Оршил

Аль ч эрдэм номд нас залуу, тархи сийрэг дээрээ шамдан суралцахгүй бол оройтно гээч явдал үнэхээр байдаг. Харин буддизмд суралцахын хувьд гэвэл насны хамаарал гэж үгүй. 50 нас, 60 наснаасаа эхэлсэн ч ер оройтсон болохгүй. Эсрэгээрээ бараг залуу үеэс илүү суралцахад тохиромжтой байж мэднэ. Дунд ахимаг насны хүмүүс амьдралын зовлонгашууг голдоо ортол мэдэрсэн байдаг нь, тэднийг залуу хүмүүсээс илүүтэй хичээнгүйлэн шамдаж, сэтгэлээсээ суралцах шалтгаан болдог.

Ингээд энэ удаад буддизмд суралцах хүсэлтэй хүмүүсийн зайлшгүй унших ёстой сурах бичиг болох “Дармапада (буюу Номын шүлэг)” судрыг толилуулж байна.

Будда бол одоогоос 2,500 жилийн өмнөх Энэтхэг тивийн зүүн хойно байрлах Шагжа омгийн ханхүү болон мэндэлж, бясалгалын хүчээр төгс гэгээрлийг нээж, буддизмын үндэслэгч болсон хүн юм. Будда гэдэг үг нь “гэгээрсэн хүн”, “сэрсэн хүн” гэх утгатай бөгөөд, үнэндээ түүний жинхэнэ нэрийг Гаутама Сиддарта гэдэг. Өөрөөр бас түүнийг Шагжа омгийн ариун хүн гэсэн утгаар Шагжамүни ч гэх нь бий. Энэхүү тоймлолд түүнийг хамгийн түгээмэл нэр болох Будда гэдгээр тэмдэглэж, мөн Буддагийн бүтээсэн анхдагч буддизмыг Шагжамүнийн буддизм хэмээн тэмдэглэхээр тогтъё.

Энэхүү буддизмыг үндэслэгч Буддагийн үгийг богино шүлэг хэлбэрт оруулан 423 шад болгон эмхэтгэсэн нь Дармапада судар билээ. Монгол хэлнээ “Номын шүлэг”, “Бурхан багшийн сургаал”, “Буддын ухаарлын зам” гэх зэргээр олонтаа орчуулагдсан бөгөөд, тоогүй олон буддын судрууд дотроо гойд эртний төрөлд ангилагддаг.

Дармапада нь буддизмыг сэтгэлийн тулах цэгээ болгон амьдрахыг зорих хүмүүс ямар хандлагаар аливааг харж, тунгааж, гэгээрэл тийш зүглэвэл зохиолтой вэ гэх үндсэн зүг чигийг заасан сургаал үгсийн судар юм. Сахилтай сахилгүй ялгалгүй, бүхий л хүмүүст зориулсан тайлбар үгс тул ойлгоход ч хялбар, буддын шашинтны ертөнц дэхь хамгийн өргөн дэлгэрсэн судар гэгддэг. Өнөө цагт буддын шашинтны ертөнцөөр ч хязгаарлагдахаа байж, бусад шашинтай орнуудад ч өргөнөөр уншигдах болжээ.

Цаашид дэлгэрүүлэн тайлбарлах боловч,“Шагжамүнийн буддизм” гэдэг бол бурхныг оройдоо залаад мөргөөд байвал аврагдчихдаг маягийн, хэн нэгнээс аврал эрдэг, даатган залбирдаг хэлбэрийн шашин биш. Өөрийнхөө замыг гагцхүү өөрөө л олно гэх чанд хатуу сургаал юм.

Гэвч эсрэгээрээ харин ч тийм чанд хатуу буддизм болохоороо илүүтэй өнөөгийн хүмүүсийн сонирхлыг татдаг байх талтай. Америкт гэхэд л энэхүү “Шагжамүнийн буддизм”-д тулгуурлан, ердийн амьдралынхаа хажуугаар бясалгал үйлдэж, биеэ дааж амьдрахыг зорих “Night Stand Buddist” гэгдэх сүсэгтнүүд огцом ихсэж байгаа гэнэ. Бурханд найдаж, хэн нэгнээс аврал хайдаг бусад аврагч шашнуудтай харьцуулахад буддын сургаал нь илүүтэйгээр өнөө цагийн рационаллаг (ухаалаг) хүмүүсийн сэтгэлгээнд нийцдэг бололтой юм. Мөн Будда “Эр ч эм ч ялгаагүй ижилхэн гэгээрэх боломжтой” хэмээн айлдаж, түүний сургаал нь хөгжингүй эрх тэгш үзэл санаа болж чадсан зэрэг нь ч бас олныг татах шалтгаан болсон биз ээ.

Өнөөгийн Монголчуудад ёс суртхууны хувьд ч оюун санааны хувьд ч ган зуд нүүрлэж, хүний суурь шаардлага болох итгэх сүслэх хэрэгцээг нь лам хуврагууд бизнесийн нүдээр харж, боловсролын систем маань өөрөө энэ бүхний суурь шалтгаан гэдгээ анзаарах ч сөхөө алга. Чухам ийм цаг үеийн дэвсгэр бий учир өнөөгийн Монголчууд Шагжамүнийн буддизмын мөн чанарыг эргэцүүлэн тунгааж, түүний “Номын шүлэг”-ийг уншиж ойлгохнь туйлаас утга учиртай гэж санагдана. Энэхүү хураангуйгаар дамжуулан нэг ч атугай хүн буддын шашны талаарх эндүү ойлголтоо анзаарч, нэг ч атугай хүн өөрөө өөртөө эзэн болохыг хичээж, нэг ч атугай хүнд тус болохыг сэтгэлийн угаас хүсч найдна.


1.       Амьдрах гэдэг бол зовох явдал

Буддагийн айлдсан анхдагч сургаал

Буддизм бол Христ болон Ислам зэрэг бусад шашинтай харьцуулахад дэндүү олон урсгал салаатай шашин юм. Монголд байгаа шарын шашин гэхэд л Төвөдөд байсан буддын олон урсгалын ердөө нэг нь бөгөөд, дэлхийг бүхэлд нь харвал тэр байтугай тоолж баршгүй ялгаатай бүлгэмүүд хувь хувьдаа шашны үйл ажиллагаа явуулж байна. Буддизм гэдэг шашин үнэндээ “Буддизм” гэх ганц үгэнд багцалж нэрлэхэд хүндрэлтэй болтлоо эрс тэс ялгаатай олон үзэл санааны бөөгнөрөл болжээ.

