээ батлахын тулд бас “Голден сакс”-т лиценз байгаа учраас бид өрийн бичиг гаргахаас аргагүй гэж хэлсэн. Үг нь ч баталгаа нь ч шал худал. “Олон овоот” сүүлийн үед гэнэтхэн томорч Оросуудын мэдэлд очсон “Хадгаламж” банкийг удирддаг, “Монгол шуудан” банкыг худалдаад авчихсан, бас “Зоос” банкыг авахыг санаархаж байсан “Жаст”-ын мэдэлд оччихсон байжээ. Яаж ч бодсон гол барьцааны хөрөнгөө алдсан “Төрийн банк” 100 байтугай тэрбумыг хийлээ ч сүйрнэ. Тэгээд алдагдал л болно. Тэгэхээр энэ 100 тэрбум бол мөсөн уулын орой, усан дотор бол асар их төлбөр явж байна.

“Зоос”-ыг унагахдаа хамгийн муу хэсгийг буюу хамгаалалтгүй иргэдийн хадгаламжийг төр өөртөө авсан нэр зүүсэн ба харин том хадгаламж эзэмшигчдийн мөнгө байршсан найдвартай хэсгийг хааш нь хийснээ огт дурсахгүй байна. Ийм нөхцөлд Сангийн сайд ба Монгол банкны ерөнхийлөгч нар аль эрт тонилох ёстой юм. Гэвч тэд улам баяжсаар, олоо далан худалч болж дууслаа. УИХ-ын зарим нь юугаа ч мэдэхгүй савчиж, цөөхөн нь луйврын хаалга нээж, харин Сангийн яам, Монгол банк араар нь олон зуун тэрбумын луйвар хийж байна. Энэ хоёр аль эрт огцрох байсан өмнөх түүхийг залхууралгүй сөхье. Уг нь “Банк дампуурулж тоглосон улстөрчид 1, 2” цувралаар өнгөрсөн жил энэ тухай бичиж байсан. Тэгэхэд тоогоогүй, одоо бас тоохгүй байх. Үүнийг эдийн засгийн айхтар мэдлэг шаардахгүй шүү дээ, маш хялбарчилж байна. Ядаж сохор нохой дүйвээнээр гэгчийн үлгэрээр орсон УИХ-ын олонх гишүүн үүнийг анзаарахад яана?

Анод ба барилгын сүйрэл.

“Анод” банк хотын бүлэглэлийн их хэмжээний мөнгө байршуулаад “Дүнжингарав” зэрэг барилгынханд хамаг хадгаламжаа зээлээд баларсан билээ. Банкууд сүйрсэн гол шалтгаан нь өндөр хүүтэй хадгаламж аваад хариуд нь бага хүүтэй зээл олгох улстөрийн дарамтанд орсноос болсныг одоо болтол хэн ч хэлж зүрхлэхгүй, том онол яриад байгаа нь гаймаар. “Анод”-ын дампуурал барилгын салбарыг нэгмөсөн сүйтгэсэн. Учир нь энэ салбарыг хотынхон олигопольчилж байсан. Үүнээс гарахын тулд төрийн албан хаагчдыг орон сууцаар хангах “4000 айлын орон сууц” хөтөлбөр санаачилсан нь бүрмөсөн сүйрч дууссан. Учир нь 200 шахам тэрбумаар чанаргүй барилгаа зарах ёстой байсан “Эко”, “Алтай” мэтийн компаниудын барилгын гүйцэтгэл муу 100 хувьтай бэлэн зарчих барилга байгаагүй, статистикаар 700 гаруйхан байр бэлэн байжээ, дээрээс нь 1 ам.тетр талбайг 650 мянгаар худалдахыг хүсээгүй. Төслийг шууд банкуудаар дамжуулж гүйцэтгүүлэхийг нэг хэсэг нь хичээсэн авч барилгын салбарт ноёрхогч улстөрийн бүлэглэл заавал Орон сууцны санхүүжилтийн корпораци” гэгч хотын бүлэглэлийн дунд гарууд байршсан улсын компаниар дамжуулахыг хүссэн юм. Ингэснээр гүйцэтгэл дутуу барилга шахах гэж оролдсон юм.  

