Нэг талд нь хамгийн сайхан сэтгэлтэй мянган хүнийг, нөгөө талд нь хамгийн муухай санаатай мянган хүнийг цуглуулъя. Тэгээд өнөөх сайхан сэтгэлтнүүдэд “та бүхэн ухамсраараа хог битгий хаяарай” гэж захина. Харин муухай сэтгэлтнүүдэд “хог хаявал чамайг их мөнгөөр торгоно шүү” гэж сануулна. Аль нь их хог хаях бол?

Миний бодлоор сайхан сэтгэлтэй хүмүүс илүү хог тарих болов уу. Ухамсар гэдэг бол хүний итгэж болох хамгийн найдваргүй зүйл. Хэдхэн жилийн өмнө “зам хөндлөн хамаагүй битгий гүй, гарцаараа гар” гэж нийслэлчүүдийн ухамсарт нь суулгах гээд дийлээгүй. Харин одоо ерөнхийдөө гарцаараа гардаг болж. Ухамсар нь тэгж сайхан дээшилчихээд байгаа хэрэг биш л дээ, гарцаар гарахгүй л бол дайрчих шахсан олон машинаас айсандаа л тэр.

Нийслэл маань үзэмжтэй үзэмжгүй барилга, машинуудаар дүүрсэнийг эс тоочиход хотын өнгийг хамгийн их гутаадаг зүйл нь ХОГ. Нэг үеэ бодвол хүмүүсийн ухамсар дээшилж хог хаях нь багасчээ, гэхдээ л нэгэнт ухамсар гэсэн ойлголт нь нойл заасан гаруудыг сайхан торгоод торгоод хашраачихдаг бол хэн дуртай нь машиныхаа цонхоор шоколадны цаас шидэхгүйсэн. Хөлд орж буй хүү нь хээв нэг ундааныхаа савыг шидээд л, эцэг эх нь түүнийг нь хөөргөн баясгаад л.

Ухамсараараа бүгдээрээ хийдгээ хийгээд, авдгаа аваад явж байх гэгээлэг нийгмийг байгуулах гээд ямар үр дүнд хүрлээ дээ. Харин эсрэгээрээ “ашиг сонирхол” харж нэг нэгэндээ “биеэ үнэлээд” ирэхээр аяндаа капиталждаг. Гэхдээ зөвхөн эд баялгийн төлөө ч биш, хайр сэтгэл, нөхөрлөлийн төлөө “биеэ үнэлцгээдэг” зүй тогтол бүрдүүлчих гээд байдаг нь капитализмын сул тал юмуу даа. Тийм дээ ч хууччуул “өнөө цагт жинхэнэ нөхөрлөл, хайр сэтгэл байхгүй болж” хэмээн халаглацгаадаг биз.

Баян орнууд ядуу улсуудаа дандаа шулж мөлжиж, хэзээ ч хөгжүүлэхгүй байхыг эрмэлздэг, “үхлийн гогцоо”, “чөтгөрийн гар”  юу юу ч билээ барууны орнуудыг муулж сэрдсэн онолууд зөндөө. Миний л бодлоор Америк, Канад, Британы хувьд Ази, Африкын орнууд баян байна уу, ядуу байна уу хамаагүй, өөрийн ашиг хонжоо л чухал. Сингапур, Тайвань, Солонгос өөрсдийн хүчээр хөгжөөд барууныхантай найз болчихсон байхад хөгжиж чадаагүй зарим нь “тэд л буруутай, хорт бодлого явуулдаг” гэж хараан зүхнэ. Мэдээж хэрэг гудманд хэвтэх сул мөнгийг хэн ч орхиод явчихдаггүй шиг харваас шулуулчихмаар орнуудыг мөлжиж хэдэн цаас олохоо барууныхан сайн мэднэ. Орос Хятадын хувьд мэдээж геополитикийн зарим нэг санаархал бий л байх. Гэхдээ л жижигхэн Монгол хөгжинө үү байна уу тэдний хувьд сонин биш, өөрсдөд нь л юу ашигтай түүнийгээ хийнэ. Өөрсдөд нь ашигтай юм Монголд ашигтай бол тэр л биз, үгүй бол тэр л биз.