Гэвч тэрхүү олон өнгө төрхийг өөртөө агуулах буддизм ч гэлээ, түүний эх үндсийг хөөгөөд явбал ердөө цор ганц хүний төрүүлэн гаргасан цор ганц сургаал байсан юм. Тэр сургаал нь 500 жил, 1,000 жилийн хугацаа улирахад олон янзаар тайлбарлагдаж, тэр болгон нь өөр өөр урсгал болон хэлбэржсээр өнөөгийн буддизмын ертөнцийг бий болгожээ. Тэгвэл тэрхүү хамгийн эхний хүн, буддын шашныг үндэслэн байгуулагч хүн бол Будда юм. Тиймээс буддын шашны үндсийг ойлгохыг хүсвэл гарцаагүй Будда руу буцаж очихоос аргагүй. Чухам Буддагийн сургаал л буддизмын суурь тавцан нь гэхэд болно. Энэ удаад тэрхүү Буддагийн сургаал дундаа хамгийн чухалд тооцогдон дэлхий дахинаа хайрлагдан уншигдаж буй Дармапада хэмээх судрыг танилцуулж байна.
Буддын шашинд судар гээч юм байдгийг та бүхэн мэдэх биз. Тэдгээр нь Будда шавь нартаа хандаж айлдсан сургаалын багцлал байдаг. Тиймээс тонгоруулж хэлэх юм бол, сударт бичигдсэн зүйлс бол бүгд “Буддагийн сургаал” гэсэн үг болох боловч, үнэндээ бол бас ч яг тийм биш. Ихэнх судрууд нь Буддаг насан эцэслэсний хойдох урт удаан түүхийн явцад өөр хүмүүсийн гараар бүтээгдсэн зүйлс байдаг. Өнөөдөр бидэнд өвлөгдөн үлдсэн судрууд бол бараг бүгдээрээ Буддагийн хэлсэн үгс биш юм.

Ингээд сонсоход харамсалтай ч гэлээ, тэгтлээ бас ч учиргүй урам хугарах шаардлагагүй. Өнөө цагт үлдэж хоцроод буй судруудыг нарийвчлан судалж шинжилбэл, аль нь хуучин болоод аль нь шинэ болохыг цаг хугацааны шугам дээр эгнүүлэн тавих боломжтой. Тэгээд түүн дотроос хамгийн эртнийх нь мэдээж хэрэг Буддад хамгийн ойр судар байх нь тодорхой. Тэр нь хэдий Будда өөрийн амаар айлдсан үгс биш байлаа ч, түүний сургаалыг хамгийн тодоор илэрхийлж буй талаасаа гарцаа байхгүй буддизмын үндэс суурь нь байх учиртай. Дармапада бол тэдгээр хамгийн эртний судруудын нэг нь билээ.

Дармападыг оролцуулаад, Буддагийн цаг үед ойрхон эртний үеийн судруудыг багцлаад “Никаяа” гэж нэрлэдэг. Никаяа нь бүгд Пали хэл буюу эртний Энэтхэг хэлээр бичигдсэн бөгөөд, өнөөдөр ч Тайланд болон Шриланка зэрэг өмнийн буддын шашинт орнуудад хамгийн эрхэм судар гэгдэн тахигдаж буй. Дашрамд хэлэхэд Монголын буддизм бол Никаяагаас бүр хожуу бий болсон Их хөлгөний олон судруудаар сууриа хийдэг тул Никаяаг чухалчилдаггүй, тиймдээ ч Монголд Никаяагийн сургаалтай танилцах боломж төдийлөн байсангүй. Монгол хэлнээ Никаяагийн судрууд анхлан танигдаж орчуулагдсан нь ердөө саяхнаас эхтэй билээ.

Никаяад харьяалагдах олон тооны судрууд нь бүгдээр өнөө цагт үлдсэн бүх судрууд дотроо нэн эртнийхэд тооцогдох тул, ширхэг бүр нь онцгой чухал бөгөөд, түүн дотроо “Сутта Нипада” гэх судар хамгийн эртнийх болох нь судалгаагаар тогтоогдсон байдаг. Никаяа дотроо ч хамгийн эртнийх юм чинь мэдээж хэрэг дэлхийн хамгийн эртний судар гэсэн үг болно. Тэр утгаар нь буддизмын үндэс хэмээн Сутта Нипадаг танилцуулж болох ч, Сутта Нипадатай харьцуулахад нэг үеэр шинэ Дармапада нь илүүтэй агуулга ойлгомжтой дэлгэрэнгүй, дээр нь олон хүмүүст үлэмж нөлөөлж ирсэн гэдэг талаасаа өнөө цагийн хүмүүст ч тохиромжтой болов уу гэж санагдах тул, энэ удаад Дармападаг сонгон танилцуулж байна.

“Дармапада”-гийн дарма нь Пали хэлэнд ном, үнэн гэсэн утгатай, “пада” нь үг, айлдвар гэсэн утгатай тул нийлүүлбэл “Номын үг”, “Үнэний айлдвар” гэж бууна. Агуулга нь буддизмыг баримтлан амьдрах хүний суурь сэтгэлийн хандлагыг илэрхийлсэн бөгөөд, 423 шадыг 26 бүлэгт хуваан эмхэтгэжээ.

Өнөө цагийн хувьд Дармападын эзлэх байр суурийг зүйрлүүлж хэлбэл, Христийн шашин дахь “Шинэ гэрээ”-тэй дүйцүүлж болох бөгөөд, Тайланд зэрэг өмнийн буддист улсуудаар төвтэй ихэнх буддист орнуудад хамгийн өргөн дэлгэр уншигдаж байна. Өнөөг хүртэл бүх дэлхийгээр 100 илүү тооны орчуулгын хувилбарууд хэвлэгдэж, буддизмыг дэлхий дахинаа таниулах хамгийн алдартай судар болжээ.

Ингээд Дармапада судрын цөөн хэдэн мөрийг хамтдаа харцгаая.

Ариун маанийг хичнээн уншин залбиравч
Амьдралдаа эс мөрдөх аваас тэр сэрэмжгүй хүн
Айлын үхрийг өөрийн мэт тоолох үхэрчин лүгээ
Архатын их хишгийг хүртэж эс чадму (19).

Бусдын алдаа эндлийг бүү цэгнэ
Бусдын үйлдсэн эс үйлдсэнийг бүү тоо
Харин зөвхөн өөрөө л өөрийнхөө
Хийсэн хийгээгүй хоёроо тольдож байтугай (50).

Буянтай сайныг яаран зорь
Бузар муугаас сэтгэлээ цагд
Буянт сайныг үйлдэхийг алгуурлаваас
Бузар далайд сэтгэл алдран баясму (116).

Хорсол хилэнг эс хорсох, эс хилэгнэхээр
Хорон муу санааг сайн сайхан санаагаар
Харамч хахирыг өглөгч өгөөмөр зангаар
Худал хуурмагийг үнэн зөвөөр ялж байтугтай (223).


Иймэрхүү бадаг мөрүүд 400 гаруйгаар үргэлжилнэ.