Засгийн газар үүнд зориулж 200 тэрбумын өрийн бичиг гаргасан. Тэр мөнгө хаачив? Төрийн албан хаагчид сууцтай болох нь гэж баярлаад, цаад булхайг нь бичихээр боож үхчих гээд байсан, ялангуяа төрийнхөн өөрийн өчүүхэн эрх ашгийн төлөө улсад учрах томоохон хохирлыг юманд тоодоггүй арчаагүй зантангууд, одоо тэгээд яав, гэр ч үгүй байгаа биз дээ, та нар.

Эцсийн арга болгож НХХЯ-аар дамжуулж дайнд оролцсон ахмад дайчдад ядаж бэлэн байгаа 700 гаруй байрнаасаа орон сууц олгох болов. Урьд нь мөнгөөр туйлж байхдаа, төрийнхөн үзэн яддаг Г.Баасан “авгай” ахмадуудад байр олгох байтугай тэтгэвэр нэмэхийг шаардахад урдаас нь нулимдаг байсан. Гэтэл одоо хямралтай хүнд байгаа хэрнээ 600 шахам ахмадад байр өгч байна. Ийм их мөнгөтэй болсон уу гэвэл үгүй, ердөө л НХХЯ-ны багцад төсвөөс олон тэрбумыг суулгаад тэр төрийн мөнгөөр дээдэс барьсан барилгаа шахчихаж байгаа юм. Үүнийг УИХ-ынхан мэдсэн үү?

Одоо НХХЯ-наас байр авахдаа нэг ам.метр талбайг хэдээр тооцож авч байгаа вэ? гэж асуух үлдлээ. Лав нь УИХ-ын гишүүн Чойжилсүрэн 260 шахам барилга шахсан байна. Өөрийн компанийн мэдлийн бэлэн болсон 110 орон сууц өгсөн байна билээ хөөрхий, харин дүүгийнх нь нэр дээрх компанийн барилгууд ашиглалтанд орох яагаа ч үгүй. Тийм ч учраас НХХЯ жагсаалт гаргаад ахмадуудыг хүлээн авахдаа тэдэнд байр биш батламж, хадаг, түлхүүр гурав л өгсөн юм. Энэ бол бас л нэгэн төлбөр. Үүний дээрээс өнгөрсөн жил “Анод”-д хийгээд алга болгосон 150 тэрбумыг нэмэх хэрэгтэй.           

Төрийн зуд дээр тэнгэрийн зуд

Өөрсдөө идэж уух болохоороо хэдэнзуун тэрбумыг яаж ийгээд зохицуулчихдаг улстөрчид одоо малчдын төлөө энэ арга залиа гаргахгүй бол үндсэндээ улс орон сүйрлээ. Их сүйрлийн өмнөх нам гүм цагаан сараас хэтрэхгүй.

Улсын газар нутгийн хагас нь зудтай байна. Жишээ нь Ховдын Булганаас ирсэн хүний ярих нь Алтайн өврийн гурван сум 1,2 метр цасанд дарагджээ. Цас их орсноос машин явах нь байтугай явган хүн гэрээрээ гарахаа байжээ. Их цасанд дарагдасан байшингуудын шувуун дээвэр хугарч унаж байна. Энэ их цаг хавар өнгөртөл хайлахгүй, бэлчээр үзэхгүй нь тодорхой учраас малчид бүх малаа өдөржин нядалж байгаа ажээ. Махыг нь хаяад арьс шир нь ядаж хэдэн төгрөг болох болов уу гэж бодоцгоожээ. Намар зуд болохыг мэдсэн малчид малаа үй олноор нь нядалж Хятадуудад заржээ. Гэвч кило махыг 5-7 юаниар л авчээ. Хотынхон ч Хятадуудаас ялгарах юмгүй, кило махыг 800 төгрөгөөс дээш авахгүй байна. Лав хавар болоход лүндэнд бичсэнчлэн “Баруун хязгаарт малын мөргүй, зүүн хязгаарт хүний мөргүй болно” гэгч болох нь байна. Зүүн хязгаарыг Дачин төмөр тороор хашаад хүний мөргүй болгочихоод байгаа биз дээ.