Манай улс төрчид ухамсараараа эх орноо хөгжүүлэх нь зууд нэг боломжтой байх. Хэн ч байсан чухамхүү өөрсдийнхөө эрх ашгийг л нэн тэргүүнд тавьна. Гэхдээ бас цаадуул чинь улаан цайм хөгжүүлэхгүй гээд ч зүтгээгүй шүү. Хөгжүүлэхийн ч төлөө биш, хөгжүүлэхгүйн ч төлөө биш зөвхөн өөрийнхөө төлөө л ажиллаж байгаа. Буруутгах юмгүй, энэ хувь хүний л зан. Бурхнаас гайхалтай удирдагч заяалаа гэж бодоход түүний дараа дахиад л энгийн ухамсартай хүн гарч ирнэ. Ерөнхийдөө эх орны төлөө үйлдэл өөрсдөд нь маш ашигтай байвал томчууд бусдын төлөө зүтгэж эхэлнэ.

Жишээ авъя. MCS групп маш их бүтээн байгуулалт хийж буй. Тэд нүүрсийг нь ч хүнийг нь ч баяжуулж байгаа боловч нөгөө талаас зуун тоннын хэдэн шланзнууд нь говийн хөрсийг сүйдлээ хаячихсан. Үүнийг нутгийн ард ч юмуу, иргэний хөдөлгөөн ч юмуу мянга жагсаад, мянга өлсөөд хориглож дийлэхгүй. Харин түүнтэй тэнцэх томоохон хүч л нөлөөлж дөнгөнө. Тэр эн зэрэгцэхүйц том хүч нь Х.Баттулга сайд байсан биз. Хэдийгээр бүр мөсөн хааж дөнгөөгүй ч нэлээд том цочроо өгч хэдэн өдөр нүүрсний замыг нь хаасан. Саяхан бас Петро Чайнагийн замыг хааж том “эх оронч” үйлдэл хийлээ. Яах аргагүй Монголын төлөө шийдвэр, нэг талаас Монголчуудад ч ашигтай нөгөө талаас өөрийнх нь нэр хүндийг суга өсгөсөн сайн “пи ар” байлаа.

Нэг том хүчийг нөгөө том хүчээр нь л дарж тэнцвэржүүлэх нь хамгийн зөв гарц байх. Аан гэхдээ нэг том хүч гээд Намбарын Энхбаяр шиг барьцгүй хүнийг бараадах нь ч хайшаа юм. Удахгүй сонгууль болно. Аймаг дээрээ сургууль, суварга босгохоос илүүтэйгээр олборлолтын хэдэн компанийг нь хөөгөөд, гол горхийг нь цэвэрлээд өгвөл нутгийн ардын сэтгэлийг ямар ихээр эзэмдэж, хүндлэгдэх бол. Голыг нь ширгээдэг мөнгөтэй том хүн байхад түүнийг нь хөөгөөд явуулдаг бүүр том хүч өөрсдийнх нь талд байгааг мэдээд зон олон яасан их тайтгарах бол. Үүнийг нөхөд дарга нар ухамсарлаж байгаа болов уу?

Саяхан нэг найз маань хөдөөгүүр хэд хоног аялаад ирлээ. Надад хэлж байна, “Үнэхээр сайхан будаг асгачихсан юм шиг ногоорч гайхалтай зун болж байна. Даан ч алтны уурхай, нинжануудын байдал арай л сэтгэл зүслээ. Мань хэдийн талбай дээр морь баалгалаа гэж шоолоод байдаг гаруудын чинь бараг зөв юм байна шүү” гэж халаглаж билээ. Ямар ч улс төрч, ямар ч мэдээнээс илүү найзын үг илүү үнэмшилтэй байдаг хойно. Гал үндэстэнийхэнийг хараад өрөвдөх ч шиг, өмөөрөх ч шиг бодол төрөөд байдаг болж. Хамгийн гол нь жинхнээсээ байгалын төлөө тэмцэгчдээсээ илүү, тэмцэж байгаа дүр эсгэн өнөөх алтны компаниа шантаажилж хэдэн цаас авдаг гарууд нь олон юм даа.

Эцэст нь хэлэхэд бурхны ухамсарт итгэснээс чөтгөрийн эрх ашигт итгэсэн нь дээр. Цаад томчууд чинь ухамсраараа зүтгэхгүй, өөрт ямар эрх ашиг байна түүнийхээ төлөө л ажиллана. Тэр эрх ашгийг нь өөрсдийнхөө тэмцэлд ухаалгаар ашиглах хэрэгтэй шүү дээ. Дээл өмсч, нум сум агсаж, морь баалгасан тэмцэл үр дүнгээ өгсөнгүй. Үнэхээр тэмцмээр байгаа бол заль ухаан хамгийн чухал болохоос иймэрхүү муйхар арга ч биеэ зовоохын нэмэр юм даа.