Орчин цагийн хэлэнд буулгавал “судар” гэхээргүй санагдаж болох ч, Пали хэлний эх хувилбар нь цэвэрхэн айзмаар хоршиж, чангаар уншихад нийцтэй уянгалаг бичвэр болсон байдаг.

Дармападын талаар цаашид дэлгэрүүлэн өгүүлэх боловч, түүний өмнө Буддагийн үндэслэн бий болгосон тэр үеийн уугуул буддизм болон өнөөгийн Монголчуудын “буддын шашин” гэж нэрлэх тэр шашин хоёрын хооронд асар том ялгаа бий болохыг энд зориуд онцлон тэмдэглэвэл зохино. Буддын олон төрөл урсгалын түүх нэлээдгүй ярвигтай боловч, ерөнхий дүр зургийг нь хураангуйлан өгүүлье.

Будда нь одоогоос 2,500 гаруй жилийн өмнө Энэтхэгийн зүүн хойно, өнөөгийн Непал улсын нутагт төрж, түүний хойно насан эцэслэтлээ хойд Энэтхэгийн зурвасхан хэсэгт сургаалаа түгээн амьдарчээ. Буддаг нас эцэслэсний хойно түүний сургаал юун түрүүн өрнө зүгт дамжиж, далайн эрэгт тулмагц тэндээсээ эрэг даган урагшилж Шриланкад нэвтэрч, цаашлаад эрэг даган хойшилж зүүн өмнөд азийн Тайланд, Мянмар газруудад сууришжээ. Эдгээр нь өнөөгийн “Бага хөлгөний” гэгдэх буддизм бөгөөд, Буддагийн сургаалыг хамгийн ойрхон тусган үлдээсэн урсгал юм. Никаяаг ариун судар хэмээн эрхэмлэн чухалчлагчид бол чухам тэдгээр хүмүүс билээ. Гэхдээ “Бага хөлгөний буддизм” гэдэг бол, тэдэнтэй дайсагнагч Их хөлгөний буддистуудаас тэдэнд баалж өгсөн нэр учир албан ёсны нэр нь биш юм. Өнөө үед тус газрын хүмүүс өөрсдийн урсгалаа “Дээд хөлгөний буддизм” гэж дууддаг.

Нөгөөтэйгүүр Будда жанч халсны (өөд болсны) дараах буддын шашин өмнө зүг төдийгүй эх газар даган умар тийш ч түгэн дэлгэрсэн боловч, тэр цагт Торгоны зам хараахан нээгдээгүй байсан үе тул, Хятад хүртэл нэвтэрч чадалгүй, удаан хугацаанд хил орчмын газарт тулан зогсоод байлаа. Тэгж байх зуур нийтийн тоолол эхлэх үеэр Энэтхэгийн буддын ертөнцөд ноцтой өөрчлөлт өрнөж, агуулгын хувьд хавьгүй хувирсан хоёр дахь том давалгаа болох “Их хөлгөний буддизм” төрөн гарна. Тэр нь төдийг хүртэл хил орчимд тулж зогсоод байсан оргиналь буддизмтай цуг мөр зэрэгцэн, дөнгөж нээгдсэн Торгоны зам даган Хятад руу нэвтрэн оров. Нэг ёсондоо Хятад руу 2 өөр буддын шашин нэгэн зэрэг хөл тавьсан хэрэг байлаа.

Ялгаатай 2 төрлийн сургаал “Буддизм” гэх нэг нэрэн дор зэрэг орж ирсэн тул, Хятад хүмүүс уймран төөрөлдсөн боловч, учир битүүлэг ид шидийн шинж болон хэнд ч нээлттэй хүлцэнгүй байдлаас нь болоод Их хөлгөний буддизм хятадын ард түмэнд дотночлогдон идээшчээ. Монголын буддизм ч бас Төвөдөд очсон Их хөлгөний буддизмаас импортлогдож ирсэн урсгал тул, Монгол нь Их хөлгөний ганц өнгөнд будагдсан орон болсон юм.

Энэ мэт түүхэн хэлхээсийн үр дүнд Монголын буддизм нь анхдагч хэлбэрийн Буддагийн сургаалаас хамаагүй өөр төрхтэй болжээ. Гэсэн ч бас Шриланка болон Тайландын өнөөгийн Дээд хөлгөний буддизм анхдагч буддизмыг тэр чигээр нь авч үлдсэн үү гэвэл, шууд тэгж хэлэхэд хэцүү. Буддагаас хойшхи 2,500 жил гэх урт удаан хугацааны туршид сургаал номлол нь ч, бодитоор явагдах шашны үйл ажиллагаа нь ч төрөл бүрээр хувирчээ. Тиймээс уг хураангуйд тэдгээр хувирсан буддизмуудаас ангилахын тулд, Буддагийн айлдсан анхдагч сургаалыг “Шагжамүнийн буддизм” хэмээн ялгаж нэрлэх болно.

Ханхүү хэргэмээ орхиод

Үргэлжлүүлээд Будда гэж ямар хүн байсан болон, хэрхэн яаж буддизмыг үндэслэгч болсон тухай өгүүлье.

Будда нь НТӨ 6-р зууны үед Гимлайн нурууны өмнө талын Капилавастү улсын хааны хүү болон мэндэлжээ. Төрөхөд нь хайрласан нэрийг нь Гаутама Сиддарта гэдэг. Будда гэдэг нь, Сиддартаг даяанч болон гэгээрэлд хүрч, хамгийн дээд номлогч болон олноо хүндлэгдэх болсны дараа хүртсэн цол нь юм. Будда гэдэг бол “гэгээрсэн хүн”, “сэрсэн хүн” гэсэн утгатай. Тэрхүү Сиддарта нь түүхэн бодит хүн байсан болох нь бараг маргаангүй үнэн гэгддэг. Үндэслэл нь гэвэл, НТӨ 3-р зуунд Энэтхэгийг нэгтгэсэн Маурын эзэнт гүрний Ашока хаан Буддагийн үйл хэргийг мөнхөлж, түүний төрсөн нутаг зэрэг нарийн мэдээллийг дурсгал бичээс болгон үлдээсэн явдал юм.

Сиддарта нь аз жаргалтай, өчүүхэн ч гачигдалгүй хүүхэд насыг элээж, тэр чигтээ явбал хаан суурийг залгамжлах учиртай байлаа. Тэгтэл нэгэн удаа “Амьдралд сэтгэл ханахад хэргэм зэрэг, нэр төр, эд хөрөнгө нэмэр болохгүй юм байна” хэмээн анзаарч, амьд явах нь тэвчихүйеэ бэрх зовлон болон хувирна. Тэгээд тэр зовлонгоос ангижрахын тулд гэр орон хэргэм зэргээ хаяж, хэдийнэ эхнэр хүүхэдтэй болсон байтал түүнээ ч орхиод, 29 насандаа даяанчлахаар явж одно.