Дундговьт  ямааны гулууз 5000 төгрөг байна. УИХ-ын шийдвэрээр цагаан сараас өмнө хөгшид, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 70 мянган төгрөг өгнө гэсэн. Энэ мөнгө Эрээний бараа болно. Үүний дараа орон даяар өлсгөлөн гуйланчлал нэрвэх нь байна. Дайны хажуугаар дажин гэгчээр УИХ-ынхан тусгай хангамжаа нэмж байх зуур малчид сүйрчихлээ. Банкныхан 1,5 саяын амлалтанд хууртаж малаа барьцаалсан малчдын малыг хуу хамсан байна. Хэрэв малчдад үлдээвэл тэд зуднаар алдаад дуусах байв. Амлалтанд хууртаж хамаг малаа банкинд барьцаалсан малчид малдаа хүнийрхүү сэтгэлээр хандсанаас хадлан тэжээл бэлтгэж авч амжаагүй байна. Зуд болох нь гэж малчид малаа нядалж, зарах зах зээл нээж өгөөч гэж гуйж байхад төрийнхөн энд банк дампууруулж, олох мөнгөө тооцож сууснаас хуруугаа ч хөдөлгөөгүй. Зуд болох нь хадлан тэжээлээ нэмж бэтгээрэй гэсэн ядаж албан даалгавар Засгийн газраас гараагүй юм.

Тэгээд ийм төр засаг сонгосон та нарын хохь гэлтэй биш. Улсын фондын өвч тэжээлийг хямдруулж зарлаа ч авах хүнгүй. Одоо малчид үхчихгүй бол ганцхан  зүйлд найдаж байна гэж ярьж байна. Зудын дараа иргэн бүрт өгөх 1,5 саяа өгөхгүй бол бүгд сүйрлээ... Төр засаг нь хаях яахав, ингэж тэнгэр нь хаяхаар энэ ард түмэн яах болж байна?

Товч дүгнэлт.

Маш энгийн, олон тайлбаргүй товч дүгнэлтийг хийе гэж бодлоо. Өмнө нь зөндөө ихийг бичсэндээ тулгуурлаад 2010 оны төсвийн хуваарилалтыг үзье. Үүнээс ард түмэнд юу оногдов, дээдэсд юу оногдов гэдгийг харж болох учраас. Ард түмэнд юу оногдов? Нийтээр хуваарилсныг шууд дүгнэхэд хүн бүрт 120 мянган төгрөг оногджээ. Энэ бол 2 сая 750 мянган хүн тус бүрт оногдож буй хувь. Нийтдээ 330 тэрбум юм биз дээ.

Одоо дээдэс юу хүртэв гэдгийг тооцъё. УИХ-ын гишүүдийн 76 тэрбум + “Зоос” банкнаас хожсон 195 тэрбум + Анодын 170 тэрбум + Ахмадуудад өгөх орон сууцнаас /500 гаруй ахмад тус бүрт 35 саяын байр гэж тооцвол/ 20 шахам тэрбум + 4000 сууцнаас 200 тэрбум + УИХ-ын гишүүдийн тусгай хангамж гэх мэтэр энд дурсанаар бол лав л  хагас их наядаас илүүг ил цохижээ. Ил идсэн нь иргэдэд оногдож байгаагаас хоёр дахин их байна. Далд хэчнээнийг идээ юм бол? Энэ бол хяналтгүй төрийн балаг. Энэ бол МАХН ба АН-ын хуйвалдааны үр дүн. Хариуцлагыг нь хамтдаа үүрэх ял мөн.

Монголын дээдэс лав хуучнаараа захирч чадахаа больчихож, харин доодос нь өөр юу хүлээсэн юм бол?