Тэр үеийн явдлыг бага зэрэг тодруулан сийрүүлье. Домогт гардгаар бол, Сиддартаг төрөх үед нэгэн зөнч мэргэн ирээд “Энэ хүү ирээдүйн дэлхийн хамгийн хүчирхэг хаан болох биз ээ. Эсвэл нэг бол гэрээ орхиж даяанч болоод хамгийн дээд гэгээрэлд хүрч мэдэх юм.” хэмээн зөгнөжээ. Үүнийг сонссон аав нь туйлаас гайхаж, даяанч болгоод алдчихгүй гэсэндээ хорвоогийн хамаг л зугаа цэнгэлд бялхтал Сиддартаг умбуулав. Сиддарта өдөр бүр зөвхөн сайхан зүйлс, зөвхөн үзэсгэлэнтэй зүйлс дунд амьдралаа өнгөрүүлсэн гэдэг.

Тэгтэл том болсон хойноо нэгэн өдөр морин тэргээр холын аянд гарсан Сиддарта зам даган алхах ноорхой өвгөнийг олж хараад ихэд цочирдож гэнэ. Тийм өрөвдөлтэй сулбайсан хүн хэзээ ч үзэж байгаагүй болохоор тэр. Мөн өөр нэг өдөр өвчинд тарчлан шаналах хүнтэй таарч, цаашлаад бас нэг өдөр оршуулгын цуваан дахь үхсэн хүний цогцостой учирч, улам улам цочирдон балмагдах нь тэр. Өтлөлт, өвчин, үхлийг мэдсэн нь тэр байв. Сиддарта дагалдагчаасаа “Энэ юу гээч вэ?” хэмээн асуувал “Энэ бол хэн бүхэнд ижил тэгш тохиодог зүйлс. Мэдээж хэрэг танд ч бас тохиох болно” гэж хариулав. Үүнийг сонссон Сиддартагийн сэтгэл давгүйтэхийн дээдээр тавгүйтэж, юунд ч сатаарахаа байж гэнэ.

Тэртэй тэргүй энэ бие өтлөн гундаж, өвчинд тарчлан салбайж, эцэстээ үхээд дуусна. Үүнийг мэдсээр байж энэ насны цэнгэлд автаж, тансаглалд умбан шунал хүслээ хөөн эрэлхийлэх нь чухам юуны утга байх билээ. Сиддартагийн хувьд амьдрал гэдэг хоосон зөрчил зовлонгоор дүүрсэн утга учиргүй зүйл болон хувирав.

Ингээд хааны ордныг хаян гарсан Сиддарта ойд шургаж, чанга хатуу даяанчлал үйлдэж эхлэх нь тэр. Домогт өгүүлснээр бол хоолоо хорьж, амьсгалаа барих зэргээр аль байдгаараа биеэ тамлан 6 жилийг элээж, үр дүнд нь бие цогцос нь яс арьс болон эцэж сульдажээ. Гэсэн ч хичнээн биеэ өвтгөн зовоогоод сэтгэлийн амар амгаланд хүрч эс чадав. Тэр зуур Сиддарта даяанчлалын мөн чанар биеэ тамлан зовооход бус, эцсээ хүртэл оюун санаагаа төвлөрүүлэхэд оршино хэмээх үнэнийг анзаарна. Алив юмсын мөн чанар гадаад биед бус дотоод оюун санаанд байдаг болохыг мэдсэн нь тэр байв.



 
Ингээд тэрээр даяанчлалаа зогсоож, биеэ тэнхрүүлээд Неранжала гэх голд биеэ угаасны дараа, том бодь модны дор суун бясалгалд орно. Тэгээд тэндээ нөмрөн ирэх элдэв нисванистай (шунал, заль, залхуурал, айдас гэх мэт) тулалдсаны эцэст, тийнхүү гэгээрлийг олов. Түүний хойно дахин хэдэн 10 өдрийн турш бясалгалаа үргэлжлүүлж, өөрийн гэгээрлээ цэгнэн шалгаж, амьдралын зовлонгоос ангижрах аргыг бүрэн эзэмшив. Тэгээд чухам тэр мөчөөс Гаутама Сиддарта нь Будда буюу “гэгээрсэн хүн” болжээ.

Өөрийн олж авсан “амар амгалангийн арга зам”-д бүрэн итгэсэн Будда тэрхүү замаа бусад зовж шаналах хүмүүст заан сургая хэмээн сэтгэж, өөрийн сургаалаа түгээхээр замд гарна. Ингээд хамгийн эхэнд Каши улсын Сарнат гэх газар хүрч, “Номын хүрд эргүүлэхүй” хэмээх анхны сургаалаа номлож, 5 хүнийг өөртөө шавь оруулна. Энэ нь буддын шашин (буюу буддизм) бий болох хамгийн эхний алхам болов.

Түүний хойно Будда Sangha (хуврагийн чуулган) гэгдэх зохион байгуулагдсан бүлгэм үүсгэж, олон шавь нартайгаа хамтран амьдрангаа, Магада улсын Ражагрих хэмээх газраар төвлөрөн 40 гаруй жилийн турш сургаалаа түгээсний эцэст, амар амгалан нирваан дүрийг барьсан гэдэг. Буддагийн амьдралын намтрыг товчхон өгүүлэхэд ийм болой.

Энэ хорвоо бүхэлдээ зовлон

Буддаг бодит амьдралаас татгалзахад хүргэсэн зүйл, түүнийг даяанчлалын замд туун гаргасан шалтгаан, тэр бол “зовлон” гэгч байлаа. Тэгвэл тэрхүү зовлон гэж чухам ямар зүйл болох тухай нарийвчлан харъя.

Энд хэлэх зовлон гэдэг бол баяжиж чадахгүй байна ч юм уу, хэн нэгэнд хайртай болсон гэх мэт хүний харилцаан дахь цаг зуурын элдэв асуудлын тухай бус, жишээ нь өөрийгөө юуны төлөө амьдарч буйгаа ойлгохоо болих гэх мэт амьдралын үндэс суурьтай холбоотой зовлонг хэлж буй юм. Хаашаа ч чиглээд алхсан өөрийг минь тосон хүлээж буй нь өтлөлт өвчин тэгээд үхэл, түүнээс өөр юу ч үгүй атал тэрхүү авралгүй мухар үзүүр тийш чиглэн амьдрахаас өөр замгүй. Тийм тэвчихүйеэ зовиуртай нөхцөл байдал. Амьдралыг тийм өнцгөөс тольдон харвал, өөрт тохиолдох элдэв зүйлс, өөрийн ойр тойронд өрнөх бүхий л юмс тэр чигээрээ зовлонгоос өөр юу ч биш болно.

Өтлөлт, өвчин, үхлийг таньж мэдсэн идэр залуу Будда түүнээс хойш юу ч харж юу ч хийсэн сэтгэл нь сэргэхээ байж, амьсгаа давчдам зовлон шананалаар дүүрч орхив. Тэрээр “Энэ хорвоо бол мөн чанартаа зовлон юм” (үүнийг “Хуран үүдсэн бүхэн зовлон” буюу Dukkha гэнэ) хэмээх үнэнийг бие сэтгэлээрээ мэдэрсэн нь тэр байв.

Ерөөс өтлөлт, өвчин, үхэл гэх үзэгдэл нь, хүн гэх биеийг олж төрсөн л бол яаж ч тойрох аргагүй, шийдэл үгүй дайрлага юм. Энэ бол зөвхөн Будда гэлгүй ер ямар ч хүний хувьд, тодорхой насыг давахад хүссэн хүсээгүй нөмрөн авдаг зовиуртай бодит мэдрэмж бөгөөд, түүнийг нэгэнт мэдэрч орхивол түүнээс цаашхи амьдрал гэдэг хором тоолон дуусахаа хүлээх мэт “үхэл рүү чиглэн өнхрөх туузан дамнуурга” болон хувирах туйлаас харгис зовлон ч бас мөн юм. “Амьдрах гэдэг зовохын нэр” болохыг нэгэнт мэдсэн хүн ахиж хэзээ ч нүдний өмнөх материаллаг баяр баяслаар зовлонгоо аргадаж чадахаа болино.

Амьд явах гэдэг бол зовлонг нуруундаа үүрээд өдөр хоногийг элээхийн нэр юм. Түүнийг анзааралгүйгээр өдөр хоногийг баясан цэнгэн амьдрах хүн байвал тэр нь тэндээ огтоос буруугүй боловч, харин нэгэнт биеэр мэдэрч орхисон хүмүүс хэрхэвч түүнээс мултарч чадахгүй. Тэгэхээр Dukkha гэдгийг зоогдсон л бол шимж сорон улам лавширдаг намаг адилаар ойлгон цээжилж авна уу.

Хорвоо хэдий тийм харгис зовлонт орон зай байлаа гээд, хэрэвзээ хаа нэгтээ сайхан сэтгэлт бурхан гэж байгаад, бид бүхэнд авралын гараа сунгадаг байсан бол юутай талархалтай байхсан. Гэвч Будда энэ ертөнцийг сайтар ажиглан шинжсэний эцэст “Тийм аврагч гэж хаана ч байхгүй” хэмээн бат итгэжээ. Энэ ертөнц бол шалтгаан ба үр дагаварын кармад (буюу үйлийн үр) захирагдан яг механик цаг мэт ажилладаг төдийд, түүн дотор ямар ч учир битүүлэг ер бусын хүч бүхий аврагч гэж байхгүй болохыг таньж мэджээ. Тиймээс бидний зовлон бол зүгээр л “өтлөлт, өвчин, үхлээс мултарч чадахгүйн зовлон” төдий бус, “өтлөлт, өвчин, үхлээс мултарч чадахгүйн дээр, бас хэн ч бидэнд туслахгүйн зовлон” юм.

Цаашлаад үүн дээр бас нэгэн зовлон нэмж нэрвэнэ. Буддагийн цаг үеийн Энэтхэг оронд, энэ ертөнцөд сансрын хүрд хэмээх үзэгдэл байдагт нийтээр итгэдэг байж. Тэр нь юу гэвэл, энэ ертөнц нь “тэнгэр төрөл”, “хүн төрөл”, “адгуус төрөл”, “бирд төрөл”, “там төрөл” гэсэн 5 ертөнцөөс тогтдог (үүн дээр асур төрлийг оруулах нь ч бий) бөгөөд, амьдран буй бүхэн өөрийн хийсэн үйлээсээ шалтгаалан энэ 5 төрлийн аль нэгийг нь олон төрж, үүрд эргэлдэн амьдардаг гэх санаа юм. Монголд “дахин төрөх” гэхийг зүгээр л хамаатан садан дотроо ч юм уу дахиж төрөн эргэж ирдэг гэх байдлаар ойлгох нь байдаг ч, уул утга нь бол там диваажин гэх мэтийг бодитоор оршин байдагт итгэдэг ертөнцийн талаарх онцгой төсөөллийг хэлдэг. Энэхүү сансрын хүрдний үзэл санаа бол Будда бодож олсон зүйл бус, эртний Энэтхэг нийгэмд түүнээс өмнө байсан уламжлалт ухагдахуун бөгөөд, Будда ч бас тэр санааг залгамжлан авчээ.

Өөрийгөө өөрчлөх нь цорын ганц авралын зам


Тэгэхээр, энэ амьдрал маань ч хангалттай зовлонтой атал, тэр зовлон маань энэ насаар эцэс болохгүй. Хичнээн төрж, хичнээн үхсэн ч зовлон үргэлжилж, хэрхэвч дуусах нь үгүй. Нэг ёсондоо “Өтлөлт, өвчин, үхлээс мултарч чадахгүйн дээр, мөн хэн ч бидэнд туслахгүй гэх энэ зовлон маань сансрын хүрд дотор үүрд мөнх үргэлжилнэ” гэсэн үг болно. Эндээс залуу Буддагийн сэтгэлд үүрлэсэн зовлон хичнээн гүнзгий болох нь төсөөлөгдөх болов уу.

Чухам энэ л Буддаг орон гэрээ орхиж даяанчлал тийш түлхэн хөдөлгөсөн зовлонгийн бодит төрх байв. Тэгэхээр Буддагийн зорьсон зүйл бол, тэрхүү үнэмлэхүй зовлон дунд амьдрах бид бүхэн тэгээд ч сэтгэлийн амар амгаланг хадгалж, амар тайван амьдралаар амьдрахын тулд яавал зохилтой вэ, гэсэн тэр ганц цэг дээр төвлөрч байсан юм.

Үүн дээр Будда ийн тунгаав. Бид бүхэн зовлонгоор дүүрсэн энэ хорвоод хэнээр ч туслуулах явдалгүй, хэдий болтол ч үргэлжлэн зовохоос өөр аргагүй. Түүний шалтгаан нь бид бүхний сэтгэлд буй. Бидний сэтгэлээс гарах зүсэн зүйлийн муу бодол, муу үйлээс үүсэх инерги л сансрын хүрдийг эргүүлнэ. Тиймээс сансрын хүрдийг зогсоож, үүрдийн үл хувирах абсолют амар амгалан төлөвт хүрэхийн тулд, өөрийн доторх муу сэтгэл (түүнийг нисванис гэнэ)-үүдийг бүрэн арилган таслахгүй бол болохгүй. Өөрийн хичээл зүтгэлээр сэтгэл дэхь нисванисыг таслан зогсоох, чухам энэ л “Хуран үүдсэн бүхэн зовлон” хэмээх амьдрал дундаас жинхэнэ аз жаргалд хүрэх цорын ганц зам юм.

Дармапада дотор Буддагийн энэхүү санааг базан илэрхийлсэн мөрүүд бий.

Өчнөөн эргэн төрөхдөө Самсарад (сансрын хүрдэнд)
Өдгөө хүртэл энэ гэр баригчийг
Үр дүнгүй эрэн хайлаа би
Үнэнхүү эргэн буцан төрөх нь зовлон болой (153).

Самсарагаас чамайг би олж харлаа
Салмарч хугарсан учир  нуруу болоод яс мод чинь.
Энэ гэрийг ахин барихгүй ээ, чи
Эс нөхцөлдөн баригдахуйд сэтгэл минь заларч
Эвдэж хүсэл шуналаа нэгмөр устгаж чадлаа би (154).


“Энэ гэрийг ахин барихгүй ээ, чи”. Энэ мөр бол, гэгээрэлд хүрсэн хүн ахин нисванисын уршгаар нүгэл үйлдэхгүй, гэсэн утгыг илэрхийлж буй юм.

Сэтгэлийн дасгал сургуулилтын ачаар Dukkha хэмээх намаг балчигаас мултран гарч болно гэх Буддагийн сургаалийг илэрхийлэх бас нэгэн мөрийг энд толилуулъя.

Хуран үүдсэн бүхэн зовлон болохыг
Хурц ухаанаар сайтар эгээрэх аваас
Элдэв зовлонгоос хагацах болно оо хүмүүс
Энэ л ариусахын зам мөр мөн болой (278).


Өнөө цагийн нийгэмд сансрын хүрд гэх ухагдахууныг тэр чигээр нь итгэн хүлээж авах нь төдийлөн рационаллаг бус байж мэдэх юм. Бичигч миний бие ч газар доор там байдаг ч юм уу, тэнгэрийн цаана бурхны орон байдаг маягийн зүйлсэд итгэдэггүй. Харин энэ ертөнцийн зовлонгоос ангижрахын тулд, өөрийн сэтгэлийн байр байдал, аливааг харах өнцгөө өөрчлөхгүй бол болохгүй гэх Буддагийн өчлийг маргашгүй үнэн гэж бодно. Хүн өтөлж өвдөж үхэх гэдэг бол энэ орчлонгийн жам ёс, байгалийн хууль дүрэм. Түүнийг өөрчлөх ч боломжгүй устгах ч боломжгүй юм бол, цорын ганц бидний мэдлийн хувьсагч болох өөрсдийн байр байдлаа өөрчлөхөөс өөр аргагүй. Чухам үүнд л Буддагийн сургаалийн үндсэн санаа нь оршино.

Бодь модны дор тасралтгүй бясалгал үйлдсээр бүрэн тайвширсан сэтгэл оюун дотроо Будда тэрхүү аргыг олж нээжээ.

Зовлонгийн механизм

Үлэмж төвлөрсөн сэтгэл оюуны үр дүнд Буддагийн гэгээрч мэдсэн тэрхүү орчлонгийн үнэнийг “Дөрвөн үнэний сургаал” гэдэг. Хүний зовлон үүдэн гарах тэр процессийг шинжилж, түүнд хэрхэн арга хэмжээ авбал зохилтойг номлох “Буддизмын үндсэн чиг хандлага” нь тэр болно. Өмнө өгүүлснээр Сарнат гэх газар айлдсан “Номын хүрд эргүүлэхүй” сургаалдаа шавь нартаа хандаж номлосон нь энэхүү “Дөрвөн үнэний сургаал” байсан юм.

Тэрхүү сургаалыг дэлгэрүүлэн тайлбарлая.

Буддагийн айлдсанаар бол, энэ хорвоогийн үнэн бол “Зовох нь үнэн”, “Зовлонд шалтгаан буй нь үнэн”, “Зовлонг гэтэлгэх нь үнэн”, “Зовлонгоос гэтэлгэх 8 мөрийн үнэн” хэмээх 4 хэсгээс бүрдэнэ. “Зовох нь үнэн” гэдэг нь, энэ “Хуран үүдсэн бүхэн зовлон” хэмээх Dukkha-гийн үнэнг хэлж буй. “Зовлонд шалтгаан буй нь үнэн” гэдэг нь, тэрхүү зовлонг үүсгэх шалтгаан нь нисванис буюу муу сэтгэлүүд болохыг мэдэх явдал, “Зовлонг гэтэлгэх нь үнэн” гэдэг нь, тэрхүү муу бодлуудыг арилгаснаар зовлонгоос ангижрах нь мадаггүй гэх үнэн, тэгээд “Зовлонгоос гэтэлгэх 8 мөрийн үнэн” гэдэг нь, нисванисыг арилгах 8 тодорхой зам мөрийг биеэр хэрэгжүүлэх явдлыг өгүүлж буй юм.

Ийнхүү зовлонгийн шалтгааныг гаднаас нөлөөлөх ямар нэгэн физик үзэгдэл бус, өөрийн сэтгэлийн байр байдал руу хандуулан тайлбарлах нь буддизмын чухам онцлог билээ. Жишээ нь, өвчтэй хүн өөрийн шаналалын шалтгааныг өвчин гэж үзэх юм бол, түүнийг шийдэх арга зам нь өвчнөө анагаах болон өвчнөөс хянан сэргийлэх явдал болно. Тэгж хэрвээ чадах л юм бол асуудал бүрэн шийдэгдлээ гэсэн үг.

Гэвч, бид бүхэн амьд амьтан мөнөөс хойш өвчинг үгүй болгох боломжгүй. Өвчнөө эмчилж амьдрах хоногоо уртасгаж болох ч, өвчин гээч юмыг өөрийг нь төгс үгүй болгоно гэж хэзээ ч үгүй. Түүний оронд, зовлонгийн шалтгаан нь өвчинд байгаа бус, үүрд эрүүл энх чигээрээ байхыг мөрөөсөх сэтгэлийн тачаалд буй хэмээн сэтгэвэл, түүнийг шийдэх арга нь сэтгэлээ өөрчлөх арга тийш чиглэх учиртай. Хүн гэдэг, жишгээс гадуур ширхэг тохиолдолгүйгээр бүгд өтөлж, бас өвддөг. Тэрхүү бодит үнэнийг зөвөөр хүлээн зөвшөөрч чадахуйцаар өөрийн сэтгэлээ засч өөрчлөх. Тэр л зовлонг арилгах цорын ганц зам болох юм.

Сая өгүүлсэн “Зовлонгоос гэтэлгэх 8 мөрийн үнэн” гэдгийг дэлгэрүүлэн тайлбарлая. Эдгээр нь “Зөв үзэл”, “Зөв ухаан”, “Зөв үг”, “Зөв үйл”, “Зөв амьдрал”, “Зөв зүтгэл”, “Зөв дурдал”, “Зөв бясалгал” юм. Үгэнд хөрвүүлбэл гайхаад байх юмгүй, ердөө л зөв сайхан амьдар гэж өгүүлж буй төдий мэт боловч, тэрхүү “Зөв” хэмээх тэмдэг нэрэнд гол учир оршино. Түүн дотор өөрийн сэтгэл дэхь эндүү ташаа ойлголтуудаа гээж, хорвоогийн бодит төрхийг объектив хөндлөнгийн нүдээр рационаллаг ажиглах ёстой гэсэн санаа агуулагдаж буй. Мөн тийм хандлагыг өдөр бүрийн үйл хөдлөлдөө баримталж явбал нисванисыг арилгах боломжтой хэмээн сургажээ.

Дармападад 4 үнэн 8 мөрийн тухай дараах байдлаар өгүүлсэн бий.

Будда Дарма Сангаас л
Буян авралыг хайж очсон хүмүүс
Зовлон, зовлонгийн шалтгаан
Зовлонгоос ангижрахуйд хөтлөгч
Аръяагийн 4 үнэн 8 мөрийн
Арга ухаанд нэвтрэн гэгээрмү (190, 191).


Энд өгүүлэх Будда Дарма Санга гэдэг нь Будда, Дарма буюу Буддагийн сургаал, Санга (Sangha) буюу хуврагийн чуулган гэсэн буддизмын 3 чухал элементийг хэлж буй бөгөөд, нийлүүлээд “3 эрдэнэ” ч гэдэг.
Мөн ийм шад мөр бас бий.

Бүх зам мөрөөс хутагтын 8 мөр оройн дээд
Бүх үнэнээс хутагтын 4 үнэн оройн дээд
Бүх юмсаас хүсэл тачаалгүй байдал оройн дээд
Бүх хүмүүнээс Бүхнийг харагч Будда оройн дээд (273).


Буддизм бол эмнэлэг юм

“Зовлонгийн үнэн, шалтгааны үнэн, зовлонгоос ангижрах үнэн, мөрийн үнэн” хэмээх 4 үнэнийг эргэцүүлэн харах дор үргэлж санаанд буух нь “Буддизм гээч шашин бол чухамдаа эмнэлэг мэт оршихуй юм даа” гэх бодол билээ. Тийм ээ, буддизм бол сэтгэлийн эмнэлэг юм.

“Зовлон үнэн” гэдэг нь, өнөөдрийг хүртэл “Амьдрал ямар сайхан бэ!” хэмээн алхаж явсан хүн гэв гэнэт өвчин осолд өртөн, амьд явахын зовлон шаналалыг биеэр мэдрэх явдал юм. Үүнийг зүйрлүүлж хэлбэл, ердийн эрүүл саруул явсан хүн гэнэт гэдэс нь базалж тэвчихүйеэ бэрх болон шаналахтай ижил. Ингээд өвдөлтөө тэсч дийлэхээ болиод ирвэл эмнэлэг бараадна.

Эмнэлэг тэр хүний “шалтгааны үнэн”-г тодруулах болно. Өөрөөр хэлбэл, гэдэс өвдсөнийх нь шалтгаан юу болохыг шинжилж онош тавина гэсэн үг.

“Зовлонгоос ангижрах үнэн” гэдэг нь, үзлэг дууссаны дараа шинжилгээний үр дүнд тааруулан эмчилгээний жор боловсруулах үе шаттай дүйнэ. Мэс засал хийх ёстой юу, эм уух ёстой юу, аль зохистой аргыг судалж тогтооно.

Ингээд “мөрийн үнэн” гэдэг нь бодитоор эмчлэх процессийг хэлж буй.

Буддизмыг сэтгэлийн эмнэлэг гэж тунгаавал түүний оршин буй утга учир ч бас тодорхой болж харагдана. Нэгэнт эмнэлэг тул, түүний үндсэн ажил нь өвчтэй хүмүүсийг илааршуулах явдал болно. Эсрэгээрээ өвчингүй эрүүл хүнд ямар ч шаардлагагүй гэсэн үг. Тиймээс эмнэлэг хэрэг болгож гудамжинд гараад мөрөөрөө яваа эрүүл хүнийг чирч авчраад хэвтүүлээд байдаггүйн адилаар, буддизм ч бас зовж шаналаагүй хүнийг учир зүггүй сүсэгтэн болгохоор хүчлээд байдаггүй. Эмнэлэгийн зорилго бол өвчтөнүүдийнхээ тоог ихэсгэж өөрийн хүч нөлөөг тэлэхэд бус, өвдөж шаналсандаа аргаа баран ирсэн хүмүүсийг хүний ёсоор хүлээн авч, өвчнийг нь анагаах явдалд оршдог. Үнэндээ буддизм хэрэг болгож шашны суртал ухуулга хийдэггүй нь ч бас дээрх шалтгаантай холбоотой билээ.

Христ гэх мэтийн шашинд бол “Есүсийн сургаалыг бүх хүн төрөлхитөнд түгээн дэлгэрүүлье” гэх нь анхнаасаа сүсэгтнүүдийн даалгавар байдаг бөгөөд, тэр нь бурхантай хийсэн гэрээгээ мөрдөж буй явдал ч болдог тул, сүсэгтнүүд ирээдүйн бурхны эзэнт гүрэнд очихын төлөө аль байдгаараа шашны ухуулга явуулдаг. Энэ талаараа буддизмаас чанх эсрэг гэхэд болно.

Буддизмын хувьд бол шашны ухуулга хийлээ гээд өөрөө аврагдана гэсэн ном байхгүй. Буддын шашны лам хуврагууд огт шашны ухуулга хийдэггүй биш боловч, ухуулга хийх шалтгаан нь хавьгүй бодит хэрэгцээнээс үүдэлтэй байдаг. Түүний нэгдүгээрх нь, хэрвээ зовж ядарсан хүн байвал түүнд хүрч туслахыг эрмэлзэх энэрэнгүй сэтгэл. Хэлбээс “эмч хүний чин сэтгэл” тэнд буй. Хоёрдугаарх нь, шавь элсүүлж сүм хийдээ үргэлжлүүлэн залгуулах явдал. Даяанчлалын талбар болох Sangha (хуврагийн чуулган)-аа авч явахын тулд тогтмол хэмжээгээр байнга хүн нөхөж сэлбэж байх шаардлагатай. Гурав дахь нь гэвэл, бусдын итгэл хүндлэлийг хүлээж, түүнийхээ хариуд өргөл барьц хүртэх явдал. Буддын хуврагууд аж ахуйн ажлаас эгнэгт хөндийрөн бясалгалдаа бүхнээ зориулахгүй бол болохгүй тул, жирийн хүмүүсийн өргөл барьцгүйгээр амьдарч чадахгүй. Тиймээс ном сургаал айлдаж хүмүүсээс төрөл бүрийн өргөл барьц хүртдэг. Гэхдээ сургаал ухуулга хийх үүрэг хүлээсэн явдал огт үгүй тул, эртний лут лам хуврагууд дунд огт сургаал ухуулга хийлгүй, зөвхөн бясалгалдаа амьдралаа зориулсан хүмүүс ч олон бий.

Шашны ухуулгын талаарх будда болон христын шашны дээрх ялгаа нь, Будда болон Есүсийн анхлан гарч ирэх үеийн ялгаанаас улбаатай гэж санагдана. Есүс бол анхнаасаа л “Аврагч эзэн” гэж өөрийгөө зарлан гарч ирсэн бол, Будда анхандаа ердөө өөрийн зовлонг гэтэлгэхийн төлөө л даяанчилж эхэлсэн гэдэг ба, бусдад тусалъя гэсэн санаа түүнд байсангүй. Бодь модны доор гэгээрэлд хүрсэн тэр үедээ ч өөрийн гэгээрэлдээ баясаж, туйлаас сэтгэл хангалуун байсан гэдэг. Тэгтэл домогт гардгаар тэр үед Брахма тэнгэр хүрч ирэн “Та өөрийн хүрч очсон гэгээрлийн зам мөрөө номлож айлдвал магад олон хүн аврагдах биз. Түмэн олонд сургаалаа айлдаач” хэмээн ятгаснаар Будда сургаалын замд орсон гэдэг.

Будын шашныг төсөөлөн зүйрлэх дор, нэгэн цааш алхан сургах багш ламын дүр сэтгэлд буудаг. Өөдөөс харан ард олныг ятган сэнхрүүлж уриалан цуглуулах гэж бус, хичээнгүйлэн сүсэглэн бясалгах өөрийн ар нуруугаа бусдад харуулна. Түүнийг нь харж битүүхэн шохоорхон “Би ч бас энэ замд орохсон” гэж бодсон хүмүүс үр дүнд нь араас нь даган цувна. Үүнийг л Буддын шашны бодит төрх хэмээн төсөөлөн бодох билээ.

Өөрөө өөртөө аврал бол

Буддагийн үндэслэн бий болгосон буддизм, өөрөөр хэлбэл Шагжамүнийн буддизмын хамгийн том онцлог бол гадаад хүчинд үл найдаж, зөвхөн өөрийн хүчээр л урагшлах тухай сургаал юм.

Энэ сургаал нь төдийг хүртлэх шашны нийтлэг суурь ойлголтоос чанх эсрэг санаа байв. Буддизм бий болохын өмнөх Энэтхэг нийгэмд Барамон шашин ноёрхож байсан боловч, түүний сургаалд энэ ертөнцийн дээд оршихуй Брахма дээр ертөнц оршин тогтнодог бөгөөд, Атман (буюу БИ)-аа аз жаргалтай байлгахыг хүсвэл Брахматай нэгдэхийг зорих хэрэгтэй гэсэн санаа байжээ.

Харин Будда тэр санааг хүлээж авалгүй, “Найдах зүйл чинь зөвхөн чи өөрөө” гэсэн итгэл үнэмшлээр өөрийнхөө зовлонг шийдэхийг зорьсон байна. Тэгэхээр бага зэрэг хүч оруулж хэлэх юм бол, Будда нь Барамоны шашныг бүхэлд нь үгүйсгэж гарч ирсэн учиртай. Тэр утгаар нь харвал туйлын радикал (эрс тэс, этгээд) үзэл санааны туг баригч байжээ гэж хэлж бас болох юм.

Дармапада дотор үүнийг дараах байдлаар хэлсэн бий.

Өөрийгөө л хүн өөрөө хамгаална
Өөр хэн хамгаалж чадах билээ
Олигтойхон өөрийгөө захирч чадваас
Олдошгүй хамгаалагчтай болсонд тооцож болно (160)


Хаанаас ч аврал эрж хайлгүй, ганц өөрийн хүчээр зовлонг гэтэлгэнэ гэх нь тийм ч амар явдал биш. Дээр нь зовлон бий болох механизмыг зүгээр л “Ойлгочихлоо!” гэх төдийд огтоос хангалтгүй. Тэр механизмыг ойлгосны үндсэн дээр түүнээ “биеэр хэрэгжүүлж”, “өөрийгөө өөрчлөх” хүртэл нь гүйцээхгүй бол болохгүй. Түүний төлөө өдөр бүр бясалгал үйлдэж, гэгээрэлд хүрэхийн төлөө бүх насаа зориулах нь даяанчлал юм. Магад түүнд нэг насны амьдрал ч хүрэлцэхгүй байж мэднэ.

Тиймээс Шагжамүнийн буддизмын зорилгыг “Хэзээ ч хүрч үл чадах зорилго руу чиглээд, ганц алхам ч болтугай ойртохын төлөө тасралтгүй мэрийн хичээх явдал” гэж хэлж ч болох юм. Төдий дайны хүнд хэцүү зорилго болохоор аж ахуйн элдэв ажлын хажуугаар бясалгаад явчъя гэх төдийхнөөр мэрийгээд юунд ч хүрэхгүй тул, үнэн сэтгэлээсээ гэгээрлийг зорьж байгаа л бол жирийн амьдралаас эгнэгт хөндийрч даяанчлахаас өөр замгүй болж таарна (“Тэгвэл өнөө цагийн бид яах болж байна?” гэх асуудлын тухайд жич өгүүлэх болно).

Христийн шашинд сүсэгтэн боллоо гээд “даяанчлал”-д гарах явдал төдийлөн байдаггүй. Бурханд итгэх чин сэтгэлээ өдөр тутмын амьдрал ахуй дундаа илэрхийлж чадаж л байхад хангалттай болохоор тэр. Энэ талаараа ч бас хоёр шашин хоорондоо ялгарна.

2,500 жилийн тэртээх балар цагийн ертөнцөд амьдралын зовлонгоос ангижрахын төлөө цуцалтгүй өөрийгөө зүлгэн шамдахыг сургасан Буддагийн үгнээс хоёрыг танилцуулаад, энэ хэсгээ өндөрлөе.

Хүмүүн бие шавар ваар мэт хэврэгийг ухаарч
Хүчирхэг хамгаалалттай их хот мэт сэтгэлээ цагдан
Ухааны илдээр Маратай тулалдан ялтугай
Улмаар ялалтаа хамгаалан сэтгэлийн уяа татлаагүй орштугай (40)


Ихийг сурч бясалгаж даяанчилснаар ч
Элдэв ёсыг сахиж ажиглаж бодсоноор ч
Хар бор амьдрал хөөгчдийн хараахан эс эдлэх
Хамгаас татгалзахуйн өршөөлийг би хүртээгүй ээ (271, 272)



Үргэлжлэл бий...